Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

 

 

  2023           04          05                                   2023/ШЦТ/122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогч Р.У-,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 2325000000107 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ххх” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын Г- /РД: хх000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” зочид буудлын үүдний хэсэгт тус зочид буудлын ресепшин ажилтай, хохирогч Р.У-аас манай эхнэр хаана байна гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохих, үсдэх, тек мөргүүлэх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, шанаа, хуйханд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, баруун тохойд 1 тооны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” зочид буудлын үүдний хэсэгт тус зочид буудлын ресепшин ажилтай, хохирогч Р.У-аас манай эхнэр хаана байна гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохих, үсдэх, тек мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би текний ард сууж байсан эгчээс “манай эхнэр ирсэн үү” гэж асуухад буудлаар явж байгаа биз, янхан, гичий гээд сонин сонин үг хэлээд байхаар нь уурлан юу яриад байгаа юм, яагаад манай эхнэрийг доромжлоод байгаа юм гэсэн чинь эхнэртэйгээ адилхан буудлаар хэсдэг, архичин юм байна гэж намайг хэлэхээр нь текний ард талаар нь орж уг эмэгтэйг үсдэж тек мөргүүлсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Р.У-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ххх” зочид буудалд ресепшингийн ажил үүргээ гүйцэтгэж байхад 403 тоотод байрлаж байсан согтуу танихгүй эрэгтэй хүн бууж ирээд надаас өөрийн эхнэрээ асуухаар нь “эгээ нь мэдэхгүй ш дээ” гэсэн чинь намайг “лалар, гичий, пизда” гэх мэтээр янз бүрээр харааж байснаа дахин эхнэрээ асуухаар нь “эгээ нь яаж мэдхэв дээ” гэсэн чинь шууд тек рүү орж ирэн намайг боож баруун талын хацар луу гараараа хүчтэй цохисон, үсдэж байгаад ширээ мөргүүлэн толгой дарж байгаад ард дагз хэсэг рүү цохиод байхаар нь хашхиран тусламж гуйхад танихгүй 2 залуу салгасан. Уг залуу намайг зодож ширээ мөргүүлэн дагз руу олон удаа цохисон үйлдлээс болж тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, шанаа, хуйханд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, баруун тохойд 1 тооны зулгаралт гэмтлүүд нь үүссэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Архи ууж согтууран шалтгаангүй намайг зодох болсон...Эхнэр нь манай буудалд нэг өрөө түрээсэлж ажиллуулдаг, өглөөгүүр ажилладаг. Эхнэрийг нь би юу гэж тэгэж хэлэхэв дээ. Худлаа яриад байх юм. Эхнэр  нь ч намайг тийм юм хэлэх хүн биш гэдгийг сайн мэдэж байгаа. Ямар ч шалтгаангүй хүнийг зодчихоод хүнээс ерөөсөө уучлалт гуйхгүй би үнэхээр гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

- Гэрч О.С-н мөрдөн шалгах ажиллагаанд: ...16 цагийн үед би нөхөр Г-тай утсаар холбогдоод Ххх буудлын 304 тоот өрөөнд байна гэхээр нь би тухайн буудалд очсон бөгөөд буудлын ресепшин эгчтэй нөхөр Г-н байсан өрөөнд орсон юм... Тэгээд би нөхрийгөө хамт байсан хүмүүстэй нь хамт гарсан бөгөөд манай нөхрийн ажлын хүмүүс хамт хоол идье гээд Хаан бууз орж хоол идсэн юм. Тэгээд би нөхрийгөө хариарай гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би гэртээ харьчихсан байж байгаад 21 цаг 30 минутын үед нөхөр лүү гээ залгахад хайр нь шивээс хийгээд байна гэж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед хүн зодчихсон, цагдааг нь дуудчихсан байна гэж нөхрийн дүүгээс сонсоод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: ...Молор Эрдэнэ зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах текний зүүн хойд талд байрлах сандал дээр тамхи дуудчихаад хүлээгээд сууж байсан бөгөөд текний ард талд Р.У- ресепшний ажил үүргээ гүйцэтгэж байхад дээд давхраас нэг залуу бууж ирээд Р.У-аас “миний эхнэр хаана байна” гэж асуухад эгч нь эхнэрийг нь мэдэхгүй шүү дээ гэсэн чинь “чи яагаад мэддэггүй юм” гээд текний ард хэсэг рүү орж Р.У-ыг боон нүүр рүү нь гараараа цохиж, үсдээд текний тавцан мөргүүлээд дагз руу нь цохиод байсан. Тэгээд би гүйж очиж салгахад дийлэхгүй байхаар нь тусламж дуудахад 2 залуу гарч ирж салгасан. Уг залуу согтуу байсан ямар ч шалгаангүйгээр цохиж зодох болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 144 дугаартай:

1. Р.У-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, шанаа, хуйханд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, баруун тохойд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ болон зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

6. Гэмтлүүд нь босоо, суугаа, хэвтээ байрлалд байхад үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8х/,

 

- Б.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/,

 

- Хохирлын баримтууд, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Г- нь Р.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, 2,684,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.У-д олгох...” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч гэм буруугийн болоод хохирлын талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх” зочид буудлын үүдний хэсэгт тус зочид буудлын ресепшин ажилтай, хохирогч Р.У-аас манай эхнэр хаана байна гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохих, үсдэх, тек мөргүүлэх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, шанаа, хуйханд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, баруун тохойд 1 тооны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-н үйлдлийн улмаас хохирогч Р.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Р.У-ын “..."Ххх” зочид буудалд ресепшингийн ажил үүргээ гүйцэтгэж байхад 403 тоотод байрлаж байсан согтуу танихгүй эрэгтэй хүн бууж ирээд надаас өөрийн эхнэрээ асуухаар нь “эгээ нь мэдэхгүй ш дээ” гэсэн чинь намайг “лалар, гичий, пизда” гэх мэтээр янз бүрээр харааж байснаа дахин эхнэрээ асуухаар нь “эгээ нь яаж мэдэхэв дээ” гэсэн чинь шууд тек рүү орж ирэн намайг боож баруун талын хацар луу гараараа хүчтэй цохисон, үсдэж байгаад ширээ мөргүүлэн толгой дарж байгаад ард дагз хэсэг рүү цохиод байхаар нь хашхиран тусламж гуйхад танихгүй 2 залуу салгасан...” гэсэн,

гэрч О.С-н ...16 цагийн үед би нөхөр Г-тай утсаар холбогдоод Ххх буудлын 304 тоот өрөөнд байна гэхээр нь би тухайн буудалд очсон бөгөөд буудлын ресепшин эгчтэй нөхөр Г-н байсан өрөөнд орсон юм. ...Тэгээд би нөхрийгөө хамт байсан хүмүүстэй нь хамт гарсан бөгөөд манай нөхрийн ажлын хүмүүс хамт хоол идье гээд Хаан бууз орж хоол идсэн юм. Тэгээд би нөхрийгөө хариарай гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би гэртээ харьчихсан байж байгаад 21 цаг 30 минутын үед нөхөр лүү гээ залгахад хайр нь шивээс хийгээд байна гэж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед хүн зодчихсон, цагдааг нь дуудчихсан байна гэж нөхрийн дүүгээс сонсоод ирсэн...” гэсэн,

гэрч Д.Э-гийн: “...Молор Эрдэнэ зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах текний зүүн хойд талд байрлах сандал дээр тамхи дуудчихаад хүлээгээд сууж байсан бөгөөд текний ард талд Р.У- ресепшний ажил үүргээ гүйцэтгэж байхад дээд давхраас нэг залуу бууж ирээд Р.У-аас “ миний эхнэр хаана байна” гэж асуухад эгч нь эхнэрийг нь мэдэхгүй шүү дээ гэсэн чинь “чи яагаад мэддэггүй юм” гээд текний ард хэсэг рүү орж Р.У-ыг боон нүүр рүү нь гараараа цохиж, үсдээд текний тавцан мөргүүлээд дагз руу нь цохиод байсан. Тэгээд би гүйж очиж салгахад дийлэхгүй байхаар нь тусламж дуудахад 2 залуу гарч ирж салгасан... гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-н хохирогч Р.У-ын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Г-гаас 2,684,000 төгрөг гаргуулж хохирогч Р.У-д олгохоор шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлоо төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд хохирогчид 1,850,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 834,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгчээс 834,000  төгрөгийг гаргуулан хохирогч Р.У-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх  ял оногдуулах саналтай гэв.

Шүүгдэгчээс “...миний бие нь Өмнөговь аймагт ажилладаг бөгөөд ажлаас дуудаад байгаа юм, өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

      Шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, хохирол төлбөрийн дийлэнхийг төлсөн, үлдэгдэл хохиролоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Г-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-гаас 834,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, Х овогт Р-ын У /хх0000000/-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ