| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
2023 04 14 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,
Шүүгдэгч Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я- овогт Т-гийн Т-эд холбогдох эрүүгийн 2325000000120 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, химич операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамран амьдрагчийн хамт Улаанбаатар хот 00 дүүрэг 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,
Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 951 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн ял шийтгүүлсэн, /тэнсэх ял 2023 оны 08 дугаар сарын 14 дуусна/, Я- овогт Т-гийн Т- /регистрийн дугаар: хх00000000/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим такси үйлчилгээнд явж байсан хохирогч Т.Д-ын Тоёота Акуа пи 10 маркийн 00-00 ххх маркийн тээврийн хэрэгсэлд сууж Шанд багийн нутаг дэвсгэрт хүргүүлэхдээ хохирогчийн хоолойг гараараа боож эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж улмаар тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогчийн цүнхтэй эд зүйл, гар утас, бэлэн мөнгийг авч 15,748,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би тухайн өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” бааранд архи болон пиво ууж үйлчлүүлж байгаад согтолт ихтэй гарч ирээд бараан захын баруун талын аюулгүйн тойргоос хойд зүгт байрлах урд зүгээс хойд зүгийн чиглэлд явах тээврийн хэрэгслийн зам дээрээс такси барихад улсын дугаарыг нь мэдэхгүй Тоёота Акуа пи 10 маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь тус тээврийн хэрэгслийн хойд талын суудлын дунд хэсэгт суухад эмэгтэй жолоочтой байсан, тэгээд би хорооллын эцэс явна, пиво зардаг газар байгаа болов уу гэж асуухдаа таксины төлбөр болох 5,000 төгрөгийг өгөхөд шагийн буюу гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зардаг хүн энд байгаа гээд Хүлэг захын зүүн дээд талд байрлах хороолол явна гэж орилоод байж байдаг таксины зогсоол дээр ирэхэд архи, пиво зардаг нэг эмэгтэй хүн байсан, тэгээд уг эмэгтэйгээс пиво авах гэсэн чинь үнэтэй санагдахаар нь авахгүйгээр шууд хорооллын эцэс рүү явж, цаашаагаа Шанд багт байрлах найзындаа очих санаатай Шанд багийн нутаг дэвсгэрээр явж 17 дугаар сургуулийн баруун талд ирэхээр нь би энд бууна гэж хэлэхэд эмэгтэй машинаа зогсоохоор найзынхаа гэрийг асуух санаатай, алив утсаа өгч байгаач гээд араас нэг татсан чинь гар утсаа машин дотроо хаяад туслаарай гэж орилоод айлын хашаа нүдэхээр нь би айж сандарсандаа тулгамдаад машиныг нь жолоодоод тухайн газраасаа холдож баруун зүгийн чиглэлд явж нэг гудамжид айлын хашааг бараадуулаад машинийг унтраан орхихдоо машин дотор байсан цүнхийг нь нээж үзсэн чинь дотор нь тухайн жолооч эмэтэйн бичиг баримт байхаар нь алга болчих юм болов уу гэж бодоод цүнхийг нь авч яваад Рашаант багийн 0-0 тоот хаягтай гэр лүүгээ алхаад харьсан гэр лүүгээ орохдоо хашаан дотор байсан өөрийн эзэмшлийн 00-00 ххх улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл дотор цүнхийг нь үлдээгээд орсон. Тухайн эмэгтэйн машиныг унтраагаад түгжилгүйгээр машины түлхүүрийг урд хянах дээр нь үлдээгээд явсан, машины түлхүүр анх л хянах дээр байсан түлхүүрийг хөдөлгөөгүй. Тэгээд маргааш өглөө нь босож гэрээсээ гарахдаа цүнхийг нь дахин үзэхэд бэлэн 100,000 төгрөг байсан санагдаж байна тэгэхээр нь 60,000 төгрөгийг нь авч хоол унд авч идээд гэртээ эргэж ирээд байж байтал Цагдаа нар манай гэрт ирж намайг дагуулан гарч би цүнхтэй эд зүйлийг цагдаад өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Т.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд таксинд явахаар өөрийнхөө автомашинтай гэрээсээ гараад явж байгаад 23 цаг өнгөрч байхад Даниста худалдааны төвийн таксины зогсоол дээр зогсоход 2 хүн суугаад нэг хүн 100 айл худалдааны төв дээр буугаад нэг хүн нь “Богд гол” баарны гадаа буулгаад урд замаар Даниста худалдааны төвийн чиглэлдээ явж байхад зам дээр 1 хүн гараа өргөөд зогсож байхаар нь тухайн хүнийг аваад хаашаа явах вэ? гэхэд хорооллын эцэс хүргүүлнэ гэхээр нь цааш хөдлөөд явж байхад тухайн зүс танихгүй хүн шагийн пиво зардаг хүн байгаа юу гэхээр нь Бичил худалдааны төвийн замын хажууд зогсоод автомашиныхаа заалны гэрэл асаах гэхэд гэрлээ битгий асаа, унтраа гэхээр нь унтраагаад хойшоо харахад нүүрээ харуулахгүй доошоо тонгойсон тэгэхээр нь би шаг зардаг хүнийг дуудахад тухайн залуу надад таксины мөнгө гэж 5.000 төгрөг өгөхөөр нь би аваад автомашиныхаа урд тавихад тухайн залуу шагийн архи зардаг хүнээс пиво хэд вэ? гэхэд 17.000 /арван долоон мянга/ гэхэд үнэтэй байна гээд шууд явъя гэхээр нь хөдлөөд хорооллын эцэст очоод ирчихлээ гэхэд хорооллын эцэс биш 17 дугаар сургууль дээр бууна гэхээр нь цааш яваад 17 дугаар сургуулийн гадаа очоод ирчихлээ гэхэд ариа болоогүй байна гэхээр нь цаашаа явахад жоохон аажуу яв гэхээр нь би удаан явж байгаад төв замын төгсгөлд ирчихлээ буу гэхэд болоогүй байна хойшоо гурван гудамж явна гэхээр нь хэлснийх нь дагуу хойшоо явж байхад одоо болно буцаж эрэг гэхээр нь буцаж иргэж зогсоод утсаа авахад араас хоёр гараараа хоолой боохоор нь цагдаа дуудна гээд орилоход дуугүй бай ална шүү гэхээр нь гарт байсан утсаараа толгой руу нь цохиход утас булааж авахаар нь би боолтоос нь сугарч гараад автомашинаасаа буугаад хажуу талд байсан айлын хашаа руу гүйгээд хашааг нь цохиход тухайн залуу миний араас гүйх гэж байснаа болиод миний автомашинд суугаад аваад зугтаахаар нь тухайн айлын зүүн талын айлын хашаанаас автомашин гарч ирэхээр нь тухайн хүмүүс рүү гүйж очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хүн 40 орчим насны, бор царайтай бөөрөнхий малгай, хар хөх өнгийн дээлтэй хүн байсан. Тухайн хүн надад царайгаа харуулахгүй арагшаа харах гэхэд царайгаа нуугаад байсан. Би боолгож байхдаа гартаа барьсан байсан гар утсаа өргөөд цагдаа дуудлаа гэж хэлэхэд ална шүү гээд миний хоолойноос хойш нь татаад миний гартаа барьсан байсан гар утсыг авах гээд миний гар руу тэмүүлэхэд нь би гар утсаараа тэр хүний толгой руу цохисон чинь миний гар утсыг нэг гараараа булааж авсан. Тэр үед нь боолтоос нь гарч машинаасаа буусан. Одоо таксинд явах гэхээр айгаад явж чадахгүй хэцүү байдалд орсон. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х, 18-19х/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...би гэр бүлийн хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суудаг юм. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн орой манай хамаатны З-оо гэж хүн Булган аймгийн Хангал сумаас гэр бүлийнхээ хамтаар манай гэрт ирээд бид нар гэрийнхээ нэг давхарт хөзөр тоглоод байж байсан чинь байшингийн 2 давхарт байсан манай 10 настай хүү А- дээрээс бууж ирээд гадаа эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Х- миний дүү Б- хоёр хамт гэрээсээ гараад удаагүй нэг эмэгтэй хүн дагуулаад гэртээ орж ирээд энэ эмэгтэй хүнд машинаа дээрэмдүүлсэн гэнээ гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө манай гэрт ирсэн байсан З-оогийн эхнэрийнх нь гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгчхөөд нөгөө эмэгтэй өөрийнхөө дүүг утсаар дуудсан. Дүү нь удаагүй ирээд эгчийгээ авсан. Тэр эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхийг мэдээгүй. Хоолой боосон гээд хоолойгоо бариад дараад байсан. Тэр хүн маш их айсан байдалтай сандарч чичрээд байсан. Тэр хүн ярихдаа намайг цагдаа дуудна гэсэн чинь гар утас аваад ноцолдож байхад нь бууж ирлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
-Гэрч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “....Манай ээжийн гэрээс гараад явж байхад Т.Т- ах хүнтэй уулзана гээд бараан захын орчим буусан. Бид нар ч гэсэн хэнтэй уулзах гэж байгаа юм бэ гэж асуугаагүй бид нараас салахдаа Т.Т- ах бараг эрүүл шахуу байсан. Т.Т- ах тэр шөнө яг хэдэн цагт очсоныг мэдэхгүй байна. Би түүнийг орж ирээд сэрээхэд нь шөнийн 01 цаг өнгөрч байна даа гэж бодсон. Шөнө очихдоо Т.Т- ах халамцуул байсан. Халамцуу л гэж хэлэхээс согтуу байгаагүй. Хаана хэнтэй юу хийж байгаад ирсэн талаараа хэлээгүй, би ч асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 222 дугаартай:
“1. Т.Д-ын биед хүзүүнд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 үдаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39х/,
- “Бэйкер Тилли” Далайван аудит ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-12 дугаартай хөрөнгийн үнэлгээний “....2023 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн байдлаар сормуусны будаг 12,0 мянган төгрөг, контур 8,0 мянган төгрөг, крем 15,0 төгрөг, тенн 15,0 мянган төгрөг, 2 ширхэг уруулын будаг 14,0 мянган төгрөг, уруул хүрээлэгч харандаа 3,0 мянган төгрөг, Тоуоta aqua маркийн авто машин 15.000,0 мянган төгрөг, redmi a-9 маркийн гар утас 300,0 мянган төгрөг, эмэгтэй гар цүнх 30,0 мянган төгрөг, жижиг цаасны хайч 1,5 мянган төгрөг, монетон ээмэг 250,0 мянган төгрөг тус тус болж нийт үнэлгээ 15,648,5 мянган төгрөг болж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 50-54х/,
-Тоёота Акуа пи 10 маркийн 00-00 ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06х/,
- Эд зүйл, баримт бичиг бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10х/,
-Хохирол төлсөн баримт /хх-ийн 125х/,
-Шүүгдэгч Т.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 98, 135-150х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим такси үйлчилгээнд явж байсан хохирогч Т.Д-ын Тоёота Акуа пи 10 маркийн 00-00 ххх маркийн тээврийн хэрэгсэлд сууж Шанд багийн нутаг дэвсгэрт хүргүүлэхдээ хохирогчийн хоолойг гараараа боож эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж улмаар тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогчийн цүнхтэй эд зүйл, гар утас, бэлэн мөнгийг авч 15,748,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим такси үйлчилгээнд явж байсан хохирогч Т.Д-ын Тоёота Акуа пи 10 маркийн 00-00 ххх маркийн тээврийн хэрэгсэлд сууж Шанд багийн нутаг дэвсгэрт хүргүүлэхдээ хохирогчийн хоолойг гараараа боож эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж улмаар тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогчийн цүнхтэй эд зүйл, гар утас, бэлэн мөнгийг авч 15,748,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-хохирогч Т.Д-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 24-ны орой 20 цагийн орчимд таксинд явахаар өөрийнхөө автомашинтай гэрээсээ гараад явж байгаад 23 цаг өнгөрч байхад ... Даниста худалдааны төвийн чиглэлдээ явж байхад зам дээр 1 хүн гараа өргөөд зогсож байхаар нь тухайн хүнийг аваад хаашаа явах вэ? гэхэд хорооллын эцэс хүргүүлнэ гэхээр нь цааш хөдлөөд явж байхад тухайн зүс танихгүй хүн шагийн пиво зардаг хүн байгаа юу гэхээр нь Бичил худалдааны төвийн замын хажууд зогсоод автомашиныхаа заалны гэрэл асаах гэхэд гэрлээ битгий асаа, унтраа гэхээр нь унтраагаад хойшоо харахад нүүрээ харуулахгүй доошоо тонгойсон тэгэхээр нь би шаг зардаг хүнийг дуудахад тухайн залуу надад таксины мөнгө гэж 5,000 төгрөг өгөхөөр нь би аваад автомашиныхаа урд тавихад тухайн залуу шагийн архи зардаг хүнээс пиво хэд вэ? гэхэд 17,000 /арван долоон мянга/ гэхэд үнэтэй байна гээд шууд явъя гэхээр нь хөдлөөд хорооллын эцэст очоод ирчихлээ гэхэд хорооллын эцэс биш 17 дугаар сургууль дээр бууна гэхээр нь цааш яваад 17 дугаар сургуулийн гадаа очоод ирчихлээ гэхэд ариа болоогүй байна гэхээр нь цаашаа явахад жоохон аажуу яв гэхээр нь би удаан явж байгаад төв замын төгсгөлд ирчихлээ буу гэхэд болоогүй байна хойшоо гурван гудамж явна гэхээр нь хэлснийх нь дагуу хойшоо явж байхад одоо болно буцаж эрэг гэхээр нь буцаж иргэж зогсоод утсаа авахад араас хоёр гараараа хоолой боохоор нь цагдаа дуудна гээд орилоход дуугүй бай ална шүү гэхээр нь гарт байсан утсаараа толгой руу нь цохиход утас булааж авахаар нь би боолтоос нь сугарч гараад автомашинаасаа буугаад хажуу талд байсан айлын хашаа руу гүйгээд хашааг нь цохиход тухайн залуу миний араас гүйх гэж байснаа болиод миний автомашинд суугаад аваад зугтаахаар нь тухайн айлын зүүн талын айлын хашаанаас автомашин гарч ирэхээр нь тухайн хүмүүс рүү гүйж очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх,
-гэрч Б.Б-ийн “...гэрийнхээ нэг давхарт хөзөр тоглоод байж байсан чинь байшингийн 2 давхарт байсан манай 10 настай хүү А- дээрээс бууж ирээд гадаа эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Х- миний дүү Б- хоёр хамт гэрээсээ гараад удаагүй нэг эмэгтэй хүн дагуулаад гэртээ орж ирээд энэ эмэгтэй хүнд машинаа дээрэмдүүлсэн гэнээ гэж хэлсэн... Хоолой боосон гээд хоолойгоо бариад дараад байсан. Тэр хүн маш их айсан байдалтай сандарч чичрээд байсан. Тэр хүн ярихдаа намайг цагдаа дуудна гэсэн чинь гар утас аваад ноцолдож байхад нь бууж ирлээ гэсэн...” гэх,
-гэрч И.Б-ын “...Т.Т- ах тэр шөнө яг хэдэн цагт очсоныг мэдэхгүй байна. Би түүнийг орж ирээд сэрээхэд нь шөнийн 01 цаг өнгөрч байна даа гэж бодсон. Шөнө очихдоо Т.Т- ах халамцуул байсан. Халамцуу л гэж хэлэхээс согтуу байгаагүй. Хаана хэнтэй юу хийж байгаад ирсэн талаараа хэлээгүй, би ч асуугаагүй” гэх мэдүүлгүүд
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 222 дугаартай дүгнэлт, “Бэйкер Тилли” Далайван аудит ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Т.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Т.Т-ийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч Т.Д-т хохирол зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Т.Д- нь хавтаст хэргийн материалтай танилцаад нийт 385,000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 121х/ байх бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг төлсөн тул шүүгдэгч Т.Т-ийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Т-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэнг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...2 жил 6 сарын хугацаагаар хэтрүүлэхгүй хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч Т.Т-эд үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т-эд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн”, 3 дахь заалтын үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Т-эд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл 48 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я- овогт Т-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-эд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн, 3 дахь заалтын үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-эд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 48 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Т.Т- нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ