Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2019/00946

 

 

 

 

 

 

   2019 оны 04 сарын 24 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00946

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н Д Е Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т К ХХК-д холбогдох,

191 647 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б Э.Ө, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Т нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

      Н Д Е Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н Д Е Г Хяналт, шалгалтын газар, хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А\113, А\163 тоот тушаалаар баталсан Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу Т К ХХК-д ажиллаж буй гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийг 2016-2017 оны санхүүгийн баримтыг үндэслэн шалгалт хийсэн. Уг шалгалтаар Т К ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон 580.750.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасныг илрүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 35 тоот акт тавьсан. Актаар Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580.750.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ноогдох 127.765.000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 63.882.500 төгрөгийн алданги ногдуулсан.

Улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөр барагдуулахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу удаа дараа мэдэгдэж, Т К ХХК-ийн холбогдох албан тушаалтантай уулзсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580.750.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 127.765.000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 63.882.500 төгрөгийн алданги ногдуулсан улсын байцаагчийн актын төлбөрийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Д Е Г Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Н.Б миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А\163 тоот тушаалаар баталсан Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай удирдамж-ийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдон Т К ХХК-д ажиллаж буй гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2016, 2017 оны санхүүгийн тайлан, холбогдох баримт бичигт тулгуурлан шалгалт хийхээр ажлын хэсгийнхэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 10 минутад тус байгууллагын байранд очиж, Ерөнхий захирал З.Ц, гүйцэтгэх захирал З.З нарт удирдамжаа танилцуулсан. /2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс харна уу.\

Шалгалтаар Т К ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус байгууллагад ажилласан БНАСУ-ын 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь Х Ү Е Г Гадаад иргэдийн бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа, бусад баримтаар нотлогдож, Нийгмийн даатгалын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн.

Тус байгууллагаас шалгалтанд баримт бичиг нэмж ирүүлэхийг хүсч тодорхой хугацаагаар хүлээсэн боловч баримт бичиг ирүүлээгүй тул Нийгмийн даатгалын тухай хууль-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах гэсэн заалтыг баримталж тухайн байгууллагын харилцагч Кумрунг ХХК-ийн гадаад иргэдэд олгосон цалингийн жишгээр тооцсон болно. \баримт хавсаргав\.

Иймд нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн Тэлмэн констракшин ХХК-д Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 35 тоот актыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, 580.750.000 \таван зуун наян сая долоон зуун тавин мянга\ төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 127.765.000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 63.882.500 төгрөгийн алданги тооцож нийтдээ 191.647.500 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг тус компаний эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулсан. Т К ХХК нь Улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дэх хэсгийн 2-т зааснаар зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокуророор хянах ажиллагаа хийгдэж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0020502 дугаар бүхий Шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгийн шийтгэл, 127,765,000 төгрөгийн нөхөн шимтгэл, 63 882 500 төгрөгийн алданги, нийтдээ 194,647,500 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгаж, уг шийдвэрийн хувийг тус байгууллагад хүргүүлсэн. Т К ХХК уг шийдвэрийг биелүүлээгүй тул Эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хандаж, тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шүүгчийн захирамжаар Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх ажиллагаа хийсний үр дүнд Т К ХХК 3000 000 төгрөгийг төлж барагдуулсан.

Зөрчлийн хэрэг нээгдэж ажиллагаа хийгдэх үед Т К хамтран ажиллаж байсан К ХХК-ийн ерөнхий захирал Р М Х, Орчуулагч менежер Н.А нар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Н Д Е Г хяналт шалгалтын газар ирж, мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх үед ирүүлсэн албан бичигт  Т К ХХК, К ХХК-ны хооронд Зөвшилцлийн гэрээ байгуулж, Т К ХХК-ний нэр дээр визтэй БНАСАУ-ын гадаад ажилчдын төлөгдөөгүй Нийгмийн даатгалын шимтгэлийн 191.6 сая төгрөгийн төлбөрийг тус байгууллагаар төлүүлэхээр тохиролцож Шинэ Налайх хорооллын  тоотын 69,4мк орон сууцны зориулалттай 2 байрыг 1,320,000 \нэг сая гурван зуун хорин мянга\ төгрөгөөр бодож шилжүүлснээр Улсын байцаагчийн актын төлбөрийг Т К ХХК бүрэн хариуцаж төлөхөөр зөвшилцөлд хүрч харилцан тохиролцсон талаар мэдүүлэг өгч нотлох баримтыг ирүүлсэн талаар холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан.

Дээрх асуудлаар Т К ХХК-ийн ерөнхий захирал З.Ц, гүйцэтгэх захирал З.З нартай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улсын байцаагч Н.Б, Н.У бид ажлын байранд нь очиж уулзахад захирал З.Ц танай актын төлбөрийг төлөх нь төлнө гэхдээ дүнг хүлээн зөвшөөрөхөд хэцүү, би ямарч байсан танай даргатай уулзана гэж ярилцсаныг уулзалтын тэмдэглэлээс харна уу. Тус компаний удирдлагууд улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж маргадаггүй бөгөөд К ХХК төлөх ёстой актыг шилжүүлж өгөхийг хүсч манай байгууллагад албан тоот ирүүлж байсан. Иймд улсын байцаагчийн тогтоосон акт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу үйлдэгдсэн болно. Т К ХХК нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 6 дугаар сараас 2015 оныг дуусталх хугацаанд гадаад иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй тайлагнан төлж байсан. Мөн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээ хэсэгт ажилчдад олгосон цалин 532,370,900 төгрөгөөр тайлагнасан бөгөөд Нийгмийн даатгалд 180 195 179 төгрөгийн цалингийн сангаас шимтгэл төлсөн зөрүү нийт 351 175 721 төгрөгийн цалингийн сангаас шимтгэл төлсөн зөрүү нийт 351 175 721 төгрөгөөр зөрүүтэй байгааг гадаад иргэдэд олгосон цалин байх магадлалтай гэж үзэж байна.

Улсын байцаагчийн тогтоосон акт нь Нийгмийн даатгалын тухай хууль-ийн дагуу үйлдэгдсэн тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч Т К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н Д Е Г нэхэмжлэлд дурдсан ажилчид 2015 онд БНАСАУлсаас манай компанид ажиллахаар орж ирсэн боловч К ХХК-д ажилласан. Түүнчлэн К ХХК тус ажилчдын 2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийг танай компани төлчих гээд манай компаниар төлүүлсэн. 2016 онд манай компани тус ажилчдыг буцаахаар Гадаадын иргэн, Харьяатын газар мэдүүлэг өгөхөөр одоо яг хэдэн ажилчин байгаа түүний талаар мэдээлэл авахаар К ХХК-д хандахад бид өөрийнхөө компанид ажиллуулж байгаа бид бүх асуудлыг хариуцна гэдэг хариу өгсөн. Ийнхүү тус ажилчид нь манай нэр дээр орж ирсэн боловч К ХХК-д ажиллаж байгаа болно.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шалгалт явуулахад нь байцаагчид дээрх нөхцөл байдлыг тайлбарлахад, танай компаний нэр дээр орж ирсэн бол танайх л хариуцна гэж хууль бус зүйл хэлж байгаад акт тавьсан ба акт нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Манай компани 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тус актад дурьдсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно. Гэтэл акт тавьсан үндэслэл нь Шалгалтаар Т К ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон 580 750 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй гэсэн байдаг.

Ийнхүү ямарч үндэслэлгүй акт тавьж, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ноогдох 127 765 000 төгрөг, алданги 63 882 500 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг бүрэн зөвшөөрөхгүй байна гэжээ.

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т К ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар үндэслэлгүй байна. К ХХК нь Солонгосын компани бөгөөд гадаадын иргэн захирал нь учир түүнийг хууль мэдэхгүйг нь далимдуулж, өөрийнхөө төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг К ХХК-ийг хариуцах ёстой гэж худал хэлж К ХХК-иар 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 17/120 дугаартай Баталгаа гаргах нь гэсэн бичгийг хийлгэж авсан байдаг. Ингээд уг баримтыг хэрэгт өгснөөс өөр баримт гаргаж өгөөгүй байна. Тэгээд ч Т К ХХК нь өөрийн компаний нэр дээр гадаад иргэдийг оруулж ирж ажиллуулсан, тэдгээрт цалин хөлс олгосон нь баримтаар тогтоогдож байгаа учраас тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх нь хуульд заасан үүрэг нь юм. К ХХК нь Т К ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч ажил гүйцэтгэсэн хөлсөө бүрэн авч чадаагүй, 140 000 000 төгрөгийн авлагатай.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн Т К ХХК-нд тавьсан акт нь хууль зүйн дагуу тавигдсан гэж үзэж байна. Уг актыг зөвшөөрөөгүй бол хянуулах эрх нь байсан гэтэл энэхүү актын талаар гомдол гаргаагүй байдаг. Мөн актыг биелүүлээгүйн улмаас Ниймгийн даатгалын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байхад энэ зөрчлийг хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Эдгээрээс үзэхэд хариуцагч Т К ХХК нь актаар тавигдсан нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

      Шүүх, зохигч талуудын нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н Д Е Г нь хариуцагч Т К ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580 750 000 төгрөгийн шимтгэл 127 765 000 төгрөг, алданги 63 882 500 төгрөг, нийт 191 647 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

       Хариуцагч нь гадаадын иргэд нь манай компаний нэр дээр орж ирсэн боловч К ХХК ажиллуулсан байхад ямарч үндэслэлгүй манай компанид акт тавьж, алданги ногдуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

           Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллагын Улсын байцаагч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай актаар хариуцагч Т К ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580 750 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 127 765 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 63 882 500 төгрөгийн алданги ногдуулсан байна./хх-11-12х/

Дээрх улсын байцаагчийн актыг тавихдаа: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/113, А/163 тоот тушаалаар баталсан Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу Т К ХХК-д ажиллаж буй гадаад иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийг 2016, 2017 оны санхүүгийн баримтанд үндэслэн шалгасан ба шалгалтаар Т К ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадаас оруулж ирсэн 174 ажилтанд олгосон 580 750 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн зөрчлийг илрүүлэн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд 127 765 000 төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид 63 882 500 төгрөгийг ногдуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажилчид нь 2015 онд БНАСАУлсаас манай компанид ажиллахаар орж ирсэн боловч К ХХК-д ажилласан, К ХХК эдгээр ажилчдын 2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийг манай компанийг төлчих гэж төлүүлсэн. Эдгээр ажилчдыг манайх буцаах гэтэл К ХХК нь өөрийнхөө компанид ажиллуулж байгаад бүх асуудлыг нь хариуцна гэсэн хариу өгсөн, К ХХК-д ажиллаж байхад танай компаний нэр дээр орж ирсэн бол танайх хариуцна гэж хууль бус акт тавьсан... гэж тайлбарлан маргаж, КХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17/120 дугаартай Т К ХХК-д Баталгаа гаргах нь ...Манай улсын нийт 250 орчим ажилчид анх байсан ба 2016 оноос хойш МУ-д НДШ төлөөгүйгээс болж манай байгууллагын өмнөөс танай байгууллага НДЕГазарт өглөг үүсээд байгаа билээ. Дээрх өглөгийг манай байгууллага 2017 оны 10 дугаар сарын 13-нд төлөн барагдуулж танай байгууллагын НДГазарт манайхаас хамааралтай ямар нэг төлбөр тооцоогүй болгохоо энэхүү албан бичгээр батлан мэдэгдэж байна гэсэн /хх-30-31х/ баримтыг хавсаргажээ.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К ХХК нь Солонгосын компани бөгөөд гадаадын иргэн захирал нь учир түүнийг хууль мэдэхгүйг нь далимдуулж, өөрийнхөө төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг К ХХК-ийг хариуцах ёстой гэж худал хэлж К ХХК-иар 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 17/120 дугаартай Баталгаа гаргах нь гэсэн бичгийг хийлгэж авсан байдаг. Ингээд уг баримтыг хэрэгт өгснөөс өөр баримт гаргаж өгөөгүй байна. Тэгээд ч Т К ХХК нь өөрийн компаний нэр дээр гадаад иргэдийг оруулж ирж ажиллуулсан, тэдгээрт цалин хөлс олгосон нь баримтаар тогтоогдож байгаа учраас тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх нь хуульд заасан үүрэг нь юм. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн Т К ХХК-нд тавьсан акт нь хууль зүйн дагуу тавигдсан. Уг актыг зөвшөөрөөгүй бол хянуулах эрх нь байсан гэтэл энэхүү актын талаар гомдол гаргаагүй байдаг. Мөн актыг биелүүлээгүйн улмаас Ниймгийн даатгалын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байхад энэ зөрчлийг хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг төлсөн зэргээр хариуцагч Т К ХХК нь актаар тавигдсан нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх үүрэгтэй гэж тайлбарлан тус тус мэтгэлцсэн.

Хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн 2017.09.27-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-40х/, 2018.05.08-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-41-42х/, 2017.10.05-ны өдрийн тэмдэглэл /44-46х/, Т К ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаархи баримтууд /хх-47-109х/, Н Д Е Г Т К ХХК-ийн 2014-2019 онуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангийн баримтууд /хх-110-197х/ тус тус авагджээ. Эдгээр баримтаар Т К ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус байгууллагад ажилласан БНАСУ-ын 174 ажилтанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь Халамж, үйлчилгээний ерөнхий газрын Гадаад иргэдийн бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа /хх-85х/ болон бусад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү хууль зөрчсөн зөрчилд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах-аар заасны дагуу хариуцагч байгууллагын харилцагч К ХХК-ийн гадаад иргэдэд олгосон цалингийн жишгээр тооцож, Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 35 дугаартай актаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580 750 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох 127 765 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 63 882 500 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Уг актаар тавигдсан төлбөрийг хариуцагч Т К ХХК нь төлөөгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай 0364/01, Зөрчлийн хэргийн ... дугаартай тогтоолыг үйлдэн, хуульд заасан ажиллагааг явуулж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0020502 дугаартай Шийтгэлийн хуудсаар хариуцагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгосон ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/1249 дугаартай шүүгчийн захирамж, мөн 128/ГХ2018/0161 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн ба уг шийтгэлийг хариуцагч биелүүлсэн болохыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтууд нотолж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Иймд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 580 750 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 127 765 000 төгрөг, алданги 63 882 500 төгрөг, нийт 191 647 500 төгрөгийг хариуцагч Т Ъ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н Д Е Г олгуулан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч Т К ХХК-иас 191 647 500 /нэг зуун ерэн нэгэн сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н Д Е Г олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Т К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 116 187 /нэг сая нэг зуун арван зургаан мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТҮМЭНЦЭЦЭГ