| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/00106/И |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О-т холбогдох
Зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын даргын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэвээнравдан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар ашиглан үйл ажиллагаа явуулж байсан иргэн Э.От зөвшөөрөлгүй ашиглаж буй газраа чөлөөлж өгөх шаардлагыг тус багийн засаг дарга миний бие удаа дараа тавьж байсан. Мөн миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.От хуулийн дагуу хариуцлага тооцож газар чөлөөлөхийг шаардсан. Гэвч Э.О нь өнөөдрийг хүртэл Жавхлант багийн төвд сэндвич барилга барьж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулан хууль зөрчсөөр байгаа тул тус зөрчлийг арилгуулж, газрыг чөлөөлүүлж өгнө үү.” гэв.
Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төвд дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг. Цаашид тус багийн иргэн Ширнэнтэй газрын түрээсийн гэрээ хийж хамтран ажиллах болсноо мэдэгдэж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газар нь Э.От холбогдуулан зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шүүхэд тайлбарыг ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүхээс хариуцагч Э.От шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар /утсаар/ 3 дахь удаагаа мэдэгдэж, түүнийг хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр нь хангах ажиллагаа явуулсан боловч тэрээр зохигчийн эрх үүрэгтэй танилцсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 25.2.4 дэх хэсэгт заасан “шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх” үүргээ эс биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан.
Хариуцагч Э.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй тайлбартай холбогдох нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхэд ямар ч нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан бөгөөд хариуцагч Э.О нь нэхэмжлэлд дурдагдсан Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхгүй, дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас /хх-ийн 5-17-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Жавхлант багийн засаг дарга М.Цэвээнравдан нь хариуцагчийг зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа учир чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар иргэн Э.О нь тухайн заасан хугацаанд багтааж газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгал орчны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0171577 дугаартай шийтгэлийн хуудасны биелэлтийг хангаж, Э.Оын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт дугуй засварын газрын зориулалтаар хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН