Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210014640138 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б.А нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мүди резиденс хотхоны подвалын авто зогсоолд байршуулсан иргэн Б.Б-гийн эзэмшлийн **** УАР улсын дугаартай тоёота приус 41 загварын автомашины хаалга, крылог цохиж хонхойлгож бусдад 830,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б гэх манай байрны залуу аваарын хаалга таглаад автомашинаа байрлуулсан байсан. Би нарийн юу болж өнгөрснийг санахгүй байна, би тархины гэмтлээс болоод богино ой санамжаа алдсан байгаа. Сүүлд эхнэрийн яриагаар Б-тай манай эхнэр тухайн хэрэг гарсан өдрийн орой грашшд таараад танай нөхөр миний машиныг өшиглөж гэмтээсэн байна гэж хэлсэн юм байна лээ гэв.

 

Эрүүгийн 2210014640138 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21:32:17 цагт “автомашиныг маань өшиглөөд хонхойлгочихсон байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

3.Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус авто грашш нь миний эхнэр Л.О-гийн эзэмшлийнх юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

4.Гэрч Я.Ц-дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 26-ний өдөр би орой 18 цагийн үед гэртээ ирээд гэртээ ороход гэрт хүн байхгүй байсан би гэр лүүгээ орчхоод дэлгүүр ороод хүнсээ цуглуулаад буцаад 1-2 цагийн дараагаар ирж байхад манай 6-дугаар давхрын орцны гэрэл асаад манай гэрээс 4-н хүн гарч байсан би авто машинаа грашш дотор байрлуулаад гэртээ ороход мөн хэн ч байгаагүй тэгээд нөхрийнхөө утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан би хэсэг гэртээ байж байгаад грашш руу буусан тэгсэн грашш дотор Батаа таараад танай нөхөр миний машиныг өшиглөчихлөө гэж надад хэлсэн тэр үед нь би харахад бага зэрэг хонхойсон харагдсан тэгээд би юу ч дугаралгүй цааш явсан. ...А архи уусан байсан тэр оройноо над руу залгаад би эрүүлжүүлэхэд байна гэж хэлж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

5.“Эбил Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

6.Яллагдагч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тогтоолтой уншиж танилцсан, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр миний санаж байгаагаар би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ямар ч байсан авто грашшд явж байсан чинь Б гэх манай байрны залуу аваарын хаалга таглаад **** УАР улсын дугаартай цагаан өнгийн приүс 41 маркийн авто машиныг байрлуулж байсан нарийн юу болж өнгөрснийг санахгүй байна би тархины гэмтлээс болоод богино ой санамжаа алдсан байгаа. Сүүлд нь манай эхнэрийн яриагаар Батаа манай эхнэртэй тухайн орой грашшд таараад танай нөхөр миний машиныг өшиглөж гэмтээсэн байна гэж хэлсэн юм байна лээ. ...Би Б-тай ямар нэгэн өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй гэхдээ ер нь харилцаа таарамж муутай байдаг. ... Би хэрэг болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

7.Шүүгдэгч Б.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн 2022 оны 1-12 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА