Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0102

 

 

 

 

 

 

2022 02 21 0102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалжтус шүүхийн гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Е

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж, Э.Гнарын хоорондын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох -ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар zoom-ээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Е Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч Н.Ед Б аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил хүлээлцэх үүрэг бүхий ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын захирамжийг гардуулан өгч ажил хүлээлцэх үед Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийн хуулбар хувийг гардан авч, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...намайг үүрэгт ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар болох тухай Захирамжид дурдсан байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдэл нь Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх заалтын дагуу намайг ажлаас чөлөөлөх үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна. Төрийн албаны тухай хуулийн 76.4, 76.5 дахь хэсгүүдэд Төрийн албаны зөвлөлийн Мэдэгдэл нь заавал биелэгдэх үр дагавартай болох талаар ч заасан тул тус Мэдэгдэл нь захиргааны актын шинжийг бүрэн хангаж байгаа билээ. Би тус актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

1) Засаг даргын хувьд хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлыг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайлсан зохицуулсан. Тус хуулийн 32.2 дахь хэсэгт сумын Засаг даргыг огцруулах үндэслэл болон журмыг заасан. Үүнд Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу Засаг даргыг огцруулах журам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал гаргах, тус саналын дагуу Засаг дарга Захирамж гаргах явдал юм. Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан тул Засаг даргыг огцруулах, томилох, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй.

2) Төрийн албаны Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага тул Зөвлөлийн түүний дарга, аль нэг гишүүн нь Зөвлөлийг дангаар төлөөлөхгүй, түүний өмнөөс шийдвэр гаргахгүй билээ. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 6.2 дахь хэсэгт Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар ...гаргахгүй гэж тодорхой заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдлийг Зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргасан байна. Иймд тус Мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болж чадахгүй бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн хууль бус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаар мэдэгдлийг хууль бус гэж үзэж маргаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн мэдэгдэл шүүхийн процессын явцад хэрэгжсэн учир процессын тухай хуульд заасны дагуу ямар нэгэн байдлаар хэрэгжсэн бол хүчингүй болгох боломжгүй учир хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ямар нэгэн байдлаар анх хэрэгжсэн бэ гэхээр нэхэмжлэгч Н.Еыг Толбо сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх үүргийг Б аймгийн Засаг даргад өгсөн байсан. Н.Еыг Толбо сумын Засаг даргын албан тушаалаас тухайн мэдэгдлийг үндэслэн чөлөөлсөн учир мэдэгдэлд нэхэмжлэл гаргасан. Энэ байдлаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа. Ямар байдлаар хууль бус болохыг тайлбарлая.

Төрийн албаны зөвлөл нь Н.Еыг Төрийн албаны зөвлөлийн өмнөх шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж мэдэгдлийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4, 76.5 дахь хэсгүүдийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй байвал ажлаас нь чөлөөлөх агуулгатай мэдэгдлийг гаргасан. Бид үүнийг дараах байдлаар хууль бус гэж үзэж байна.

Нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн энэ зохицуулалт нь сумын Засаг даргад үйлчлэхгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Сумын Засаг дарга нь улс төрийн албан хаагч учир дээрх зүйлд заасны дагуу улс төрийн албан тушаал эрх зүйн байдлыг тогтоосон хууль байвал тухайн хуулийг дагаж мөрдөнө, 4.1-т заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөнө. Төрийн албаны тухай хууль нь бүрэн утгаараа төрийн жинхэнэ албан хаагчид хэрэгжинэ. Харин улс төрийн албан хаагч болон үйлчилгээний албан хаагчид хязгаарлагдмал байдлаар хэрэгжинэ. Учир нь улс төрийн албан хаагчийн харилцааг зохицуулсан хууль байвал тухайн хуулийг нэгдүгээрт хэрэглэж харин улс төрийн албан хаагчийн харилцааг зохицуулсан хууль байхгүй бол Төрийн албан тухай хууль хэрэгжинэ.

Хөдөлмөрийн тухай хууль нь үйлчилгээний албан тушаалтанд хэрэгжээд тухайн хуульд заасан зохицуулалт байхгүй бол Төрийн албаны тухай хууль хэрэгжинэ. Сумын Засаг даргын хувьд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг нь тухайлан зохицуулсан хуулийн заалт байгаа гэж үзэж байна. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан. Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Засаг даргыг огцруулах үндэслэл журмыг заасан байдаг. Үүнд тухайн шатны хуралд санал гаргаж, дээд шатны Засаг дарга нь огцруулах, чөлөөлөх агуулгатай журам тогтоосон байдаг. Нэгэнт Засаг даргыг чөлөөлөх харилцааг тухайн хуулийн дагуу зохицуулсан учир Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй. Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй учир Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй бол огцруулна гэж заасан агуулгаар мэдэгдэл гаргах үндэслэлгүй байсан. Хэрэв Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй бол огцруулах тухай заалтыг улс төрийн албан хаагчийн хувьд ижилхэн хэрэглэнэ гэвэл сонгуулийг үндэслэн гарсан шийдвэрийг үгүйсгэх нөхцөл байдалд хүрнэ. Тухайлбал Ерөнхий сайдыг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэх агуулгаар огцруулах юм уу? гэхдээ огцруулахгүй нэгдүгээрт улс төрийн сонголт, хоёрдугаарт Төрийн албаны тухай хуульд тухайлан заасан. Сумын Засаг даргын маргаан дээр Төрийн албаны зөвлөл ийм байдлаар мэдэгдэл гаргах эрхтэй гэж үзвэл бүх яамны сайдууд, Ерөнхий сайдыг ч тэр Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг үндэслэн огцруулах үндэслэлтэй болно.

Хэрэв Төрийн албаны зөвлөлийг ийм мэдэгдэл гаргах эрхтэй гэж үзсэн ч хуулийн дагуу томилох эрх бүхий этгээдэд нь өгөхөөр заасан тул тухайн этгээдийг томилж, чөлөөлөх журмыг ижилхэн баримтлах шаардлагатай гэж үзэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд чөлөөлөх саналыг хурал гаргана гэсэн учир Төрийн албаны зөвлөл мэдэгдэл хүргүүлэх ёстой бол хуралд хүргүүлэх ёстой. Та нар энэ хүнийг чөлөөлөх санал өг учир нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гээд хурал нь санал өгөөд, саналын дагуу Засаг дарга шийдвэрлэх ёстой. Гэтэл Төрийн албаны зөвлөл хурлыг алгасаад Засаг даргад огцруулах эрх олгосон байгаа. Ингэж хурлыг алгасаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг зөрчиж байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хуралд Засаг даргыг огцруулах санал гаргах эрхтэй бөгөөд саналыг үндэслэж огцруулахаар хуралд бүрэн эрх олгосон байтал үүнийг зөрчиж байгаа нь хурлын бүрэн эрхийг алдагдуулж байна. Мөн Төрийн албаны зөвлөл хамтын шийдвэр гаргадаг байгууллага учир түүнийг аль нэг гишүүн нь дангаараа төлөөлж шийдвэр гаргахгүй.

Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаараа гаргахгүй гэж тодорхой заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68.1 дэх хэсэгт зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд 5 гишүүнтэй байна гэж заасан байдаг. 5 гишүүн хуралдаанд олонхоороо шийдвэр гаргах ёстой. Гэтэл нэг гишүүн нь өөрийн санаачилгаар мэдэгдэл хүргүүлсэн байсан. Үүнийгээ бид хуулийн энэ заалтад нийцэхгүй гэж тайлбарлахад дарга түр эзгүй байсан учир даргыг орлож байсан гэж тайлбарласан байсан. Дарга нь хуралдаан хийхгүйгээр мэдэгдэл өгөх ёсгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүл гэхэд ямар нэгэн хуралдаан хийсэн гэх нотлох баримт байхгүй байсан. Иймд Төрийн албаны зөвлөл мэдэгдэл өгөх ёстой байсан ч аль нэг гишүүн нь Төрийн албаны зөвлөлийг төлөөлж мэдэгдэл өгч болохгүй. Энэ утгаараа Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан н.Хурмангаз гэж хүнээс Төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн тухай гомдлыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу маргаан үүсгэж гомдлыг шалгасан. Ингээд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд маргаан шалгах комиссын дүгнэлтийг танилцуулж Төрийн албаны зөвлөлөөс н.Хурмангазыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн гэдгийг тогтоосон 93 дугаар тогтоол гарсан.

Төрийн албаны зөвлөлийн 93 дугаар тогтоолыг биелүүл гэж Толбо сумын Засаг дарга Н.Ед хүргүүлсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилж чөлөөлөх эрхтэй этгээд нь Н.Е байсан учир Н.Еы гаргасан шийдвэр хууль бус байсан байна иймд уг хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон учир Тамгын газрын даргын албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан тогтоол гаргасан. Н.Е нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаар тогтоолыг биелүүлээгүй.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу тогтоол заавал биелэгдэх шинжтэй учир эрх бүхий этгээд энэ тогтоолыг заавал биелүүлэх ёстой гэж үзэж хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Шүүхээс хүлээж аваагүй байхад Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй өөрөөр хэлбэл н.Хурмангазыг тухайн албан тушаалд нь томилоогүй. н.Хурмангаз нь Төрийн албаны зөвлөл 93 дугаар тогтоолын хэрэгжилтээ хангана гээд Захиргааны ерөнхий хуульд заасан хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Төрийн албаны зөвлөл гадагшаа чиглэсэн шийдвэр гаргадаг учир шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй, энэ үүргийн үүднээс мэдэгдлийг хүргүүлсэн.

Мэдэгдэлд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т төрийн албаны төв байгууллага болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл буруутай албан тушаалтан нь Н.Е юм. Учир нь Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх эрх нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Н.Е юм. Иймд буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд буюу дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хуралд хүргүүлэх ёстой атал аймгийн Засаг даргад хүргүүлээд хууль зөрчиж байна гэж хэлсэн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурал нь Засаг даргыг томилох чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй, санал оруулна гэсэн байдаг. Хурлын санал болгосноор томилох, чөлөөлөх эрхтэй этгээд нь дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг дарга юм. Эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргад нь Н.Еыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа учир үүрэгт ажлаас нь чөлөөлнө үү гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-*т заасны дагуу арга хэмжээ ав гэдэг байдлаар мэдэгдэл хүргүүлсэн. Хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл үүргээ гүйцэтгэсэн. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа энэ мэдэгдлийг н.Ирдэрчулуун гэх гишүүн гаргасан байгаа нь буруу гэсэн. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм гэж байдаг.

Энэ үйл ажиллагааны дүрмийн дагуу Төрийн албаны зөвлөлийг гадаад дотоодод төлөөлөх эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлийн дарга юм. Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагатай шийдвэр гаргалтын хэлбэр нь тогтоол байх бөгөөд үүнийг хуралдаанаар хэлэлцэх ёстой гэж хэдийгээр заасан боловч Төрийн албаны зөвлөлийн дарга эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлаар тушаал гаргана гэдгийг хууль болон дүрэмд заасан. Тухай үед Төрийн албаны зөвлөлийн дарга эзгүй, чөлөөтэй байсан учир өөрийнхөө эрх мэдлийг Төрийн албаны зөвлөлийн дарга н.И шилжүүлсэн тушаал гаргасан нь нотлох баримтаар авагдсан. Эрх хэмжээнийхээ хүрээнд мэдэгдлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн эрх мэдлээ шилжүүлсэн болохоор ийм шийдвэр гаргахгүй гэж нэхэмжлэгч хэлсэн. Төрийн албаны зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ирдэрчулуун нь Төрийн албаны зөвлөлийн дарга н.Баатарзоригоос эрхээ авсан учир гаргах эрх нь нээгдсэн.

Мөн нэхэмжлэгч нь Засаг даргын эрх хэмжээний асуудлыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохицуулна, сумын Засаг даргын асуудлыг Төрийн албаны тухай хуулийн дагуу зохицуулахгүй гэсэн. Бүх шатны Засаг дарга улс төрийн албан тушаалтанд хамаардаг хэдий ч тодорхой харилцааг нь Төрийн албаны тухай хуулийн дагуу зохицуулсан байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцрох саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан байдаг.

Энэ хуулийн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасантай уялдаж байгаа. Хуралд ямар санал оруулсан нь Төрийн албаны зөвлөлийн энэ асуудалд хамаарахгүй. Учир нь Төрийн албаны зөвлөлөөс Засаг даргыг чөлөөлөх шийдвэр гаргаагүй, дээд шатны засаг дарга нь гаргасан. Хурлаар хэлэлцсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Төрийн албаны тухай хууль нь бүхэлдээ төрийн жинхэнэ, тусгай, захиргааны албан хаагчийн харилцааг зохицуулсан зохицуулалт биш, холбогдох зүйл заалтын хувьд улс төрийн албан хаагчийг үйл ажиллагаа чиг үүрэгтэй нь хамааруулж зохицуулсан зохицуулалт байна. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 нь сумын Засаг даргад хамаарах бөгөөд энэ заалтад заасан буруутай албан тушаалтан гэдэгт орно. Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн албан хаагч томилж байгаа жишээ зөндөө байна. Иймд энэ харилцааг үндэслэж улс төрийн албан хаагчийн тодорхой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Еаас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт... бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргасан байна. Үүнд:

1) Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох, гагцхүү хуульд өөрөө заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр заасан бөгөөд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан тул Засаг даргыг огцруулах, томилох, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, иймээс Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасан буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл өгөх зохицуулалт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй гэж,

2) Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт сумын Засаг даргыг огцруулах үндэслэл болон журмаар Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу Засаг даргыг огцруулах журам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал гаргаж, тус саналын дагуу Засаг дарга захирамж гаргахаар байна гэж,

3) Төрийн албаны Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага тул Зөвлөлийн дарга, аль нэг гишүүн нь Зөвлөлийг дангаар төлөөлөхгүй, түүний өмнөөс шийдвэр гаргахгүй билээ. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 6.2 дахь хэсэгт Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар гаргахгүй гэж тодорхой заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдлийг Зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргасан байна. Иймд тус Мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болж чадахгүй бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж,

4. Б аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Хурмангазын төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн тухай гомдлоор Төрийн албаны зөвлөл маргаан үүсгэж, хуралдаанаар хэлэлцэж, тус сумын Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж, Зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 93 дугаар тогтоолыг сумын Засаг дарга Н.Ед хүргүүлж, Толбо сумын Засаг дарга Н.Е уг тогтоолыг биелүүлээгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг тус аймгийн Засаг даргад хүргүүлж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна гээд 11.1.9-д бүх шатны Засаг дарга... гэж зааснаар нэхэмжлэгч Н.Е нь төрийн улс төрийн албан тушаалтан хэдий ч түүний хууль зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хуульд өөрөөр заагаагүй байх тул Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглэхээр байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж, 32.2-т Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1 заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ гэж зааснаас үзвэл, төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг заавал биелүүлж, мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалт тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 04/1562 тоот мэдэгдлийг албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байна.

7. Учир нь Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байгууллага бөгөөд Төрийн албаны зөвлөл эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, түүнийг заавал биелүүлэх үүрэгтэйг Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд зохицуулсан тул нэхэмжлэгчийн ...Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан хэдий ч төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тухайд Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэхээр байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар 105.1-т захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдэлд зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулна, 105.2-т Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна 105.2.3-д ажлаас халах гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаар тогтоолыг биелүүлээгүй тул тухайн мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийг буруутгах боломжгүй байна.

9.Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөлд олгосон байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 04/1562 тоот мэдэгдлийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

10.Өөрөөр хэлбэл /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ, 32.3-д Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл сумын Засаг даргыг чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь зөв байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг зөвлөлийн даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ гэж заасан байх ба Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай 141 дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийг дуустал түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байх тул түүний Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 тоот мэдэгдэлд гарын үсэг зурж Б аймгийн Засаг даргад хүргүүлснийг хууль бус гэж үзэхгүй.

12. Нөгөөтэйгүүр маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 тоот мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна.

13. Учир нь Н.Е нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 93 дугаар тогтоолтой маргаагүй, уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд мэдэгдлийн хувьд 2021 оны 93 дугаар тогтоолын биелэлтийг хангаагүй албан тушаалтанд арга хэмжээ тооцуулахаар дээд шатны албан тушаалтанд хүргүүлэх хуульд заасан арга хэмжээ юм.

14. Харин нэхэмжлэгч Б аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлөх тухай Б/30 дугаар тогтоолтой тусдаа маргаан үүсгэсэн тул Б аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 66 дугаар зүйлийн 66.1.6, 69 дүгээр зүйлийн 69.3, 76 дугаар зүйлийн 76.4, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Еы нэхэмжлэлээр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ