Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0346

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0346

               Улаанбаатар хот

 

Ш.*******, Б.Цэвэлбазар нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ш.*******, Б.Цэвэлбазар нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын албаны дарга, Ардчилсан намын бүлгийн дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулал мөнгө хассан нь хууль бус юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 08 дугаар тогтоол гарсан.

Гэтэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэр нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гараагүй, төлөөлөгчдөд олгох урамшууллын асуудал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал. Энэхүү тогтоолыг гаргахдаа иргэдийн төлөөлөгчдийн саналыг бүрэн аваагүй…

2. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн гишүүдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын намдаа хандивлах шийдвэр гарган нэг төлөөлөгчөөс 4.500.000 төгрөг, нийт 31 төлөөлөгчөөс 139.500.000 хурааж авсан... Энэ үйлдэл нь иргэдийн төлөөлөгчдөд хуулиар олгогдсон үйл ажиллагааны баталгаа болон төлөөлөгчийн эрхэнд халдсан явдал бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолыг зөрчиж байна.

Иймд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчлөхдөө: 1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар хуралдааны А/26 дугаар тогтоолын “дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах.

2. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн Төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын хураан авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох.

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.*******, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах.

Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа ...“Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн Төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох” болгож өөрчилж байна гэжээ.  

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улс оронд учирсан санхүүгийн хямралыг даван туулах арга замыг эрэлхийлж төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах санал гаргасныг Тэргүүлэгчдийн хурал, хурлын хороод болон намын бүлгүүдээр урьдчилан хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан нь холбогдох хууль, хууль тогтоомжийн бусад актыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан тайлбартаа: …Хурлын Төлөөлөгчдийн урамшууллын асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж, хурлаас А/26 дугаар тогтоол гарсан нь хууль тогтоомж зөрчөөгүй... 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаар тогтоолд Хурлын Төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгох, төлөөлөгчдийн урамшуулалд шаардагдах хөрөнгө гаргахыг Хурлын нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, нягтлан бодогч нарт зөвшөөрсөн. Хурлын Тэргүүлэгчид бүгд гарын үсэг зурж, баталгаажуулсан уг тогтоолыг үндэслэн хурлын няравын дансаар төлөөлөгч нарт бэлнээр урамшууллыг олгож, тус бүрд нь гарын үсэг зуруулсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль ёсны дагуу шийдвэрлэсэн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар нэг захиргааны акт гаргаагүй байх тул уг захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн урамшууллыг намд хандивлах тухай асуудал нь намын дүрмээр зохицуулагдах намын дотоод асуудал бөгөөд тус асуудалд Ардчилсан намын даргын байр сууринаас хандсан...

Нэхэмжлэлд дурдсан хандивын талаарх асуудал нь намын дүрмээр зохицуулагдах тул захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэх эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын зүгээс уг асуудалтай холбоотой аливаа захирамж гараагүй байхад нэхэмжлэгч нар захирамжилсан аман шийдвэр хэмээн маргаж буй нь ойлгомжгүй юм... гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тэргүүлэгчид урамшуулал олгоё гэсэн шийдвэр гаргаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэг төлөөлөгчид улиралд 2.500.000 төгрөгөөр тооцож олгох саналыг Тэргүүлэгчид, хурлын хороо, намын бүлэг тус бүр дээр хэлэлцэн нэгдсэн хуралдаанд оруулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсний дараа намын бүлэг дахин хуралдаж, бүлгийн гишүүдийн олонхийн саналаар намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зориулахаар шийдвэрлэж, бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Нэгэнт бүгд зөвшөөрсөн учраас намын бүлгээр дамжуулан олгох хүсэлт гаргасны дагуу намын бүлгийн дарга Ж.Энхтөр хурлын ажлын албаны ажилтан н.Мөнхзаяагаас авч намын нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн.

Иймд хамтын удирдлага бүхий олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэдэг намын бүлгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлсэн намын бүлгийн дарга Ж.Энхтөрийг хамтран хариуцагчаар татаж, төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг олгоогүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нараас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах,

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох,

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.*******, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нар давж заалдах гомдолдоо: 1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын “дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлагын хувьд:

Шүүхээс “Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын “дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар шийдвэрлэсэн нь тухайн хурлын эрх хэмжээний асуудал бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдэгдсэн байна” гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь,  Баянзүрх  дүүргийн  ИТХ-ын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн

А/26 дугаар тогтоол нь ЗХХШтХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны илт хууль бус акт юм.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6 дугаар хэсэгт “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.

Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг хамааруулж үзнэ” гэж тайлбарласан байдаг. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоол нь төсвийн тодотгох хийх талаарх хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, хуулийг бүхэлд нь ерөнхий хэрэглэсэн байна.

   Хариуцагч нар нь хариу тайлбартаа Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийж, А/26 дугаар тогтоолыг гаргасан гэдэг боловч уг тогтоолыг А/26 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт огт дурдаагүй. Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоол нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолтой огт хамааралгүй асуудлыг зохицуулсан байдаг.

     Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоол нь илт хууль бус акт болох тул тус тогтоолын “дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.

    

2. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

Шүүхээс “...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар тус намаас сонгогдсон төлөөлөгчид олонхийн саналаар мөнгөн урамшуулалыг Ардчилсан намд хандивлахаар шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, бодит байдал дээр Ардчилсан намын төлөөлөгчид олонхийн саналаар мөнгөн урамшууллаа намдаа хандивлаж шийдвэрлэсэн асуудал огт болоогүй. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны Соёмбо танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа орж ирээд амаараа өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамжилсан шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно...”, 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ ...иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй…” гэж тус тус заасан байдаг. Гэтэл Засаг дарга Д.Пүрэвдаваагийн намын гишүүдийн хүсэл зоригоос ангид, хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн, эрх хэмжээгүй асуудлаар гаргасан захиргааны актыг шүүхээс дээрх байдлаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.*******, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Шүүхээс “...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөд урамшууллын мөнгийг намын бүлгээр нь дамжуулан олгосон бөгөөд нийт урамшуулал авсан төлөөлөгчдийн нэрс, мөнгөн дүнг жагсаалтаар гаргаж төлөөлөгчид гарын үсэг зурсан байна…” гэжээ. Энэхүү 1-р хавтасны 195-196 дугаар талд байгаа баримтад урамшуулал авахаа дэмжиж гарын үсэг зурсан болохоос биш, урамшуулал авсан гэж гарын үсэг зураагүй. Энэ талаар шүүх хуралдаанд тодорхой хэлсээр байтал шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн шийдвэрээ гаргасан.

Иймд, анхан шатны шүүхийн шүүхийн 220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нар нь давж заалдах гомдолдоо “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 тоот тогтоол нь төсвийн тодотгол хийх талаарх хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, хуулийг бүхэлд нь ерөнхий хэрэглэсэн, илт хууль бус акт юм, бодит байдал дээр Ардчилсан намын төлөөлөгчид олонхийн саналаар мөнгөн урамшууллаа намдаа хандивлаж шийдвэрлэсэн асуудал огт болоогүй. Засаг дарга Д.Пүрэвдаваа амаараа өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамжилсан шийдвэр гаргасан, баримтад бид урамшуулал авахаа дэмжиж, гарын үсэг зурсан болохоос биш, урамшуулал авсан гэж гарын үсэг зураагүй” хэмээн тус тус дурджээ.           

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг, бүрэн эрхийн хүрээнд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахдаа тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталдаг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/17 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох хэмжээ, журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлсэн, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам”-ыг баталсан байна.

            Улмаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн урамшууллыг намын бүлгээр дамжуулан олгохыг намын бүлгийн дарга нарт, төлөөлөгчдийн урамшуулалд шаардагдах хөрөнгийг төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас гаргах эрхийг Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны нягтлан бодогч нарт олгожээ.

            Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 96 дугаар тогтоол нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хэргийн оролцогчид тухайн тогтоолын талаар маргаагүй байна.

            Уг 96 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар  тус хурал дахь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөд урамшууллын мөнгийг намын бүлгээр дамжуулан олгосон нь хариуцагч нарын тайлбар, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дүгээр албан бичиг, урамшуулал авсан төлөөлөгчдийн гарын үсэг зурсан баримт зэргээр нотлогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намдаа хандивлахаар тус намаас сонгогдсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн, мөн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хувьд тус хуралдаанд Ардчилсан намын дарга, төлөөлөгчийн хувьд Төлөөлөгчийн урамшууллын мөнгийг намдаа хандивлах саналыг гарган оролцсон зэрэг байдал нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9, 13 дугаар зүйлийн 13.9, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан намын дүрмээр зохицуулагдах, намын дотоод зохион байгуулалтын асуудал учраас П.Пүрэвдавааг Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд амаар захирамжилсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

            Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх” эрхийнхээ хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд олгодог байсан мөнгөн урамшууллыг хасахаар шийдвэрлэж, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолоор “2014 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулж, Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар төсвийн тодотголыг баталсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчөөгүй байна. 

            Мөн нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нар нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд олгох 2013 оны сүүлийн 2 улирлын урамшууллыг авсан атлаа тухайн оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг олгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн үед намдаа хандивлахаар өөрсдөө зөвшөөрсөн нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс уг мөнгийг тухайн намаасаа нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр шийдвэрлэсэн нь зөв юм.

            Түүнчлэн төсвийн тодотгол хийгдсэн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж, Төлөөлөгчдөд олгох урамшууллыг дахин тусгах асуудал нь цаг хугацааны хувьд боломжгүй юм.

            Иймд,  анхан  шатны  шүүхийн  шийдвэрийг  хэвээр  үлдээж,  нэхэмжлэгч

Ш.*******, Б.Цэвэлбазар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.*******, Б.Цэвэлбазар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******аас давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР