Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 73

 

 

 

                                                                                                                                                      

      

 

 

 

 

 

    2019         10            23                                          2019/ДШМ/73

 

 

 

С.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Амарбаясгалан,       

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Ш-д холбогдох, эрүүгийн 1719001030115 дугаартай, 1 хавтас, 250 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогт С.Ш-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ иргэн Б.П-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ш-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Ш-д 3 жилийн хугацаанд торгуулын ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч С.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч С.Ш нь хохирогч Б.П-г зодсон гэх үйлдэл хангалттай нотлогддоггүй юм. Учир нь хохирогч Б.П нь хэрэг учрал болсон гэх өдөр архидан согтуурч өөрийн ухаан мэдрэлээ алдсан тухай хавтаст хэрэгт гэрчээр болон хохирогчоор мөн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд юу болсноо сайн санахгүй байна гэх мэдүүлгийг өгдөг юм. Мөн хэргийн гэрч Б.О, О.Б, Э.Б нар нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо хохирогч Б.П-г шүүгдэгч С.Шод зодуулсан талаар яриагүй, гэрч Э.Б нь Б.П-г шатнаас унасан талаар орж ирэхдээ ярьж байсан гэх мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 328 тоот шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч эмч Э.Анхбаяр нь тайлбарлахдаа хохирогчид учирсан гэх гэмтэл автомашины осол, өндрөөс унах, цөөхөн тохиолдолд зодуулсны улмаас үүсэх боломжтой гэж мэдүүлдэг ба яг бусдад зодуулсны улмаас дээрх гэмтлийг авсан гэж тайлбарлаагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд хохирогч нь бусдад зодуулснаас дээрх гэмтлийг авсан байх боломж харагдахгүй байгаа юм. Хохирогчийн биед ил харагдах шарх сорив үзлэгээр байдаггүй бөгөөд хэрэв дээрх гэмтлийг шүүгдэгч нь учруулсан гэж үзвэл хүчтэй дэвсэлт, доргиолтын улмаас үүсгэх биед нь ямар нэгэн зулгаралт няцралт үүсэх байсан. Хэдийгээр шүүх эмнэлгийн 328 тоот дүгнэлтийн 1 дэх заалтад ...цээжний зөөлөн эдийн няцрал гэж байгаа боловч анхан шатны үзлэгийн эмчийн тодорхойлолт, эмчилгээний картад энэ талаар огт дурдаагүй зөвхөн эмзэглэлтэй байна гэснийг зөөлөн эдийн няцрал гэж үзэх үндэслэлгүй. Шийтгэх тогтоолын гэм буруугийн нотлох баримтыг харахад шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь цохиулж байснаа санаад бусад зүйлийг санахгүй байна гэж мэдүүлсээр байхад хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь учир дутагдалтай, мөн гэрч Б.О, О.Б, Б.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шууд нотлох баримт болж чадахгүй юм. Шүүгдэгч С.Ш-н хувьд уг хэрэг шалгагдаж эхлэх үеэс нэг мэдүүлгийг тууштай өгч байсан ба хохирогчийн зүгээс бие өвдсөн мөнгө зээлээч гэж гуйсны дагуу 2000000 төгрөг өгсөн байдаг бөгөөд үүнийг хохирлын мөнгө өгсөн мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийг бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч мэдүүлэгтээ юу болсноо санадаггүй гэж яриад байна. Гэтэл тодорхой хугацааны зүйлийг санахгүй байна гэдгээ мэдүүлдэг. Гэхдээ яг зодуулаад Б.П доор нь ороод С.Ш дээр нь гарчихсан байсан нөхцөл байдлыг санаад байдаг. Энэ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлж байгаа учраас бусад нотлох баримттай энэ нотлох баримтыг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Ш нь Б.П-гийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч ямар ч байсан зодуулснаа санаад байдаг. Тэр талаар мөн тодорхой мэдүүлсэн байдаг. Зодуулаад орж ирээд тухайн байрлаж байсан байрандаа байсан хүмүүст зодуулчихлаа гэдэг асуудлаа ч ярьсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.О, О.Б, Э.Б нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн цаг хугацаанд  зодуулчихлаа, би ёстой алуулах шахсан байна гэдэг нөхцөл байдлаа яриад орж ирээд тухайн цаг хугацаанаас хойш буюу орж ирснээсээ хойш биеийн байдал сайжрахгүй байж байгаад Дорноговь аймагт ирсэн байдаг. Ингээд үзүүлэхэд уушги унасан гэсэн оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Хэргийн гэрч Б.О, О.Б, Э.Б нар шууд Б.П-г зодож байхыг хараагүй. Энэ бол нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөл хийж байна. Гэвч С.Ш-д зодуулсан талаараа Б.П-гийн өгсөн мэдүүлгийг тухайн цаг хугацаанд ямар нөхцөл байдалтай орж ирсэн, тухайн хэрэг гарахаас өмнө С.Ш, Б.П хоёр ямар нөхцөл байдалтай тухайн гэрээс гарсан, орж ирэхдээ Б.П ямар нөхцөл байдалтай орж ирсэн бэ, юу ярьж байсан бэ гэдгийг эдгээр хүмүүс өөрийн үзсэн, харсан нөхцөл байдлын хүрээнд мэдүүлгээ өгсөн байдаг. Энэ нь хохирогчийн өөрийн мэдүүлж байгаа мэдүүлгүүдтэй давхар нотлогдон тогтоогддог. Тиймээс дээрх гэрчийн мэдүүлгүүд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой мэдүүлгүүд юм. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг шинжээч Э.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлан мэдүүлсэн байдаг. Тухайн гэмтэл нь ямар ямар нөхцөл байдалд учрах боломжтой вэ гэдгийг шинжээч тайлбарласан. Гэхдээ шинжээчийн зүгээс энэ хүн зодуулсныхаа улмаас юм уу эсхүл өндрөөс унасныхаа улмаас шууд энэ гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргах боломжгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлтэд буусан энэ гэмтэл нь ийм, ийм нөхцөл байдалд үүсэх боломжтой. Хэргийн нөхцөл байдлаас харахад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг авч үзэх юм бол зодуулсан, зодуулсны улмаас энэ гэмтэл үүссэн байх боломжтой гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт харагддаг. Мөн Б.П зодуулчихлаа гэдэг асуудал яриагүй гэж яриад байна. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн хүний өгсөн мэдүүлгүүд тусгагдсан байдаг. Ямар ч байсан Б.П доор нь орчихсон, С.Ш дээр нь гарчихсан зодож байсан гэдэг асуудлыг ярьдаг. Мөн хавтаст хэрэгт С.Ш-н зүгээс хохирогчид 2 000 000 төгрөг өгсөн асуудал байдаг. Шүүгдэгч энэ мөнгийг тухайн цаг хугацаанд хохирогч эмчилгээний зардал зээлээч гэсэн хүсэлтийн дагуу зээлүүлсэн гэж байгаа боловч өмгөөлөгчийн энэ хэлж байгаа тайлбар хавтаст хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Хохирогчийн зүгээс энэ мөнгийг тухайн цаг хугацаанд эмчилгээндээ зарцуулаарай, цаашид мөнгөний хэрэгцээ гарвал надад хэлж байгаарай гэдэг байдлаар өгсөн гэдэг. Үүнийг мөн гэрч Б.Б-н мэдүүлгээр давхар нотолдог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтүүд хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь яаж нотлогдож байгаа болон хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа вэ гэдгийг тодорхой тусгаж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гарсан гэж үзээд байгаа тул шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны 2019/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

  Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зэрэг нь тус тус үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч С.Ш-д холбогдуулан 2017 оны 09-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3-р багт орших албан хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ хохирогч Б.П-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь уушиг шалчийж унасан амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан гэж прокурор үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

 

Хэргийн бүх үйл ажиллагааг хянан хэлэлцвэл хохирогч Б.П-гийн эхнэр Б.Б-с С.Ш-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу мөрдөгч 2017 оны 10-р сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явагдсан боловч мөн оны 12-р сарын 01-ний өдөр гэмт хэрэг тогтоогдоогүй үндэслэлээр прокурорын тогтоолоор  хэргийг хаасан /хх-ийн 48/ ба 2019 оны 03-р сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн ерөнхий прокурорын тогтоол /хх-ийн 49/-оор хэрэг хаасныг хүчингүй болгож, хэргийг сэргээн дахин мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, хэргийн оролцогч нарт хавтаст хэргийг танилцуулсан ба хохирогчийн зүгээс санал хүсэлт гаргаагүй /хх-ийн 174/, шүүгдэгч С.Ш гэмт хэрэг үйлдээгүй гэж маргадаг /хх-ийн 175/ болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад хохирогч Б.П-гийн эрүүл мэндэд уушиг шалчийж унах хүнд гэмтэл учирсан үйл баримт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй гэж үзэв. Үүнд:

 

Нэгдүгээрт: Хохирогч Б.П, шүүгдэгч С.Ш нар хоорондоо маргалдаж зодолдсон байж болох боловч шүүгдэгч С.Ш-н ямар үйлдлээс хохирогч Б.П-д амь насанд аюултай хүнд эмтэл учирсныг тогтоогоогүй буюу үйлдэл, хохирол хоорондоо шалтгаан холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал: Хэрэгт хохирогч Б.П-гийн 4 удаагийн мэдүүлэгт   “ ... С.Шынд ороод бид хоёр жаахан маргалдсан, яг юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа юм аа. ...С.Ш бид 2 заамдалцаж байснаас өөр юм болоогүй...” гэж /хх-ийн 9/,

 

            - “ ... Гэрт нь ороод бид 2 муудалцаад 2-3 хоорондоо цохилцсон. ... С.Ш миний нүүр рүү цохисон, би бас 2-3 удаа С.Ш-ын нүүр хэсэгт цохьсон.  ...  нэг бол зодооноос эсвэл шатнаас унаад доргилт аваад ийм гэмтэл учирсан байх гэж бодож байна...” гэж /хх-ийн 10-11/

 

- “... С.Ш бид 2 муудалцаад гэрийнх нь коридорт зодолдож байснаа санаад байгаа юм, гэхдээ хэдэн удаа хаана хаана цохисныг санахгүй байна. ... би шатнаас унасан үгүйгээ сайн мэдэхгүй байна” гэж /хх-ийн 119-120/,

 

            - “ ... С.Ш-ын гэр рүү ороод гэрийнх нь коридор буюу үүдний хэсэгт тэр уураа надад гаргаж муудалцаж байгаад нэг мэдэхэд би доор нь орчихсон цохиулж байсан.” гэсэн /хх-ийн 128-129/ мэдүүлгүүдээс болон гэрч Н.Т-н “...О ... утас руу залгаж “Манай гэрт С.Ш нэг хүнтэй орж ирээд муудалцаад агсам тавиад байна” гэж ярихаар нь ... гэр рүү нь алхаж орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123/ зэргээс үзэхэд шүүгдэгч С.Ш болон хохирогч Б.П нар муудалцсан болох нь тогтоогдсон боловч хэрхэн зодолдсон, энэ нь хохирогч Б.П-гийн биед гэмтэл учруулах боломжтой байсан эсэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй.

 

Хоёрдугаарт: Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан “нотлох баримтыг шалгаж үнэлэх”  журам хэрэгжээгүй байна гэж үзэхээр байна.

 

Энэ нь хохирогч Б.П-с “... хилийн цэргийн дарга Төгөлдөр намайг гуя руу нэг удаа өшиглөсөн” гэдгийг 4 удаагийн мэдүүлэгт тогтвортой мэдүүлсэн байх ба гэрч Б.Э-н “... над руу дуудлага өгсний дараа намайг ороход Б.П-н ташааны орчим хөх туяа орчихсон байсан” /хх-ийн 16-ийн ар тал/ О.Б-ийн “  бөөрний орчимд улайлттай байсан” /хх-ийн 24-р хуудасны ар тал/,  Ц.О-гийн “ ... хувцсыг нь тайлаад үзэхэд нуруун дээр нь яг аль далыг нь санахгүй байна,  далных нь доод талд улайчихсан байсан” /хх-ийн 19-20, 108-19/, гэрч Л.Д-н “ ... Б.П-н цамцыг сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна, ташааны орчим улайсан байсан” /хх-ийн 18-ийн ар тал/ гэсэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон хохирогчийн дал, гуя, ташаа орчимд үүссэн байсан улайлт, хөхрөлт нь гэрч Н.Т-н өшиглөсөн үйлдэлтэй холбоотой эсэх, энэ нөхцөл байдал нь хохирогчид учирсан уушигний шалчийлт, уналт гэмтэл үүсэхэд нөлөөлөх эсэх талаар огт шалгаагүй орхигдуулсан.

 

 Гуравдугаарт: Шинжээч Анхбаяр 2017 оны 10-р сарын 10-нд гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа /хх-ийн 44-45, 172-173/ Б.П-гийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцралт бүхий хүнд гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн осол эсвэл өндрөөс унах үед үүсдэг, цөөн тохиолдолд бусдад зодуулсан үед хүчтэй доргилт авбал үүсэх боломжтой гэмтэл гэж мэдүүлсэн атлаа зүүн уушигний шалчийлт гэмтэл нь баруун гуя болон ташаа орчимд өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр болсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокуророос нэмэлт эсвэл дахин шинжилгээг хийлгээгүй.

 

Өөрөөр хэлбэл зодоон хийж байгаа тохиолдолд хохирогч ямар нөхцөлд, яаж, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр биеийн аль хэсэгт цохиулж зодуулснаас хүчтэй доргилт авах боломжтой эсэх, нэгэнт уг гэмтэл нь хүчтэй доргилтын улмаас үүсэх боломжтой бол гуя, ташаа орчимд 1 удаа өшиглөхөд яагаад дээрх гэмтэл үүсээгүй байж болох, уушиг шалчийж унах гэмтэл учирсан үед хүний биед хэдий хугацаанд яаж мэдрэгдэх юм, гэмтэл авсан даруйдаа хүн босож явах, шатаар бууж явах боломжтой байсан эсэх  талаар тус тус эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байх боловч энэхүү нөхцөл байдлыг шаардлагатай бол шинжилгээгээр дахин тодруулахаар байжээ.

 

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл мөрдөн байцаалтын явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэг үндэслэлүүд тогтоогдлоо.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Харин хэрэгт дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа учир давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад эцэслэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тухай агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2, 14.3-т зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС