Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг Ли цахилгаан эрчим хүч,

шинжлэх ухаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ӨМӨЗО-ны “Ш” ХХК,

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 46 780 163.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гаргасан доголдолтой эд хөрөнгийн улмаас гарсан хохирол зардалд 68 612 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” XXК нь 2012, 2013 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ШХХК-иас нийт 623 330 юанийн үнэ бүхий замын гэрэлтүүлэгч, кабель, гүйдлийн трансформатор болон эрчим хүчний бусад тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдан авсан. Худалдаж нийлүүлсэн барааны нийт үнээс “Г” ХХК нь 390 000 юанийг төлсөн ба үлдэгдэл 233 330 юанийг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлж дуусгана гэж “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал худалдагчид бичгээр баталгаа гаргасан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-иас бичгээр итгэмжлэл авч нотариатаар гэрчлүүлсэн байдаг ба энэхүү итгэмжлэлийн дагуу худалдагчаас бараа материалыг хүлээн авч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, гаалийн бүрдүүлэлт хийж бараа материалыг Монгол улс руу хариуцан оруулсан. Барааны үлдэгдэл төлбөр 233 330 юанийг дээрх баталгаанд заасанд хугацаанд төлөөгүй бөгөөд “Г” XXX нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 юань төлсөн. Үүнээс хойш барааны үлдсэн төлбөрийг төлөхгүй явсаар байсан тул талууд тохиролцож үлдэгдэл 133 330 юанийн төлбөрийн дүнг бууруулан барааны үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж “Г” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Худалдагч ӨМӨЗО-ны “Ш” ХХК нь БНХАУ-д байрладаг бөгөөд байнга Монгол улс рүу байнга ирж буцах боломжгүй байсан тул барааны үлдэгдэл төлбөрийг “Г” XXK-иac шаардах эрхийг өөрийн хамтарч ажилладаг Монгол улсын компани болох “Бигвайт” ХХК руу шилжүүлж, үүнийг нь “Г” ХХК хүлээн зөвшөөрч “Бигвайт” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. “Г" ХХК нь зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд мөн л төлбөрөө төлөөгүй тул “Бигвайт” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 150 000 юань буюу 43 938 000 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй.

“Г” ХХК нь барааны үлдэгдэл төлбөрийг худалдагч ӨМӨЗО-ны “Ш” ХХК-д төлөх үүрэгтэй учраас худалдсан барааны үлдэгдэл төлбөр 46 780 163.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Г” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Ялгуусан” ХХК-тай гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусын эцэс хүртэлх 4.5 км авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Тус гэрээний дагуу ажилд шаардлагатай гэрэлтүүлэгч, кабел утас зэрэг хэрэгцээт материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон байсан. Гэвч худалдагчийн зүгээс тохиролцсон тоо хэмжээний барааг нийлүүлээгүйн дээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүйн улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан.

“Бигвайт” ХХК-ийн зүгээс хууран мэхэлж, сүрдүүлэн байж зээлийн гэрээ хийсэн ба гэрээ хийсний дараагаар ч “Бигвайт” ХХК-ийн зүгээс ч, нэхэмжлэгч байгууллагын зүгээс ч үлдэгдэл гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөөгүй. Мөн биет байдлын доголдолтой эд хөрөнгийг сольж өгөөгүй. Иймээс манай байгууллагын зүгээс “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг худалдан авч ажлыг гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч байгууллагын гэрээний үүргээ харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагаа болон бусдын итгэлийг ашиглан залилах гэсэн овжин зангаас болж манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан. Гэрээний үүргээ харилцан тохиролцсоны дагуу зохих ёсоор, хугацаанд шударгаар гүйцэтгээгүй байж их хэмжээний мөнгөний авлагатай мэтээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай Г ХХК нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсан. Гэтэл ажил гүйцэтгэсний дараагаас эхлэн гудамжны гэрэлтүүлэг нь унтарч эхэлсэн. Унтарсан гэрэлтүүлгийг шалгаж үзэхэд тэжээлийн блок болон гэрэлтүүлэгч нь шатсан байсан. Тиймээс удаа дараа нэхэмжлэгч талд биечлэн болон утсаар олон удаа биет байдлын доголдолтой бараа бүтээгдэхүүнээ солихыг шаардсан ч сольж өгөөгүй. Тиймээс манай компани “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас нийт 27 000 000 төгрөгийн гэрэлтүүлгийн материал (гэрэлтүүлэгч, тэжээлийн блок) зэргийг худалдан авч сольсон.

Иймд ӨМӨЗО-ны “Шэнг Хүй Инг ли Цахилгаан эрчим хүч шинжлэх ухаан” ХХК-иас 27 000 000 төгрөг, Биет байдлын доголдолтой эд хөрөнгийг солихтой холбоотой гарсан зардал 41 612 600 төгрөг, нийт 68 612 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХХК-ийн зүгээс “Ялгуусан” ХХК-тай байгуулсан Гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажилд доголдол гарч, ажил гүйцэтгэсний дараагаас гэрэлтүүлэг унтарч эхэлсэн хэмээн үндэслэн ӨМӨЗО-ны ШХХК-аас хохирол гаргуулахаар шаардаж байгаа боловч ажлын үр дүнд гарсан доголдол бүрийг тухайн ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгчээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн, материалаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тус компанийн зүгээс манай компаниас худалдан авсан гэрэлтүүлэг, кабелийн утас зэрэг бараа материал, тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсны улмаас ажпын үр дүнд доголдол гарсан гэдгийг тогтоосон ямар нэг дүгнэлт, нотлох баримтгүйгээр ийнхүү хохирол гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.

“Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал нь бараа шилжүүлэн өгөх үед нийлүүлсэн барааны тоо, хэмжээ, ажиллагаа зэргийг шалгаж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурж, хүлээн авсан нь тодорхой байхад “Г” ХХК-ийн зүгээс манай компанийг доголдолтой бараа нийлүүлсэн хэмээн маргаж буй нь огт үндэслэлгүй байна. Түүнчлэн “Г” ХХК нь ажил гүйцэтгэхдээ ашиглах бараа материалаа худалдан авахдаа чанарын шаардлага хангасан, доголдолгүй гэдгийг шалгаж, хүлээн авах үүрэгтэй. Гэвч худалдан авагчийн зүгээс бараа материалыг хүлээн авснаас хойш 4 жилийн дараа ийнхүү эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 133 330 юань буюу 46 780 163.80 төгрөгийг нэхэмжлэгчид олгож,

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ш ХХК-аас 68 612 600 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч талаас 2012, 2013 онд замын гэрэлтүүлэг, кабель, гүйдлийн трансформатор зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг 623 330 юаниар хариуцагч “Г” ХХК худалдан авч бэлнээр 390 000 юанийг төлж, үлдэх 233 330 юанийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, өрийн бичгийн баталгаа, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн бараа худалдах бичгүүд зэргээр нотлогдлоо” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн зүгээс 623 330 юанийн бараа материал худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон боловч нэхэмжлэгч байгууллагын зүгээс манай байгууллагад 520 000 юанийн бараа материалыг нийлүүлсэн. Үүнээс 390 000 юанийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хожим төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, мөн хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь дахиад 133 330 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэдэнбал нь гэрчээр асуугдах үедээ “гэрээгээ шинэчилнэ гээд цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авч үлдсэн” гэх мэдүүлэг, мөн хятад хэл мэдэхгүй, хятадаар бичиж чадахгүй талаараа хэлсэн. Хэргийн материалд авагдсан өрийн бичгийн баталгаа гэх баримтад Б.Цэдэнбалын гарын үсгээс бусад бичиглэлийг компьютер дээр шивж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Цэдэнбалын гарын үсэг зурсан цаасан дээр бичиглэлийг тааруулан гаргасан байхад нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн “Г” ХХК-ийн худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан. Харин нэхэмжлэгч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг сольж өгнө, дутуу бараа материалыг шилжүүлэн өгнө гэх мэтээр тайлбарлаж байсан. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр биет байдлын доголдолтой эд хөрөнгийг сольж өгнө, дутуу байгаа бараа материалыг өгнө гэж итгүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Авто замын гэрэлтүүлгийн ажилд хэрэглэсэн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжид биет байдлын хувьд доголдол гарсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдсон байхад анхан шатны шүүх хууль зүйн хувьд үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч ӨМӨЗО-ы Ш компани хариуцагч “Г” ХХК-д холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133 330 юань буюу 46 780 163,8 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ тоног төхөөрөмжийн тоо ширхэг дутуу, биет байдлын доголдолтой байсан гэж тайлбарлажээ.

            Хариуцагч “Г” ХХК нь замын гэрэлтүүлэг, кабель, гүйдлийн трансформатор зэрэг нийт 623 330 юаний үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч ӨМӨЗО-ы Ш компаниас худалдан авч 390 000 юанийн төлбөрийг тухайн үед бэлнээр төлж, үлдэх 233 330 юанийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар баталгаа гаргасан нь хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн өрийн бичгийн баталгаа /хх-4,5/, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн бараа худалдах бичиг /хх-6-10/, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Иймд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан үйлдэл хийсэн гэж үзэх ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдсанд тооцно.

            Худалдан авагч буюу хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийн баталгаа гаргаснаа үгүйсгээгүй, харин эрчим хүчний тоног төхөөрөмж чанарын шаардлага хангахгүй байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэх боловч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, бараанд доголдол гарсан тохиолдолд талуудын хүлээх үүргийг гэрээгээр нарийвчлан зохицуулаагүйгээс гадна барааг хүлээн авсны дараа суурилуулснаас хойш тэжээлийн блок шатаж байсан талаар гэрч Б.Тулга, Ө.Бямбасайхан нар мэдүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг худалдан авагчид шилжсэний дараа тухайн хөрөнгийг суурилуулснаас хойш гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Хариуцагч тал тоног төхөөрөмжийн доголдлын талаар худалдагч талд удаа дараа мэдэгдсэн, сольж өгөх талаар тохиролцож байсан гэх боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6363 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг иш татаж тайлбарласан ба тухайн хэргийн нэхэмжлэгч “Бигвайт” ХХК-ийн тайлбарыг /хх-150/ маргааны үйл баримтыг шууд нотлох баримт гэж үзэхгүй. Учир нь ӨМӨЗО-ы Ш компани тухайн хэргийн зохигчоор оролцоогүй байна.

            Дээрхээс дүгнэвэл зохигч талуудын үйлдсэн 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн өрийн бичгийн баталгаанд дурдсан 233 330 юаний төлбөрөөс 100 000 юань буюу 31 000 000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн авснаа зөвшөөрч, үлдсэн 133 330 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 350,86 төгрөгөөр тооцон, 46 780 163,8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ