Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 119/ШШ2022/0004

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: М” ХХК, 

            Хариуцагч: ОАТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б нарын хоорондын ОА-ийн ТХ-ийн ТУБ-ын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ОАТХ-т холбогдуулан “ТУБ-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар нэхэмжлэгч нь ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э нарт холбогдуулан “ТУБ нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. ОАТХ-ийн ТУБ Ц.Ц, Б.Э нар нь “М” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг оногдуулсан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулсан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус Татварын маргаан таслах зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор хариуг хүргүүлсэн бөгөөд гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

 4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ Манай компани нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлийн төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан ба энэхүү төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11,  Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой ажил үйлчилгээнд орж байгаа.

2/ Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн сангаар дамжуулан мөнгийг шилжүүлэхдээ иргэний данс руу шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан, иргэнээс манай компаний данс руу шилжүүлж бид дахин НӨАТ тооцуулснаар нийт 20 хувийн НӨАТ суутгуулсан нь компаний хувьд алдагдалтай ашиггүй ажиллах татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн.

3/ Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Иймд ТУБ нарын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э тайлбартаа: “Тухайн нөхөн ногдуулалтын актыг “М” ХХК-ний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Энэ асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газар  руу албан тоот илгээсэн байдаг. Үүний хариу албан тоот “М” ХХК-нд ирсэн. Энэ албан тоотод юу гэсэн бэ гэхээр: /х.х-35 тал/ “Танай компаний хийж гүйцэтгэсэн ажил нь Сангийн сайдын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаарын тушаалтай уялдаж байвал Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой гэсэн байдаг. Үйл ажиллагааг зохицуулах журам гэж байдаг. Үүнд нийтлэг үндэслэл болон тухайн тушаалын хавсралт хууль, дүрэм байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.14,  13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийн заалтууд байдаг. Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаарын тушаалын 2.11, 2.1.4, 2.1.7, 2.1.8, 3.1, 3.3 гэх мэт маш олон тооны зүйл заалтуудтай М ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нийцэж байгаа юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар орж ирсэн мөнгөөр “Эко 00”-ын ажлыг санхүүжүүлсэн. “М” ХХК нь 2005 онд байгуулагдсанаас хойш бетонон үйлдвэрлэл, резиний үйлдвэрлэл зэрэг орон нутгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж. Тухайн үед “Эко 00”-той холбоотой асуудлаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс тендер зарлаж, үнийн санал ирүүлнэ үү гэсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Захиргааны хэргийн шүүхээс шаардсаны дагуу гаргаж өгсөн бичгүүдээр нотлогдож байдаг. Тендер явагддаг журмаараа явагдаж, тухайн тендерт хэд хэдэн компаниуд оролцсон байдаг. Тухайн үед орон нутагт үйлдвэрлэгч гэх утгаараа “М” ХХК-ийг шалгаруулсан, үнийн саналаа бууруулахыг удаа дараа хүсэлт тавьсан. Тиймээс их хэмжээний ашиг харалгүй, тодорхой хэмжээний зардлаар орон нутагт энэ ажлыг хийж гүйцэтгэе гэх үүднээс оролцсон. Стандартын шаардлага хангасан Эко ариун цэврийн байгууламж байгуулах ажлын хэсгийн 2 хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Уг хурлын тэмдэглэлд НҮБ-ээс санхүүжиж байгаа нь тодорхойлогддог, мөн тухайн асуудлаар “М” ХХК нь шалгарсан гэдэг нь нотлогддог юм. “М” ХХК-тай НҮБ болон Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэрээ хийх байсан хэдий боловч энэ байгууллагууд тухайн хурлын тэмдэглэлд тусгаснаар “М” ХХК-ийг иргэдтэй гэрээ байгуулъя, яагаад гэвэл Эко 00-ыг эргэн ашиглах ашиглагч нь  иргэд өөрсдөө юм. Тийм учраас тухайн ажлыг гүйцэтгэсний дараа акт үйлдэн хүлээн авч комисс ажиллуулж үүний дагуу ашиглах иргэнд үлдэх учраас иргэнтэй гэрээ хийлгэсэн байдаг. Санхүүжилт нь НҮБ-ын хөтөлбөр Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар орж ирсэн учраас Сангийн сайдын 46 тоот тушаалын дагуу Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой. Үүнийг тухайн нөхөн ногдуулалтын актыг тавьсан УБ нар нь уг ажил үйлчилгээтэй холбоотойгоор хийгдсэн зардлууд болон тухайн ажил үйлчилгээнд авагдсан НӨАТ-ыг хасч тооцоогүй, энэ талаар ямар нэгэн заавар зөвлөгөө өгөөгүй. Олон улсын байгууллагаас танайх НӨАТ-аас чөлөөлөгдөнө шүү гэсэн албан ёсны мэдэгдэл мэдээлэл өгөөгүй. Энэ тухай зөвхөн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хандсаны улмаас мэдсэн. Тус Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газраас ирүүлсэн албан тоотод “Танай байгууллага энэ Сангийн сайдын тушаалд харъяалагдаж байвал тухайн холбогдох хуулийн заалтуудаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө...” гэж албан ёсоор мэдэгдсэн байгаа. ТУБ нарт аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ явуулсан зарлага болон бүх баримт байдаг. Барилгын болон төмрийн захаас бараа авахаар е-баримт шивж өгдөггүй. Е-баримтуудыг оруулаагүйн үүднээс их хэмжээний өр, торгуульд ордог. Байгаа е-баримтаа хассаны үндсэн дээр нэхэмжлэгч маань алдагдалтай болсон учраас дараагийн тендерт орохын тул НӨАТ-ын падаан худалдаж авсан. Тендерт оролцохдоо ямар нэгэн өргүй, НӨАТ-ын үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолтыг авч оролцдог учраас тендерт оролцохын тулд “Х” ХХК-аас  падаан авсан. Уг баримт нь хуурамч болж таарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаар шалгуулан явж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ талаарх баримтыг хэрэгт шүүх өөрөө гаргуулан авсан байдаг.

 Нэхэмжлэгч маш их хэмжээний өртөгтэй тендерт оролцож хамгийн бага үнийн саналаар захиалагчийн хүссэнээр ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхээр болсон. Нэхэмжлэгч байгууллага 2 удаа татвар төлсөн байдаг. Тийм учраас компанийг алдагдалтай ажиллуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьж байгаа асуудал нь УБ нар танайх олон улсын санхүүжилтын ажил үйлчилгээ хийгээгүй байна, үүнд нөхөн ногдуулалт тавина гэж хэлсэн бол “М” ХХК нь зөвшөөрөх байсан. Тэгтэл Олон улсын байгууллагын тусламжийн мөнгөөр хийгдсэн ажил байхад үүнийг татвараас чөлөөлөөгүй, татварынхаа хууль дүрмийг баримтлаагүй, хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Сангийн сайдын тушаал болон Татварын ерөнхий газрын бичиг зэрэгт үндэслэн хэлэхэд тухайн ажил үйлчилгээнээс Эко 00-той холбоотой гадны зээл тусламжаар хийсэн ажил үйлчилгээг хасах нь зүйтэй юм гэсэн үндэслэл гарч ирж байгаа. Тавигдсан нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажил үйлчилгээ авч байсан үеийнхээ татварыг төлөх үндэслэлтэй гэдгийг шүүх хуралдаан эхлэхийн өмнө нь хэлж байсан. Үүний дагуу ажил үйлчилгээ явуулж байсан. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж бид захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тиймээс маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 6. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага /нэхэмжлэлийн шаардлага тодруулсан/-д холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

6.1. №НА-20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын үндэслэл: М” ХХК нь хийж гүйцэтгэсэн Эко ариун цэврийн байгууламж барих төсөл хөтөлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх байсан талаар гомдолдоо дурдсан. Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төсөл арга хэмжээ нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан хавсралтад байхгүй тул нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй юм. Мөн тус “М” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын давхардуулан 20 хувь суутгасан гэх гомдол нь 2 өөр субьектээс суутгасан 2 өөр төрлийн татвар юм. /10 хувь нь иргэдээс суутгасан хувь хүний орлогын албан татвар, 10 хувь нь “М” ХХК-аас  суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар/

6.2. “Х” ХХК-аас бараа, материалын худалдан авалт хийгээгүй байж өр төлбөргүй болох үүднээс худалдан авсан мэтээр татвар ногдох орлогоо бууруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл мөн тул татварыг нөхөн төлүүлэхээр нөхөн ногдуулалтын  акт бичигдсэн болно. Иймд “М” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК-ний татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий газраас ирсэн төлөвлөгөөт шалгалтын дагуу ТУБ миний бие Ч.Ц болон Б.Э гэх хоёр байцаагч томилогдон шалгасан. Манай байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын “Х” ХХК-аас худалдан авалт гэж бичилт хийсэн газар нь Татварын ерөнхий газраас хий бичилттэй падаан бичдэг гэсэн нэрс манай хяналт шалгалтын тасагт ирсэн. Энэ дунд нэрс нь явсан. Энэ газар нь аж ахуйн нэгж, иргэнд хий падаан бичиж төлөх татварын зардлыг нь өсгөж ашгийг нь бууруулдаг компанид нэрс нь ирсэн үүнд үндэслэж хяналт шалгалтын акт тавигдсан байгаа юм. 2019 он, 2020 онуудад ихэнх нь бичигдсэн. 2018 онд бичигдээгүй” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хариуцагч Б.Э, Ч.Ц нарын гаргасан тайлбарыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгчийн шүүхэд гаргасан гомдол ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал буюу хүндрэл бэрхшээл, аливаа эрсдэлийг тооцоогүй зэрэг байдал харагдаж байна. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг татварын алба мэдэх боломжгүй, аливаа ажлыг гүйцэтгэхэд төлөвлөгөө тоцоолол байх ёстой. Үүнийг захиалагч газар, гүйцэтгэгч газар аль аль нь хараагүй байна. Үүнээс болж М ХХК-нд санхүүгийн асуудал, татварын асуудал тулгарсан байна. ТБ-ид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хяналт шалгалтын актыг үйлдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газраас томилогдсон удирдамж, төлөвлөгөө, томилолтын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтын акт Татварын ерөнхий хууль болон бусад журмаар тогтоогдсон хэмжээнд үйлдэгдэн гарсан байгаа. Татвар төлөгчийн үзэж байгаа асуудал нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа асуудлаас болсон учраас хүү, торгууль, алдангиас чөлөөлөх, татварыг багасгах талаар гомдол гаргаж байна гэж ойлголоо. Үүнд аливаа хариуцлагаас чөлөөлөх буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоол, журмыг үндэслэх ёстой. УБ-ийн үйлдсэн актын хүлээлгэсэн ногдол, торгууль, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл ямар нэгэн байдлаар харагдахгүй байгаа. Тиймээс УБ-ийн акт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан гомдол үндэслэл муутай байна гэж Татварын албаны зүгээс үздэг. “М” ХХК-ний гэрээ, дүрэм, журмыг харахад гүйцэтгэгч байгууллагаар орж байна. Гүйцэтгэгч байгууллага нь үйл ажиллагаа явуулна, үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр тодорхой хэмжээний ашиг, орлого олох зорилготой байх ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар ашиггүй, алдагдалд орсон гэсэн зүйлийг ярьж байна. Нэхэмжлэгчийн хуурамч падаан худалдан авсан нь Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Үүнээс харахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Хууль зөрчсөн үйлдэл тодорхой байхад хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй. ТУБ хүү, торгууль, алдангиас чөлөөлж акт үйлдэх эрх байхгүй юм. Та бүхэн Эко 00 барих үйл ажиллагаанд гүйцэтгэгчээр оролцсон байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь орон нутгийн байгууллага. Татвараас чөлөөлөгдөх жагсаалтад танай компани байхгүй. Анхнаасаа алдаа дутагдалтай ажил нь явсан. Та бүхэн анхнаасаа хууль дүрмээ сайн судалж, сайн анзаарах ёстой байсан. Энэ тухай маргаан таслах зөвлөл ярилцсан байгаа. Маргаан таслах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор гомдлыг шалгасан. Гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байдаг. Тиймээс шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй байх тул УБ-ийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

          ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нь ОАТХ-т холбогдуулан “ТУБ-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар нэхэмжлэгч нь ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э нарт холбогдуулан “ТУБ нарын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр “ТУБ-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1/ Манай компани нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах Эко ариун цэврийн байгууламж барих 290 айлийн төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Энэхүү төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11,  Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой ажил үйлчилгээнд орж байгаа тул 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 тоот дугаартай нөхөн ногдуулалтын актанд тусгасан /142.680.045.55/ Нэг зуун дөчин хоёр сая зургаан зуун наян мянга дөчин таван төгрөгний акт тавьсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

2/ Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн сангаар дамжуулан иргэний данс руу мөнгийг шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан, иргэнээс манай компаний данс руу шилжүүлж бид дахин НӨАТ тооцуулснаар нийт 20 хувийн НӨАТ суутгуулсан нь компаний хувьд алдагдалтай ашиггүй ажиллах татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн. Бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн авч явах тендерт оролцоход өр төлбөргүй байх зэрэг шаардлагын үүднээс “Х” ХХК-иас 527,272,727.28 төгрөгийн 12 падаан авсан нь татварын шалгалтаар хүчинтэй бус баримт болж таарсан. Энэхүү ажил үйлчилгээнд татварын ногдуулалт хийхдээ НӨАТ-аас чөлөөлөгдөх ажил үйлчилгээ гэж мэдэж байсан мөртлөө ямар нэг зөвлөмж, зааварчилгаа өгч НӨАТ-ын хасалт хийлгүйгээр татвар ногдуулж тооцсон асуудал нь НӨАТ-ын хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй байна гэх үндэслэлтэй.

3/ Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тухайн үед бидэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төслийн ажилтнууд, ТБ нар ойлголт өгөөгүйгээс болж энэхүү асуудалд хүрсэн. Иймд ТУБ нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА20210000034 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1/ “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Эко ариун цэврийн байгууламж  нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй тул чөлөөлөгдөх боломжгүй.

2/ Мөн “М” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын давхардуулан 20 хувь суутгасан гэх гомдол нь 2 өөр субьектээс суутгасан 2 өөр төрлийн татвар юм.

3/ “Х” ХХК-аас бараа, материалын худалдан авалт хийгээгүй байж өр төлбөргүй болох үүднээс 12 падаанаар 527,272,727.28 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлж орлогоо бууруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл тул нөхөн ногдуулалтын акт тавьсан.  “М” ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.

5. ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Б.Э нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд /ХХ-ийн 73-76 дугаар тал/ №2021601781 тоот томилолт /ХХ-ийн 77 дугаар тал/-ын хугацаанд  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №20210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, Татварын ерөнхий хууль /Шинэчлэн найруулсан 2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1,  82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн ”М” ХХК-ийг нийт 1,006,395,640.9 төгрөгийн  зөрчил гаргасан гэж үзэн, 100,639,564.1 төгрөгийн нөхөн татвар, 30,191,869.24 төгрөгийн торгууль, 11,848,612.21 төгрөгийн алданги, нийт 142,680,045.55 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт оногдуулсан байна.

6. Маргаан бүхий захиргааны актын тухайд:

             “М” ХХК нь:

1/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2018 онд 151,450,354.50 төгрөгийн, 2019 онд 194,977,578.88 төгрөгийн үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн  15 дугаар зүйлийн 15.1 /Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй/, 15.1.2 /албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал/ дахь хэсэгт заасныг,

2/ 2020 онд 131,218,160.69 төгрөгийн үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвараас хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2020 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт заасан /зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх/-ыг ;

 3/ 2019 онд 105,154.55 төгрөгийн, 2020 онд 71,636.00 төгрөгийн хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа материал, 2019 онд 1,299,729.00 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган татвар ногдуулах орлогоо бууруулан татвараа багасгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 /үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй/,  14.6.2 /хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ/ гэж заасныг,

4/ Нэмэгдсэн өртгийн албан татвараар “Х” ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нийт 12 падааны 527,272,727.28 төгрөгийн  бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг  хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 /Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй/ дахь хэсэгт  тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн ногдуулалтын актыг оногдуулсан байна.

7. Дээрх зөрчлийг “М” ХХК нь гаргасан болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр тайлбарласан, мөн нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 2018-2020 оны Санхүүгийн баримтууд, тус хавтаст хэрэгт авагдсан /ХХ-ийн 96-99 дүгээр тал/ Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 38/04-246 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

8. Хариуцагч нараас дээрх зөрчлүүдэд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №20210000034 тоот нөхөн ногдуулалтын акт оногдуулсан /татвар ногдуулалтын тооцоолол ХХ-ийн 85 дугаар тал/ нь холбогдох хуулиудыг зөрчөөгүй байх тул буруутгах үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа:  “...Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хүрээнд “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт”-ээ зохих газарт гаргаж шийдвэрлүүлээгүй, “Албан татвараас чөлөөлөх жагсаалтад ороогүй” гэж  тайлбарласан тул нэхэмжлэгчийн “...Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах Эко ариун цэврийн байгууламж барих 290 айлийн төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11,  Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой...” хэмээн маргаж буйг хүлээн авах үндэслэлгүй, холбогдох нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

10. Мөн нэхэмжлэгч нь “Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн сангаар дамжуулан иргэний данс руу мөнгийг шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан, иргэнээс манай компаний данс руу шилжүүлж бид дахин нэмэгдсэн өртгийн албан татвар тооцуулснаар нийт 20 хувийн НӨАТ суутгуулсан” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд, ТУБ-даас оногдуулсан маргаан бүхий актаас үзэхэд энэ нь нотлогдохгүй байна.

11. Түүнчлэн,  нэхэмжлэгчээс  “...Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх “Татвараас чөлөөлөгдөх жагсаалт”-д ороогүй, хүсэлтээ гаргаж зохих ёсоор шийдвэрлүүлээгүй тул энэ тухай татварыг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн хариуцагч нарын няцаалтыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь татварын ногдуулалт, төлөлтийг шалгахдаа тухайн онуудад хүчин төгөлдөр үед үйлчилж байсан татварын хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх дээрх үндэслэлүүд, мөн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Хариуцагч нар нь Татварын хууль тогтоомж хүчин төгөлдөр хэрэгжиж байсан үеийн хуулиудыг зөв хэрэглэсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2020 он/-ийн  13 дугаар зүйлийн  13.1, 13.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.5, 14.6, 14.6.2, Зөрчлийн тухай хууль /2017 он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан “ОАТХ-ийн ТУБ Б.Э, Ч.Ц нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.САРАНГЭРЭЛ