Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

 

 

   2023           04            07                                  2023/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дагдангийн О-,  Баяжих овогт Ганхүүгийн Г-, Жагар овогт Ууганбаярын Б-, Засгийнхан овогт Гэрэлт-Одын Дагвадорж, Урианхан овогт Дашдуламын Бумцэнд, Б овогт Пүрэвцэрэнгийн Лхагватөр, Б овогт Мөнхчулууны Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн 2325000000167 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Вогзал Ар задгайн 1-4б тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Б овогт Дагдангийн О- /РД:ФД04231110/,

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Шинэ тосгон 12-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Баяжих овогт Ганхүүгийн Г- /РД:ФД04292631/,

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Шинэ тосгон 8-18 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Жагар овогт Ууганбаярын Б- /РД:ГН04293016/,

Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шинэ тосгон 7-10 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Засгийнхан овогт Гэрэт-Одийн Дагвадорж /РД:ФД04241854/,

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-2-28 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Б овогт Пүрэвцэрэнгийн Лхагватөр /РД:ФД04222231 /,

 

         Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-34-7 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Урианхан овогт Дашдуламын Бумцэнд /РД:ФД04233117/,

 

         Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Сувдис” ХХК-д барилгын туслах, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вогзал Ар задгайн 1-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Б овогт Мөнхчулууны Мөнгөншагай /РД:ФД03321031/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэт” баарны гадаа хохирогч А.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун өвдөг, бүсэлхийнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгтэл сандал дээр сууж байгаа найзууд маань нэг ахтай маргалдаад байхаар нь би тэр ахад хандан “болиоч ээ” гэсэн утгатай юм хэлэхэд тэрээр намайг хараалын үгээр хэлсэн юм. Яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд би тэр ахын урдаас очиход тэрээр хойшоо ухраад байсан. Тэгтэл нэг эгч дундуур ороод салгах гэтэл намайг тэр ах гараараа цохисон. Би цохиулчхаад куртикээ тайлаад түүнийг 1 удаа жийсэн. Тэгтэл тэр ах М.Мг жийгээд Г.Г-ийг цохиод Г.Г-ийн хамт газар унасан юм. Би тэгээд хажуу талаар нь ороод тэр ахын нүүр лүү цохиход тэрээр гараараа хамгаалчихсан байсан юм. Би түүний нүүр лүү цохиогүй, гар луу нь цохиж байсан. Тэгтэл намайг нэг ах салгасан бөгөөд тэгээд нэг харсан чинь Г.Г-ийг тэр ах цохиж байсан. Тэгээд бужигнаж байтал хүмүүс ирээд бид нарыг салгасан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин имй үйлдэл гарахгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49, 111х/,

 

- Шүүгдэгч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр ах тэгээд Д.О-ын нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Би тэгэхээр нь очоод тэр ахтай барьцалдаж авсан бөгөөд тэр ах намайг бас цохиод байсан. Тэгээд бид 2 баарны хаалга мөргөж газарт унасан бөгөөд манай найзууд ирж намайг салгаж авсан юм. Ингээд бид нар зугтаасан бөгөөд Д.Б нь 2 куртик гартаа барьчихсан явсан бөгөөд нэг нь хүний куртик байсан. Тэгээд тус куртикийг аваачиж өгөх гээд Д.Б, Д.О-, Б- нар нь буцаж явсан юм. Удалгүй тэр 3 буцаж ирсэн бөгөөд араас нь нэг дээлтэй ах хөөж байхаар нь бид нар бас зугтаасан. Намайг бид нартай анх муудалцсан ах миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Өөр намайг хэн нэгэн нь цохиогүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1ххйн 37, 128х/,

 

Шүүгдэгч У.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр ах тэгтэл Д.О-ын нүүр лүү цохиод авсан юм. Тэгээд бужигнаад эхэлсэн бөгөөд би очилгүй сандал дээрээ сууж байсан. Тэгтэл Г.Г- нь “наадах чинь аймар цохиод байна шүү дээ” гэж хашхираад байсан. Тэгэхээр нь би очоод тэр ахын ташаа руу 1 удаа өшиглөсөн, нуруу руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд газар унаад толгойгоо 2 гараараа хамгаалчихсан байхаар нь гар луу нь 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд бид нар больсон тэгтэл дээд талаас баахан хүмүүс ирэхээр нь бид нар зугтаасан... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46, 144-145х/,

 

Шүүгдэгч Г.Д- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Сет руу орчихоод буцаад гараад иртэл нэг зүс үл таних ах нь найз Д.О-ыг цохисон юм. Тэгэхээр нь би очиж салгачихаад сандал дээр суусан. Тэгтэл тэр ах найз Г.Г-тэй зодолдоод газар унасан. Тэгтэл М.М тэр ахыг гараараа цохисон, би тэр ахын нуруу нь 1 удаа өшиглөсөн тэгээд л салцгаасан. Бид нар зугтаасан бөгөөд М.М бид 2 бүүр урд нь гараад түрүүлээд зугтаасан. Түүнээс хойш юу болсныг би мэдээгүй. Би тэр ахыг газар уначихсан байхад нь нуруу луу нь 1 удаа өшиглөсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42, 156х/,

 

Шүүгдэгч П.Л- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Удалгүй бужигналдаад зодоон болж эхэлсэн. Д.О- нь намайг цохичихлоо гээд орилоод байхаар нь би очиж Д.О-ыг татаж авсан. Тэгээд хэсэг салсан бөгөөд тэгтэл Г.Г- очоод тэр ахтай цохилцож эхэлсэн юм. Ингээд нөгөө ахыг газар унагаагаад дээрээс нь манай найзууд цохиод байхаар нь би очоод түүний зүүн гар луу хөлөөрөө 1 удаа өшиглөчхөөд цаашаа явсан юм. Учир нь тэр ах толгойгоо 2 гараараа хамгаалчихсан байсан юм...Би тэр зодуулсан ахын зүүн гар луу нь нэг удаа өшиглөсөн бөгөөд толгой руу нь хүрээгүй. Д.О- тэр ахын гэдэс рүү жийж унагаасан, Г.Г- нь тэр ахтай гараараа цохилцоод байсан. Мөн тэр ахыг уначихсан Д.О- түүний нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. У.Б- нь тэр ахын гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40, 167х/,

 

Шүүгдэгч П.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгтэл Сет баарнаас 2 эгч 1 ахын хамт гарч ирэхээр нь би тэдгээрийг дуудсан юм. Учир нь тэр ах миний таньдаг Эрдэнээ ахтай адилхан харагдсан. Энэ үед О- баарнаас гарч ирсэн бөгөөд тэрээр тухайн ахад хандан яагаад байгаа юм бэ манай найзыг гэж хэлсэн. Тэгтэл тэр ах О-ын нүүр лүү гараараа цохисон бөгөөд Дагвадорж харин О-ыг араас нь татаад тэр цохилт нь оноогүй би тэгэж л харсан. Тэгээд Г- тэр ахтай барьцалдаж тэр 2 газарт унасан. Тэр ах Г-ийг гараараа цохиод байсан бөгөөд бид нар Г-ийг түүнээс салгасан. Ингэхдээ би тэр ахын нуруу руу нэг удаа өшиглөсөн... бид нартай мууталцсан ах шатан дээр зогсож байгаад миний нүүр лүү жийхээр нь би хөлнөөс нь барихад тэрээр шат руу унасан юм... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35, 177х/,

 

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тус бааранд орчихоод удалгүй буцаад гараад иртэл манай найзууд нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгснээ тэр хүн эхлээд Д.О-ыг гараараа цохисон. Би хэсэг хараад тэдгээрийг салгасан. Тэгтэл тэр ах намайг хөлөөрөө жийж орж ирсэн. Тэгэхээр нь би түүний нүүр лүү гараараа цохисон бөгөөд тэрээр нүүрээ гараараа хамгаалчихсан байсан. Би түүний гар болон мөр лүү нь гараараа цохисон. Мөн би түүний мөр лүү нь хөлөөрөө 1 удаа жийсэн. Тэгээд бид нар зугтаасан. Би тэгээд буцаж очоогүй цааш явсан юм. Миний хувьд тэр ахыг гар луу гараараа 2 удаа, баруун мөр лүү гараараа 1 удаа, баруун гарын шуу руу нь гараараа 1 удаа цохисон. Мөн баруун мөр лүү нь 1 удаа хөлөөрөө жийсэн юм... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм хэрэг хийхгүй, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51, 189-190х/,

 

- Хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг Нэгдсэн эмнэлгийн хажуу талд байдаг Сет баарны караоке руу эхнэр Ц-, найз Ч.Б-, түүний эхнэр Орхоо, найз Н-, Д.Б-, А-, Б-, А-ын найз Нандиа нарын хамт орсон. Бид нар караокед 1 цаг суусан бөгөөд 0,75 литрийн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд караокеноос бид нар гарцгаасан. Би арай сүүлд нь эхнэрийнхээ хамт гадаа гарсан. Намайг гадаа гартал сандал дээр сууж байсан 3 банди надад хандан “андаа нааш ир чамайг би танина” гээд хар хувцастай залуу хэлсэн. Би тэгэхээр нь би юм хэлээгүй бөгөөд эхнэр очиж яах юм бэ гэж хэлсэн. Тэгтэл араас 2 банди хүрч ирснээ нэг нь намайг үгийн зөрүүгүй цээжээрээ түлхээд байсан. Тэгтэл хажуунаас нэг нь орж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Тэгээд л намайг хэдэн талаас зодож эхэлсэн. Тэгээд байж байтал хүмүүс ирж салгасан бөгөөд тэр залуучууд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-17, 19х/,

 

- Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тооцоо хийх гэж байхад Г-ын эхнэр Цээгий буцаж орж ирээд А.Г-ыг баахан залуучууд зодчихоод яваад өглөө, цаадах чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гарсан. Тэгтэл А.Г-ыг зодсон залуучууд байхгүй, харин өөр залуучууд ирчихсэн байсан. Харин А.Г-а нь өөрийгөө зодсон хүмүүсийг хайгаад байсан. Тэгээд байж байтал А.Г-а нь ухаан алдаж унасан. Д.Б- бид 2 буцаж ороод тооцоогоо хийчхээд гарч ирсэн. Энэ үед нөгөө зодсон залуус нь байхгүй болохоор нь би 1-14 дүгээр байрны тийшээ зодсон залуусынх нь араас явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28х/,

 

- Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Түрүүлж А.Г-а болон түүний эхнэр Цээгий бид 3 караокенаас гадаа гарахад араас хэсэг залуус ирснээ шууд А.Г-ыг цохиж эхэлсэн юм. Тэгтэл араас Баагий билүү Д.Б- гарч ирсэн бөгөөд тэгээд нөгөө А.Г-ыг зодсон залуус зугтаасан. Миний хувьд тухайн үед согтуу байсан учир зарим явдлыг сайн санахгүй байна. Тэгээд А.Г-а ухаан алдаж унаад нөгөө зодсон залуусын араас Д.Б-, Моодоо нар хөөсөн юм. Тэгтэл А- нь намайг гэрт чинь эртхэн хүргэж өгье гэхээр нь би цагдаа ирэхээс өмнө А-, Баагий нарын хамт таксигаар явсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30х/,

 

          -Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд Д.Б- бид 2 тооцоогоо хийлгүй гадагш гарахад А.Г-а үүдэн дээр шатны хажууд манарсан байдалтай газарт хэвтэж байсан. Нөгөө зодсон хүмүүс нь байхгүй байсан, мөн манай бусад найзууд байхгүй байсан. Тэгээд А.Г-ын эхнэрээс нөгөө зодсон хүмүүс нь хаачсан бэ гэтэл доошоо явсан гэж хэлсэн. Д.Б- тэгээд тэр хүмүүсийнх нь араас явсан юм. А.Г-а тэгээд сэргэчихээр нь би дотогш орж тооцоогоо хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32х/,

  

- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай:

“1. А.Г-ын биед зүүн чихний дэлбэнд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун өвдөг, бүсэлхийнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Зүүн чихний дэлбэнд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацар, баруун өвдөг, бүсэлхийнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 58-59х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 233 дугаартай:

“1. Д.Бийн биед дээд уруулд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д заасны  дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Гэмтэл нь хэрэг болсон  гэх  цаг хугацаанд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /1хх-ийн 72-73х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаартай:

“1.2 Ч.Б-ийн биед баруун гарын булганад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэнэ.

5. баруун гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Хамрын таславчийн муруйлт оношлогдсон нь хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх-ийн 90-91х/,

 

- Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 206-243х/,

 

- Шүүгдэгч Д.О-аас гаргаж өгсөн хохирогч А.Г-ын эзэмшлийн Хаан банкны 5037314918 тоот данс руу 1,000,000 төлсөн шилжүүлсэн баримт /1хх-ийн 244-246х/,

 

- Шүүгдэгч Д.О- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209х/,

 

- Шүүгдэгч Г.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 214х/,

 

-  Шүүгдэгч У.Б- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 219х/,

 

- Шүүгдэгч Г.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 225х/,

 

- Шүүгдэгч П.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 231х/,

 

- Шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 237х/,

 

- Шүүгдэгч М.Мн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 242х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Д.О-, Г.Г-, У.Б-, П.Л-, Г.Д-, Д.Б, М.М нар нь бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг 40 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэт” баарны гадаа хохирогч А.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд язарсан шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун өвдөг, бүсэлхийнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, П.Л-, Г.Д-, Д.Б, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, П.Л-, Г.Д-, Д.Б, М.М нар нь “...Гэм буруугаа болон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогч А.Г-ын “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, нэгдсэн эмнэлгийн хажуу талд байдаг Сет баарны караоке руу эхнэр Ц-, найз Ч.Б-, түүний эхнэр Орхоо, найз Н-, Д.Б-, А-, Б-, А-ын найз Нандиа нарын хамт орсон. Бид нар караокед 1 цаг суусан бөгөөд 0,75 литрийн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд караокеноос бид нар гарцгаасан. Би арай сүүлд нь эхнэрийнхээ хамт гадаа гарсан. Намайг гадаа гартал сандал дээр сууж байсан 3 банди надад хандан “андаа нааш ир чамайг би танина” гээд хар хувцастай залуу хэлсэн. Би тэгэхээр нь би юм хэлээгүй бөгөөд эхнэр очиж яах юм бэ гэж хэлсэн. Тэгтэл араас 2 банди хүрч ирснээ нэг нь намайг үгийн зөрүүгүй цээжээрээ түлхээд байсан. Тэгтэл хажуунаас нэг нь орж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Тэгээд л намайг хэдэн талаас зодож эхэлсэн. Тэгээд байж байтал хүмүүс ирж салгасан бөгөөд тэр залуучууд зугтаасан...” гэсэн,

-гэрч Ч.Б-ийн “...Тооцоо хийх гэж байхад Г-ын эхнэр Цээгий буцаж орж ирээд А.Г-ыг баахан залуучууд зодчихоод яваад өглөө, цаадах чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гарсан. Тэгтэл А.Г-ыг зодсон залуучууд байхгүй, харин өөр залуучууд ирчихсэн байсан. Харин А.Г-а нь өөрийгөө зодсон хүмүүсийг хайгаад байсан. Тэгээд байж байтал А.Г-а нь ухаан алдаж унасан... Энэ үед нөгөө зодсон залуус нь байхгүй болохоор нь би 1-14 дүгээр байрны тийшээ зодсон залуусынх нь араас явсан...” гэсэн,

- гэрч Н.Н-ий “...Түрүүлж А.Г-а болон түүний эхнэр Цээгий бид 3 караокенаас гадаа гарахад араас хэсэг залуус ирснээ шууд А.Г-ыг цохиж эхэлсэн юм. Тэгтэл араас Баагий билүү Д.Б- гарч ирсэн бөгөөд тэгээд нөгөө А.Г-ыг зодсон залуус зугтаасан. Миний хувьд тухайн үед согтуу байсан учир зарим явдлыг сайн санахгүй байна. Тэгээд А.Г-а ухаан алдаж унаад нөгөө зодсон залуусын араас Д.Б-, Моодоо нар хөөсөн юм...” гэсэн,

- гэрч Д.Б-гийн “...Тэгээд Д.Б- бид 2 тооцоогоо хийлгүй гадагш гарахад А.Г-а үүдэн дээр шатны хажууд манарсан байдалтай газарт хэвтэж байсан. Нөгөө зодсон хүмүүс нь байхгүй байсан, мөн манай бусад найзууд байхгүй байсан. Тэгээд А.Г-ын эхнэрээс нөгөө зодсон хүмүүс нь хаачсан бэ гэтэл доошоо явсан гэж хэлсэн. Д.Б- тэгээд тэр хүмүүсийнх нь араас явсан юм. А.Г-а тэгээд сэргэчихээр нь би дотогш орж тооцоогоо хийсэн...” гэсэн мэдүүлгүүд,

- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, П.Л-, Г.Д-, Д.Б, М.М нар нь хохирогч А.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч А.Г-а нь гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нар нь хохирогчид 1,000,000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан  хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ... 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг... харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэж тус тус заасны дагуу шүүх шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан прокурортой тохирсон ялыг тус бүр оногдуулж, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б овогт Д-ийн О-, Б овогт Г-ийн Г-, Ж овогт У-ын Б-, З овогт Г-ын Д, Б овогт П-ийн Л, У овогт Д-ын Б,  Б овогт М-ы М нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н О-,  Г-ийн Г-, У-ын Б-, Г-ын Д, П-ийн Л, Д-н Б, М-ны М нарыг тус бүр таван зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарт тус бүр оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

         4. Шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх тблбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай        

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-, Г.Г-, У.Б-, Г.Д-, П.Л-, Д.Б, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ