| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0068/3 |
| Дугаар | 221/МА2025/0399 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Сонгууль, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0399
П.Эы гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э
Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №004**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 322 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: П.Э
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Э
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0068/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч П.Э нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №004**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр:
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч П.Эаас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №004**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч В.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/**** дугаартай "Зөрчил шалган шийдвэрлэх тухай" албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшигч 40 нэр нэр дэвшигчтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн бөгөөд тус гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж зөрчилд холбогдогч, нэр дэвшигч П.Эыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан.
Уг шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг нэр дэвшигч П.Э эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0322 дугаартай шийдвэрээр татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0322 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт болон Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлт хэсэгт бүхэлд нь гомдол гаргаж байна. Дурдвал:
3.2.Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшсэн 40 нэр дэвшигчийг зардал гаргаагүй сонгуульд оролцсоныг татварын ерөнхий газраас шалгаж байгааг улс төрийн зорилготой, эвлэлдэн нэгдэх эрхэд ноцтой халдсан хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.", сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд заавал зардал гаргах шаардлагагүй. Заавал зардал гаргах ёстой гэх заалт хуулийн хаана ч байхгүй. Зардал гаргахгүй оролцох юм бол данс нээлгэх шаардлага байхгүй. Зардал гаргахгүй бол данс нээж яах билээ, хуулийн хугацаанд нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт зардлын данс нээгээгүйгээ хуулийн хугацаанд мэдэгдэж тайлагнасан; гэж худал мэдүүлсэн, Үндэсний аудитын газар сонгуульд оролцохдоо зардал гаргаагүй зардлын данс нээсэн, хуулийн хугацаанд өгсөн тайланг үл харгалзан Сангийн яам Татварын Ерөнхий газарт даалгавар өгч прокуророор дамжуулан эвлэлдэн нэгдэх үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчиж нэр дэвшигчдийг улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байгаа юм байна; гэж мэдүүлсэн.
3.3.Нэр дэвшигч П.Эы 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн өөрийн мэдүүлэгтээ "Данс нээгээгүй, учир нь реклам зар сурталчилгаанд оролцоогүй гэж намдаа хэлээд данс нээгээгүй, намаас бол санал тавьсан сурталчилгааны плакат, нэрийн хуудас танилцуулга, брошур маягийн тараах материал хийлгэх үү гэхэд нь татгалзсан", гэх хариултаар данс нээлгээгүйгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэгт гарын үсэг зурсан, Үндэсний аудитын газрын 2024 оны 09 сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичгээр Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн; талаар тодорхой дурдсан нотлох баримт ирүүлсэн зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн хуульд заасныг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 004**** дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж торгууль оногдуулсан.
3.4.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Э би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсыг Засгийн Газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын дагуу үйлдсэн бөгөөд "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж зааснаар тодорхой тусгасан гэж үзэж байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, засах эрхтэй" гэж зааснаар хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь "шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ гаргасан бичилтийн алдаагаа засах эрхтэй" байхад алдаагаа засах хуульд заасан боломжийг нь олголгүйгээр "Шийтгэлийн хуудас"-ыг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.
3.5.Гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэгдсэн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанаас холбогдогч П.Эд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг танилцуулсан бөгөөд тайлбар, мэдүүлэг авсан мэдээлэлд тусгагдсанаар ямар зөрчилд холбогдсоноо мэдсэн, мөн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байгаа тул шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна
3.6.Хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлахад... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна", 2.1 дүгээр зүйлийн 1-д "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 2-т "Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно" гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл/эс үйлдэхүй/-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шударга ёсыг тогтоох..." зарчмаас үүдэлтэй. Нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх", "зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах" гэсэн хоёр үйлдэл эс үйлдэхүй/-г таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан зөрчил болохыг тодорхойлсон байна
3.7.Улмаар "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгосноор холбогдогч хуулийн этгээдийн үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийн "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэх зөрчил нь үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
3.8.Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх", 2-т "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна" гэж заасан зарчмуудад нийцсэн байна гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшигч П.Эд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 004**** дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4**** дугаартай шийтгэлийн хуудсаар “П.Эыг сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчил”-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.Гомдол гаргагч П.Э нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлыг шүүхэд гаргасан.
3.Гомдлын үндэслэлдээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д сонгуулийн данс нээлгэсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй....Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй. Эрх чөлөөний эвсэл нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй.” гэж маргажээ.
4.Хариуцагчаас “...Хандив авсан аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан.” гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Эрх Чөлөөний эвсэл нам”-аас тус намын нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Эрх Чөлөөний Эвсэл намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасан гэдэг нь тогтоогдож байна.
6.Уг шийдвэрийн дагуу Эрх чөлөөний эвсэл нам нь зардлын данс нээж, уг дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн, харин нэр дэвшигч П.Э нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй, өөрийн нэр дээр хандив аваагүй нь Үндэсний аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/633 дугаар албан бичгээр[1] тогтоогдож байна.
7.Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 3/1090, 3/1110, 3/1095 дугаар албан бичгүүдээр[2] “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг ... нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн тодруулгыг Эрх чөлөөний эвсэл нам, Үндэсний аудитын газар, Сангийн яаманд тус тус хүргүүлжээ.
8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-д нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”,
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.
10.Маргааны тохиолдлын хувьд, Эрх чөлөөний эвсэл намаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулга, намын сурталчилгааг тус намын сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар зохин байгуулахаар шийдвэрлэж, нам нь нэгдсэн нэг сонгуулийн данс нээлгэж, түүндээ сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зардлыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, зарцуулахаар, шийдвэрлэсэн байна.
11.Уг шийдвэрийн дагуу тухайн намаас нэр дэвшигч П.Э нь сонгуулийн зардлын данс нээлгээгүй байна. Нэгэнт нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгаа болон бусад зардлын мөнгөн хөрөнгийг бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн байхад нэр дэвшигчийг сонгуулийн зардал цуглуулахгүй эсэхээс үл хамааран заавал сонгуулийн зардлын нэг данс нээхийг шаардах, нээгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх нь сонгуулийн чөлөөт зарчимд нийцэхгүй.
12.Түүнчлэн нэр дэвшигч нь өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээгээгүй, харин намаас нэгдсэн данс нээж, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж тус намаас төрийн аудитын холбогдох байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байхад нэр дэвшигч П.Эыг сонгуулийн зардлын дансыг нээлгэх, сонгуулийн дансны зардлын тайланд дүгнэлт гаргуулах хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
13.Иймээс нэр дэвшигч П.Эыг сонгуулийн зардлын данс нээлгэх, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргууж төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...-д тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
14.Анхан шатны шүүхээс “...Батлагдсан загварыг ...хуулийн заалтын дагуу бүх зүйлийг тусгах боломжтой байдлаар баталсан байхад хариуцагч нь шийтгэл ногдуулах хуудсыг хуульд зааснаар гаргаагүй, хоосон орхих байдлаар гаргах нь захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй, хуулиар тодорхой байдлаар юу юуг тусгах талаар заасан байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй байгаа маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ