| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0376/3 |
| Дугаар | 221/МА2025/0410 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0410
Б.Эагийн гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О
Гомдлын шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2025 он 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 004**** дугаартай шийтгэлийн хуудас, 125030538****дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: Б.Эа
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Бд
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2025/0376/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Б.Эа нь “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2025 он 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 004**** дугаартай шийтгэлийн хуудас, 125030538****дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Эагийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бдгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 004**** дугаартай шийтгэлийн хуудас, 125030538****дугаартай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1.Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний Аудитын газраас хянаад Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтыг зөрчсөн гэх зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн тайлбар мэдүүлэг, нэр дэвшүүлсэн намаас ирүүлсэн мэдээлэл болон аудитын байгууллагаас ирүүлсэн нотлох баримт зэргээр Б.Эа нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4- т заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авагдсан.
3.2.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт "...нам эвсэл нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарч сонгуульд оролцох эрх /сонгогдох эрх/ үүссэнээс хойш тухайн сонгуульд оролцохдоо зардал гаргах эсэхээс үл хамааран "сонгуулийн зардлын данс"-ыг нээлгэх, нээлгэсэн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг сонгуульд оролцогч нам, эсвэл нэр дэвшигч тус бүрд үүрэг болгосон байх бөгөөд үүргийг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан... зөрчилд хамаарахаар байна." гэж үзсэн боловч үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт "... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хүлээлгэх хариуцлага буюу оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь түүний зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байхыг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.", 17 дахь хэсэгт "...зардлын данс нээлгээгүй, улмаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшин сонгуульд оролцохдоо нэр дэвшигч ... шууд болон шууд бус зардал гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна" гэжээ.
3.3.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 2-т "Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно" гэж заасан байх бөгөөд тухайн зөрчлийн хувьд нэр дэвшигч Б.ЭА нь сонгуулийн зардлын дансыг нээгээгүй, бүртгүүлээгүй гэх үйлдлээр тухайн зөрчлийн үйлдэл, эс үйлдэхүй дуусгавар болсон байхад шууд болон шууд бус зардал гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шударга ёсны зарчимд нийцээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас болон нэхэмжлэлийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
3.4.Иймд татварын улсын байцаагч Б.Бдгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудас, тус шийтгэлийн хуудсыг үндэслэн үүсгэсэн 125030538****дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0396 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараахь үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бдгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсаар “Б.Эаг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.Гомдол гаргагч Б.Эа нь маргааны бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Бдд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2025 он 03 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 004**** дугаартай шийтгэлийн хуудас, 125030538****дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгуулах”-аар гомдлыг шүүхэд гаргасан.
3.Гомдлын үндэслэлдээ “сонгуулийн үйл ажиллагааг зардал гаргалгүй цахимаар явуулахаар шийдвэрлэж зардлын данс нээгээгүй тул тухайн дансыг төрийн аудитын байгууллагад бүргүүлэх үүрэг хүлээхгүй” гэж маргажээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч “...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4, Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-д заасны дагуу нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж, бүртгүүлэх, зардал гаргасан, гүйлгээ хийснээс үл хамааран зардлын дансны явцын болон эцсийн тайланг гаргаж үндэсний аудитын газарт хүргүүлэх зохицуулалттай” гэсэн тайлбарыг өгсөн.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЭОН”-аас тус намын нэр дэвшигчдэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульт ажилд ямар нэгэн зардал гаргалгүй цахимаар явуулж, хандивын болон зардлын данс нээлгэхгүй байж болохыг мэдэгдсэн бөгөөд нэр дэвшигч Б.Эа нь хандивын данс нээлгээгүй болох нь ЭОНын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/28 дугаар албан бичиг[1], 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/36 дугаар албан бичиг[2], Б.Эагийн сонгуулийн зардлын тайланд хийсэн “Бта” ХХК-ийн аудитын дүгнэлт[3] зэргээр тус тус тогтоогдож байна.
6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-д нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”,
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
7.Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.
8.Маргааны тохиолдлын хувьд, ЭОНаас нэр дэвшигч Б.Эа нь сонгуулийн зардлын данс нээгээгүй, мөнгөн ба мөнгөн бус хандив аваагүй, сонгуулийн зардалд зарцуулсан зардал байхгүй, сонгуулийн зардалтай холбоотой өглөг байхгүй болох нь аудитын тайлангаар тогтоогдож байхад нэр дэвшигчийг сонгуулийн зардал цуглуулаагүй эсэхээс үл хамааран заавал сонгуулийн зардлын нэг данс нээхийг шаардах, нээгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх нь сонгуулийн чөлөөт зарчимд нийцэхгүй юм.
9.Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг өөр бусад дансанд сонгуулийн зардал цуглуулсан, зарцуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг сонгуулийн зардалд мөнгөн хөрөнгө зарцуулсныг нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй байна.
10.Түүнчлэн нэр дэвшигч нь өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээгээгүй, мөнгөн хөрөнгө зарцуулаагүй, сонгуулийн сурталчилгааг цахимаар явуулсан гэж тайлбарлаж байхад нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
11.Иймээс нэр дэвшигч Б.Эаг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс “...хариуцагчаас зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг бүрэн тодорхойлоогүй хэрнээ зөвхөн “данс нээгээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсныг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд ...шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудас, нэхэмжлэхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ