Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч О.Мэндсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ойдовын Мэндсайханд холбогдох эрүүгийн 201626031326 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамжны 175 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Монгол овогт Ойдовын Мэндсайхан /РД:ТЕ74122331/,  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Мэндсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Р.Тогтохбаттай “автобусны мөнгөө төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнтэй барьцалдан авч, түүний зүүн гарын сарвууг барьж хойш нь дарж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.       

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Мэндсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхошуунаас ТЭЦ-3 Ч-23 чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж явсан. Говь ХК-ийн буудал дээр зогсоод хэдэн зорчигч суухад нэг залуу автобусны картаа уншуулалгүй заал руу орсон. Тэгээд хөдлөөд явж байхдаа би тэр залууд “картаа уншуул” гэхэд тэр залуу ирээд картаа уншуулахад картан дахь мөнгө нь хүрэлцэхгүй байсан. Тэгэхээр нь “мөнгөө төлөөд яв” гэхэд мөнгөө төлөөгүй. Дахин шаардлага тавьж “төлбөрөө төл, эсхүл буу” гэхэд урдаас эсэргүүцээд, салаавч гаргаад байсан. Тэгээд дараагийн буудал болох ТЭЦ-3-ын буудал  дээр ирээд “мөнгөө хийхгүй бол буугаад ТҮЦ-нд орж картаа цэнэглээч” гэж хэлэхэд бас л буугаагүй. Ингээд дараагийнх нь буудал болох Барилгачин гээд буудал дээр ирээд “буу” гэхэд буухгүй салаавч гаргаад байхаар нь жолоочийн кабиныхаам хаалгыг онгойлгоод гарахад тэр залуу хаалганы цаана зогсож байсан. Тэр залууд дахин шаардлага тавихад намайг баруун гараараа миний зүүн мөр үү цохихоор нь би “буучих” гэж хэлээд бариад авсан. Тэгээд дахиад цохих гэхээр нь  гараараа хаахад “ёо ёо” гээд гараа бариад авсан.

Тэр залуу нийт 4 буудал яваад “Таван богд”-ын буудал дээр нэг зорчигчтой хамт буусан. Хохирогчид эмчилгээний зардалд 70.000 төгрөг өгсөн. Хохирогчийн гар гэмтсэн нь миний буруугаас болсон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэхдээ би түүнийг санаатай гэмтээе гэсэн санаа байгаагүй. Хохирогч өөрийгөө Говь ХХК-д ажилладаг. Өөрт учирсан гэмтлийн улмаас 15 хоног ажил хийгээгүй, энэ хугацааны цалин орлого гэж 450.000 төгрөг төл гэсэн. Би эхнэр, сургуулийн насны 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр маань өвчтэй ажил эрхэлдэггүй, ганцаараа ажиллаж өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Хохирогчоос Хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, эмчилгээний болон бусад зардалд тооцож 300.0 гаруй мянган төгрөг өгөхөд авахгүй гээд аваагүй. Уул нь автобусанд хүн гэмтэж бэртэхэд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй, гэхдээ би үүргээ биелүүлээгүй нь бас миний буруу. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626031326 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Р.Тогтохбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Говь” компанийн автобусны буудлаас Баянхошуу чиглэлийн автобусанд суусан. Автобусанд суугаад картаа уншуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Картыг хэд хэд уншуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн дохио өгсөн. Тэгэхээр нь автобусны жолооч залууд “тойрог тойроод бууна” гэж хэлсэн. Тэгтэл жолооч залуу өөдөөс “үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшоо очоод сандал дээр суусан. Тэгтэл жолооч залуу дуудаад “ахиад ирж картаа шалгуул” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би жолоочийн хажууд очоод картаа уншуулж шалгахад мөн л карт уншигч нь “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би мөн хойшоо очоод суутал автобусны жолооч ахиад намайг дуудан “ахиад ирж картаа шалгуул” гэж хэлсэн. Тэгээд би ахиад очин картаа уншуулахад мөн л хариуг өгсөн. Тэгтэл автобусны жолооч автобусаа зогсоон бүхээгнээсээ гарч ирээд над руу “түргэн буусангүй” гээд миний хоёр гарыг хоёр гараараа бариад түлхсэн. Тэгж түлхэх явцдаа миний зүүн гарын чигчий хурууг хойш нь даран үений урдуур дарсан. Тэгтэл миний зүүн гарын чигчий хуруу өвдөөд хугарах шиг болсон.

Тэгэхээр нь би автобус зогссон байсан тул “Таван богд”-ын ойролцоо буугаад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход “зүүн гарын чигчий хуруу хугарсан байна” зураг авхуул, боолт хийлгэ гэсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлчихээд дараа нь цагдаа руу ирсэн юм. Би эмчилгээнийхээ зардлаа нэхэмжилж байна. Миний зүүн гар гэмтсэн учраас ажилдаа явж чадахгүй байгаа, тиймээс ажилгүй байсан үеийнхээ цалинг бас нэхэмжилнэ.

Би тухайн өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр гарынхаа зургийг 20.000 төгрөгөөр авхуулсан, бариачид дөрвөн удаа бариулахдаа 10.000 төгрөгөөр бариулсан. Барианд нийт 40.000 төгрөг болсон. Өвчин намдаах тариа 2 ширхэгийг 28.000 төгрөгөөр эмийн сангаас авч гэрээр тариулсан. Алтангагнуур 13.000 төгрөгөөр авч 7 хоног буцалгаж уусан. Одоогийн байдлаар надад 101.000 төгрөгийн хохирол учраад байгаа. Энэ учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-18х/,

 

2. Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:       

“...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Их дэлгүүрээс Баянхошуу чиглэлд автобусанд гэртээ харихаар суусан. Тэгээд автобусанд явж байтал Говийн автобусны буудлаас нэг өндөр залуу орж ирсэн. Би автобусны дунд хаалганы хажуугийн суудал дээр суусан байсан. Тэгтэл автобусны жолооч нөгөө өндөр залууд “чи мөнгөө төлөөч ээ” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө өндөр залуу нь “надад мөнгө байхгүй байна аа, би дараагийн буудал дээр буучихъя” гэж хэлсэн. Тэгтэл автобусны жолооч нь жолоочийнхоо бүхээгнээс нилээн ууртай гарч ирээд тэр хоёр урд хаалганы хэсэгт заамдалцсан. Би тэр хоёрыг муудалцах нь гэж бодоод би автобусны жолооч залууд “наад хүний чинь өмнөөс мөнгийг нь төлчихье” гэж хэлсэн. Тэгтэл автобусны жолооч залуу миний хэлэхийг сонсоогүй, тэр хоёр үргэлжлүүлэн заамдалцан муудалцаад байсан.

Тэгтэл нөгөө өндөр залуу гэнэт “яа яа миний гар” гээд явчихсан. Тэгтэл автобусны жолоо нөгөө залууг замдахаа больж, гараа аван жолоочийнхоо бүхээгт орсон. Би өндөр залууд “чи зүгээр үү” гэхэд “гар гар” гээд байсан. Би тэр өндөр залууд “чи эмнэлэг явах хэрэгтэй” гэтэл тэр залуу өөдөөс “би яаж явахыг нь  мэдэхгүй” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би тэр залуугийн гар нь гэмтэж гэж бодоод Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв рүү дагуулан явсан. Би өөрийнхөө гар утаснаас тэр залуугийн эхнэр лүү ярин эхнэрийг нь дуудаж өгсөн. Эхлээд тэр залуу картаа уншуулсан боловч картанд нь мөнгө байхгүй байх шиг байсан. Би автобусны жолоочийг санаатайгаар гарыг нь гэмтээсэн гэж бодохгүй байна. Үйлчлүүлж байсан өндөр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 9 сарын 21-ний өдрийн хийсэн 13096 тоот актад:

1. Тогтохбатын биед зүүн 5-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 20х/,

 

4. Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тогтохбатын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохиулах болон хурууг мушгих, дарах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломж багатай, Харин гарын хурууг бариад хойш дарахад уусэх боломжтой. Уг гэмтэл Удаан хугацаа гэдэгт 28 хоногоос дээш хугацааг хэлнэ. Уг гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаанд эдгэдэг учраас эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах гэж ойлгоно. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, харин эрүүл мэндийг сарниулна. Дээрх гэмтэлтэй гартай хүн ажил хийхэд хүндрэлтэй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/,

 

5. Автобусны камерын 5 минут 55 секундын бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэлд:

“ бичлэгийн 01 минут 17 секундэд Тогтохбат /хохирогч/ нь автобусны баруун хойно хойноосоо хоёр дахь сандал дээр ганцаараа суусан байв.

01 минут 27 секундэд хохирогч Тогтохбат нь сандлаасаа босч ирэн автобусны жолоочийн бүхээгний хажууд ирэн жолоочтой уулзаж байна.  

01 минут 50 секундэд хохирогч Р.Тогтохбат жолоочийн хажуу талын буюу урд талаасаа 2 дахь сандал дээр сууна.  

02 минут 01 секундэд Р.Тогтохбат нь дахин босч ирэн жолоочийн хажууд ирэн маргалдаж байгаа дүр зураг харагдана.  

02 минут 12 секундэд хохирогч Р.Тогтохбат буцаж урд талаасаа 2 дахь сандал дээр сууна.  

03 минут 54 секундэд Р.Тогтохбат амандаа юм ярин суудлаас босч ирэн жолоочийн бүхээгний хажууд ирэв. Улмаар Тогтохбат нь жолоочтой маргалдаж Р.Тогтохбат салаавч гаргахад О.Мэндсайхан жолооч адилхан салаавч гаргав.

04 минут 12 секундэд О.Мэндсайхан нь сандлаасаа босож бүхээгнээс гарч ирж Р.Тогтохбаттай барьцалдаж авав. О.Мэндсайхан, Р.Тогтохбат хоёр гараараа хоорондоо тулж бие биенээ түлхэж байв. Улмаар тэр 2 заамдалцан авч хойноос үл таних эмэгтэй ирж салгахыг оролдов. О.Мэндсайхан баруун гараараа Р.Тогтохбатын зүүн гарыг барьж, зүүн гараараа Р.Тогтохбатын куртикны захыг барьсан байдалтай байна. 

04 минут 28 секундэд Р.Тогтохбат нь зүүн гарыг барин сэгсэрч хойноос ирсэн хар өнгийн хувцастай эмэгтэй жолооч О.Мэндсайханыг жолоочийн бүхээгт нь оруулав. Р.Тогтохбат зүүн гараа барьж сэгсэрсээр байна. 04 минут 46 секундэд Р.Тогтохбат нь зүүн гараа урд сандал дээр сууж байгаа залууд үзүүлэх ба 05 минут 55 секундэд камерын бичлэг дуусч байна.” гэсэн тэмдэглэл /хэргийн 12-13х/,

 

6. Автобусны камерын бичлэг бүхий СD-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 14х/,

 

7. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 57х/

 

8. Шүүгдэгч О.Мэндсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Баянхошуу ТЭЦ Ч-23 чиглэлд үдээс хойш 14 цагаас хойш орой 21 цагийн 23-16 УБЧ улсын дугаартай машинд жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Ажлаа хийх явцад үдээс хойш 16 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Говийн автобусны буудлаас нэг үл таних залуу суусан. Тэр залуу суухдаа автобусныхаа мөнгөө төлөлгүй шууд хойшоо яваад өгсөн. Би тэр залууг “картаа уншуулаач ээ” гэж дуудтал нөгөө залуу эргэж ирээд картаа уншуултал карт нь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд хойшоо очиж суусан. Би тэр залууд “мөнгөө төлөөч” гэтэл өөдөөс “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би тэр залууд “мөнгөө төл л дөө” гэтэл өнгөө залуу “байхгүй юмыг чинь яахын” гээд өөдөөс уурлан над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би жолооныхоо араас босон урд талын хаалгаа онгойлгоод “тэгвэл чи буу” гэтэл нөгөө залуу буугаагүй салаавч гаргасан. Би тэгээд кабиныхаа хаалгыг янзлах гэтэл нөгөө залуу өөдөөс харчихсан тулаад ирсэн байсан. Би тэгэхээр нь тэр залууд “буучих” гэтэл өөдөөс “үгүй” гэсэн.

Тэгээд би тэр залууг буулгах гээд баруун талын гарнаас нь татсан. Тэгтэл залуу намайг гараараа зүүн гарын булчин хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн хоёр  гарыг нь тавиулах гээд хоёр гараараа доош татсан. Тэгтэл нэг эгч ирээд бид хоёрыг “боль” гээд болиулсан. Тэгтэл тэр залуу дараа нь “гар өвдөөд байна, гар хугалчихлаа” гэж хэлсэн. Би салсан хаалганыхаа дээд хэсгийг янзалчихаад хөдлөөд яваад өгсөн. Тэр залуу Заводын автобусны буудал дээр буусан.

Тэгтэл маргааш тэр залуу цагдаад өргөдөл гаргасан байсан. Миний зүгээс тэр залууд санаатайгаар дээрх гэмтлийг учруулаагүй. Харин түүнийг автобуснаас буулгах гээд ноцолдох үед гар нь гэмтсэн байх. Тэрнээс би зүүн гарын хурууг нь хугалсан зүйл байхгүй. Тэр залуу согтуу, тэгээд намайг мөнгөө төл гэхэд салаавч гаргаад “чаддаг юм бол буулгахгүй юу” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Ариунгэрэл /хэргийн 21х/, гэрч Н.Сувд-Эрдэнэ /хэргийн 22х/ нарын мэдүүлэг, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 40х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 43х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 44х/, Автобус-1 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тушаалын хуулбар /хэргийн 65х/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 66х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 67х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 69-71х/ зэрэг хэрэгт цуларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэллээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Мэндсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Р.Тогтохбаттай “автобусны мөнгөө төлсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар түүнтэй хоёр гараараа тулж барьцалдах явцад  Р.Тогтохбатын зүүн гарын “5-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлэг, гэрч Л.Нарантуяагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Р.Тогтохбатын зорчин явсан автобусны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.Мэндсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба Хан-Уул дүүргийн Прокурорын газраас О.Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирчээ.

 

Иймд шүүгдэгч О.Мэндсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн бүрэн үндэстэй.

 

Мөн хохирогч Р.Тогтохбат нь албан үүргээ гүйцэтгэж явсан Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зохисгүй авир гаргасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн хохирогч Р.Тогтохбат нь эрүүл мэндэд учирсан хохиролд тооцон рентген зураг авхуулсны 20.000 төгрөг, бариачид дөрвөн удаа бариулсны зардал 40.000 төгрөг, өвчин намдаах тарианы үнэ 28.000 төгрөг, алтангагнуурын ханд авч уусан гэх 13.000 төгрөг, бүгд 101.000 төгрөг, мөн нэг сар ажилдаа яваагүй нөхөн олговор 450.000 төгрөг /хэргийн 62х/ тус тус нэхэмжилсэн хэдий ч энэ талаар эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт баримт гаргаж өгөөгүй, “Говь” ХК-ийн Хүний нөөцийн менежерийн гарын үсэг бүхий хэргийн 38-р талд авагдсан “Раднаабазарын Тогтохбат нь Оёмолын үйлдвэрийн оёмолын тасагт 2016 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн” гэсэн тодорхойлолт баримтаар түүний ажилгүй байсан гэх хугацааны цалин олговрыг тооцон гаргуулах боломжгүй юм.

Шүүгдэгч О.Мэндсайхан нь хохиролд тооцон 70.000 төгрөгийг хохирогч Р.Тогтохбатад хүлээлгэн өгсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 57х/ баримтаар тогтоогдсон ба хохирогч Р.Тогтохбатаас өөрт учирсан гэх хохирлын талаар тодорхой баримт шүүхэд болоод хэрэгт гаргаж өгөөгүй байх тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч өөрт учирсан хохирол болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Мэндсайхан нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан хэдий ч түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дуусч ялгүй болсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх юм.  

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Мэндсайхан нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугаа ойлгож ухамсарласан болон эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн  зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт CD 1 /нэг/ ширхэг, рентген зураг 1 /нэг/ ширхэгийг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Мэндсайхан энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх  тогтоолд  дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Ойдовын Мэндсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Мэндсайханыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Мэндсайханд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Мэндсайхан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Р.Тогтохбат нь өөрт учирсан хохирол болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.  

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 /нэг/ ширхэг, бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг тус тус эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан О.Мэндсайханд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, засрал, хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харъяалах Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан О.Мэндсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                    

                 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД