Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

 

 

  2023        04            06                                  2023/ШЦТ/124

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Б-ын Т-д холбогдох эрүүгийн 2325000000168 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймаг, Бугат суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкын механик жолооч мэргэжилтэй, өөрөө буулгагч машины жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Т- овогт Б-ын Т- /регистрийн дугаар: хх0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ваве” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч О.Ш-тай ууж байсан вискиг асгалаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацар, ооч, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэнээр өгсөн, мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

 

- Хохирогч О.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой 21 цагийн үед найз Б.З-тэй уулзаад гадуур явж байгаад 22 цагийн үед Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Ваве” нэртэй бааранд орсон, бааранд ороод найз Б.З-гийн хамт “Сэнгүр” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй шар айрагнаас нэг нэгийг хоёрдугаар давхарт нь гараад хэсэг сууж байгаад бүжгийн талбай руу  гарч  бүжиглэсэн, би бүжиглэж байх явцдаа үл таних эрэгтэйг мөргөж, түүний гартаа барьсан байсан шилтэй вискиг нь асгачихсан, би тухайн үедээ уг эрэгтэйгээс уучлалт гуйсан чинь, уг эрэгтэй утсаа гаргаж ирээд утасныхаа гэрлийг асаагаад доошоо шал руу тусгасан, энэ үед шилтэй виски нь асгарчихсан байсан чинь уг залуу ямар нэг зүйл хэлэхгүйгээр гараараа миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, би нүдээ аниад, манарсандаа болоод баарны тек хэсэг рүү явсан чинь уг үл таних залуу араас ирээд намайг дахин гараараа хоёр удаа цохиж доошоо тонгойх үед эрүү хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед баарны хамгаалагч залуу ирээд юу болсон талаар асуухад нь би болсон асуудлыг хэлсэн. Энэ үед уг үл таних залуутай хамт явсан нэг залуу ирээд түүнийг цааш нь аваад явсан. Тухайн үед би дахиж зодуулах юм байна гэж бодоод баарнаас гараад явчихсан. Миний нүүр хэсэг хавдаж, хөхөрсөн, өшиглүүлсний улмаас эрүү хэсэг хөхөрсөн, үүдэн нэг шүд зовуурьтай байна... Би толгойны зургийг 30,000 төгрөгөөр авхуулсан, Эрдэнэт үйлдвэрийн сувиллын бариачид 3 хоног толгойгоо бариулсан нийт 30,000 төгрөг өгсөн, өвчин намдаах болон цус шингэлэх эмийг 10,000 төгрөгөөр авсан юм. Шүүх шинжилгээний албанд үзүүлэхдээ 8,000 төгрөг, Медикал эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд 25,000 төгрөг төлсөн. Нийт 103,000 төгрөгийн зардал гарсан байна... миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардал болох 103,000 төгрөгийг Б.Т- барагдуулсан, өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12, 14х/,

 

- Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз О.Ш-ын хамт орой 21-22 цагийн үед Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Ваве” бааранд орсон. Бид хоёр бааранд ороод хүн тус бүр нэг ширхэг шилтэй шар айраг авсан, ямар шар айраг авснаа санахгүй байна. Бид хоёр баарны хоёрдугаар давхарт гараад хоёр хүний суух ширээний дээр сууж шар айргаа ууж байгаад бүжиглэхээр болоод бүжгийн талбай руу бууж бүжиглэж эхэлсэн, маш олон хүмүүс байсан, баарны утаа тавьчихсан байсан. Нэг харсан чинь найз О.Ш- байхгүй байсан ба түүнийг хаашаа явсан юм бол гээд харж байсан чинь текний хажууд ганцаараа зогсож байсан ба намайг хараад дуудсан. Би О.Ш-ын хажууд очих үед түүний нүүр нь зулгарчихсан байсан юу болсон талаар асуухад зодуулчихлаа гарья гэж хэлсэн. Энэ үед баарны хамгаалагч залуутай хамт миний зүс таних Б.Т- гэх ах ирсэн, О.Ш- нь бүжиглэж байгаад Т-гийн гартаа барьж явсан вискиг нь асгасан байсан. Ингээд хоорондоо ярилцаж байгаад баарнаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай:

1. О.Ш-ын биед тархи доргилт, зүүн хацар, ооч, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25х/,

 

- Шүүгдэгч Б.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/ зэрэг нотлох баримтуудыг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ваве” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч О.Ш-тай ууж байсан вискиг асгалаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацар, ооч, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдлийн улмаас О.Ш-ын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч О.Ш-ын  ...би бүжиглэж байх явцдаа үл таних эрэгтэйг мөргөж, түүний гартаа барьсан байсан шилтэй вискиг нь асгачихсан, би тухайн үедээ уг эрэгтэйгээс уучлалт гуйсан чинь, уг эрэгтэй утсаа гаргаж ирээд утасныхаа гэрлийг асаагаад доошоо шал руу тусгасан, энэ үед шилтэй виски нь асгарчихсан байсан чинь уг залуу ямар нэг зүйл хэлэхгүйгээр гараараа миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, би нүдээ аниад, манарсандаа болоод баарны тек хэсэг рүү явсан чинь уг үл таних залуу араас ирээд намайг дахин гараараа хоёр удаа цохиж доошоо тонгойх үед эрүү хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед баарны хамгаалагч залуу ирээд юу болсон талаар асуухад нь би болсон асуудлыг хэлсэн. Энэ үед уг үл таних залуутай хамт явсан нэг залуу ирээд түүнийг цааш нь аваад явсан...” гэсэн,

гэрч Б.З-гийн “...Бид хоёр баарны хоёрдугаар давхарт гараад хоёр хүний суух ширээний дээр сууж шар айргаа ууж байгаад бүжиглэхээр болоод бүжгийн талбай руу бууж бүжиглэж эхэлсэн, маш олон хүмүүс байсан, баарны утаа тавьчихсан байсан. Нэг харсан чинь найз О.Ш- байхгүй байсан ба түүний хаашаа явсан юм бол гээд харж байсан чинь текний хажууд ганцаараа зогсож байсан ба намайг хараад дуудсан. Би О.Ш-ын хажууд очих үед түүний нүүр нь зулгарчихсан байсан юу болсон талаар асуухад зодуулчихлаа гарья гэж хэлсэн. Энэ үед баарны хамгаалагч залуутай хамт миний зүс таних Б.Т- гэх ах ирсэн, О.Ш- нь бүжиглэж байгаад Т-гийн гартаа барьж явсан вискиг нь асгасан байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Т-гийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

       

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ваве” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч О.Ш-тай ууж байсан вискиг асгалаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацар, ооч, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.

 

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч О.Ш- нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т- овогт Б-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Т-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ