Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2019/00760

 

 

 

 

 

 

   2019 оны 04 сарын 01 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00760

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх үндсэн, орон сууцыг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Н, өмгөөлөгч С.С, хариуцагч Г.Б, өмгөөлөгч Б.З, гэрч Ж.М, О.Г, Л.Б, нарийн бичгийн даргаар Г.С нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

О.Н нь Недарланд улсад ажиллаж амьдарч байхдаа 2010 онд Г.Бтанилцаж улмаар ирэн очин найзалдаг байсан. Ингэж явсаар 2016 онд бидний дундаас хүү Б.И төрсөн. Ингээд Монгол улсдаа 2017 оны 11 сард хүүгээ аваад бүр мөсөн ирсэн. Би өмнөх амьдралаасаа н.Б гэдэг хүүхэдтэй бөгөөд түүнийг маань миний эцэг, эх хоёр өөрийн хүүхэд шиг өсгөөд байж байсан. Намайг ирэхэд миний эцэг, эх хоёр өөрсдөө зээл хийн барин орон сууц худалдан авсан байсан. Түүнийгээ миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж албан ёсоор бэлэглэсэн. Г.Б, хүү Б.И бид 3 тус байранд ирээд амьдарсан боловч Г.Б нь удаа дараа архи уун агсам тавьж, нэг уухаараа 3-5 хоног тасралтгүй уудаг. Хааяа хүнтэй ууна гэхдээ ихэвчлэн ганцаараа уугаад өдөр шөнөгүй согтуу байдаг байсан. Бид үүнээс болж олон удаа хэрэлдэж тусдаа амьдарч, буцаж нийлж үзсэн. Бүр ээж, аавыг минь хүртэл гэртээ оруулахгүй хөөж туудаг байсан бөгөөд манайд угаасаа хүн амьтан ч ирэхээ больсон. Өмнө нь гадаадад байхдаа архи уудаг л байсан. Гэхдээ ингэж олон хоногоор уух нь гайгүй байсан. Бид үүнээс болж хэрэлдээд эргээд намайг гуйгаад байхаар нь өрөвдөөд эвлэрдэг байсан. 2018 оны 08 сард 4 хоног архи ууж агсам тавихаар нь эрүүлжүүлэхэд барьж өгсөн. Уух үедээ 2 настай хүүхдээ машиндаа суулгаад согтуугаар машин жолоодож байсан. Мөн 9 сард архи уугаад байхаар нь бас цагдаа дуудсан ба цагдаа ирэхээр уйлж сөгдөж мөргөсөөр байгаад эрүүлжүүлэхэд хоноогүй. Тэгээд би урьдын адил хэд хоног дуугарахгүй явж байгаад нэг ярилцаж үзсэн. ”Чи яагаад ингээд архи уугаад хүү бид хоёрыг зовоогоод миний аав, ээжийг хүндэлдэггүй юм бэ“ гэж асуухад тэр хариулахдаа ”бид хоёр одоо хэрэлдээд салахад чи намайг энэ байрнаасаа хөөгөөд гаргана шүү дээ. Анхнаасаа аав чинь энэ байрыг чамд бэлэглэсэн. Би ер нь гадаад явмаар байна. Гадаад явахад ч гэсэн зээл авсан ч би энэ байрны эзэмшигч биш болохоор бүх юм утгагүй байна” гэсэн. Би бас өрөвдөж “чи архи уухгүй хүү бид хоёрыг гомдоохгүй намайг хайрлах л юм бол бусад нь хамаагүй шүү дээ. Чи итгэхгүй бол би чамд байрныхаа талыг өгье гэж хэлээд 2018 оны 10 сарын 22-нд нотариат орж байрныхаа 50 хувийг Г.Б шилжүүлсэн. Ингээд бид хамтран эзэмшигч болсон.

Төд удалгүй дахин архи уусан, бид үүнээс болж мөн хэрэлдэхэд намайг “чи одоо эндээс зайлаад өг, чамайг зайлаад өгвөл би сайхан амьдрах гээд байна гээд” архи уухаа болихгүй намайг хөөж явуулсан. Би аав, ээждээ хэлэхээс санаа зовж хүүхдээ аваад аргагүйн эрхэнд таньдаг ах дүүсээрээ амьдарч явна. Одоо цаашид энэ хүнтэй амьдрах ямарч бодолгүйн дээр энэ хүн миний олон жил гадаадад ажилласан мөнгөөр машин авч унан, надаар тэжээлэгчээд дээрээс нь намайг орон гэрээс минь хөөж гаргаж байна. Анхнаасаа их мөнгөний сонирхолтой хүн байсныг би сүүлд нь мэдлээ. Би одоо мөнгө ч үгүй, орон гэр ч үгүй хүүхдээ аван айлаар тэнүүчлэн явж байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие О.Н 2010 оны 6 сард Нидерланд улсад байхдаа танилцсан. Бид хоёр, хоёр өөр газар байсан. Би уг байрыг авахаар өдөр тутам 500-600 мянган евро буюу монгол мөнгөөр 5-6 сая төгрөгийн орлого олдог байсан. Үүнийг О.Н болон гэрчүүд нотолно. Энэ байрыг 2013 оны 1 сард авсан гэж бодож байна. Би ажил хийж цуглуулсан 20 000 еврог өөрийн аав руугаа явуулах гэж ярьж байсан. Гэтэл О.Н нь миний ээж хөдөөнөөс орж ирсэн, ээж хөөцөлдөөд байрыг аваад өгөх боломжтой гэж байсан нь өнөөдөр ийм санаа зорилготой байсан юм байна гэж би одоо ойлгож байна. Би өөрөө өөртөө гутарч байна. Би О.Н нэг ч гар хүрч байгаагүй, худлаа тайлбарлаж байна. Би энэ байрны мөнгийг 3-4 сарын дотор ажил хийж, мөнгөө цуглуулаад авч байсан. Эдний ээж, дүү нар надад маш их өртэй, О.Н хамгийн бага дүү миний авсан энэ байрыг түрээслэж сууж байсан. О.Н ээжээс би 30.0 сая төгрөг, дүүгээс нь 15.0 сая төгрөг авах ёстой. Би Европод байхдаа О.Н замын зардлыг төлөөд явуулдаг байсан. Эдний ээж, дүү нар надаас зээлсэн мөнгийг маань өгөөгүй тул би бухимдаад архи уусан, түүнээс болж бид хоёр салсан. Би нэг ч ширхэг зүйл худал яриагүй, миний ярьж байгаа зүйл бүгд үнэн, хуулийн хариуцлага хүлээнэ. Намайг ингэж сэтгэлээр унаад нэг хоног архи уухад л О.Н миний эцгийн гадаа бүх хувцас хунарыг боож аваачаад орхисон байдаг. Би О.Н хайртай учраас дахин очиж түүнтэй хамт энэ байрандаа амьдарсан. Би уурхайгаас хувь эзэмшдэг учир мөнгө их олдог. Би О.Н сүүлд эвлэрсэн үедээ ярьж, энэ байр минийх мөн үү гэж асууж байрны талаар баталгаажуулан утсаар бичлэг хийсэн. Уг бичлэгийг шүүхээр үзлэг хийлгэж баримт болгож өгсөн. Би Германд байхдаа зээлийн өртэй байсан учир бүх эд хөрөнгөө О.Н нэр дээр болгож байсан юм. О.Н нь миний уурхайгаас олсон 32.0 сая төгрөгийг гуйсаар байгаад 2018 оны 9 сарын 7-8-ны өдрүүдэд байх 5 хувийн хүүтэй Ариунаа гэдэгт аман гэрээгээр зээлсэн. О.Н нь намайг архичин юм шиг цоллоод байх юм. Би баяр ёслолоор л архи уудаг, хаа нэг баяраар архи ууж болохгүй гэж үү. Би О.Н муудаад түүнд гомдоод хөөсөн нь үнэн. Миний дансан дахь мөнгийг О.Н нь А-д зээлнэ, чи байраа нэр дээрээ шилжүүлээд ав гэж хэлээд шилжүүлсэн. Эднийхнийг надаас мөнгө авчихаад өгөөгүйд л би бухимдсан. О.Н  нь н.А-с авах мөнгийг надад өгнө, байраа ав, буцаад гадагшаа яв гэсэн. Ингээд л байрны 50 хувийг надад шилжүүлж өгсөн учир уг байр минийх юм гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.Б хувьд Нидерланд улсад ажиллаж амьдарч байхдаа цуглуулсан мөнгөө хамтран амьдрагч О.Н хадгалуулдаг байсан бөгөөд бидний дундаас хүү Б.И 2016 онд төрсөн. Ийм учраас цаашдаа бид гэр бүл болж хамт амьдарна гэсэн бодлоор өөрийн цуглуулсан мөнгийг О.Н аав болох П.О руу явуулж, тоотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Г.Б хувьд уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн цуглуулсан мөнгөөр авсан тул О.Н өмчлөгчөөс хасуулж, Н ногдох хэсэг болох 50 хувийн өмчлөгч Г.Б юм. Иймд О.Н өмчилж байгаа хэсэг буюу 72 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн О.Н 50 хувийг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Г.Б, О.Н хоёр нь 2010 онд Недарланд улсад танилцсан байдаг. Үүнээс хойш үерхэж нөхөрлөж хааяа ирэн очин амьдарч байгаад 2015 оноос байнга хамт амьдрах болсон. Энэ хугацаанд бид данс тооцоо тусдаа байсан. Учир нь бид гэр бүл болоогүй дундаасаа хүүхэдгүй байсан. Үүнийг биднээс гадна найз нөхөд гэр бүлийхэн цөм мэдэж байгаа. Г.Б хэлж байгаа шиг байр авах гэж мөнгө цуглуулж, манай аав П.О мөнгө шилжүүлж байсан асуудал байхгүй. Маргаж байгаа байрыг миний аав, ээж хоёр 100 хувь хөлс хөдөлмөрөө зориулж 2013 онд надад болон миний хүү н.Хүслэн хоёрт зориулан авч өгсөн. Энэ байрыг авахад Г.Б болон миний зүгээс нэг ч төгрөгний оролцоо байхгүй. Энэ талаар хангалттай нотлох баримт болон гэрчүүд байгаа болно. Иймээс Г.Б сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх талуудын тайлбар, хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Г.Б холбогдуулан, талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай үндсэн,

О.Н өмчлөгчөөс хасуулж, түүний өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Б архи уухгүй, хүү бид хоёрыг гомдоохгүй, намайг хайрлах юм бол бусад нь хамаагүй гэж хэлээд эцэг, эхийнхээ авч өгсөн орон сууцны өөрийн өмчлөлийн 50 хувийг Г.Бд бэлэглэсэн боловч Г.Б нь архи уухаа болихгүй хүү бид хоёрыг гэрээс хөөж явуулсан” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “Нидерланд улсад ажиллаж, цуглуулсан мөнгийг О.Н аав руу шилжүүлж, уг байрыг өөрийн мөнгөөр авсан тул О.Н өмчлөх эд хөрөнгө биш би 100 хувь уг байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгоно” гэж марган сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. 

            2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчид “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээсээ бусдад бэлэглэх гэрээ” байгуулж, бэлэглэгч О.Н нь өөрийн өмчлөлийн тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 36 000 000 төгрөгийн үнэ бүхий хэсэг болох 50 хувийг Г.Б үнэ төлбөргүй бэлэглэж, бэлэг хүлээн авагч Г.Б бэлгийг хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийнхээ 50 хувийг бэлэг хүлээн авагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна./хх-6 дугаар тал/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 276.3, 276.4-т тус тус заасан шаардлагыг хангасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр байна.

            Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-т “Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно” гэж, 279.3-т “Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно” гэж тус тус зохицуулжээ.          

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь бэлэг хүлээн авагч бэлэглэгчийн зорилгыг биелүүлээгүй гэх агуулгаар, өөрөөр хэлбэл архи уухаа болиогүй, О.Н хайрлан халамжлаагүй, нялх хүүхэдтэйн гэрээс нь хөөж явуулсан гэх үндэслэлээр гэрээнээсээ татгалзах эрхтэй байна.

            Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээсээ бусдад бэлэглэх гэрээнд дээрх тусгайлсан нөхцлийн талаар тухайлан тусгаагүй, энэ талаар харилцан тохиролцсон гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолсон гэж дүгнэлээ. Тодруулбал, О.Н, Г.Б нар нь 2010 оны 6 сард анх Нидерланд улсад байхдаа танилцаж, улмаар хамтран амьдарч эхэлсэн бөгөөд гэр бүлийн баталгаагүй, тэдний дундаас 2016 онд хүү Б.И төрсөн ба 2018 оны 10 сарын сүүлээр Г.Б нь архи ууж, О.Н маргалдсаны улмаас түүнийг хүүтэй нь хамт гэрээс нь хөөж явуулсан үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийнх нь нэхэмжлэл, тайлбар, гэрчээр асуугдсан О.Са, Ж.М нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            Хариуцагч нь “...маргааны зүйл болсон орон сууцыг Нидерланд улсад ажиллаж, амьдарч байхдаа цуглуулсан мөнгөө О.Н хадгалуулж, гэр бүр болж хамт амьдарна гэсэн бодлоор түүний эцэг П.О руу явуулж, маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан тул 100 хувь миний өмч...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлан маргаж буй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан О.Г мэдүүлэгт “...Би Нидерланд улсад амьдарч байгаад Монгол руу буцаж ирсэн, тэгэхэд Г.Б надаар 12500 еврог дугтуйлаад О.Н бага дүүд өгөөрэй гээд явуулсан, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Монголд гэр бүлээрээ ирж байсан, О.Н бага дүү нь надаас 12500 еврог нь авсан” гэснээс дүгнэхэд хариуцагч Г.Б “...Нидерланд улсад ажиллаж, амьдарч байхдаа цуглуулсан мөнгөө О.Н хадгалуулж, гэр бүр болж хамт амьдарна гэсэн бодлоор түүний эцэг П.О руу явуулж, тухайн үл хөдлөх хөрөнгийг 100 хувь миний мөнгөөр худалдаж авсан тул миний өмч...” гэж маргаж буй үйл баримт, нэхэмжлэлийн татгалзлаа хариуцагч бусад бичгийн баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан О.Г мэдүүлэгт 12500 еврог хариуцагч нь О.Н дүүд өгч явуулсан гэж тайлбарласан боловч хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр Монголд ирсэн болох нь зөрүүтэй, уг евро нь тухайн үед Монгол мөнгөөр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, 12500 еврог хэрхэн юунд, хэн зарцуулсан талаар холбогдох бичгийн баримтыг хавсаргаагүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. 

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т “Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний нэхэмжлэл дараах бичгийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож байна.

            Хэрэгт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар /хх-7/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээний хуулбар /хх-26/, Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ /хх-27/, гэрч О.С мэдүүлэг /хх-34-36/, Төрийн банкны .... тоот данснуудын харилцагч Ж.М Деспозит дансны харилцагчийн монгол хуулгууд /хх-42-44/, мөн тус банкны .... тоот дансны харилцагч П.О дансны хуулга /хх-45-48/, Төрийн банкны Орлогын мэдүүлэг /хх-49/, ХААН банкны ........ тоот дансны харилцагч Ж.М дансны дэлгэрэнгүй хуулга /хх-50/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-53-55/, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /хх-56-57/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, БМ Г ХХК-ийн Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1 зэрэг бичгийн баримтуудаар хариуцагчийн татгалзаж буй тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Тодруулбал, маргааны зүйл болсон тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Н эцэг П.О, эх Ж.М нар цалингийн зээл болон бусад хүнээс мөнгө авч Б г ХХК-д байрны үнэд нийт 70 100 000 төгрөгийг төлж, худалдан аваад П.О нэр дээр 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгогдсон ба 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр О.Н нэр дээр өмчлөх эрхийг түүний эцэг П.О бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О.Н нь бэлэглэлийн гэрээгээр Г.Б хамт тухайн орон сууцны хамтран өмчлөгч болсон үйл баримт тогтоогдож байна.

            Иймээс, дээр дурдсан бичгийн баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуур хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг тус тус баримтлан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгч О.Н өмчлөх эрхийг сэргээсүгэй.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан  хариуцагч Г.Б гаргасан, тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.950 төгрөг, хариуцагч Г.Б төлсөн 337.950 төгрөгийг тус тус төсвийн орлого болгож, хариуцагч Г.Б 337.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ