Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч “Г” ХХК, “М” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохирол 6 886 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн “Г” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал,  

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, С.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн бараа материалын даатгалын 140000511 тоот гэрээт даатгуулагч “Сүү” ХК, даатгалын 1410000440 гэрээт даатгуулагч Л.Адилбиш, даатгалын 1410000226 гэрээт даатгуулагч “Өгөөж чихэр боов” ХХК нар Барс 2 худалдааны төвийн павилоныг түрээслэн ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байх үед 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Барс 2 худалдааны төвд “Г” ХХК-ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас гал гарч “Сүү” ХК, Л.Адилбиш, “Өгөөж чихэр боов” ХХК нарын худалдаалж байсан эд хөрөнгөд хохирол учирсан. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулж “Сүү” ХК-д 4 000 000 төгрөг, Л.Адилбишд 900 000 төгрөг, “Өгөөж чихэр боов” ХХК-д 1 986 150 төгрөг олгосон.

“Г” ХХК нь шингэрүүлсэн хийн түлш буюу карбон, бутан зэрэг энгийн нүүрс хүчлийн нэгдлээс бүрдэх шатамхай буюу галын тэсрэх аюултай хортой шингэрүүлсэн шатдаг хийн түлш худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн үйл ажиллагааны хэсэгт тусгагдсан байдаг. Хоёр шинжээчийн дүгнэлтэд гал гарсан үндсэн шалтгааныг тогтоосон нөхцөл байдал нь адилхан буюу асаалттай лааны дэргэд хийн холболт хийснээс гал авалцсан гэсэн.

Иймд хариуцагч нараас манай олгосон нөхөн төлбөр 6 886 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь шинжээчийн 387/1312 тоот дүгнэлтийг гарган өгч, тус дүгнэлтээр хариуцагч нарыг буруутай гэдэг 387/1312 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед хариуцагчаар оролцож байсан этгээдүүд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зарим нэг зүйлүүд нь тодорхойгүй байна гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг хүссэн. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хариуцагч “Г” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдгийг тогтоогоогүй. Иймд шүүх н.Болдхуягийн өмнөөс “Г” ХХК-ийг буруутай гэж үзэх нь зохимжгүй байна. Гэм хор учруулсан гэж байгаа н.Болдхуяг нь “Г” ХХК-ийн ажилтан биш гэдэг нь нийгмийн даатгал болон холбогдох албан бичгүүдээр нотлогдоно. Иймд гэм хор учруулсны хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Үүний дагуу “Г” ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий шинжээчийн дүгнэлтүүдэд “М” ХХК-ийг нэлээдгүй олон удаа зөрчил арилгуулах шаардлага тавьсан байна. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтэд албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэгдсэн. Үүгээр хариуцагч “М” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь даатгалын гэрээний дагуу тус компанийн Барс-2 худалдааны төвд гарсан галын улмаас даатгуулагч “Сүү” ХК, Л.Адилбиш, “Өгөөж чихэр боов” ХХК зэрэг газруудад нөхөн төлбөр олгосны дагуу хохирол нэхэмжилсэн хэргийн хохирлыг тус компани хариуцах эрх зүйн үндэслэлгүй.

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан гал түймрийн хэрэгт тухайн компанийн буруутай үйлдлээс шалтгаалсан зүйл байгаагүй. Тухайлбал, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд "Г” ХХК-ийн ажилчид шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлалгүй харанхуй орчинд асаалттай лааны дэргэд хийн баллоныг холбож байгаад гал алдсан байсан. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг боловч энэ дүгнэлт манайд ирээгүй, хэрэгт авагдсан байхад нь танилцсан. Баллоны хийнээс болж гал гарсан байна гэж аль, аль дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд хийн баллоныг холбосонтой холбоотой гал гарч, “М” ХХК нь даатгуулагчдад нөхөн төлбөр олгосон нь тус компанитай холбогдолгүй, тус тусдаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Бид гал гарсны улмаас захын барилгын дээврийг иж бүрнээр шинээр галд халдаггүй, шатдаггүй тэсвэртэй материалаар хийсэн, барилгын засварын ажлыг иж бүрнээр хийсэн, үүнтэй холбоотой түрээслэгч нар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй орлогоо алдсан зэрэг их хэмжээний хохирлыг компанид болон түрээслэгчдэд учруулсан. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас гэм хорын хохиролд 6 886 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч “М” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 238.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 125 128.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Г” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан бөгөөд...” гэжээ. Гэтэл Баянголд үүргийн нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ч.Болдхуяг гэх иргэн нь шингэрүүлсэн хийн түлшний холболт хийж байгаад гал алдсан байдаг. Тухайн этгээд нь “Г” ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хөдөлмөрийн гэрээгүй, ямарч хамааралгүй этгээд юм. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот дүгнэлт, хариуцагч компанийн нийгмийн даатгалын тайлан зэргээр нотлогддог. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй хөдөлмөрийн гэрээгүй, албан тушаал гүйцэтгэж байгаагүй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...502 дугаар зүйлийн 502.1-д заасныг баримтлан...” гэжээ. Гэтэл шингэрүүлсэн хийн түлш худалдан борлуулж байгаа аж ахуй нэгжүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд нь захиалга өгч улмаар хийн түлшний төлбөрийг төлснөөр хийн түлшийг худалдан борлуулж байгаа хариуцагч хийн түлшийг хүргэх ажиллагааг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хийн түлшний төлбөр төлснөөр өмчлөл нь тухайн захиалга өгсөн этгээдэд шилждэг. Иймээс Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг хамааралгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь “Г” ХХК, “МБС групп” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 6 886 150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн “Барс-2” худалдааны төвд 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан галын улмаас “Сүү” ХК-д 4 000 000 төгрөгийн, иргэн Л.Адилбишид 900 000 төгрөгийн, “Өгөөж ХХК-д 1 986 150 төгрөгийн хохирол учирсныг “М” ХХК тэдэнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй, харин даатгагчийн даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжилснийг хариуцвал зохих буруутай этгээд биш гэж хариуцагч маргасан байна.

            Хариуцагч “Г” ХХК нь “М” ХХК-ийн “Барс-2” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан цайны газарт хийн түлштэй баллон/газ/ хүргүүлсэн, тус компанийг төлөөлж тухайн үед дадлагажигчаар ажиллаж байсан н.Болдбаатар, өөрийн дүү н.Болдхуягийн хамт очиж хийн түлштэй баллоныг газан плиткатай холбох ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын явцад алдагдсан хий, лааны дөлтэй авалцсанаас гал гарсан, Г ХХК болон хэрэглэгчийн хооронд хийсэн гэрээгүй, тухайн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажилтан н.Болдбаатар, н.Болдхуяг нарт ажил үүрэг хариуцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй талаар шинжээчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 387/1312 дугаар болон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд заажээ. /хх-13, 73/

            Хийн түлшний борлуулагч болохоо хариуцагч “Г” ХХК үгүйсгээгүй бөгөөд тус компанийн Барс-2 захын цайны газарт хийн түлшний баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны журам мөрдөөгүйтэй шууд шалтгаант холбоотойгоор гал гарч бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул тус компанид гэм хорын хохирлыг хариуцуулсан нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Түүнчлэн газын баллоныг суурилуулсан н.Болдхуяг нь тус компанийн ажилтан биш гэх боловч ийнхүү бусдаар ажил гүйцэтгүүлснийг тус компанийн ажилтан н.Болдбаатарын буруутай үйлдэл гэж үзэх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсны хариуцлагыг ажил олгогч хүлээнэ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах боломжгүй.

Түрээслүүлэгч “М” ХХК-ийн тухайд хийн хангамжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй байдлыг арилгуулахаар мэргэжлийн хяналтын байцаагчаас удаа дараа шаардаж байсан талаар баримт хэрэгт авагдсан, энэ байдал нь гал гарах нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан ч тухайн өдөр гал гарах, гэм хорын хохирол учрахад шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлтээр тогтоогдоогүй тул шүүх түүнд холбогдсон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр М ХХК-ийн 6 886 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Г” ХХК-д хариуцуулсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 125 128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ