Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 

 

  2023           04          14                                   2023/ШЦТ/137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Э-ын М-д холбогдох эрүүгийн 2225006260162 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр торгох ялаа биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Э-ын М- /РД: хх00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М- нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” лоунжны гадна талд хохирогч Г.Б-тэй шүргэлцэж зөрсний улмаас маргалдан, улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохих өшиглөх, унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 150,000 төгрөгийг өгсөн уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад найз П-тай уулзаж Чимэг төвийн караоке орсон. Тэндээ 0,5 литрийн 4 ширхэг пиво хувааж уусан, мөн 0,5 литрийн 1 шил дарс хувааж уусан. Ингээд пиво, дарс дууссаны дараа бид 2 салцгаасан. Би найз Д-ыг намайг хүргээд өгөөч гэж дуудсан бөгөөд удалгүй Д- нь ганцаараа өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд гэр лүүгээ явах замдаа Шугар баарны гадаа очиж зогссон бөгөөд би таньдаг хүн байна уу гээд машинаас буусан. Д- машинаа байрлуулах гээд үлдсэн юм. Ингээд би Сэт баарны гадаа найз А-тай тааралдсан бөгөөд тэрээр өөрөөсөө гадна 4 охинтой явсан. Би тухайн үед согтоод ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг мэдсэн чинь би нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгтэл тэр залуу надад хандан хоёулаа учраа олчихъё, ийшилье гэсэн. Ингээд бид 2 арай зайдуу газар очиж хоорондоо зодолдсон. Тэгээд намайг тэр залуутай дээр доороо орж байхад хажуунаас нэг залуу орж ирээд намайг өшиглөж байсан. Д- ирээд намайг салгаад авч явсан. Миний санаж байгаагаар ийм л үйл явдал болсон. Мөн тухайн үед баарны үүдэн дээр би найз О- буюу Баадийтай таарснаа санаж байна. Би согтуу байсан учир санахгүй байна, ямар ч байсан газарт Г.Б- бид 2 дээр доороо ороод өнхрөлдөж байсан. Би тухайн үед цэнхэр өнгийн бомбер, түүний дотуур цагаан хар өнгө хосолсон ноосон цамц, цэнхэр жинсэн өмд, хар пүүзтэй явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

 

- Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз С-гийн хамт 23 цагийн үед Шугар баар луу орсон. Тэндээ бид хоёр 0,5 литрийн 4 ширхэг пиво уучихаад гарсан. Тэгээд баарнаас гараад Сэт баарны тэнд би нэг залуутай гадаа шүргэлцсэн. Тэгэхээр нь би “яаж байна бацаанаа” гэтэл “яадаг юм бэ” гэсэн. Тэгээд намайг үзчихье гээд миний куртикнээс татаад байхаар нь би куртикээ тайлаад тэр залууг мушгиж унагаасан...Одоо бичлэгээ үзээд бодоход надтай анх муудалцсан залуу буюу дээгүүрээ хар судалтай цагаан цамц, цэнхэр жинсэн өмдтэй өндөр М- гэх залуу намайг ихэвчлэн зодсон. Тухайн үед О- нь Э.М- гэх залууг таньж байсан. Э.М- намайг хэд хэдэн удаа газар унагааж тэгээд намайг олон удаа өшиглөсөн. Тиймээс миний биед учирсан гэмтлүүдийг Э.М- учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х, 94х/,

 

- Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: ...Г.Б- нь таньдаг хүнтэйгээ таарч Сэт баарны гадаа юм яриад байсан... Тэгээд удалгүй хүмүүс бужигналдаад байхаар нь хартал Г.Б- газар хэвтчихсэн хүмүүс дээрээс нь зодож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгээд явж байтал Г.Б- нь нэг эмэгтэй хүнтэй маргалдаад эхэлсэн бөгөөд яагаад маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгснээ Г.Б- нь цагдаа дуудлаа гээд дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,

 

- Насанд хүрээгүй гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: ...Ингээд Г-, А-, Мөөгий бид дөрвийг байж байхад О- ганцаараа эрүүл ирсэн. Бааранд бид нар сет буюу архи, пивоны цуглуулгыг хувааж уусан. Тэгээд бид нар баар хаах дөхөж байхад баарнаас гарч явсан. Тэгтэл баарны гадаа гарахад зүс үл таних 2 ах хоорондоо маргалдаж байсан. Тэгээд нэг нэгээрээ үзчихье гээд тэр 2 хувцсаа тайлаад байсан. Ингээд тэр 2 хоорондоо зодолдож эхэлсэн. О- орилоод тэр 2 дээр очиж байсан. Тэр 2 зодолдож байгаа хүний нэг нь О-ын хуучны танил нь байсан. Тэгээд О- түүнийг өмөөрч нөгөө залууг нь зодож цохисон эсэхийг анзаараагүй. Харин Мөөгий гараараа нөгөө О-ын танил залуугийн нөгөөхийг нь цохиж байсан. Тэгээд бужигналдаад байсан бөгөөд би тэр зодуулсан ахын нуруу руу 1 удаа, өгзөг рүү нь 1 удаа өшиглөснөө санаж байна. Мөн гартаа барьчихсан пивоны шилээр түүний нуруу руу 1 удаа цохисон. Ингээд зодоон салцгаасан бөгөөд би тэр зодуулсан ахтай уулзаж “бид нар явлаа иймээ тиймээ асуудал байхгүй биз дээ” гэхэд “ах нь чамайг мэдэж байна, чи зүгээр яв яв” гэсэн юм. Тэгээд байж байтал тэр зодуулсан ах А- руу дайраад байсан. Ингээд байж байтал цагдаа ирээд тэр зодуулсан ах, А-, А-ын таньдаг эгч Саруул нарыг авч явсан. Би тухайн үед өвдгөө хүрсэн урт бор шаргал өнгийн теддитэй, хар өмд, хар гутал, хар цамцтай явсан. О- нь богино, бор шаргал өнгийн цувтай, дотуураа бор өнгийн сорочкон цамцтай, түрийтэй гуталтай, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явсан. А- нь саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамц, дээгүүрээ хар өнгийн бомбертой, хар өнгийн өмдтэй байсан санагдаж байна. Г- нь цагаан цайвар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, цэнхэр хөх өнгийн пүүзтэй байсан. Мөөгий нь хар өнгийн куртик, хар цамц, цайвар өмдтэй байсан. Тухайн үед бусдад зодуулсан залуу буюу Г.Б-ийг О- нь түүнтэй барьцалдаж аваад шууд нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон, тэгээд газар унагаасан. О- нь тэр Б- гэгчийг ихэвчлэн зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

 

- Насанд хүрээгүй гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би найз Б-, Төгөлдөр, Пүрэвбат нарын хамт “Худалдааны гудамж”-нд хүний хоёр хоёр ширхэг 0,5 литрийн лаазтай пиво уусан. Бид 4 такси бариад Шуугар баар луу явсан. Бааранд ороход А-, Мөөгий, О- нар байсан. Тэгээд сууж байхад Төгөлдөр, Пүрэвбат нар нь түрүүлээд явчихсан санагдаж байна. Баар луу ороход архи, пиво авчихсан байсан бөгөөд би дандаа пиво уусан. Бааран дотор байхдаа би согтоод тасарчихсан, нэг мэдсэн чинь би гэрийнхээ гадаа таксинаас бууж байсан. Би тухайн үед яг юу болсон талаар одоо санахгүй байна. Би тухайн үед цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд, бараан өнгийн пүүзтэй явсан. О-ыг ямар хувцастай байсныг санахгүй байна. Б- нь урт бор шаргал өнгийн теддитэй байсан. А- нь саравчтай малгайтай, хар өнгийн бомбертой, хар өнгийн малгайтай цамцтай байсан. Мөөгий нь бараан өнгийн цамц, шаргал өнгийн өмдтэй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,

 

- Насанд хүрээгүй гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:  “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би хуурай ах А-ын хамт шуугар бааранд орсон. Тэгээд байж байтал Г-, Б-, О- нар нь бид 2 дээр ирсэн. Ингээд бид нар 0,5 литрийн пиво ууцгаасан. Баар хаах цаг болж бид нар баарнаас бүгдээрээ гарцгаасан. Баарны гадаа 2 залуу нэг залуутай муудалцаад байсан бөгөөд тэр муудалцаад байсан нэг залуу нь О- ахын таньдаг хүн нь байсан. Ингээд нөгөө 3 залуу зодолдоод эхэлсэн. О- ах нөгөө таньдаг хүнээ өмөөрч цохилцоод байсан. Зодолдож байгаад салцгаасан тэгтэл нэг ах нь нэг эгчийг “гичий” гэж хэлээд татаад байсан. Тэгэхээр нь бид нар болиулсан бөгөөд тэгж байгаад л бид нар салцгаасан. Яг үнэндээ би тухайн үед юу болсныг санахгүй байна, Миний хувьд өргөн цагаан шаргал өнгийн өмд, хар өнгийн куртик, түүний дотуур хар өнгийн малгайтай цамцтай явсан. Б- нь бор шаргал өнгийн үстэй, урт теддитэй байсан. А- ах бараан өнгийн бомбер, саравчтай малгайтай байсан. Г- ах цайвар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй байсан. О- ахыг ямар хувцастай байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43х/,

 

         - Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгтэл би А-тай тааралдаж түүнтэй юм яриад зогсож байтал нэг ах миний таньдаг О-той маргалдаад байсан. Тэгээд тэр 2 зодолдоод газар унаад дээр доороо оролцоод бие биенийгээ газар унагаагаад байсан. Тэгэхээр нь би очоод тэр танихгүй ахыг болио гээд дундуур нь ортол тэр танихгүй ах намайг түрүүлээд цохисон. Миний пальтоноос барьчихаад тавихгүй байхаар нь би тавь гээд баруун гарын тохойгоороо түүний хазар орчимд 1 удаа цохисон. Тэгтэл тэр ах намайг О-той цуг газар унагаасан. Тэр танихгүй ахын найз нь миний таньдаг С- ах байсан бөгөөд би түүнд найзыгаа аваач гэтэл тэрээр яаж яриад байгаа юм бэ гээд над руу дайраад бид 2 маргалдсан. А- тэгтэл С- ахыг боль боль гээд татсан. Энэ үед нөгөө танихгүй ах нь нэг танихгүй охинтой муудалцаад нэг нэгнийгээ мөргөөд байсан. Ингээд байж байтал цагдаа ирээд тэр танихгүй ах нь найз С-, А-, тэр танихгүй охин нарыг аваад явсан. Би араас нь А-ын ээжтэй цагдаа дээр ирсэн. Тэгтэл тэр танихгүй охиныг Саруул гэж байсан. Цагдаа ирэхэд О- байхгүй зугтчихсан байсан. Намайг анх харахад Б- О- нар  хоорондоо цохилцолгүй харин бие биенийгээ газар хүчтэй унагаагаад байсан. Тэгээд би очиж салгах гэтэл Г.Б- нь намайг цохиод хувцаснаас татаад байхаар нь би түүний хазар луу нэг удаа тохойлдож цохисон. Дараа нь Г.Бииг Саруул гэх охин духаараа мөргөөд байсан бөгөөд тэр Г.Б- нь өөрөө духаа өгөөд байсан. Үүний дараа О- бас дахин Г.Б-тэй зодолдоод байсан бөгөөд мөн О-той цуг явсан найзууд ч гэсэн дундуур нь орж ирээд Г.Б-ийг цохиод байсан. Миний харснаар Саруул нь Г.Б-ийн нүүр лүү 2 удаа мөргөсөн. О- Г.Б-ийг газарт уначихсан байхад нуруу луу нь 1-2 удаа өшиглөсөн. Цайвар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, дээгүүрээ саарал өнгийн пальтотой, бор сорочкон цамцтай нь би байна. Би тэгээд пальтогоо тайлчхаад сүүлд нь өмссөн юм. Дээгүүрээ цагаан алаг цамц, цэнхэр жинсэн өмдтэй бусадтай зодолдож буй нь Э.М- байна. Шаргал өнгийн урт үслэг цамц буюу Тедитэй, түүний дотуур хар цамцтай, хар өмд, хар гуталтай нь Б- байна. Цагаан өнгийн куртик, хар өмдтэй нь Г- байна. Хар өнгийн бомбер, дотуураа малгайтай цамцтай, хар өмдтэй нь А- байна. Чернилэн ягаан цамцтай, хар хөх жинсэн өмдтэй, цагаан пүүзтэй нь С- ах байна. Бичлэгт гарч буй хар өнгийн цамц, цайвар өмд, цагаан пүүзтэй хүүхдийн нэрийг мэдэхгүй байна, тэрээр баарнаас гарсны дараа бид нартай нийлсэн юм. Мөн зүс таних Саруул, А- гэх эмэгтэй нар байна, бусдыг нь би танихгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 752 дугаартай:

1. 2. Г.Б-ий биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Учирсан гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн цохих, цогигдох хүчний үйлдчихлээр үүсгэгдэнэ.

4. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдөгт зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн: “...Г.Б-ий биед учирсан нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдөгт зулгаралт нь нэг нэр төрлийн гэмтэл ба дээрх зулгаралтууд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... дээрх зулгаралтууд нь гараар цохих өшиглөх зэрэг үйлчлэлүүдэд үүсгэгдэх боломжгүй ба хатуу цементэн гадаргуу дээр унах, чирэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн байхаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106х/,

 

- Шүүгдэгч Э.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.М- нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” лоунжны гадна талд хохирогч Г.Б-тэй шүргэлцэж зөрсний улмаас маргалдан, улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохих өшиглөх, унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.М- нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” лоунжны гадна талд хохирогч Г.Б-тэй маргалдан, улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохих өшиглөх, унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Г.Б-ийн “...Одоо бичлэгээ үзээд бодоход надтай анх муудалцсан залуу буюу дээгүүрээ хар судалтай цагаан цамц, цэнхэр жинсэн өмдтэй өндөр М- гэх залуу намайг ихэвчлэн зодсон. Тухайн үед О- нь Э.М- гэх залууг таньж байсан. Э.М- намайг хэд хэдэн удаа газар унагааж тэгээд намайг олон удаа өшиглөсөн. Тиймээс миний биед учирсан гэмтлүүдийг Э.М- учруулсан...” гэсэн,

- Гэрч Б.С-гийн ...Г.Б- нь таньдаг хүнтэйгээ таарч Сэт барны гадаа юм яриад байсан...Тэгээд удалгүй хүмүүс бужигналдаад байхаар нь хартал Г.Б- газар хэвтчихсэн хүмүүс дээрээс нь зодож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгээд явж байтал Г.Б- нь нэг эмэгтэй хүнтэй маргалдаад эхэлсэн бөгөөд яагаад маргалдсаныг нь мэдэхгүй байна...” гэсэн,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Б-гийн ...Г-, А-, Мөөгий бид дөрвийг байж байхад О- ганцаараа эрүүл ирсэн. Бааранд бид нар сет буюу архи, пивоны цуглуулгыг хувааж уусан. Тэгээд бид нар баар хаах дөхөж байхад баарнаас гарч явсан. Тэгтэл баарны гадаа гарахад зүс үл таних 2 ах хоорондоо маргалдаж байсан. Тэгээд нэг нэгээрээ үзчихье гээд тэр 2 хувцсаа тайлаад байсан. Ингээд тэр 2 хоорондоо зодолдож эхэлсэн...” гэсэн,

- Насанд хүрээгүй гэрч О.М-ийн  “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би хуурай ах А-ын хамт шуугар бааранд орсон. Тэгээд байж байтал Г-, Б-, О- нар нь бид 2 дээр ирсэн. Ингээд бид нар 0,5 литрийн пиво ууцгаасан. Баар хаах цаг болж бид нар баарнаас бүгдээрээ гарцгаасан. Баарны гадаа 2 залуу нэг залуутай муудалцаад байсан бөгөөд тэр муудалцаад байсан нэг залуу нь О- ахын таньдаг хүн нь байсан. Ингээд нөгөө 3 залуу зодолдоод эхэлсэн. О- ах нөгөө таньдаг хүнээ өмөөрч цохилцоод байсан. Зодолдож байгаад салцгаасан тэгтэл нэг ах нь нэг эгчийг “гичий” гэж хэлээд татаад байсан. Тэгэхээр нь бид нар болиулсан бөгөөд тэгж байгаад л бид нар салцгаасан...” гэсэн,

         - гэрч М.О-ын “...Тэгтэл би А-тай тааралдаж түүнтэй юм яриад зогсож байтал нэг ах миний таньдаг О-той маргалдаад байсан. Тэгээд тэр 2 зодолдоод газар унаад дээр доороо оролцоод бие биенийгээ газар унагаагаад байсан. Тэгэхээр нь би очоод тэр танихгүй ахыг болио гээд дундуур нь ортол тэр танихгүй ах намайг түрүүлээд цохисон. Миний пальтоноос барьчихаад тавихгүй байхаар нь би тавь гээд баруун гарын тохойгоороо түүний хазар орчимд 1 удаа цохисон. Тэгтэл тэр ах намайг О-той цуг газар унагаасан. Тэр танихгүй ахын найз нь миний таньдаг С- ах байсан бөгөөд би түүнд найзыгаа аваач гэтэл тэрээр яаж яриад байгаа юм бэ гээд над руу дайраад бид 2 маргалдсан. А- тэгтэл С- ахыг боль боль гээд татсан... дараа О- бас дахин Г.Б-тэй зодолдоод байсан бөгөөд мөн О-той цуг явсан найзууд ч гэсэн дундуур нь орж ирээд Г.Б-ийг цохиод байсан... О- Г.Б-ийг газарт уначихсан байхад нуруу луу нь 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгүүд,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 752 дугаартай дүгнэлт,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны  шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн: “...Г.Б-ий биед учирсан нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын тохой, шуу, бугуй, сарвуу, хоёр хөлийн өвдөгт зулгаралт нь нэг нэр төрлийн гэмтэл ба дээрх зулгаралтууд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...дээрх зулгаралтууд нь гараар цохих өшиглөх зэрэг үйлчлэлүүдэд үүсгэгдэх боломжгүй ба хатуу цементэн гадаргуу дээр унах, чирэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн байхаар байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-ын хохирогч Г.Б-ийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Б- 150,000 төгрөг нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч төлсөн гэх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалтай  холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэв.

Шүүгдэгчээс: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.М-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Э.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Э-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын М-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ