Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0505

 

                                  

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: А.Б

           Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

            Гуравдагч этгээд: “К ” ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамж, “Э” хотхонд үйл ажиллагаа явуулдаг О худалдааны төвийн автомашины зогсоолоос “К ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 метр квадрат газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 метр квадрат газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч А.Б  би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны оршин суугч юм. “К ” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар, Э хотхонд үйл ажиллагаа явуулдаг О худалдааны төвийн зогсоол бүхий газрыг эзэмшдэг. Гэвч О худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний болон унадаг дугуйн зам байх хэсгийг “К ” ХХК нь тус худалдааны төвийн авто зогсоол болгон ашиглаж байна. Энэ нь нэхэмжлэгч миний болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны бусад иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх болох иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т  “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж тус тус заасан байдаг. “К ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21523 метр квадрат газрыг орон сууц, худалдаа, үйлчилгээ, контор, авто гарааш, спорт цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээ байгуулсан байна. Харин маргаан бүхий газрын хувьд уг эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт хамаарахгүй юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “К ” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “... зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна” хэмээн тусгасан байна. Тус албан бичигт хавсаргасан газрын зургаар маргаан бүхий газар нь “К ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамаарахгүй байгаа нь харагдаж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон бусад суурины гудамж, талбай, зам, … зэрэг газар хамаарна” гэж заажээ. Иймд Улаанбаатар хотын гудамж, явган хүний болон унадаг дугуйн зам нь нийтийн эдэлбэр газар бөгөөд иргэд нийтээр ашиглах эрхтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Монгол Улсын иргэн аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдлэх тухай заасан ба тус үндсэн эрхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, аюулгүй байдлаар замын хөдөлгөөнд оролцох эрх хамаарна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд  оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгох тухай заасан. “К ” ХХК нь явган хүний болон унадаг дугуйн зам байх хэсгийг О худалдааны төвийн автомашины зогсоол болгон ашиглаж байгаа тул тус хэсгээр замын хөдөлгөөнд оролцох явган зорчигчид, унадаг дугуй унаж буй зорчигчид зориулалтын замаар зорчих боломжгүй болж тус хэсгийн авто машины замаар эсвэл О худалдааны төвийн зогсоол доторх авто машины замыг ашиглан замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болно.

Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй буюу явган болон унадаг дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцогчийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, Үндсэн хуулиар баталгаажсан аюулгүй хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд *К ” ХХК-д гаргасан зөрчлөө арилгахыг, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/182 дугаар албан бичгээр “...Газар эзэмших эрхийн хүрээнд нийтийн эзэмшлийг чөлөөлж явган хүн, унадаг дугуйн замыг стандартын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг тус тус “К ” ХХК-д мэдэгдсэн байна. Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-108/1634 дугаар дүгнэлтэд “О худалдааны төвийн баруун талд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахгүй байна” гэсэн байна.

Би өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн өмнөөс нэхэмжлэл гаргаагүй. Гагцхүү миний нэхэмжлэл гаргаж буй асуудал нь зөвхөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бус тус хорооны оршин суугч иргэдийн ч эрхийг зөрчсөн асуудал болохыг нэхэмжлэлдээ дурдсан юм. Гэхдээ энэ нь би бусад хүмүүсийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үг биш бөгөөд тийм байдлаар ч нэхэмжлэлдээ тусгаагүй.

Нэхэмжлэлийг хангаснаар маргаан бүхий газар буюу “К ” ХХК автомашины зогсоол болгон ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авснаар тус газраар автомашин зорчихгүй юм. Тодруулбал, тухайн газар О худалдааны төвийн автомашины зогсоол байхаа болино гэсэн үг. Ингэснээр тухайн хэсэг газраас явганаар болон дугуйгаар хөдөлгөөнд оролцож буй хүмүүс автомашинтай зэрэгцэн хөдөлгөөнд оролцохгүй болно. Өөрөөр хэлбэл, машины зам, дугуйн болон явган хүний зам О худалдааны төвийн машины зогсоол гурав давхардахгүй, тус тусдаа байх болно. Ингэснээр тус хэсгээр хөдөлгөөнд оролцож буй хүний хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, аюулгүй орчинд амьдрах, хөдөлгөөний аюулгүй байдлаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.

            Түүнчлэн явган хүний болон унадаг дугуйн зам байх нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм. Одоогоор тус газрыг “К ” ХХК О худалдааны төв өөрийн эзэмшлийн мэтээр, дангаар ашиглаж байна.  Дээрх нөхцөл байдлууд нь нэгэнт болоод өнгөрсөн, ирээдүйд тохиолдохгүй зүйл биш, одоо ч байгаа, ирээдүйд ч тохиолдох зүйл юм. Иймд энэ маргааны хувьд надад зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангалттай байх тул би тухайн асуудлаар маргах эрхтэй. Иймд миний нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэгч А.Б  нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг. Нэхэмжлэгчийн хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох, О худалдааны төвөөр үйлчлүүлэх, Маршалын гүүр болон Скай ресортын замаар унадаг дугуйтай явах гэх зэргээр маргаан бүхий газрыг дайран өнгөрдөг. О худалдааны төв нь нийтийн эзэмшлийн газар болох дугуйн зам болон явган хүний замын талбайд өөрийн эзэмшлийн авто зогсоолыг барьж зориулалтын бусаар ашиглаж байгаа бөгөөд тухайн замаар дайран өнгөрөхөд байнгын эрсдэл учирдаг. Энэ нөхцөл байдлын талаар холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5208 дугаартай албан бичгээр “К” ХХК-д иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэв гэсэн агуулгатай мэдэгдэл хүргүүлсэн.

            Замын хөдөлгөөн дүрмийг зохицуулах инженерчлэлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4/182 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн хүрээнд нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж явган хүн, унадаг дугуйн замыг стандартчиллын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг “К ” ХХК-д мэдэгдэв гэсэн агуулгатай мэдэгдэл хүргүүлж байсан. “К” ХХК нь өөрийн эзэмшлийн газар буюу О худалдааны төвийн урд талын замыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байна.

            “К ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 21523 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшсэн. Гэтэл К  ХХК нь тухайн эзэмшүүлсэн газраас илүү хэмжээний газрыг дур мэдэн ашиглаж байгаа нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас К  ХХК-д хүргүүлсэн албан бичгээр нотлогддог. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна гэж заасан. Иймд Улаанбаатар хотын гудамж талбай нь нийтийн эзэмшлийн газарт хамаарна. Нийтийн эзэмшлийн газрыг нийтээр эзэмшиж, ашиглах эрхтэй. Мөн Нийслэлийн Засаг даргын хувьд Газрын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх, мөн хуулийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь К  ХХК-г дур мэдэн нийтийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглах явцад хугацаатай мэдэгдэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

             Нэхэмжлэгчийн хувьд “К ” ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тухайн зөрчлөө арилгахыг албан бичгээр хүргүүлж байсан. Энэхүү албан бичигт тухайн компани хариу өгөөгүй. Үүний дараа нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандахад мөн хариу өгөөгүй учир хууль заасан 30 хоногийн дараа шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн А.Бын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

         Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “К ” ХХК-д 21523 м2 газрыг орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.                                                               

         Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх маргаан бүхий хэсэг газарт ямар нэгэн захиргааны актыг батлан гаргаагүй зөвхөн 21523 метр квадрат газрыг олгосон бөгөөд нэхэмжлэгч иргэний ямар нэгэн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно.

Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөхөд Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0306/528 дугаар албан бичгээр хугацаатай мэдэгдлийг К ХХК-д хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 болон мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай ашиглаж байгаа тул эзэмшилд хамаарахгүй газраа чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг холбогдох хуулийн дагуу өгсөн. Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д зааснаар ямар байдлаар эрх нь хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу дээрх газар чөлөөлөхтэй холбоотой хэрэг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү.” гэв.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А.Бын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21523 м.кв газрыг орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газрыг эзэмших эрхтэй болсны дараа манай  компани өөрийн хөрөнгөөр О худалдааны төвийн урд талын замын урд явган хүний зам барьсан болно.

              Гэтэл зам шинэчлэлийн ажил эхэлж “Нарны гүүр” шинээр барьж байгаатай холбоотой О худалдааны төвийн урд талын замыг шинэчлэн өргөтгөх ажлыг төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж эхлэхдээ манай компанийн зогсоолын урд талын явган хүний замыг сүйтгэж төв замын өргөтгөлд оруулсан болно. Нэхэмжлэгчийн маргаж буй газарт дугуйн зам огтоосоо байгаагүй бөгөөд бидний өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн явган хүний замыг төрийн захиргааны байгууллага сүйтгэж замын өргөтгөлд оруулсан, манай компанийн хувьд уг явган хүний замыг сүйтгэж, авто зогсоол болгосон асуудал байхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг тул аливаа нэхэмжлэлд тавигдах зайлшгүй шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субьектив эрх хөндөгдсөн байх ёстой юм. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн хөдөлгөөнд аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэх боловч энэ нь өөрийнх нь нийтийн эрх зүйн субьектив эрх, ашиг сонирхол биш бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг замаас өөр замыг сонгон зорчих боломжтой Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/5208 тоот албан бичгээр манай компанид мэдэгдэл хүргүүлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэгэнт биелүүлсэн, түүнчлэн уг асуудлыг нэхэмжлэгч жилийн өмнө буюу 2019 онд мэдсэн атлаа одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” гэж тодорхойлсон байна. Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байхыг шаардах байтал нэхэмжлэгч нь уг асуудлаар захиргааны байгууллагад огт хандаагүй атлаа дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй, ирээдүйд бий болж болзошгүй гэх агуулгаар ийм шаардлага гаргах боломжгүй, уг нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж заасан байдаг. Тухайн маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн газар гэж тогтоосон баримт байхгүй учир нийтийн эзэмшлийн газар гэж маргах нь үндэслэлгүй. Хоёрдугаар шаардлагын хувьд Нийслэлийн Засаг даргаас мэдэгдэл гаргасан тул эс үйлдэхүй байна гэж үзэхгүй. Шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар мэдэгдэл гаргахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй. Зөвхөн захиргааны акт гаргахыг даалгаж шийдэх тул захиргааны байгууллага нь мэдэгдэл өгөхгүй байх эрхтэй. Гурав дахь шаардлагын хувьд ирээдүйд бий болох нөхцөлийг шаардаж байгаа нь онолын хувьд боломжгүй юм. Иймд захиргааны шүүхийн харьяаллын маргаан биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын иргэн А.Б  нь тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамж, Э хотхонд үйл ажиллагаа явуулдаг О худалдааны төвийн автомашины зогсоолоос “К ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 метр квадрат газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 метр квадрат газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч А.Б  нь Улаанбаатар хот АО тоотод оршин суудаг.[2]

1.2. Түүний амьдардаг хорооллоос ертөнцийн зүгээр урд зүгт маргаан бүхий газар буюу О худалдааны төвийн автомашины зогсоол байрладаг.

1.3. Нэхэмжлэгчийн хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх болон өөр бусад зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох, “О” худалдааны төвөөр үйлчлүүлэх, Маршалын гүүр болон Скай ресортын замаар унадаг дугуйтай явах гэх зэргээр маргаан бүхий газрыг дайран өнгөрдөг.

1.4. Маргаан бүхий автомашины зогсоол нь “К ” ХХК-ийн эзэмших эрхтэй газар дээр байрладаг ба тус компанид Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжаар 18879 м.кв /нэгж талбарын дугаар 13*******/[3], мөн захирамжаар 10004 м.кв /нэгж талбарын дугаар 13*******/[4] газрыг орон сууц, худалдаа үйлчилгээ, контор, авто гаражийн зориулалтаар газар эзэмших эрх, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар газрын хэмжээг бууруулж 21523 м.кв /нэгж талбарын дугаар 13*******/[5] газар эзэмших эрхийг орон сууц, худалдаа үйлчилгээ, контор, авто гараж, спорт цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон.

1.5. Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “К ” ХХК-д хандан “... явган хүний болон унадаг дугуйн зам байх хэсгийг худалдааны төвийн автомашины зогсоол болгон ашиглаж байгаа нь бидний болон бусад хүмүүсийн хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Мөн явган хүний болон унадаг дугуйн зам байх шаардлагатай тус хэсэг танай компанийн эзэмших эрх бүхий газарт хамаарахгүй байгаа аж. Иймд та бүхэн тус газрыг хууль бусаар эзэмшиж байна ... Иймд явган хүний болон унадаг дугуйн зам бүхий хэсгийг чөлөөлөх, автомашины зогсоолыг зөвхөн компанийн газар эзэмших эрх бүхий газарт багтаах, стандартын дагуу явган хүний болон унадаг дугуйн зам барьж гүйцэтгэхийг шаардаж байна ...” гэх агуулга бүхий шаардлагыг хүргүүлж байсан.[6]

1.6. Мөн нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж хууль бусаар газар эзэмшигчээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай заасан. Иймд “К ” ХХК ... эзэмших эрх бүхий газарт хамааралгүй, нийтийн эдэлбэрийн явган хүний болон дугуйн зам бүхий газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг тус компанид хүргүүлэх, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг хүсч байна ...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.[7]

1.7. Нийслэлийн Засаг даргад гаргасан дээрх хүсэлтэд Нийслэлийн Засаг даргаас хуульд заасан хугацааны дотор ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй тул нэхэмжлэгч тус шүүхэд хандан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан.[8]

1.8. Харин Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/1255 тоот албан бичгээр “К ” ХХК-д хандан “Явган хүний замын тухай” шаардлага мэдэгдэл[9], Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/3795 тоот албан бичгээр мөн тус компанид авто зогсоолыг чөлөөлж, ногоон байгууламж байгуулах, явган болон унадаг дугуйтай хүн зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг мэдэгдсэн мэдэгдэл[10], Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/5208 тоот албан бичгээр тус компанид “... зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх ... ажлын хүрээнд танай компани гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэж байна” гэх агуулгатай мэдэгдлийг[11] тус тус хүргүүлж байсан.

1.9. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-06/3156 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “К ” ХХК-ийн эзэмшлийн газрын кадастрын өнгөт зургаар[12] уг компанид олгосон газрын эзэмших эрхийн зөвшөөрөлтэй талбайгаас тус компанийн хэтрүүлэн ашиглаж байгаа талбай нь 584 м.кв байгаа болох нь харагдана.

1.10. Дээрх хэтрүүлэн ашиглаж байгаа 584 м.кв талбайг зориулалтын бусаар буюу автомашины зогсоол барьж ашиглаж байгаагаас /зүй нь явган хүний болон дугуйн зам байх ёстой/ тухайн замаар дайран өнгөрөхөд нэхэмжлэгчид, бусад явган болон унадаг дугуйтай хүмүүст байнгын эрсдэл учирч, хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг Нийслэлийн Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд чөлөөлүүлэх мэдэгдэл гаргаж, чөлөөлүүлэх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын болон хариуцагчийн эс үйлдэхүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдсөн эсэх талаар:

Захиргааны эрх зүйн /материаллаг болон процессын/ хүрээнд нийтийн эрх зүйн субъектив эрх нь суурь ойлголт байдаг бөгөөд захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд нийтийн эрх зүйн субъектив эрхийг “иргэн, хуулийн этгээдийн зүгээс өөрийн тодорхой ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд төрд хандаж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зохих үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг шаардах эрх” гэж үздэг.

2.2. Нийтийн эрх зүйн субъектив эрхийн үүсэх нэг үндэслэл нь объектив эрх байдаг бөгөөд объектив эрх гэдэг нь хууль тогтоогчийн баталсан хууль дахь эрх зүйн хэм хэмжээнүүд болно.

2.3. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заажээ. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн байна.

2.4. Дээр дурдсан объектив эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийг авч үзвэл “... зохих зөвшөөрөлгүйгээр ... газрыг дур мэдэн эзэмшсэн бол ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх” үүрэгтэй, мөн хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

2.5. Дээрх эрх зүйн хэм хэмжээнд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд нэг талаас холбогдох Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субъектив эрхтэй гэж үзнэ.

2.6. Нэхэмжлэгч А.Бын тухайд дараах хоёр үндэслэлээр субъектив эрх хэрэгжүүлэх этгээд төдийгүй субъектив эрх нь зөрчигдсөн этгээд мөн гэж шүүх үзлээ. Нэгдүгээрт, захиргааны байгууллага /тодруулбал, Нийслэлийн Засаг дарга/ өөрийн чиг үүрэгт хамаарах асуудал буюу Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг мэдсэн байх тул уг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй этгээд мөн гэж үзнэ, хоёрдугаарт, нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай ойр байрлах АО тоотод оршин суудаг, маргаан бүхий газраар тодорхой зорилготойгоор явганаар болон унадаг дугуйгаар удаа дараагийн давтамжтайгаар зорчдог болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул субъектив эрх хэрэгжүүлэх этгээд байх төдийгүй субъектив эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмчлөлийн гар утсанд суулгасан “Health” аппликэйшн дээрх тэмдэглэлүүдээс[13] үзэхэд тэрээр маргаан бүхий газраар явганаар болон унадаг дугуйгаар явдаг болох нь тэмдэглэгдэн үлдсэн, мөн түүний гар утсанд хийсэн үзлэгээр[14] 2020 оны 06-09 дүгээр сард, 2021 оны 02, 04, 05-07 дугаар сард дугуйгаар явахдаа маргаан бүхий газрыг дайрсан, тухайлбал, 2020 оны 09 дүгээр сарын 12, 19, 26, 2021 оны 02 дугаар 19, 20, 04 дүгээр сарын 18, 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 04, 21, 08 дугаар сарын 08, 10, 11, 13, 24-ний өдөр маргаан бүхий газраар дайрсан гэх зэргээр удаа дараагийн давтамжтайгаар маргаан бүхий газраар дайрч явдаг болох нь тогтоогдсон болно.

2.7. Мөн түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газраар явганаар болон дугуйгаар дайрч гарах тохиолдолд явган хүний болон дугуйн зам тасарч, автомашины зогсоол гарч ирснээр замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, Үндсэн хуулиар бэхжүүлэн хамгаалсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсдэг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байгаагаас гадна энэхүү зөрчигдөж буй субъектив эрхээ шүүхийн журмаар сэргээлгэхээр хандах онцгой ашиг сонирхол давхар үүссэн байна гэж үзлээ.

2.8. Шинжлэн судалсан гар утасны “Health” аппликейшн нь сансраас газрын байршлыг харуулсан ойлгомжтой бөгөөд тодорхой зураглалтайгаар харагдаж байх тул кадастрын зургийн нэгэн адил нотлох баримтын шаардлага хангана гэж шүүх үзэж, үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

2.9. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар:

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж хууль бусаар газар эзэмшигчээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай заасан. Иймд “К ” ХХК ... эзэмших эрх бүхий газарт хамааралгүй, нийтийн эдэлбэрийн явган хүний болон дугуйн зам бүхий газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг тус компанид хүргүүлэх, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг хүсч байна ...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.

2.10. Энэхүү хүсэлтэд нь Нийслэлийн Засаг дарга Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний дотор хариу өгөх байсан боловч хариу ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй орхигдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу эс үйлдэхүй болно.

2.11. Түүнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 30 хоногт багтаан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар маргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2.12. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “К ” ХХК-д хандан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/5208 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч мэдсэнээс хойш  нэхэмжлэл гаргах хугацааг тоолох ёстой гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь, тухайн үйл баримтыг мэдсэнээс хойш биш, харин хуулиар олгосон чиг үүрэг бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргад албан ёсоор хандсан үйл явдлаас хойш хугацааг тоолох нь үндэслэлтэй юм.

2.13. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэгэнт биелүүлсэн гэх үндэслэлийн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбарт “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/1255 тоот албан бичгээр “К ” ХХК-д хандан “Явган хүний замын тухай” шаардлага мэдэгдэл[15], Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/3795 тоот албан бичгээр мөн тус компанид авто зогсоолыг чөлөөлж, ногоон байгууламж байгуулах, явган болон унадаг дугуйтай хүн зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг мэдэгдсэн мэдэгдэл[16], Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/5208 тоот албан бичгээр тус компанид “... зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх ... ажлын хүрээнд танай компани гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэж байна” гэх агуулгатай мэдэгдлийг тус тус явуулснаараа нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт биелүүлсэн гэж маргасан.

2.14. Энэхүү тайлбар нь дараах байдлаар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Нэгдүгээрт, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл өгөх чиг үүрэг бүхий этгээдийг заахдаа “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга” гэж туйлын тодорхой зааж өгсөн байна. Хэдийгээр  Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн агентлаг байсан, одоо байгаа боловч тэдгээрийг Нийслэлийн Засаг дарга гэж үзэхгүй. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг даргаас эрхийн шилжүүлгийн үндсэн дээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох орон нутгийн агентлагуудад эрх шилжүүлэх боломжтой хэдий боловч Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж зааснаас үзвэл Газрын тухай хуульд газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгөх Засаг даргын эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн зохицуулалт байгаа тохиолдолд тухайн эрхийн шилжүүлэг зөвшөөрөгдөнө.

2.15. Гэтэл Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтад, тухайлбал 57 дугаар зүйл болон бусад хэсэгт мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан Засаг даргын эрхийг аль нэг агентлаг болон бусад этгээдэд шилжүүлж болохыг зөвшөөрсөн хэм хэмжээ тогтоогдохгүй байна. Ийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дэвшүүлсэн “2019 онд баталсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүрмээр Нийслэлийн Засаг даргын дээрх эрх хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба өөртөө шилжүүлэн авсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

2.16. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хэдийнээ биелүүлсэн гэх тайлбарууд үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байна.

2.17. Зохих зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэлийн талаар:

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газрыг ... дур мэдэн эзэмшсэн ...” байх урьдчилсан нөхцөл тавигдаж байгаа бөгөөд “К ” ХХК нь өөрийн эзэмших эрхтэй газраас 584 м.кв газрыг зохих зөвшөөрөлгүйгээр автомашины зогсоол болгон ашиглаж байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.[17]

2.18. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс дээрх үйл баримтыг няцаагаагүй, няцаах шинжтэй нотлох баримтуудыг зааж мэтгэлцээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2.19. Тиймээс “К ” ХХК нь дээрх дурдсан 584 м.кв талбайг автомашины зогсоолын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нь хуульд нийцээгүй байх тул албадан чөлөөлүүлэх мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга өгөх чиг үүрэгтэй гэж үзнэ. Энэ үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүйд хамаарна гэж дүгнэх үндэслэлтэй.

2.20. Харин талуудын хооронд дэвшүүлэн мэтгэлцсэн “нийтийн эдэлбэрийн газар мөн эсэх ” тухай асуудал нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт хамаарах албадан чөлөөлүүлэх үйл баримтад ач холбогдолгүй буюу хамааралгүй байх бөгөөд харин “К ” ХХК-ийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан талбай нь анхнаасаа Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нийтийн эдэлбэр газар буюу явган хүний зам, унадаг дугуйн хэсэг байхаар төлөвлөгдсөн байсан болох нь нотлох баримтаар[18] тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

2.21. Мөн Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй:” гэж нийтийн захиргааны байгууллагын буюу цагдаагийн байгууллагын чиг үүргийг заасан байх бөгөөд мөн зүйлийн 59.1.1 дэх заалтад “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах;” гэж зааснаас үзвэл цагдаагийн байгууллага нь газрыг албадан чөлөөлүүлэх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг биелэлтийг хангах нийтийн захиргааны чиг үүрэгтэй байгууллага болох нь тогтоогдож байна.

Гурав. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тухай:

3.1. Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5 дахь заалтуудад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан.

3.2. Шүүх тус хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааны мэтгэлцээнээс өмнө гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5 дахь заалтуудад заасан үйл баримтууд тогтоогдсон гэж үзэх боломжгүй буюу шүүх хуралдааны мэтгэлцээний үед тэдгээр үйл баримтууд байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 59.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Бын гаргасан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамж, Э хотхонд үйл ажиллагаа явуулдаг О худалдааны төвийн автомашины зогсоолоос “К ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 метр квадрат газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 метр квадрат газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] - Хоёрдугаар хавтаст хэргийн 6 дахь тал. “Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга”. Нэхэмжлэгч 2020.05.27 гэж огноог буруу бичсэн байсныг шүүгч тодруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2021.05.27” гэж шүүх хуралдаан дээр зөвтгөсөн болно.

[2] - Нэгдүгээр хавтаст хэргийн 4 дэх тал

[3] - Нэгдүгээр хавтаст хэргийн 102-105 дахь тал

[4] - Нэгдүгээр хавтаст хэргийн 106-109 дэх тал

[5] - Нэгдүгээр хавтаст хэргийн 90-94 дэх тал

[6] - Нэгдүгээр хавтаст хэргийн 11 дэх тал

[7] - Нэгдүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал

[8] - Нэгдүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал

[9]  - Нэгдүгээр хавтаст хэргийн 178 дахь тал

[10] - Нэгдүгээр хавтаст хэргийн 179 дэх тал

[11] - Нэгдүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал

[12]-  Нэгдүгээр хавтаст хэргийн 244 дэх тал

[13]- Нэгдүгээр хавтаст хэргийн 14-35 дахь тал

[14]- Хоёрдугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал

[15]- Нэгдүгээр хавтаст хэргийн 178 дахь тал

[16]- Нэгдүгээр хавтаст хэргийн 179 дэх тал

[17] - Нэгдүгээр хавтаст хэргийн 244 дэх тал, 1Хх 220-235 дахь тал, 2Хх 17-20 дахь тал

[18] - Нотлох баримт хавтас дахь “Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамж, Гандийн гудамжны уулзвараас урагш Их Тэнгэрийн ам хүртэл автозамын шинэчлэлтийн ажлын зураг”.