Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01546

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00494 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 851 дүгээр магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******ид холбогдох,

 

Гэм хорын хохиролд 745,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Эмчилгээний төлбөрт төлсөн 290,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019.06.21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянмонгол хорооллын 408 дугаар байрны гадна нохой салхилуулах талбайн орчим авга эгч С.Алтанцэцэг тойтерерь үүлдрийн гэрийн жижиг нохойг салхилуулаад явж байх үед хошуувчгүй Герман хоньч /овчарк/ үүлдрийн том нохой уяанаасаа алдууран авга эгч болон манай нохой хоёр руу дайрч эгчийн зүүн гарын тохойг урж, нохойг зууж шидэн хэвлийн арьсыг нь ярсан. Үүний улмаас С.Алтанцэцэгт эмчилгээний болон унааны зардалд нийт 120,000 төгрөгийн, харин нохой маань шархаа даагаагүй үхсэн тул анх худалдаж авсан үнэ 500,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн төлбөр 190,000 төгрөг, үүнээс 140,000 төгрөгийг *******ийн эхнэр Д.Түмэнхишиг тухайн үед төлсөн тул үлдэгдэл 50,000 төгрөг, миний бие Сэлэнгэ аймагт ажилладаг бөгөөд хот руу ирж, очсон унааны зардал 75,000 төгрөг, нийт 745,000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас гаргуулна. Манай гэр бүлийн гишүүн болсон байсан нохойгоо алдсаны улмаас бид сэтгэл санааны хүнд байдалд орсон боловч үүнтэй холбогдуулан хохирол нэхэмжлээгүй гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019.06.21-ний өдрийн 22 цагийн орчимд манай хүү Ц.Төгөлдөржой гэрийн гадаах нохой салхилуулах газарт Герман хоньч үүлдрийн нохойгоо салхилуулж байхад иргэн *******гийн тойтерерь үүлдрийн нохой манай нохой руу дайрч хоёр нохой харилцан зодолдсон. Нохой зодооныг салгах үед манай нохой *******гийн эгчийн тохойноос хазсан, шүд орсон, мөн *******гийн нохойн гэдсэн хэсэгт тус тус хазсан боловч тухайн нохойг үхэлд хүргэх хэмжээний шарх байгаагүй. Хүү Ц.Төгөлдөржой 2004.09.04-ний өдөр төрсөн, хэрэг гарах үед 14 настай байсан. Иймд насанд хүрээгүй хүүхдийг хариуцлага хүлээх хуулийн насанд хүрсэн мэтээр санаатай худал мэдүүлсэн байна. ******* нохойгоо 500,000 төгрөгөөр худалдаж авсан, унтуулах хүсэлтэй байгаагаа манай эхнэр Д.Түмэнхишигт хэлсэн байсан, маргааш нь 2019.06.22-ны өдөр мал эмнэлэгт очиж анхан шатны эмчилгээ боолт хийлгэх үед эмчид нохойгоо унтуулах санал гаргасан ч эмч унтуулах хэмжээний шарх аваагүй, эдгэх боломжтой тухай хэлсэн гэсэн. Миний бие тухайн үед ажлаар БНСУ-д байсан бөгөөд 2019.07.06-ны өдөр Монголд ирж 7-р сарын 10-12-ны өдрийн хооронд нэхэмжлэгчтэй утсаар ярьж болсон явдлын тухай хүлцэл өчиж тохиролцох гэж оролдсон. 2019 оны 7-р сард тойтерьер нохойн зах зээлийн үнийг судлахад 100,000-200,000 төгрөг байсан бөгөөд хүнлэг сэтгэл гарган 200,000 төгрөг эсвэл гөлөг авч өгөх санал гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй. ******* нохойгоо 500,000 төгрөгөөр худалдаж авсан нь худал, 2015 онд 500,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга нь нохой худалдаж авсныг нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Гүйлгээний утгад ямар нэг тэмдэглэл байхгүй. ******* 2019.06.25-ны өдөр нохойгоо өөрийнхөө хүсэлтээр СОС мал эмнэлэгт унтуулсан гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нохойнууд зодооны үеэр харилцан шарх авсан. *******гийн эгч С.Алтанцэцэг нохойнуудыг салгах явцад манай нохойны шүд түүний тохой хэсэгт хүрч бага зэрэг урагдсан. Д.Түмэнхишиг иргэний журамт үүргээ биелүүлж яаралтай түргэн тусламж үзүүлж Баянмонгол хороолол дахь эмнэлэгт боолтыг солиулж, хүнлэг сэтгэл гаргаж амьтанд хайртай хүний хувьд уг гэмтэл авсан нохойд шаардлагатай эмчилгээг СОС мал эмнэлэгт очиж хийлгэсэн, төлбөрийг төлсөн. Хууль шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг тодорхойлоогүй байхад эхнэр Д.Түмэнхишиг нохойны эмчилгээний төлбөр 290,000 төгрөг төлсөнд миний бие гомдолтой байгаа тул уг мөнгийг нэхэмжилж байна. Нохойны үхлийн шалтгаан тогтоогдоогүй тул 290,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Герман овчарк нохой ямар ч гэмтэл аваагүй, *******ийн эхнэр нохой ороо нь ороод хошуувчаа хийлгэхгүй хэцүү байгаа талаар ярьж буруугаа хүлээж байна гээд уучлалт гуйж эгч С.Алтанцэцэгийг гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч явж боолт, вакцин хийлгэсэн. 2019.06.22-ны өдөр нохойгоо СОС эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал хүнд, арьсыг оёх ямар ч боломжгүй, арьс хүрэлцэхгүй, арьсанд хөндий үүссэн, халдвар авсан, халдварын шалтгаантай, өндөр халуунтай, биеийн температур 39 хэмтэй гээд нойтон боолт хийж, үрэвслийн эсрэг, өвчин намдаах, шингэн зэрэг эмчилгээг 3 хоног хийхээр болж нохойгоо эмчилгээнд үлдээсэн. 2019.06.22-24-ний эмчилгээний төлбөр 140,000 төгрөгийг *******ийн эхнэр Д.Түмэнхишиг төлсөн, 25-ны төлбөр 50,000 төгрөгийг би төлсөн учраас нэхэмжилсэн. Болсон явдлын үнэн зөвийг олохын оронд иргэний үүргээ биелүүлэлгүй, төлөөгүй мөнгөө төлсөн болгон нэхэж, хүний нэр барин СОС мал эмнэлгээс нохойны маань бичиг баримтыг дур мэдэн авч, хохирсон С.Алтанцэцэгийн эмчилгээг гүйцэд хийлгэлгүй, доромжлон хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байгаад гомдолтой гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00494 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******оос 620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 125,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******ийн 290,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,343 төгрөгөөс илүү төлсөн 913 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх хэсэг 22,430 төгрөгийг болон хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 19,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 851 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00494 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, үлдэх 195,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******ийн 290,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 19,250 гэснийг 17,150 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний болон тооцооллын хувьд алдаа гарсан гэж үзэн өөрчлөлт оруулан магадлал гаргасан билээ. Гэвч миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

2020.02.03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******гийн эгч С.Алтанцэцэг нь гэрчээр оролцсон билээ. Гэрч С.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2019.06.2ий-ны орой 22 цаг 30 минутын орчимд нохойгоо тэврээд явж байхад хоёр том залуу нохой дагуулан гарч ирсэн би нохойгоо урдаа тэврээд явж байхад гэнэт тэр нохой шууд ирээд манай нохойг самардаад арьсан дээрээс нь сарвуугаараа базаж газарт унгасан. Тэрээр цааш хэлэхдээ газарт унасан нохой нь зугтаачихсан хайгаад олоогүй, нохойгоо алдчихлаа гэж хэлсэн. Гэтэл дараа нь буюу маргааш дүү нохойгоо гаднаас олж ирсэн гэж тус тус мэдүүлсэн нь хавтаст хэрэгт хурлын протокол хавсаргагдсан. Иймд хэдийн хоёр нохой зодолдсон боловч нэхэмжлэгч *******гийн Тойтерьер үйлдвэрийн нохойнд үүссэн шарх зөвхөн манай нохойноос хамааралтай гэдгийг нотлох баримт болон гэрч байхгүй бусад өөр зүйлээс, өөр нохойтой зодолдож шарх авсан байж болзошгүй юм. Учир нь Баянзүрх дүүргийн 26-р хороо нь золбин нохой ихтэй, орой үдэш сүрэглэн сэлгүүцэж явдаг болохыг миний бие олон удаа таарч байсан. Мөн нэхэмжлэгч ******* нь хэт мөнгөний сонирхолтой, нохойгоо үхүүлж мөнгө болгож авах санаагаа манай эхнэр Д.Түмэнхишиг болон СОС мал эмнэлгийн ажилтанд удаа дараа хэлж байсан болно.

Нохойны эмчилгээний зардал болох 50,000 төгрөгийг төлүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай эхнэр Д.Түмэнхишиг нь СОС мал эмнэлэгт 2019.06.22, 23, 24-ний өдрүүдийн Тойтерьер нохойны эмчилгээний төлбөрт 140,000 төгрөг төлсөн. Мөн ******* нь өөрийгөө цэрэг цагдаа, хуулийн байгууллагад ажилладаг нохойны төлбөр болон эмчилгээний төлбөрийн мөнгө өг гэж удаа дараа манай эхнэр Д.Түмэнхишигийг утсаар дарамталж, олон удаа мессеж бичсэн байдаг тухай хавтаст хэргийн материалд, шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа болно. Манай эхнэр Д.Түмэнхишиг нь нохойны эмчилгээний төлбөрт нийт 290,000 төгрөг төлсөн, эхлээд 140,000 төгрөгийг бэлэн бусаар дараа нь нэхэмжлэгч *******д 150,000 төгрөгийг бэлнээр тус тус өгснийг ******* нь нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч дурдсан нь хэргийн материалд үйл баримт байгаа болно.

Иймд миний бие нохойны эмчилгээний төлбөр гэх 50,000 төгрөг төлөх нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ид холбогдуулан гэм хорын хохиролд 745,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эмчилгээний төлбөрт төлсөн 290,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 620,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 550,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хэрэгт цугларсан баримтаар 2019.06.21-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408 дугаар байрны гадна хариуцагч А.Цэвээдоржийн хүү Ц.Төгөлдөржой өөрийн эзэмшлийн Герман хоньч үүлдрийн Овчарк нохойг хамгаалалтын хошуувчгүй салхилуулах үеэр тус нохой нэхэмжлэгчийн эгч С.Алтанцэцэг рүү дайрч, гарыг нь урж, тэвэрч явсан нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэлтэй Чихуахуа үүлдрийн нохойг зууж шидснээс нохойны хэвлийн арьс ярагдаж, СОС мал эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн боловч нохой нь үхсэн, С.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

 

2. Нэхэмжлэгч нь эгч С.Алтанцэцэгийн эмчилгээний болон унааны зардалд нийт 120,000 төгрөг, нохойны эмчилгээний зардалд 190,000 төгрөг гарснаас 140,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр үлдэх 50,000 төгрөг, нохой эмчилгээгээ даалгүй үхсэн тул анх худалдаж авсан үнэ 500,000 төгрөг, Сэлэнгэ аймгаас ирж очсон унааны зардал 75,000 төгрөг, нийт 745,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

3. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч хариуцна, 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1., 503 дугаар зүйлийн 503.1.-т тус тус зохицуулжээ.

 

Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002.12.25-ны өдрийн 222 тоот тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах ...журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.1.-д нохой, ...эзэмшигч нь ...гадаа гудамж талбайд зугаалуулахдаа ...амны хошуувчтай байлгах үүрэгтэй, 2.2.-т хотын гудамж, талбай ...-д хамгаалалтгүй, хошуувчгүй нохой авч явахыг хориглоно гэжээ.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүү насанд хүрээгүй, 14 настай Ц.Төгөлөржой гудамж талбайд хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой авч явснаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр эцэг *******оор гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нохой худалдан авсан үнэ 500,000 төгрөг, нохойны эмчилгээний зардал 50,000 төгрөг, С.Алтанцэцэгийн боолт хийлгэсэн 70,000 төгрөгийн зардал тус тус баримтаар нотлогдсон үндэслэлээр нийт 620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байна.

 

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, хариуцагч нь насанд хүрээгүй иргэний бусдад учруулсан гэм хор, амьтны үйлдлээс бусдад учруулсан гэм хорыг тухайн амьтныг эзэмшигчийн хувьд хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, мөн эрүүл мэндэд нь хохирол учирсан этгээд С.Алтанцэцэг өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг *******д олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс С.Алтанцэцэгийн эмчилгээний төлбөрт гарсан 70,000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул магадлал Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1., 503 дугаар зүйлийн 503.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

 

7. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нохой нь жижигхэн биетэй ч төрөлхийн араншин муутай нохойд тооцогддог, ...нохойнууд харилцан зодолдох үеэр *******гийн эгч зодооныг салгах явцад нохойны шүд түүний тохой хэсэгт хүрч бага зэрэг урагдсан байсан, ...нэхэмжлэгчийн нохой шархаа даагаагүйгээс үхээгүй, эзэн нь өөрөө унтуулах хүсэлт гаргасан байсан нь нотлогдсон, ...шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад манай эхнэр нохойны эмчилгээний зардалд 290,000 төгрөгийг төлсөн байна, ...иймд 290,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргаж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, нэхэмжлэгчид хохирол учирсанд гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй байна, энэ үндэслэлээр шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

8. Хариуцагч ******* ...манай эхнэр нохойны эмчилгээний зардалд 290,000 төгрөгийг төлсөн байхад нэмж 50,000 төгрөг төлөх үндэслэлгүй... гэж хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд хэргийн 50 дугаар талд авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагчийн эхнэр Д.Түмэнхишигийн данснаас 140,000 төгрөг СОС мал эмнэлэгт шилжсэн болох нь тогтоогдсон, харин бэлнээр 150,000 төгрөг нэхэмжлэгчид өгснөө хариуцагч нотлооогүй бөгөөд нохойны эмчилгээний зардал 140,000 төгрөг, нохойг унтуулахад тарьсан тарианы үнэ 50,000 төгрөг болох нь тогтоогдсон тул илүү 50,000 төгрөгийг төлөх ёсгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 851 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******оос 2020.05.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД