Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

 

2023           04            04                                2023/ШЦТ/121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

хохирогч Б.М-,

хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

иргэний  хариуцагч Ж.Б-,

иргэний нэхэмжлэгч Б.З-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч Ч.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- овогт Ч-ы И-д холбогдох эрүүгийн 2325000350085 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний ээрэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг  Баян-Өндөр сум  Эрдэнэ багийн 19-3 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И- овогт Ч-ы И- /РД: хх00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.И- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 00-00 ххх улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг  3-17 дугаар байрны хойд талд байх төв зам дээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ”Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Б.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь “бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт, тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.И- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд.: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Эрдэнэ багийн 19-03 тоот хаяыгтай гэрээсээ нөхөр Ж.Б-ын эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон таксинд явах гэж гарсан бөгөөд замаас танихгүй нэг хүүхэдтэй эмэгтэй хүнийг аваад үйлчилгээний төв рүү хүргэж өгөх гээд явж байхад Уурхайчин багийн нутагт байрлах 3-17 дугаар байрны хойд авто зам дээр баруунаас зүүн чиглэлд хурдаа тохируулан 1 дүгээр эгнээгээр явж байгаад явган хүний гарцан дээр нэг хүнийг харалгүйгээр санамсаргүй, болгоомжгүй байдлаар мөргөж тээврийн хэрэгслээ зогсоосон. Тээврийн хэрэгслээс бууж ирэхэд миний мөргөсөн эрэгтэй хүн газар хэвтэж байсан.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...өглөө ажилдаа явахаар Уурхайчин багийн 3-17 дугаар байрны автобусны буудал руу ганцаараа явган явж байсан бөгөөд Голомт банкны урд талд байрлах авто замын явган хүний гарцаар хойд зүгээс урд зүгийн чиглэлд зам хөндлөн гарч явахад баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгөөд зогсоход би цааш үргэлжлүүлэн замыг хөндлөн гарахад замын баруунаас зүүн чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байсан мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний биеийн баруун хэсгийг мөргөхөд би агаар дээр нэг бүтэн эргэлдэж газарт толгой болон биеэрээ хүчтэй цохиж унасан, ухаан орон гаран болсон, тэгээд эмнэлгийн түргэн тусламж ирээд намайг Бүсийн оношилгоо эмчилгээ төв рүү аваад явсан. Манай ажлын ах Д.Эрдэнэжаргал тухайн үед 3-17 дугаар байрны автобусны буудал дээр ажлын автобус хүлээгээд зогсож байхдаа намайг машинд мөргүүлж байхыг харсан байсан...3 сая гаран төгрөг өгсөн. Хэрэгт өгсөн нотлох баримтын дагуу хохирлоо авсан. Өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, эмнэлэгт өдрийн 60,000 төгрөгөөр хэвтэхээр ярьсан мөнгө төгрөгний боломжгүй байхгүй учраас явж чадахгүй байна. Одоо 10 хоног хэвтэхэд 600,000 төгрөг, Улаанбаатар луу ирж очих унааны зардал нэг талдаа 50,000 төгрөг буюу 100,000 төгрөг, дахиж эмнэлэгт хэвтэх шаардлага гарвал хэвтэх 600,000 төгрөг нийт 2,300,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-45х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Манай нөхөр Б.М- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд “Ххх” ХХК-руу ажилдаа явахаар Хүрэнбулаг багийн 0-0-0 тоот хаягтаа гэрээсээ гаран яваад 3-17 дугаар байрны хойд талын авто замын явган хүний гарцан дээр машинд мөргүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн очиж тухайн өдрөөсөө 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Шүүх эмнэлэгт очиж үзүүлэн тус өдрийнхөө орой Улаанбаатар хот руу нөхөр бид 2 галт тэргээр явж хотын “3 дугаар” эмнэлэг болон “Бриллант” эмнэлэгт бэлхүүснээс дээшээ “МПГ зураг авхуулсан. Мөн “Солонго” нүдний эмнэлэгт очиж үзүүлж тус эмнэлгүүдийн шинжилгээний хариуг хоёр, гурван хоног хүлээж байгаад авч эргээд Эрдэнэт хотод 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэртээ нөхрөө асран сувилсан тул 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 18 хоногийн нийт цалин 1,200,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ажлаас цалинг маань өгсөн учраас одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Харин нөхрийнхөө биеийн байдалд санаа зовж байна. Би маш их гомдолтой байна. Дараа нь ямар үр дагавар гарахыг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54х/,

 

- Иргэний хариуцагч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос М.Б- гэдэг залуугаас 7,000,000 төгрөгөөр худалдан авч итгэмжлэлийн гэрээ хийж машиныг Орхон аймагт авч ирж Авто тээврийн төв дээр очиж нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч нэг гэрээ дутуу байна гээд миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Тухайн үед корона гээд хөл хориотой байсан болохоор ийш тийшээ явж чадаагүй бөгөөд машин зарсан залуугийн утас нь болохгүй болж тэгээд нэр дээрээ шилжүүлэн аваагүй өдийг хүрсэн юм... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т ”... гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Б.М- нь 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж үйлчилгээ аван Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,150,900 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61х/,

 

 

- Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай: “...Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем, шил арчигч, гэрэлтүүлэх систем, гэрэл дохио хэвийн ажиллагаатай, стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 79-82х/,

 

- “Өсөх мандал” ХХК-ийн авто сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан Тоёота приус маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.И- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ”Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.М- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна... Жолооч Ч.Ичинхорол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн үүргээ биелүүлээгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 90-94х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай

“1. Б.М-ын биед бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт, тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр буюу ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

3. Бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Магадлуулагчийн биед доод зүүн наймдугаар шүдний имтэрч, хөндүүрлэсэн байдал тогтоогдсон ба хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 18-21х/,

 

- Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа болон итгэмжлэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаанууд /1хх-ийн 64, 119, 134х/,

 

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8х/,

 

        - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-12х/,

 

            - Шүүгдэгч Ч.И-гоос хохирогч Б.М-ад өгсөн мөнгө болон эмчилгээний  зардалд зарцуулсан баримтын тооцоо /1хх-144х/,

 

        - Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /1хх-145-197х, 198-231х/

 

        -Хохирогч Б.М-ын эмчилгээнд зарцуулсан баримтын тооцоо /1хх-ийн 232-233х/,

 

        - Өвчний түүх /1хх-ийн 235-248х/,

 

- Шүүгдэгч Ч.И-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.И- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 00-00 ххх улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-17 дугаар байрны хойд талд байх төв зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Б.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь “бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт, тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгч Ч.И- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 00-00 ххх улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг  3-17 дугаар байрны хойд талд байх төв зам дээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ”Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Б.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь “бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт, тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь: хохирогч Б.М-ын “...өглөө ажилдаа явахаар Уурхайчин багийн 3-17 дугаар байрны автобусны буудал руу ганцаараа явган явж байсан бөгөөд Голомт банкны урд талд байрлах авто замын явган хүний гарцаар хойд зүгээс урд зүгийн чиглэлд зам хөндлөн гарч явахад баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгөөд зогсоход би цааш үргэлжлүүлэн замыг хөндлөн гарахад замын баруунаас зүүн чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байсан мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний биеийн баруун хэсгийг мөргөхөд би агаар дээр нэг бүтэн эргэлдэж газарт толгой болон биеэрээ хүчтэй цохиж унасан...” гэсэн,

- Иргэний нэхэмжлэгч Б.З-ын “...Манай нөхөр Б.М- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд “Ххх” ХХК-руу ажилдаа явахаар Хүрэнбулаг багийн 0-0-0 тоот хаягтаа гэрээсээ гаран яваад 3-17 дугаар байрны хойд талын авто замын явган хүний гарцан дээр машинд мөргүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн очсон...” гэсэн мэдүүлгүүд,

- Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай: “...Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем, шил арчигч, гэрэлтүүлэх систем, гэрэл дохио хэвийн ажиллагаатай, стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт,

- “Өсөх мандал” ХХК-ийн авто сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан Тоёота приус маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.И- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ”Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.М- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна... Жолооч Ч.Ичинхорол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн үүргээ биелүүлээгүй...” гэсэн дүгнэлт,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай

“1. Б.М-ын биед бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт, тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр буюу ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

3. Бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, хуйхны доорх цус хуралдалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт,

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ч.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч Б.М-ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “бүсэлхийн 4-5-р нугаламд тархмал цүлхийлт”  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.И-гийн буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах болтомжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ч.И-гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Ч.И-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зардал 1,200,000 төгрөг, замын зардал 100,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн бөгөөд энэ талаар нотлох баримтгүй, мөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,300,000 төгрөгний шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.М- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Э- нь хохирогч Б.М-ад эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1,150,900 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т ”... гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч Ч.И- хариуцан төлөхөөр боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.И-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Ж.Б-ын эзэмшлийнх болох нь итгэмжлэл болон Ж.Б-ын мэдүүлгээр нотлогдсон тул Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч Ж.Б- нь бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд Ж.Б-аас 1,150,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт 1,856,129 төгрөгний хохирлын баримтууд хавсаргасан бөгөөд шүүгдэгч Ч.И- нь 3,215,000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос: “...шүүгдэгч Ч.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс: “эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

    Шүүгдэгч Ч.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

    Шүүгдэгч Ч.И-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний ахуй амьдрал, өрхийн орлогыг харгалзан 700,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

       Бусад асуудлаар:

       Шүүгдэгч Ч.И- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И- овогт Ч-ы И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ы И- долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И-д оногдуулсан 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.И- нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.И- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.М-ын 2,300,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 19-03 тоотод оршин суух, А овогт Ж-ийн Б /хх000000, утас 000000/-аас 1,150,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

7. Хохирогч Б.М- нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ