| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/03315/И |
| Дугаар | 253 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 253
| 2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2019/00253 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н Е Б 116 С-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М , хариуцагчийн төлөөлөгч С.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Монгол улсын их сургуулийг монгол хэл уран зохиолын бгш мэргэжлээр 2006-2010 онд суралцаж төгссөн. 2017 оны 9 дүгээр сарын 04-нд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд тус мэргэжлийнхээ ажлыг горилон ирэхэд бага ангийн багшийн ажил санал болгосон. Миний бие “..бага ангийн багш биш, би хийж чадахгүй байх” хэмээн хэлэхэд захирал Э.Энхзул надад итгэл хүлээлгэн “...чи чадна аа, харин Боловсролын их сургуулийн эчнээ ангид бага ангийн багш мэргэжлээр суралцаарай” гэж хэлээд надтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, бага ангийн багшаар ажилд авсан юм. Үүний дагуу би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн 2.5 жилийн эчнээ ангид ажил цалгардуулахгүй суралцсаар ирсэн. Миний бие 2012 онд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй болсон тул хүүгээ эмчлүүлэх бүхий л аргыг хайн өдийг хүртэл ажилд ороогүй байсан. Тийм ч учраас өөрийн хүүтэй ижил, төстэй бэрхшээлтэй хүүхдүүдэд чин сэтгэлээсээ туслах, сурган хүмүүжүүлэх зорилгоор тусгай сургуульд ажиллах хүсэл тээн 116 дугаар сургуульд ажиллах болсон. Энэхүү сургуульд ажиллахад надад ямар нэг хүндрэл тохиолдоогүй ба миний бие өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учир ажиллахад илүү ойр, сэтгэл зүрхнээсээ ажилласан. Хүү А.Мандуул маань сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуульд 1б бүлэгт суралцдаг. Ингээд би Боловсролын их сургуулийн эчнээ хичээлдээ 2 дахь жилдээ явах талаараа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирал Л.Баярсайханд /2018 оны 5 дугаар сарын 20-нд сургуулийн удирдлага солигдсон болно/ мэдэгдэхэд тэрээр намайг хичээлдээ явахыг зөвшөөрч, надтай Сургалтанд хамруулах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд өдөр бүрийн хичээлээ заахын хажуугаар Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн хичээлдээ суралцахыг зөвшөөрсөн талаар тусгасан байгаа. Гэтэл үүний дараахан буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захирал Л.Баярсайхан намайг дуудан “...чи бага ангийн багш биш учраас ажлаас чөлөөллөө” хэмээн мэдэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 19-нд ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж өгсөн.
Миний бие 116 дугаар сургуульд 14 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, хамт олон дундаа нэр хүндтэй, эцэг эх сурагчиддаа хүндлэгдсэн багш байсан гэж үзэж байна. 2018 оны 9 дүгээр сард тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш жирэмсний амралт авахад сургуулийн захиргаа намайг монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэйг мэдсээр байж тухайн орон тоон дээр томилох боломж байсаар атал өөр шинэ багш ажилд авсан. Хэрэв намайг бага ангийн багшаар тохирохгүй гэж үзсэн бол энэ ажлын байран дээрээ сонгон шалгаруулалт зохион байгуулаад надад боломж олгох ёстой байсан байх.
116 дугаар сургуулийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, улмаар бага ангийн багшаар мэргэшүүлэн сургахад дэмжиж байсан мөртлөө гэнэт ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна.
Иймд намайг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч С.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.М нь Н Е Б 116 Сд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захирал Л.Баярсайханы Б/106 тоот тушаалаар “Бага ангийн багшийн үнэмлэхгүй” гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгджээ. Тэрээр 2006-2010 онд Монгол улсын их сургуулийг монгол хэл уран зохиолын багшаар төгссөн бөгөөд 2007 оноос бага ангийн багшийн хөрвөх сургалтад хамрагдан суралцаж байгаа юм байна.
Иймээс Э.М ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн үзэж байна гэв.
Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн Э.М ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “...Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар бага ангийн багшаар ажиллаж байсан намайг бага ангийн багшийн мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр хууль бусаар ажлаас халсан гэж, хариуцагчаас “...Э.М ыг бага ангид багшилж болохгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай шийдвэр болжээ. Тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн Э.М ыг ажлын байрны тодорхойлолтын дагуу бага ангийн багшийн мэргэжлийн үнэмлэхгүйг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.М ыг бага ангийн багшаар ажиллуулахаар тушаал гаргасан ба хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хугацаагүйгээр байгуулж, ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.М нь Монгол Улсын их сургуулийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр 2006-2010 онд суралцаж, төгссөн ба, түүнийг Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль нь бага ангийн багшаар ажиллуулахдаа Боловсролын их сургуулийн эчнээ ангид бага ангийн багш мэргэжлээр суралцахыг зөвлөсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн 2.5 жилийн эчнээ ангид суралцаж байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, талаар маргаагүй.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирал Л.Баярсайхан нь ажилтан Э.М тай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Сургалтанд хамруулах тухай” гэрээг байгуулсан ба уг гэрээгээр ажилтан нь 2018.11.13-ны өдрөөс 2018.12.29-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд 1 дэх 8-1500 , 2 дах 8-1330 , 3 дах 8-1230, 4 дэх 8-1330 , 5 дахь 8-1200 цаг хүртэл сургалтандаа хамрагдах, сурагчдыг хичээл, сургалтын үеэр хаяж, орхигдуулахгүй бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн зүйл болвол багш Э.М бүрэн хариуцахаар тохиролцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан заасан ба хариуцагч нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх заалтыг баримтлан ажилтан Э.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатэй эдэлнэ”, тус зүйлийн 4-т “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах”, 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Арван долдугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж тус тус заасан.
Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн маргаанд хамаарах ба энэхүү заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажилтан Э.М ыг халсан нь хууль зөрчсөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирал нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй байтал хууль зөрчиж, ажилтан Э.М ыг үндэслэлгүй халсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажлын нийт хоногийг 44 гэж, 2018 оны 9 дүгээр дугаар сараас эхлэн үндсэн цалин 605 000 төгрөг болж нэмэгдсэн, тусгай сургуулийн нэмэгдэл 30 хувь 181 500 төгрөг, анги даасны нэмэгдэл 10 хувь 60 500 төгрөг, нийт 847 000 төгрөг нь нэг сарын цалин хөлс гэж тооцон маргаангүй тодорхойлсныг нь мөн хэрэгт авагдсан Э.М ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн зэргийг тус тус үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэмэгдсэн цалин, нэмэгдлийн хамт нийт 847 000 төгрөг : 21.5 = 39 396 төгрөгийг ажилгүй байсан 44 хоногоор үржүүлэн тооцоход 1 733 424 төгрөг болж байх тул хариуцагчаас гаргуулахаар тооцов.
Иймд Э.М ыг Сүхбаатар дүүргийн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 733 424 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Э.М ыг Н Е Б 116 Сд бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 733 424 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н Е Б 116 Сд үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /70200+42685/ нийт 112885 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ