Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

 

  2023           04          14                                   2023/ШЦТ/138

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ы О-д холбогдох эрүүгийн 2325000000155 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, “ххх” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, аав, ах, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд баг 21-21 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

урьд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ы О- /РД: хх000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өндөр сум  0 баг 0-0 тоотод байрлах иргэн Д.А-ийн гэр дотор хохирогч Л.Б-ыг хөөж явуулахаар маргалдан, улмаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гарын бугалганд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.О- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А-ийн гэрт бид нар архи уусан юм. Тухайн үед Т-, Б-, А-, Ц-аа буюу Б-, Э-, Д-, Улаанаа нар ямар ч байсан тэнд байсан санагдаж байна. Би тухайн үед ганцаараа эмэгтэй нь байсан бөгөөд А- надад мах өгсөн юм. Би өгсөн махыг нь хутгаар зүсээд идэж байтал А- нь Б-ыг гэрээсээ хөөсөн. Б- тэгтэл найзынхаа хажууд сууна гээд миний хажууд суугаад эхлээд миний өгзөгнөөс барьж авсан. Тэгэхээр нь би Б-оо аятайхан байгаарай гэж хэлсэн. Б- босож ирээд зогсож байснаа миний урдаас ирээд 2 гараараа миний 2 хөхнөөс барьсан. Би тэгэхээр нь бас аятайхан байгаарай гэж хэлсэн. Энэ үед би гартаа хутга барьчихсан байсан бөгөөд нэг мэдсэн чинь Б-оос цус гарч байсан. Би Б-ыг санаатай хутгалаагүй, яг юу болсоныг сайн санахгүй байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

 

- Хохирогч Л.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хуурай дүү А-ийн гэрт Т-дорж ах, Ц-аа гэж дууддаг ах, найз Д-, О- гэх эмэгтэй нарын хамт 2 шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи уусан. Архиа уугаад нэлээн муудчихсан байж байтал О- гэх эмэгтэй намайг А-ийн гэрээс яв гэж хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би танай гэрт байгаагүй, дүүгийндээ байна шүү гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байсан шаргал өнгийн иштэй хутга аваад миний зүүн талын бугалга, мөрний орчим нэг удаа хутгалсан. Тэгэхлээр нь би яаж байгаа юм бэ гэхэд О- гэх эмэгтэй пиздаа минь чамайг ална шүү гэж хэлсэн тэгээд Ц-аа ах намайг А-ийн гэрээс авч гараад намайг гэрийн гудамжид хүргэж өгөөд энэ талаар манай аавд хэлсэн. Тэгээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16х/,

 

- Гэрч Г.Л- мөрдөн шалгах ажиллагаанд: ...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Л.Б- нь над руу гудамжны үзүүрт байна, хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Гудамжид очсон чинь хэвтэж байсан. Тэгээд би гэртээ оруулж ирээд түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Зүүн талын мөрнөөс хутга орж суга хэсэг рүү гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Гэрч А.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод байж байсан чинь О- гэдэг эмэгтэй над руу залгаж С-гийн гэрт хүрээд ир гэхээр нь очсон. Очсон чинь Т-, Б-, Д-, Бүдүүн Э, С-, О- нийт зургаан хүн байсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гадагшаа бие засах гэж гараад ороод ирсэн чинь бөөн хэрүүл маргаан болцон хүмүүс тарж байсан. Би гэрээс нь гараад гэр рүүгээ алхаж байсан чинь засмал замын хажууд Б- О-д хутгалуулсан гэж хэлээд сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу залгасан. Б-ын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 17 дугаар гудамж руу орж миний утсаар аав руугаа залгаж холбогдсон. Тэгээд аав нь гарч ирж Б-ыг авч гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

- Гэрч Д.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэр хоёр хэрэлдээд байхаар нь би тэр хоёрт хандан манайхаас гарцгаа гэж хэлсэн. Тэгтэл хүмүүс хүүе, хүүе гээд орилолдохоор нь хартал Б-ын биенээс цус гарч байсан. Харин Б.О- уурлачихсан тэрүүгээр алхаад байсан... тэр 2 хэрэлдээд байсан, мөн хоорондоо ширээний наана, цаана зайтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

- Гэрч С.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.О- нь ширээн дээр байсан хутгыг авч Б-ыг 1 удаа хатгасан. Тэгээд Б- бид 2 Б-ыг гэрээс авч гарсан бөгөөд бид нар тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай:

1. Л.Б-ын биед зүүн гарын бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.5 Дээрх гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

6. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

7. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5х/,

 

- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн: “...Л.Б-ын биед бугалганы гадна дээд хэсэгт үүссэн шархны эргэн тойронд хөхөлбөр өнгийн цус хурсан, зүүн мөр, бугалганы эргэн тойрныг хамарч хатуурсан эмзэглэл ихтэй байсан нь уг шархнаас үүдэлтэй илэрсэн шинж тэмдгүүд юм. Хэсэг газрын үзлэгт дурдагдсан байгаа цус хурж хатуурсан эмзэглэлтэй байгаа нь ямар нэгэн өөр хатуу мохоо зүйлээр үүсгэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,

 

- Шүүгдэгч Б.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өндөр сум  0 баг 0-0 тоотод байрлах иргэн Д.А-ийн гэрт хохирогч Л.Б-ыг хөөж явуулахаар маргалдан, улмаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч Л.Б- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй...” гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.О- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 27-24 тоотод байрлах иргэн Д.А-ийн гэрт хохирогч Л.Б-той маргалдан, улмаар хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалганд шарх гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О-гийн үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч Л.Б-ын “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 27-24 тоотод хуурай дүү А-ийн гэрт Т-дорж ах, Ц-аа гэж дууддаг ах, найз Д-, О- гэх эмэгтэй нарын хамт 2 шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи уусан. Архиа уугаад нэлээн муудчихсан байж байтал О- гэх эмэгтэй намайг А-ийн гэрээс яв гэж хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би танай гэрт байгаагүй, дүүгийндээ байна шүү гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байсан шаргал өнгийн иштэй хутга аваад миний зүүн талын бугалга, мөрний орчим нэг удаа хутгалсан...” гэсэн,

-Гэрч Г.Л-ын “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Л.Б- нь над руу гудамжны үзүүрт байна, хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Гудамжид очсон чинь хэвтэж байсан. Тэгээд би гэртээ оруулж ирээд түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... Зүүн талын мөрнөөс хутга орж суга хэсэг рүү гарсан байсан...” гэсэн,

-Гэрч А.Б-ийн “...Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 21-09 тоотод байж байсан чинь О- гэдэг эмэгтэй над руу залгаж С-гийн гэрт хүрээд ир гэхээр нь очсон. Очсон чинь Т-, Б-, Д-, Бүдүүн Э, С-, О- нийт зургаан хүн байсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гадагшаа бие засах гэж гараад ороод ирсэн чинь бөөн хэрүүл маргаан болцон хүмүүс тарж байсан. Би гэрээс нь гараад гэр рүүгээ алхаж байсан чинь засмал замын хажууд Б- О-д хутгалуулсан гэж хэлээд сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага руу залгасан. Б-ын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод 17 дугаар гудамж руу орж миний утсаар аав руугаа залгаж холбогдсон. Тэгээд аав нь гарч ирж Б-ыг авч гэртээ орсон...” гэсэн,

-Гэрч Д.А-ийн “...Тэр хоёр хэрэлдээд байхаар нь би тэр хоёрт хандан манайхаас гарцгаа гэж хэлсэн. Тэгтэл хүмүүс хүүе, хүүе гээд орилолдохоор нь хартал Б-ын биенээс цус гарч байсан...” гэсэн,

Гэрч С.Т-гийн “...Б.О- нь ширээн дээр байсан хутгыг авч Б-ыг 1 удаа хатгасан. Тэгээд Б- бид 2 Б-ыг гэрээс авч гарсан бөгөөд бид нар тарцгаасан...” гэсэн мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О-гийн хохирогч Л.Б-ын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.Б- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж  үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 400 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх  ял оногдуулах саналтай гэв.

Шүүгдэгчээс: “торгох ял оногдуулж өгнө үү дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

      Шүүгдэгч Б.О-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Б.О- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон эрээн өнгийн алчуур, хар өнгийн богино куртик, хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн фудволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ы О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы О-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.О-д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 700,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, цус тэм зүйлээр бохирлогдсон эрээн өнгийн алчуур, хар өнгийн богино куртик, хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн фудволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ