Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0406

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Бы гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч татварын улсын байцаагч Д.Б

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00430** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэр

Гомдол гаргагч: И.Б

Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Б

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гомдол гаргагчийн Б.М, хариуцагч Д.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 119/2025/0003/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч И.Баас Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Б-д холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00430** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан И.Бы Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бд холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00430** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт ...Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн, хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохиролын хэр хэмжээнд тохирсон байна", мөн Зөрчил шалган шийдвэрлэсэн он сар өдөр шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал... хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж тус тус заасан хэмээн шийдвэрт тусгасажээ. Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 00430** дугаартай шийтгэлийн хуудаст эдгээр мэдээллүүд бүрэн тусгагдсан байдаг.

3.2. Хууль тогтоомжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан "хууль санаачлагч, хууль санаачилах эрх бүхий этгээд" эрх бүхий этгээдүүд холбогдох хуулийг санаачлан хууль тогтоох байгууллага хуулийг баталсан. Тус газарт ирүүлсэн мэргэжлийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг шалган шийдвэрлэхдээ татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульд тодорхой заасан байна.

3.3. Эрх бүхий албан тушаалтны хэрэглэвэл зохих хуулийн заалтад торгуулийн арга хэмжээ нь 1 л тодорхой хэмжээгээр хууль тогтоогчоос батлагдсан байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий тушаалтан торгуулийн хэмжээг сонгон хэрэглэх боломжгүй байхад зөрчлийн шинж, хохиролын хэмжээнд тохирсон байхыг шаардсан нь туйлын учир дутагдалтай бөгөөд хуульд тусгайлан заагаагүй, хуульд байхгүй хэмжээ зохицуулалтыг шаардсан шүүхийн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан гарын авлагад "хууль тайлбарлах гэж юу вэ" гэдгийг энгийнээр хуулийн тодорхой бус заалт агуулыг тодорхой ойлгомжтой болгон тодруулж, тодотгон илэрхийлэх үйл явц гэжээ.

Зөрчлийн тухай хуульд энэ гомдол мэдээлэлд холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийн 1 заалт л байна. Энэ тодорхой бус, ойлгомжгүй заалт байхгүй. Шүүх энэ заалтыг гомдолд холбогдуулан субектив байдлаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзвэл хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болоогүй байна.

3.4. Хууль хэрэглэх гэдэг нь шууд утгаараа хууль зүйн тодорхой асуудал (хэрэг, зөрчил)-ыг хуульд нийцүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл явц гэж үздэг. Хууль хэрэглэх нь хуулийг биелүүлэх болон дагаж мөрдөхөөс ялгаатай ойлголт. Зөрчилд холбогдогч нь тусгайлсан хуулийн заалтыг дагаж мөрдөөгүй, биелүүлээгүй шалтгааны улмаас хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авагдсан байхад шүүх тодорхой заасан байгаа хуулийн заалтыг зөрчилд нь тохирохгүй байна гэж үзэж маргааныг шийдсэн байгаа нь шийдвэрийг үндэслэл бүхий байлгаж чадахгүй байна.

3.5. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан миний хувьд энэ гомдол мэдээллийг шалган шийдвэрлэхэд өөр хэрэглэж болох, хэрэглэвэл зохих, хэрэглэх боломжтой хөнгөрүүлж үзэх хуулийн заалт байхгүй байгааг шүүх анхаарах шаардлагатай байсан.

Шүүхийн шийдвэрт Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа (гадагш чиглэсэн) шийдвэр гаргахдаа Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх"... хэрэгжүүлж, мөрдлөг болгох үүрэгтэй гэжээ. Эрх бүхий албан тушаалтан нь илтэд зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар хуульчилсан зөрчлүүдийг зөрчлийн шинжгүй эсвэл хариуцлагын арга хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэл байхгүй.

3.6. Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т "Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна", 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж зааснаар нэр дэвшигчийг үүрэгжүүлсэн хуулийн зохицуулалт төдийгүй тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх бөгөөд мөн тухайн бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн үүрэг болгосон зохицуулалтыг хууль тогтоогч нар баталсан байдаг.

Энэ үүрэг зөрчигдөхөөс сэргийлж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж нарийвчилан зохицуулсан байдаг.

3.7. Шүүх зардлын данс нээгээгүй энэ тохиолдолд нэр дэвшигчээс сонгуулийн зардлын данс бүртгүүлэх үүргийг хүлээхгүй бөгөөд... хэмээн дүгнэсэн нь хуулийн бус субьектив дүгнэлт болсон байна гэж үзэж. Сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигч санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас сэргийлэх хяналт тавих зорилготой маш чухал хуулийн заалт.

3.8. Өөрөөр хэлбэл алив сонгуульд нэр дэвшигч нь данс нээлгэхгүйгээр алив төрлийн санхүүгийн эх үүсвэрээр шударга бус сонгуулийн өрсөлдөөн зохион байгуулах боломжийг шүүхүүд олгохгүй байх, хуулийн аргаар таслан зогсоох үүрэгтэй гэж үзэж байна.

Мөн Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан "Шударга ёсыг сахих" зарчмыг хангахгүй орхигдуулж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 2-т "Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно" гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээрийн зүйлийн 1-д заасан Шударга ёсыг тогтоох" зарчимтай нийцнэ. Нөгөөтэйгүүр нэр дэвшигч бүр данс нээхгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцож болох боломжийг бий болгож шүүхийн байгууллага хуулийг өөрөөр тайлбарлаж маргааныг шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна.

3.9. Шүүхийн шийдвэрт монгол хэлний үг зүйн тайлбарт "болон" гэх холбоос нь 2 өгөгдөл зэрэг биелэх, эсхүл нэг нь биелсэн байхад хангалттай байдаг тул заавал нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээж, зардлын дансыг бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй юм гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх", "зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөруулж, зарцуулах", Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т "Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна" гэсэн хуулийн зохицуулалт нь таслалаар зааглан өөр өөр төрлийн бие даасан зөрчил болохыг тодорхойлж байгаа бөгөөд энэ тохиолдолд нийлмэл агуулгатай мэтээр тайлбарлан аль нэг шинж нь хангагдсан бол зөрчилд тооцохгүй бөгөөд хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн болохыг илтгэнэ гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШШ2025/0019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Д.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч И.Баас Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00430** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

2.1. Хариуцагч улсын байцаагч нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00430** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн И.Быг “...сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. Гомдол гаргагчаас маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ “...сонгуулийн зардлын данс нээгээгүй байхад зардлын дансыг бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “...нэр дэвшигч И.Б нь зардлын данс нээж бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул хуульд заасны дагуу зөрчилд шийтгэл оногдуулсан” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Анхан шатны шүүхээс “...нэгэнт зардлын данс нээгээгүй энэ тохиолдолд нэр дэвшигчээс сонгуулийн зардлын данс бүртгүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд И.Быг “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй” гэж буруутган түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2/Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.” 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, Э ч э намаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулга, намын сурталчилгааг тус намын сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар зохин байгуулахаар шийдвэрлэж, нам нь нэгдсэн нэг сонгуулийн данс нээлгэж, уг дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлж, сонгуулийн зардлын явцын тайлан болон сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн болох нь Үндэсний аудитын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2167 тоот, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2194 тоот албан бичиг болон Намын сонгуулын зардлын тайлангын хураангуй, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн с/24-44 тоот “Хараат бус аудитын дүгнэлт” зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 3/1090, 3/1095, 3/1110 тоот албан бичгүүдээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг ... нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэх хариуг өгсөн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Түүнчлэн нэр дэвшигч И.Б нь өөр бусад дансанд сонгуулийн зардал цуглуулсан, зарцуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар талууд маргаагүй бөгөөд намаас нэгдсэн данс нээж, уг дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан журмын дагуу тус намаас төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож буй энэ тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байх тул хариуцагчийн “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Иймд нэр дэвшигч И.Быг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...-д тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

                          ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

  ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН