Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

2023           04            12                                  2023/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Хохирогч С.О-,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-гийн Б-т холбогдох эрүүгийн 2325001110115 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух,

урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаас чөлөөлсөн,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-гийн Б- /регистрийн дугаар: хх000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Рояал зочид буудалд Б.Б-той маргалдаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7 дугаар байр 93 тоотоос С.О-ын өмчлөлийн iрhоnе-14 рго загварын гар утас болон куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд нь мэдүүлгээ үнэнээр өгсөн учраас дахиж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

- Хохирогч С.О- шүүх хуралдаанд: “... орой 2 цаг өнгөрч байхад би найз охинтойгоо утсаар ярьж байгаад унтсан байсан. Өглөө үүрээр 6 цагийн үед сэрэхэд  Н.Б байхгүй, миний утас, куртик хоёрыг аваад гарсан байсан. Би өөрийнхөө утас руу зөндөө залгаж мессэж бичсэн боловч аваагүй. Би Н.Б-ийн утсаны дугаарыг мэдэхгүй байсан учраас Б-аас асуугаад залгасан боловч утсаа аваагүй тэгээд цагдаад мэдэгдсэн. 4,700,000 төгрөгөө авчихвал надад гомдол санал байхгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан:

- Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой С.О- бид хоёр хамт гэр хороолол руу явж би хүнээс гар утас аваад эргээд хотын төв рүү орж ирээд би дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй 2 сав пиво аваад С.О-ын хадам аавынх нь гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-7 дугаар байр 93 тоотод очсон. Тэр айлд хүн байгаагүй. С.О- бид хоёр пиво ууж байхад С.О- намайг ажиллуулсан цалингаа өгөхгүй ухааны юм ярьсан. Тэгээд түүнийг унтахаар нь С.О-ын айфоны 14 про загварын хар өнгийн утас, хар өнгийн куртикийг нь авч тэдний гэрээс гарч яваад маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод гар утсыг нь Хархорин зах дээр танихгүй, явуулын хүнд 500,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь хувийн хэрэглээнд зарцуулсан. Куртикийг нь Улаанбаатар хотод явж байгаад алга болгосон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126х/,

“...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний найз А-ын төрсөн өдөр болоод Гок гарден хохтонд айлд очиж төрсөн өдрийг тэмдэглэж байгаад 20 цагийн орчим А-ын хамт тэр айлаас гараад түүнийг Говил баг руу явдаг таксинд суулгаж өгөхөөр явж байгаад гудамжид танил Ч-той таарсан. Тухайн үед Ч- архи уучихсан согтуу явж байсан. Ч- надтай тараад намайг нэг сав пиво аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь А-ыг таксинд суулгаж өгчихөөд Ч-той хамт дэлгүүр орж нэг сав 2.5 литрийн пиво авсан. Дэлгүүрээс гарч байхад Ч- би “Рояал” буудалд өрөө авчихсан байгаа. Тийшээ явъя гэсэн. Тэгээд бид хоёр Ч-ийн авсан өрөөнд нь орсон чинь гурван залуу архи уугаад сууж байсан. Бид өрөөнд ороод удаагүй байхад гурван залуугийн нэг нь гараад явсан. Ч- бид хоёр 2 залуутай хамт үлдээд дөрвүүлээ ууж байсан архийг ууж байгаад тэр залуучууд нэг сав пиво задалсан. Тэр пивыг нь ууж дуусгаад Ч- бид хоёрыг авч орсон пивыг задалж уугаад дуусч байхад нөгөө хоёр залуу Ч- бид хоёрт онгироод бид хоёрыг цохиж авсан. Тэгэхээр нь Ч- бид хоёр уучлалт гуйсан. Уучлалт гуйгаад байхад нөгөө залуу онгироод байхаар нь зодчихсон. Бид нарыг зодолдож байхад хамгаалагч нар орж ирээд, дараа нь цагдаа нар орж ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х/,

 

- Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...И-, Г- бид гурав буудалд үлдээсэн нэг шил архиа уухаар болоод буудал руу орсон бөгөөд бид гурвыг архиа уугаад сууж байхад Ч- танихгүй нэг залуугийн хамт гаднаас 2.5 литрийн савтай пиво бариад орж ирсэн. Тэр хоёрыг орж ирээд дөнгөж сууж байхад нь И- гэдэг манай найз гэртээ харихаар явсан. Манай найз архи уугаад согтсон. Танихгүй хүмүүс орж ирсэн болохоор “Юун хүмүүс вэ” гэж хэлээд жоохон маргалдсан. Тэгээд бид дөрөв архи, пиво хуваагаад ууж байсан. Нэг ухаан орсон чинь би буудлын газар шалан дээр хэвтчихсэн, миний дээрээс Ч- хамт орж ирсэн залуугийнхаа хамт нүүр, толгой руу цохиод байсан. Энэ үед буудлын жижүүр эгч, хамгаалагч буудлын өрөөнд орж ирсэн байсан бөгөөд бид нарыг салгасан. Би газраас босоод орон дээр сууж байсан чинь Ч-той хамт орж ирсэн залуу хамгаалагч, буудлын жижүүрүүдийн хажууд миний зүүн талын нүд рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний нүд хавдаад юм харж чадахгүй болсон. Энэ үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар орж ирээд бид нарыг цагдаагийн газар луу авч явсан...Н.Б надтай уулзаж уучлалт гуйсан, бид хоёр эвлэрсэн тийм учраас миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

- Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Бамбай-Уул ХХК-д хамгаалагч ажилтай. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамгаалагч Ж-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад Рояал зочид буудлаас 21 цаг 14 минутын орчимд дуудлага ирсэн. Уг буудлын 301 билүү 305 дугаарын өрөөнд 4 залуу байсан. Тэр дөрвөн залуугийн нэг нь согтуу орон дээр унтаж байсан. Нүүр, гар дээрээ шивээстэй, өндөр нуруутай залуу өөр нэг залууг газар толгой дээрээс нь дарчихсан, цохиж байсан. Хажууд нь нэг залуу нь зогсож байсан. Ж- бид хоёр зодоон хийж байсан хоёр залууг салгаад газарт зодуулж байсан залууг босгож орон дээр суулгасан. Энэ үед нөгөө шивээстэй залуу орон дээр суусан залуугийн нүүрэнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл нөгөө залуугийн нүд хавдаж эхэлсэн. Нүд рүүгээ өшиглүүлсэн залуу гомдолгүй гэсэн боловч бид хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

          - Гэрч Д.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “БНЧБ” ХХК-ийн “Рояал” зочид буудалд жижүүрээр ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр намайг ажилтай  байхад 5 залуу  манай  буудлын 301 дугаартай  өрөөнд орсон. Таван залууг орж  ирээд удаагүй байхад нэг залуу  орж  ирээд өрөө  үзэж  байхдаа  нөгөө таван залуугийн нэгийг нь хараад таниад хамт өрөө рүү нь орсон. Тухайн таван залуу өрөөндөө  байж байгаад хэсэг хугацааны  дараа бид нар гарчихаад ирье гээд сүүлд ирсэн залуугийн хамт гараад явсан. Орой нөгөө таван залуугийн 3 нь эргээд ороод ирсэн. Тэр гурван залууг өрөөндөө ороод байж байхад сүүлд ирсэн залуу нүүр гар дээрээ шивээстэй нэг залуу дагуулаад нөгөө гурвын өрөө рүү орсон. Удаагүй байхад өдөр орсон 5 залуугийн нэг нь яваад дөрвүүлээ үлдсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа 301 тоот өрөөнд хүмүүс чанга чанга яриад байхаар нь очоод өрөөг нь онгойлгосон чинь буудлын өрөө авсан 2 залуугийн нэг нь орон дээр хэвтэж байсан. Нэг залуу газар уначихсан, шивээстэй залуу түүний дээрээс цохиод байсан. Тэгэхээр нь би хамгаалалт дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

           - Гэрч С.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд: "...Б-, Б-, Г- бид дөрөв үлдэж тэнд байсан архи, пиво уусан. Архи, пиво ууж байхад Б- намайг цохисон. Тэгтэл хажуу талаас Б- намайг өмөөрөөд “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Б- өөрөө түрүүлж Батсуурийн нүүр лүү нь цохисон. Тэгтэл Б- зөрүүлээд түүнийг газарт унагаад дээрээс нь хэд хэд цохисон. Энэ үед буудлын жижүүр хамгаалагч нар орж ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа. Нэг ухаан орсон чинь эрүүлжүүлэхэд сэрсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 895 дугаартай

1. Б.Б-ийн биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх  боломжтой шинэ  гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41х/,

 

- Хохирогч С.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Гэрт ороод Н.Б бид хоёр гар утсаараа интернэтээр холбож тоглоод би хувцсаа угаангаа пиво уусан. Шөнийн 02 цагийн орчимд пивоо ууж дуусгасан. Н.Б цэнэглэгчээр чинь гар утсаа цэнэглэж байгаад явлаа гэхээр нь би цэнэглэгчээ өгөөд орныхоо хажууд гар утсаа, зүүж байсан зүүлтээ тайлаад тавьсан. Унтаад сэрэхэд Н.Б байхгүй, өглөөний 06 цаг болж байсан. Миний гар утас байхгүй, өлгүүрт байсан өвлийн куртик байхгүй байсан. Н.Б-ийн гэрт очиход эмээ, ах хоёр нь байсан ба Н.Б-ийг гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-85х/,

 

- Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр О- над руу утсаар яриад Н.Б-ийг асуухаар нь яасан юу болсон талаар асуухад С.О- өчигдөр Н.Б манайд ирээд явахдаа миний айпоне 14 про мах маркийн гар утас болон куртик аваад явчихсан байна гэж ярихаар нь өө тийм үү Н.Б 01 дүгээр сарын 23-ны шөнө над руу 2 удаа хаана байна гэсэн чат бичсэн байсан. Тухайн үед би халуураад чат унших ямар ч боломжгүй байсан гэтэл миний гар утас дуугарахад хажуу өрөөний ах миний утсыг авч яриад Суурь гэдэг хүн яриад байна гээд над руу утас өгөхөөр нь би ярих ямар ч тэнхэл алга гэж хэлээд унтсан. Нойронд манай ахтай Н.Б 14 про мах маркийн гар утасны талаар яриад байх шиг байсан. Ингээд би тэр өдөр хажуу өрөөний ах болох Мижигээ ахаас өчигдөр Суурь гэдэг залуу миний утсаар тантай юуны талаар ярьсан юм бэ гэж асуухад Мижигээ ах хэлэхдээ Суурь гэдэг залуу өчигдөр шөнө залгаад надад 14 про мах маркийн гар утас байна Энэ утасны ID код гаргадаг хүн байна уу кодыг нь тайлчихвал үнэтэй зарчих гээд байна гэж ярихаар нь ах нь мэдэхгүй гэж хэлэхээр нь би энэ үгийг С.О-ад дамжуулж хэлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95х/,

 

-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5710 дугаартай

“...айпоне 14-про /iрhone-14 рго/ загварын гар утас 4,500,000 төгрөгийн, өвлийн куртик 200,000 төгрөгийн үнэлгээтэй гэж зах зээлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 105-107х/,

 

- Шүүгдэгч Н.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136х/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Рояал зочид буудалд Б.Б-той маргалдаж, нүүрэн тус газар нь цохисны улмаас зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан,

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 0-0 тоотоос С.О-ын өмчлөлийн iрhоnе-14 рго загварын гар утас болон куртикийг С.О-ад мэдэгдэлгүй, унтаж байхад нь авсан үйл баримтууд болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан,

 С.О-ын эд хөрөнгө болох iрhоnе-14 рго загварын гар утас болон куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч болон хохирогч С.О- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

-Хохирогч Б.Б-ийн “...Тэгээд бид дөрөв архи, пиво хуваагаад ууж байсан. Нэг ухаан орсон чинь би буудлын газар шалан дээр хэвтчихсэн, миний дээрээс Ч- хамт орж ирсэн залуугийнхаа хамт нүүр, толгой руу цохиод байсан. Энэ үед буудлын жижүүр эгч, хамгаалагч буудлын өрөөнд орж ирсэн байсан бөгөөд бид нарыг салгасан. Би газраас босоод орон дээр сууж байсан чинь Ч-той хамт орж ирсэн залуу хамгаалагч, буудлын жижүүрүүдийн хажууд миний зүүн талын нүд рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний нүд хавдаад юм харж чадахгүй болсон...” гэсэн,

-Хохирогч С.О-ын “...Гэрт ороод Н.Б бид хоёр гар утсаараа интернэтээр холбож тоглоод би хувцсаа угаангаа пиво уусан. Шөнийн 02 цагийн орчимд пивоо ууж дуусгасан. Н.Б цэнэглэгчээр чинь гар утсаа цэнэглэж байгаад явлаа гэхээр нь би цэнэглэгчээ өгөөд орныхоо хажууд гар утсаа, зүүж байсан зүүлтээ тайлаад тавьсан. Унтаад сэрэхэд Н.Б байхгүй, өглөөний 06 цаг болж байсан. Миний гар утас байхгүй, өлгүүрт байсан өвлийн куртик байхгүй байсан. Н.Б-ийн гэрт очиход эмээ, ах хоёр нь байсан ба Н.Б-ийг гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн...” гэсэн,

-Гэрч Э.Б-гийн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамгаалагч Ж-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад Рояал зочид буудлаас 21 цаг 14 минутын орчимд дуудлага ирсэн. Уг буудлын 301 билүү 305 дугаарын өрөөнд 4 залуу байсан. Тэр дөрвөн залуугийн нэг нь согтуу орон дээр унтаж байсан. Нүүр, гар дээрээ шивээстэй, өндөр нуруутай залуу өөр нэг залууг газар толгой дээрээс нь дарчихсан, цохиж байсан. Хажууд нь нэг залуу нь зогсож байсан. Ж- бид хоёр зодоон хийж байсан хоёр залууг салгаад газарт зодуулж байсан залууг босгож орон дээр суулгасан. Энэ үед нөгөө шивээстэй залуу орон дээр суусан залуугийн нүүрэнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл нөгөө залуугийн нүд хавдаж эхэлсэн...” гэсэн,

-Гэрч Д.Н-ын “...Гэтэл хэсэг хугацааны дараа 301 тоот өрөөнд хүмүүс чанга чанга яриад байхаар нь очоод өрөөг нь онгойлгосон чинь буудлын өрөө авсан 2 залуугийн нэг нь орон дээр хэвтэж байсан. Нэг залуу газар уначихсан, шивээстэй залуу түүний дээрээс цохиод байсан. Тэгэхээр нь би хамгаалалт дуудсан...” гэсэн,

-Гэрч С.Ч-ийн “...Б-, Б-, Г- бид дөрөв үлдэж тэнд байсан архи, пиво уусан. Архи, пиво ууж байхад Б- намайг цохисон. Тэгтэл хажуу талаас Б- намайг өмөөрөөд “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Б- өөрөө түрүүлж Батсуурийн нүүр лүү нь цохисон. Тэгтэл Б- зөрүүлээд түүнийг газарт унагаад дээрээс нь хэд хэд цохисон. Энэ үед буудлын жижүүр хамгаалагч нар орж ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа...” гэсэн мэдүүлгүүд, 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 895 дугаартай дүгнэлт,

-Гэрч Ц.Б-ын “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр О- над руу утсаар яриад Н.Б-ийг асуухаар нь яасан юу болсон талаар асуухад С.О- өчигдөр Н.Б манайд ирээд явахдаа миний айпонэ 14 про мах маркын гар утас болон гадуур куртик аваад явчихсан байна гэж ярихаар нь... хажуу өрөөний ах болох Минжигээ ахаас өчигдөр Суурь гэдэг залуу миний утсаар тантай юуны талаар ярьсан юм бэ гэж асуухад Мижигээ ах хэлэхдээ Суурь гэдэг залуу өчигдөр шөнө залгаад надад 14 про мах маркын гар утас байна энэ утасны ID код гаргадаг хүн байна уу кодыг нь тайлчихвал үнэтэй зарчих гээд байна гэж ярихаар нь ах нь мэдэхгүй гэж хэлэхээр нь би энэ үгийг С.О-ад дамжуулж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5710 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Б-ийн дээрх үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б- гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнд төлөх төлбөргүй. Харин хохирогч С.О-ад 4,700,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй. Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-иас 4,700,000 төгрөг гаргуулж хохирогч С.О-ад олгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 1 жил 60 хоногийн хугацаагаар  тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс  “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. өндөр настай  эмээгийн хамт амьдардаг. Эмээгээ  асардаг тул хөнгөн ял оноож  өгнө үү... ” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго юм.

 

Шүүх шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна хохирогчид учирсан хохирлыг ажил төрөл эрхэлж төлөх боломжоор хангаж, заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний  өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 52 хоногийн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-иас 4,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух Ш овогт С-ын О- /х0000000, 000000/-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ