Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 227

 

“Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний  өдрийн 85 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0260 дугаар магадлалтай, “Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0260 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрт ““Эй Ай Ди Ди” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 227 дугаар захирамжаар “Инжирт” ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээг “газар ашиглах” зориулалтаар өөрчлөн шилжүүлэн өгсөн байна. ...“Эй Ай Ди Ди” ХХК нь 2012 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах зориулалтаар өөрчлөн шилжүүлэн авсан нь хууль бус байна” гэж дурджээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.3.“газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4. “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 5 дугаар зүйлийн 5.1.“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар өмчлөгчид эзэмших болон ашиглах эрх, эзэмшигчид ашиглах эрх, ашиглагчид зөвхөн гэрээнд заасны дагуу хэрэглэх эрх байхаар зохицуулагджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасныг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар шийдвэр гаргаж “Эй Ай Ди Ди” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь зөв гэсэн дүгнэлт өгсөн байна. Уг дүгнэлтэд Газрын тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан зохицуулалтыг ялгаагүй байдлаар авч үзсэн нь мөн хуулийн 38.1, 38.3.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэх үндэслэл болжээ.

“Эй Ай Ди Ди” ХХК нь “Инжирт” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж аваагүй харин газар ашиглах эрхийг шилжүүлэн авсан. Засаг дарга Газрын тухай хуулийн 38.3.3-т заасныг үндэслэн “Эй Ай Ди Ди” ХХК-д газар эзэмших эрхийг бус харин газар ашиглах эрхийг шилжүүлэн өгсөн. Иймд Газрын тухай хуулийн 38.1-д заасан “эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа” явагдаагүй тул хуулийн тус заалт зөрчигдөхгүй. “Эй Ай Ди Ди” ХХК нь Засаг даргаас газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан нь Газрын тухай хуулийн 3.18.“газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заасантай нийцнэ.

Дүүргийн Засаг дарга нь “Газар өмчлөгч” төрийн өмчлөгчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ өмчлөгчийн эрхэд багтах “газар эзэмших” эрхийг олгосон этгээдээс буцаан авч /“Инжирт” ХХК/, тус газрыг ашиглах эрхийг “Эй Ай Ди Ди” ХХК-д олгож гэрчилгээ олгон гэрээ байгуулсан нь газрын тухай хуулиар хориглоогүй бөгөөд өөр хэн нэгэн этгээдийн эрхэд халдахгүй хууль ёсны, шударга үйлдэл тул Засаг даргын “Эй Ай Ди Ди” ХХК-д “газар ашиглах эрх олгосон” шийдвэр Газрын тухай хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаа юм.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, үндсэн зарчим зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хэрэг хянан шийдвэрлэх хүрээ хязгаарыг тодорхойлж өгсөн.

Нөгөөтэйгүүр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2013 оны 266 болон 341 дүгээр захирамж нь “дээрх заасан үндэслэлээр” гараагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч тус үндэслэлийг гарган тайлбарладаг. Захиргааны шийдвэр гаргах үед нөхцөл, үндэслэл болоогүй үйл баримтыг шүүхэд маргаан шийдвэрлэх үед шинээр нөхсөн байдлаар Захиргааны шүүх нөхөн тогтоохгүй байх зарчимтай. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Шүүх аливаа маргаанд хөндлөнгийн байр суурьтайгаар оролцох үндсэн зарчимтай.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэгч эрхээ, эсвэл хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжтойг тодорхойлсон.

“Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох юм. Тус маргааны хүрээнд хэргийн бусад оролцогчдоос сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага зэрэг өөр бусад маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гаргаж тавиагүй. Шүүхийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж шийдвэрээ гаргах зарчимтай. Маргааны зүйл “Эй Ай Ди Ди” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хууль ёсоор үүссэн эсэх бус “Эй Ай Ди Ди” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны үйлдэл хууль зөрчсөн эсэх юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2013 оны 266, 341 дүгээр захирамжуудыг гаргахдаа Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1046 дугаар захирамжид үндэслэсэн байдаг. Харин “Эй Ай Ди Ди” ХХК-д “Инжирт” ХХК-ийн газар эзэмших эрхийг ашиглах болгон шилжүүлсэн нь хууль бус болсон гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актууд гараагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн газар ашиглах эрх хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжийг өөрийн санаачлагаар маргаан бүхий захиргааны акт болгон түүний хууль зүйн үндэслэлийг хянах хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгч захиргааны байгууллага хууль бус шийдвэрийг хянуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчийн мэдүүлсэн маргаан бүхий захиргааны актыг бус эргээд нэхэмжлэгчийн өөрийн газар эзэмших эрх хүлээн авсан захирамжийг буруутгах үндэслэлийг шүүх хайж энэ бүхэлдээ энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн.

Захиргааны шүүх “Эй Ай Ди Ди” ХХК-д газар ашиглах эрх анх үүсэхдээ хууль ёсоор үүссэн эсэх талаар дүгнэж шийдвэрээ гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.7, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “нэхэмжлэгчийг эрх”-ийг зөрчсөн эсэх, мөн “хууль ёсны ашиг сонирхол”-ыг захиргааны байгууллага зөрчсөн эсэхийг шүүх шалгахаар зохицуулсан. Харин хуулийн дээрх заалтаар “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх өөрөө хуулийн дагуу үүссэн эсэх” шалгах боломжийг шүүхэд олгоогүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өөрт олгоогүй эрхийг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

3. Давж заалдах шатны шүүх тухайн хэрэг дээр өмнө шийдвэрлэсэн өөрийн болон Улсын Дээд шүүхийн шийдлийг бүрэн үгүйсгэжээ.

Шүүхийн шийдвэрийн Хянавал хэсэгт “Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамж, түүнийг үндэслэн бичигдсэн. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4799 дүгээр “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж”, мөн өдрийн 534 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас, үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлсний дагуу хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамж гарган “Инжирт” ХХК-ийн газар эзэмших эрхээс 40000 м.кв газрыг эзэмших эрхийг “Людвиг” ХХК-д шилжүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамж гарган “Инжирт” ХХК-аас “Эй Ай Ди Ди” ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлсэн 227 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна” гэж дурджээ.

Гэвч дээрх дурдсан эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагаанууд өөрөө хууль ёсны үндэслэл бүхий эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгөх ёстой гэж тус хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны 221/МА2016/0457 дугаар магадлалын Хянавал хэсэгт дурдсан дараах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй. Үүнд:

- Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 4, 21, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл, шаардлагын дагуу үүсэх ёстой учир гуравдагч этгээд “Людвиг” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх хэрэгтэй байжээ.

- “Инжирт” ХХК 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “өөрт үүсээгүй байгаа эрхийг бусдад шилжүүлэх талаар” эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба энэ нь нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн хуулийн дагуу шилжсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болох эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

- Нөгөө талаар анхан шатны шүүх эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрээр олгогдох ёстой, тухайн этгээдэд үүсээгүй байгаа газар эзэмших эрхийг “бусдад төлөх 90,000,000 төгрөгийн өр, төлбөрт тооцон шилжүүлэх” эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон ямар нэгэ шийдэл, заалт байсан эсэх, уг хэрэгт, газрын алба, дүүргийн Засаг дарга хэргийн оролцогчоор татагдаж оролцсон эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг шүүхийн шийдвэртэй хэрхэн уялдаж байгаа зэргийг судалж, дүгнэлт хийлгүйгээр “захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж уг захиргааны актыг гаргасан байна” хэмээн өнгөц дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон нотлох баримтыг үнэлэх талаар гаргасан алдааг давах болон хяналтын шатаар хянан шийдвэрлэх шүүх засах боломжгүй тул дээрх агуулгаар дүгнэлт хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх давж заалдах, хяналтын шатны буцаасан үндэслэл нөхцөлд дүгнэлт хийж өөрийн алдааг засах зарчимтай. Энэ асуудлаар давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүхээс “Захиргааны хэргийн шүүх нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Зохигч талуудын эвлэрлийг баталсан 1047, тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4799 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх захирамжийг гүйцэтгүүлэх талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн талаар дүгнэлт өгөх боломжгүй” гэж дүгнэсэн нь өмнөх өөрийн шийдлийг төдийгүй түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн шийдлийг бүхэлд нь үгүйсгэжээ. Дээрх процессийн зөрчил нь хэргийн шийдэлд бодитоор нөлөөлжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын алдааг засуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасан “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тодруулаагүйгээс газар эзэмших эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэн захирамж гаргасан нь хууль бус болжээ.

Учир нь, анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар “Инжир” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 50.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. “Инжир” ХХК нь уг эрхээ нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжаар шилжүүлсэн байх бөгөөд түүний 2 дахь заалтаар 2012 оны 199 дүгээр захирамжийн “Инжир” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосон байна. Гэтэл хариуцагч 2013 оны 266 дугаар захирамжийг гаргахдаа газар эзэмших эрхгүй этгээд болох “Инжир” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газрыг гуравдагч этгээд “Людвиг” ХХК-д шилжүүлсэн нь хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн энэхүү хууль бус үйлдлийг дүгнэхдээ “хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар давхцуулж шилжүүлсэн алдаагаа засаж уг захирамжийг гаргасан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь буруу юм.

Учир нь, 341 дүгээр захирамж нь цаг хугацааны хувьд хожим нь буюу 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамжийн дараа 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарснаас гадна дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд:

Хариуцагч 2013 оны 341 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар шийдвэрийг тус тус үндэслэсэн нь “хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй байхад хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй шүүгчийн захирамжийг хэрэглэсэн” алдаатай байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн дээрх зүйл, заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “өмнө нь гаргасан 2012 оны 227 дугаар захирамж нь “Инжир” ХХК-ийн эзэмших эрхтэй газрыг “Эй Ай Ди Ди” ХХК-д шууд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн байсан учраас засаж залруулах үүднээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн” гэснийг анхан шатны шүүх зөвтгөн дүгнэхдээ “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.3-т зааснаас үзвэл газар эзэмшиж буй аж ахуйн нэгж нь зөвхөн Монгол Улсын аж ахуйн нэгжид эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхтэй бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлж авч байгаа этгээд буюу газар эзэмших эрхийг ашиглах зориулалтаар өөрчлөн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах эрхтэй эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тодруулаагүй байна. Нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК нь 2007 онд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар үүсгэн байгуулагдсан болох нь ... нотлогдож байна. Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2012 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах зориулалтаар өөрчлөн шилжүүлэн авсан нь хууль бус байна” гэжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг;” хэлнэ. Хуулийн энэхүү тодорхойлолтоос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн Монгол Улсын аж ахуйн нэгж юм.

Иймд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “Монгол Улсын аж ахуйн нэгж” гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь хууль зүйн ойлголтын хувьдаа хамаарахаар байна. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглах эрхтэй юм.

Газрын тухай хуульд заасан “газар эзэмших” болон “газар ашиглах эрх”-ийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрх байдаггүй.

Энэхүү маргааны хувьд “Инжир” ХХК газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан нь тэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд түүнийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ийм ч учир хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрч шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-ийн дагуу нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учир газар түүнд эзэмших бус харин ашиглах эрх олгон, ашиглах эрхийн гэрчилгээ өгч, гэрээ байгуулсныг /Хэргийн 1 дүгээр хавтас, 56, 58 дахь тал/ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймээс “эзэмших эрхийг ашиглах эрх болгон шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.2 дахь заалтыг зөрчсөн” гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Харин Газрын тухай хуулийн агуулгаар ашиглах эрхийг авсан нэхэмжлэгч нь уг эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байх юм.

Энэхүү маргааны хувьд дээр дурдсанчлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 227 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байхаас гадна түүний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь алдаатай байна.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамжийн тухайд хариуцагч иргэний хэргийн шүүхийн иргэд хоорондын өр төлбөрийн маргааныг “үүсээгүй байгаа газар эзэмших эрхийг өр төлбөрт шилжүүлэхээр тохирсон” эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслэн өмнө нь гаргасан хууль ёсны захирамжаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү шүүгчийн захирамж нь маргаан бүхий актын үндэслэл болгосныг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй гэсэн нь буруу байна. Тодруулбал, шүүгчийн захирамж хууль ёсны эсэхийг дүгнэх бус харин маргаан бүхий актын үндэслэл болсон нь хууль ёсны эсэхийг дүгнэх учиртай.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд болох иргэн Х.Энхболд, Н.Ганболд, Б.Мөнгөншагай /эдгээр иргэдэд эрхээ шилжүүлсэн анхны газар эзэмшигч иргэдийн/ нарын газар эзэмших эрх нь цаг хугацааны хувьд “Инжир” ХХК-д газар эзэмших эрх олгохоос өмнө нь үүссэнээс гадна нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 353 дугаар захирамжийн иргэн Г.Нямсүрэн, Х.Энхболд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ дээрх иргэдийн газар эзэмших эрхийг хөндөхгүй байх үүрэгтэйг онцлон дурдах нь зүйтэй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний  өдрийн 85 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0260 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.2, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ