Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.С,

Хариуцагч Н.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, алдангийн төлбөрт 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Бтай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн үүрэг 50 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 28 000 000 төгрөг, нийт 84 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Сийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хэргийн бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.Сийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний барьцаа байхгүй тул барьцаа хөрөнгө өгөхийг Н.Бгаас шаардсаны дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулах болоход Э.С нь Н.Бгийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Мойлтын хүр гудамж 289 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд худалдах, худалдан авах гэрээ хийхийг шаардсан. Уг худалдах, худалдан авах гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Энэ гэрээг хийхэд Н.Бд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Иймээс 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Н.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй тул Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр гудамж, 289 тоот хаягт байршилтай, дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан. Зээлээ төлчихвөл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр Н.Бтай тохиролцсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний төлбөрт 50 000 000 төгрөг, алдангийн төлбөрт 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Сэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээнээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоон,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс 174 950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлийн төлбөрт нийт 10 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүний 4 000 000 төгрөг нь хэрэгт баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь намайг 2 000 000 төгрөг өгсөн болохыг тогтоосон байхад шүүх төлөгдсөн мөнгийг дахин гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 75 000 000 төгрөг гэснийг 72 000 000 гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 28 000 000 төгрөг, нийт 84 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацаанд 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Алдангийг хуульд заасан журмаар тохиролцоогүй учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 50 000 000 төгрөгийг хариуцагч Н.Бгийн Хаан банкны 5011162497 тоот данс руу шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 1 дэх заалтад “... 50 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч Н.Б нь заасан хугацаанд мөнгийг төлөх...”, 2 дахь заалтад “...мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлж болно, гэхдээ ямарч тохиолдолд мөнгийг тохиролцсон хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусгасан байна..” гэж зээлийн гэрээний хугацааг зөрүүтэйгээр заажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “зээлийн гэрээний 2 дахь заалтад техникийн алдаа гарсан, зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан” гэж тайлбарласан бол хариуцагч “зээлийн гэрээний хугацааг мөнгийг шилжүүлж өгсөн хугацаагаар тодорхойлох боломжтой учраас 1 сарын хугацаатай байгуулсан” гэж тайлбарласан ба хэрэгт зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулагдсан болохыг тогтоосон баримт авагдаагүй. Иймд зээлийн үүргийг 1 сарын дотор төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Тиймээс хариуцагч Н.Б 1 сарын хугацааны зээлийн хүү төлөх үүргийг хүлээх бөгөөд хэрэгт авагдсан Э.Сийн Хаан банкны 5130015150 тоот дансны 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаас үзвэл 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “зээлийн хүү” гэсэн утгаар 2 000 000 төгрөгийг /хх-44/ шилжүүлснийг зээлийн хүүд төлөгдсөн гэж үзэн үндсэн зээл 50 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаж буй 2 000 000 төгрөгийг бэлнээр өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алдангийг тохиролцсон тул хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр буюу 25 000 000 төгрөгийг алдангид тооцож гаргуулсан шүүхийн шийдвэр зөв болжээ.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Н.Бгийн нэр дээр буцаан шилжүүлж болно гэж тайлбарлажээ. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үүргээ биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэл болгож Налайх дүүрэг, 1-р хороо Мойлтын хүр гудамж 289 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа бөгөөд талуудын хэн аль нь эрх зүйн үр дагавар буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах болон худалдан авах зорилгогүй байсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн, байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний төлбөрт 50 000 000 төгрөг,  алдангийн төлбөрт 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                   А.ОТГОНЦЭЦЭГ