| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
2023 04 14 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Хохирогч Ө.С-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,
Шүүгдэгч Б.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Б-ийн И-өд холбогдох эрүүгийн 2225004190122 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш- овогт Б-ийн И- /РД:хх0000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И- нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” дэлгүүрт лангуун дотор цэнэглэж байсан хохирогч Ө.С-гийн өмчлөлийн iphone se загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
шүүгдэгч Б.И- нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” дэлгүүрт лангуун дотор цэнэглэж байсан хохирогч Ө.С-гийн өмчлөлийн iphone se загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь шүүгдэгч Б.И-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би утсыг нь авсан нь үнэн, гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ө.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...““ххх”” дэлгүүр дээр цагийн ажил хийхээр очсон. Тэгээд ажлаа хийгээд явж байгаад дэлгүүрийн шилэн лангуун дотор өөрийн iphone se загварын гар утсаа цэнэглээд үлдээчхээд үргэлжлүүлээд ажлаа хийгээд явж байгаад утсаа авах гэтэл миний гар утас алга болчихсон байсан. Тэр үед нь цагдаад хэлээд цагдаа нэг хоёр хүнтэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд И- байна гэж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол 750,000 төгрөгийг дансаараа авсан... гэсэн мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан:
Шүүгдэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тэр өдөр өглөө 09 цагийн үед Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот гэрээсээ гараад Хүлэг хүнсний зах дээр очоод тэндээ хүмүүстэй архи ууж байгаад тэд нараас салж яваад цаг нарыг нь сайн мэдэхгүй байна “ххх” гээд дэлгүүр дотор лангуун дотор байсан гар утсыг хулгайлаад гарсан. Тэгээд тухайн үед 4 билүү 5 уулаа 3 шил 0.75 литрийн архи уучихсан нилээн согтуу байсан. Тэндээс гар утас хулгайлж гараад Үйлчилгээний төвийн урд талаас нь ордог Наран гээд худалдааны төв дотор 50 гаран насны шар царайтай эгч байсан тэр хүнд бэлэн 100,000 төгрөгөөр зарчихсан. Яг ямар гар утас байсан талаар сайн санахгүй байна загварыг харахгүй авч очоод зарчихсан. Тэгээд тэр гар утсыг зарчихаад тэндээсээ гараад гэрлүүгээ явсан. Тэгээд гэрээс дахиж гараагүй гэртээ 2, 3 хоночихоод Архангай аймгийн Өгий нуур руу хамаатны ахынх руугаа явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43х/,
- Хохирогч Ө.С- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 06 дугаар сарын өглөөний 09 цагт Согоот багт үйл ажиллагаа явуулдаг ““ххх”” дэлгүүр дээр цагийн ажил хийхээр очсон байсан юм. Тэгээд ажлаа хийгээд явж байгаад дэлгүүрийн шилэн лангуун дотор өөрийн iphone se загварын гар утсаа цэнэглээд үлдээчхээд үргэлжлүүлээд ажлаа хийгээд явж байгаад 13 цагийн үед утсаа авах гэтэл миний гар утас алга болчихсон байсан. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд дэлгүүр лүү ногоон футболк, хар хөх өнгийн саравчтай малгайтай, биеийн тамирын саарал өмдтэй, пүүз өмссөн эрэгтэй хүн орж ирээд эргэлдэж байгаад миний гар утас хийсэн байсан шилэн лангууны гүйдэг шилийг нь онгойлгож үлдээчхээд дахиж тойрч ирээд утсыг маань аваад гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,
- Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4690 дугаартай “...iphone se загварын гар утас нийт үнэ 750,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 37х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.И-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.И- нь хохирогч Ө.С-гийн iphone se загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 750,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ө.С-гийн “...ажлаа хийгээд явж байгаад дэлгүүрийн шилэн лангуун дотор өөрийн iphone se загварын гар утсаа цэнэглээд үлдээчхээд үргэлжлүүлээд ажлаа хийгээд явж байгаад 13 цагийн үед утсаа авах гэтэл миний гар утас алга болчихсон байсан. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд дэлгүүр лүү ногоон футболк, хар хөх өнгийн саравчтай малгайтай, биеийн тамирын саарал өмдтэй, пүүз өмссөн эрэгтэй хүн орж ирээд эргэлдэж байгаад миний гар утас хийсэн байсан шилэн лангууны гүйдэг шилийг нь онгойлгож үлдээчхээд дахиж тойрч ирээд утсыг маань аваад гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4690 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.И- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.И-ийн хохирогч Ө.С-гийн iphone se загварын гар утсыг дэлгүүрийн лангуун дотор цэнэглэж байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд уг хугацаанд хохирол болох 750,000 төгрөгийг Ө.С-д төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.И-ийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.И-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.И- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш- овогт Б-ийн И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн И-ийг 7 /долоо/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.И- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ