| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0501/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/515 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/515
2023 4 27 2023/ШЦТ/515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Э.Чанцалням,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00044 0246 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түргэн хоолны газар ажиллуулдаг, ам бүл 5,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 655 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 576 цагийн ялыг өршөөн хэтрүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 3-8а тоотод Ц.Цтай маргалдан ноцолдож нүүр лүү нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Э.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 3-8а тоот гэртээ найз Ц.Цтай маргалдан хоорондоо ноцолдон зууралдсан, улмаар Ц.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Цгийн “...Э манай нөхрийг унтах гэж байхад нь гээд миний үснээс татаад байхаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Тэгээд Э миний нүүр лүү, хамар луу гараа зангидаж байгаад олон удаа цохиод гэрийнхээ усны савны таг, тогооны таг зэргийг авч шидсэн. Мөн галын дэгээ төмрөөр гар луу цохиод байсан. Нөхөр арай гэж салгасан. Эын нөхөр нь сэрээгүй тасарчихсан унтаад байсан. Миний үснээс маш их зулгааж, хуйх нь харагдтал үс зулгаасан, миний хамраас цус гарсан, нөхрийн хамт явах гээд машинд сууж байхад хүртэл намайг үсдэж татаж буулгаад цасан дээр чирсэн. Миний хүзүүнд монетон гинж байсан чинь зодуулж байхад тасарсан байсан. Тэгээд гинжээ хайх гэсэн чинь гэртээ оруулахгүй хөөгөөд байсан учраас хайж чадаагүй. Дараа нь нөхөр утсаар яриад гинж асуухад Э байгаа гэж байсан байж дараа нь байхгүй, худлаа яриад гэртээ оруулах гэж байсан гэж яриад байсан. Тэр үед миний биед учирсан гэмтлийг Э учруулсан. Э миний үснээс зулгаасан, нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Баруун мөрнөөс хазсан, гараараа татаж газарт унагаад өвдөг, гар зэргийг гэмтээсэн. Мөн тэр үед шаргал өнгийн 1.50 грамм, 40 см урттай, нарийн цулгуй хүзүүний гинжийг Эын гэрт зодуулж байхдаа гээсэн...” гэсэн мэдүүлэг /хх11, 14-15/,
- гэрч Г.Гийн “...Э нөхөртэйгөө маргалдаад хоорондоо зодолдоод байхаар нь би нөхрийг нь чи боль гээд салгасан. Тэгээд нөхөр нь унтаад өгсөн. Э унтахгүй суугаад байсан ба эхнэр бид хоёр унтах гээд хэвтэж байтал эхнэр намайг гарч бие засъя гэсэн чинь Э үснээс нь татаад байсан. Тэгээд би салгаад гаръя гээд хувцсаа өмсөөд байж байсан Э дахин үснээс нь татаад нүүр лүү нь гараараа олон удаа цохиод байсан. Тэгээд Э тогооны таг шидээд, дэгээ төмөр шидсэн. Тэр нь миний гарыг оноод хөхрүүлсэн. Гартаа барьсан болгоноо шидээд байсан. Ц Эыг цохиогүй зөрүүлж үснээс нь л татаж зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх17/,
- мөн насанд хүрээгүй гэрч Н.Нын “...намайг тэд нарын хажууд орон дээр сууж байтал манай ээж Э, Цээгий нар хоорондоо маргалдаад байсан ба би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэгсэн чинь Цээгий эгч манай аавыг сэрээх гээд байсан чинь ээж Э чи яах гээд байгаа юм бэ гээд хоорондоо үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Хэн нь хэдэн удаа яаж цохисон талаар мэдэхгүй. Тэр үед манай гэрийн тог тасарсан, харанхуй байсан. Тэгээд манай ээж Э Цээгий эгч болон түүний нөхрийг гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх27-28/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 16192 дугаар дүгнэлт, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/ зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16192 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ц.Цгийн хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, баруун мөр, өвдөгт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зулай хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх32/, Дүгнэлттэй холбогдуулан шинжээч М.Золжаргал мэдүүлэхдээ “..Ц.Цгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, татах хүчний үйлчлэлээр үүсэх гэмтлүүд байна...” гэжээ. /хх36/,
Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16461 дугаар шинжилгээний дүгнэлтэд Ц.Эын биед баруун бугалга, гуянд цус хуралт тогтоогдсоныг дүгнээд, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх40/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохих, үсдэж татах, ноцолдож зууралдсан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч хоёр нь харилцан хоорондоо зууралдан, үсдэлцэж зодолдсон нэгэнд нь гэмтэл учирсан нөгөөд нь гэмтэл учраагүй байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
7. Хохирогч нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой эмчилгээ хийлгэсэн баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, шүүхэд гаргаж ирүүлээгүй тул эрүүл мэндтэй холбоотой ямар зардал гаргасан зэргийг тодорхойлох боломжгүй буюу түүнд учирсан хохирол, төлбөрийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Тиймээс хохирогч Ц.Ц тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан. Шүүгдэгч эрүүгийн хариуцлагатай холбоотой санал, хүсэлт гаргаагүй болно.
9. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Э нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн хүрээнд архидан согтуурч хоорондоо маргалдан харилцан ноцолдсон, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
11. Иймд шүүгдэгч Ц.Эын хувийн байдал, гэмт хэргийн шинж байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР