Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0349 дугаартай шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0304/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Боос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдууланЭрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0349 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. …Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг дордууллаа.

Г.Б нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаартай хууль бус тушаалаар ажлаас халагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 0794 дугаартай шийдвэр гарч, нэхэмжлэлийн зарим шаардлага болох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Эрүүл мэндийн Төрийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэсэн.

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлал гаргаж, ЗХШХШТХ ийн 120-р зүйлийн 120.3-д заагдсанаар 0794 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж ЗХШХШТХ ийн 106.3.11-д заасныг баримтлан “… Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилсөн. Мөн “… ЗХШХШТХ-ийн 107.6-д заагдсанаар шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж өгсөн.

3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны 0038 дугаартай магадлалын “Хянавал” хэсгийн 17 дугаарт “Харин нэхэмжлэгч Г.Б нь ямар тушаалд, ямар зэрэг дэвтэй, ямар цалингийн шатлалаар цалинжих нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулж буй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, тухайн албан тушаалд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх талаар маргаан бүхий албан тушаалд тодорхой тусгаагүй зэрэг нь тухайн акт хэрхэн, яаж хэрэгжих нь ойлгомжгүй, актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул …” гээд “… Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар ТУШААЛЫГ дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэсэн байдаг.

3.4. Шинэ актыг хэн гаргах талаар тус шүүхээс маргааныг шийдвэрлэж 0038 дугаартай магадлал гаргасан хуралдаан даргалагч шүүгч Э.Л, бүрэлдэхүүний шүүгч Т.Э, илтгэгч шүүгч Н.Д нарт хандан шүүхээс тайлбар хүссэн бөгөөд 2024.09.05-ны өдөр 20810 дугаартай албан бичгээр хариуг Ж.А-д хүргүүлэхдээ “… Тодруулбал хариуцагч захиргааны байгууллагаас дээрх магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш уг магдалалаар тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй энэ тохиолдолд гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаал хүчингүй болсон гэж үзэхээр байна” гэж товч тодорхой хариуг өгсөн.

Энэхүү албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг 0038 дугаартай магадлалын 17-рт заагдсан үндэслэлээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хуульд нийцүүлэн өөрчлөн шинэ акт гаргах үүрэгтэй байсан гэдэгтэй эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч нар маргахгүй биз ээ.

3.5. Нэгэнт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0038 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад шууд хаяглан 2024.06.27-ны өдрийн 59 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” мэдэгдлийг болон 2024.06.25-ны өдөр 128/11132024/5433 дугаартай “Шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж бичигдэж, хариуцагчид хүргэгдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарна гэдэгт итгэнэ.

3.6. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2025.06.26-ны өдрийн Дугаар 128/ГХ2024/0226 тоот “Гүйцэтгэх хуудас”-ыг хүргүүлж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн, одоо ч үргэлжилж буй. Гүйцэтгэх хуудас нь ХАРИУЦАГЧ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн гэдэгтэй эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч нар маргахгүй биз ээ.

3.7. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31 ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хуульд нийцүүлэн шинэ акт гаргах үүрэгтэй, шүүхэд хариуцагчаар татагдсан этгээдэд л зориулагдан төлбөр төлөгч гэж гүйцэтгэх хуудас бичигддэг, энэ нь шүүхэд маргаан бүхий актын хариуцагчаар татагдсан этгээд болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болохтой эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч нар маргахгүй биз ээ.

3.8. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож шинэ акт гаргах талаар маш олон албан тоотууд илгээж, шүүхийн шийдвэр биелүүлж шинэ акт гаргахыг шаардсан боловч ЗХШХШТХ ийн 12.2-д заагдсанаар ... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг огтхон ч биелүүлээгүй байгааг анхаарна уу.

3.9. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2024.03.15-ны өдөр 001/XT2024/0031 тоот тогтоолоор маргаан эцэслэн шийдэж, ингэхдээ ЗХШХШТХ-ийн 127.2,127.2.1-д заагдсаныг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны Өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн ба ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А миний бие Дээд шүүхийн 0031 дугаартай тогтоолтой танилцаад, шүүх хуралдааны видео бичлэгийг авч хуулбарлан авч нягтлан үзээд илтэд ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн, магадлалд ЗХШХШТХ-ийн 127.2.2 “шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах”, 127.2.3 д заагдсанаар “…. эсхүл өөрчлөх” гэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалд өөрчлөлт оруулсан эсэхээ тайлбарлаж өгөөч хэмээн хүсэлт гаргахад 2024.06.07-ны өдөр 04/3610 дугаартай албан бичгээр “…… ЗХШХШТХ-ийн 127.2.10 заасныг удирдлага болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн буюу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Б/113 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулаагүй болно. ... гэсэн утга бүхий ТОВЧ ТОДОРХОЙ хариуг өгсөн.

3.10. Гэтэл анхан шатны шүүх 2025.05.13-ны өдөр 0349 дугаартай шийдвэр гаргахдаа “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн буюу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Б/113 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулаагүй гэсэн МУДШүүхийн Захиргааны танхимын маргааныг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний 04/3610 дугаартай албан бичгийг анхаарч үзэлгүй, шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчиж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын талд илтэд үйлчилсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгч Г.Бын эрх зүйн байдлыг илтэд дордуулсанд гомдолтой байна.

3.11. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2024.03.15-ны өдөр 001/ ХТ2024/0031 тоот тогтоолыг гаргаж, Тогтоох хэсгийн 1-р заалтад “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, түүний төлөөлөгч Ж.А, А.Э нарын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай” гэдэг бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15- ны өдрийн 221/MA2024/0038 дугаартай магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 17 дахь заалт, “ТОГТООХ” хэсгийн 1-р заалтыг хэвээр үлдээсэн гэж ойлгогдоно гэдгийг, энэ нь шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмын хүрээнд гарсан шийдвэр гэдгийг эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч нар маргахгүй биз ээ.

3.12. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.13-ны өдрийн 128/ШШ2025/0349 дугаартай шийдвэрийн 2.5-д бичигдсэн “.... маргаж байсан тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн ба тус байгууллагаас дээрх тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон байхад шинэ акт гараагүй, өмнөх 2023.03.31 ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаал хүчингүй болсон хэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй” гэснийг огт ойлгоогүй.

3.13. Энэ нь дээр дурдсан Шүүхэд хариуцагчаар татагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шинэ актыг хэн гаргах уу, эсхүл хэргийн оролцогч бус этгээд болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Шинэ акт гаргах эсэх талаар давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэж 0038 дугаартай магадлал гаргасан даргалагч шүүгч Э.Л, бүрэлдэхүүний шүүгч Т.Э, илтгэгч шүүгч Н.Д нарт хандан шүүхээс тайлбар хүссэн 2024.09.05-ны өдөр 20810 дугаартай албан бичгээр хариуг Ж.А ирсэн хариу болох “… Тодруулбал хариуцагч захиргааны байгууллагаас дээрх магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш уг магадлалаар тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй энэ тохиолдолд гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаал хүчингүй болсон гэж үзэхээр байна” гэж товч, тодорхой хариутай зөрчилдөж, хуулийг эрх мэдэлтний талд үйлчлүүлдэг болсон нь харагдаж байна.

3.14. Энэ нь хуулийг илтэд буруугаар тайлбарлаж, төрийн эрх бүхий албан тушаалтнууд илтэд үйлчилж, цаашид хуулийн гажиг үүсгэж, төрийн жинхэнэ албан хаагчийг дарамталж, албан тушаалыг булааж авахын тулд ашиг сонирхлын зөрчлөөр хуульд заагдсан үндэслэлийг зөрчиж, хууль зөрчин өөр байгууллагад хүчээр шилжүүлдэг, улмаар хэргийн оролцогч бус этгээд болох төрийн байгууллага нь урьдчилан тохиролцоогүй байж дээд байгууллагын заавраар ажилд томилсон тушаал гаргасан болж үгсэн хуйвалддаг, хүсээгүй хүнийг хүчээр шилжүүлдэг гаж тогтолцоо тавигдахын эхлэл болжээ гэж үзэхэд хүрлээ.

3.15. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.13-ны өдрийн 128/ШШ2025/0349 дугаартай шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хуулийн, Дөчин есдүгээр зүйл. 1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэснийг, Шүүхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2 хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх; 4.1.3. хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх; 4.1.4. шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, 6 дугаар зүйл. Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах 6.1.Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.2.1. хуульд үндэслэх гэснийг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.1. “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг; 12.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 17.4. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ, 7 дугаар зүйл. Шүүх нотлох зарчим 7.1.Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. 32.1. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, гэснийг тус тус зөрчсөн.

3.16. Шүүх Хавтаст хэргийн 97-р талд НШШГГ-аас 2025.02.07-ны өдөр 01/1334 дугаартай албан бичгээр “…шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар …” лавлагаа авахад 98-р талд НШШГГ-аас 2025.02.14-ний өдөр 4-229/4423 дугаартай албан бичгээр “…төлбөр төлөгч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, төлбөр авагч Г.Б нарт холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно” гэснээс үзэхэд Шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль дээдлэх зарчмыг нягт нямбай баримталж, А.М шүүгчийн үзээд байгаагаар хэргийн оролцогч бус, энэ маргаанд ямар нэгэн үүрэг хариуцлага оногдоогүй этгээд болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024.06.12-ны өдрийн 105 дугаартай “Г.Быг албан тушаалд томилох тухай” тушаалыг хариуцагч этгээдээс шинэ акт гаргасан гэж үзэхгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байгааг захиргааны шүүхэд мэдэгдсээр байхад эрх мэдэлтэй албан тушаалтанд илтэд үйлчилсэнд харамсаж байна.

3.17. Энэ 105 тоот тушаалыг Г.Бод мэдэгдээгүй, албан ёсоор гардуулаагүй, энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалд заагдсан ажиллагаа хийгдэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шинэ акт гаргасан гэж үзэх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх хуралдаанд хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргахдаа “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн Дарга Г.Быг Эрүүл мэндийн яамны цалингаар нь цалинжуулах чиглэл өгсөн нь хуульд нийцнэ” гэж тайлбарлаж байгааг огт ойлгоогүй.

3.18. Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон Нутгийн бүх байгууллага; гэдэг нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заагдсаны дагуу Эрүүл мэндийн яам нь төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд харин 5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага гэдэг нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заагдсаны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь төрийн захиргааны байгууллага байх бөгөөд тус тусдаа хуулиар үйл ажиллагааг нь зохицуулдаг байгууллагыг нэг хариуцагч мэтээр тайлбарлаж, Г.Бод зориулж шинэ акт гаргасан, мөн Г.Бын цалин хөлсийг Эрүүл мэндийн яамны цалингийн зиндаа шатлалаар насан туршид цалинжуулах үүрэгтэй гэж үзээд байгааг нь ямар хуулийг үндэслээд байгааг ингэж ойлгоод байгааг гайхаж буй тул давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

3.19. Нийслэл дэх захиргааны шүүхээс Г.Б нь гүйцэтгэх хуудас хүсэж хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудас, албан бичгүүд нь Г.Бын гараар дамжаагүй шууд хариуцагч байгууллага Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шууд хүргэгдсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт алга байгаа нь анхан шатны шүх ЗХШХШТХ-ийн 7-р зүйлд заагдсан “Шүүх нотлох зарчим”- аа хэрэгжүүлээгүй болохын нотолгоо. Гүйцэтгэх хуудас нь нэхэмжлэгчийн сонгосон, маргаан бүхий актыг гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдон бичигдсэн болохоос хариуцагч биш Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт төлбөр төлөгчөөр бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй гэдэгт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх буй заа.

3.20. Нэхэмжлэгч Г.Б нь Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шинэ акт гаргах ёстой гэсэн зарчмыг барьж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгүүлж байхад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2025.05.02-ны өдөр 2/1868 тоот албан бичгээр Эм эмнэлгийн хэрэгслийн газарт Г.Быг мэргэжилтнээр Яамны цалингаар цалинжуулах үүрэг өгсөн гэх утгатай албан бичгийг үндэслэж ШИНЭ АКТ ГАРГАСАН БАЙНА Гэж анхан шатны шүүх үзсэн нь албаны эрх мэдэлд үйлчилж, хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх зарчим алдагдаж, төр иргэний тэнцвэрт байдал хумигдсан гэж үзэж байна. Мөн энэхүү ЭМЯ-ны ТНБДаргын 2024.05.02-ны өдөр 2/1868 тоот албан бичиг нь эрх зүйн ямар үр дагавар үүсгэх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 39.1-д нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж өгнө үү.

3.21. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалын 17-р зүйлд заагдсан “… Б нь ямар албан тушаалд, ямар зэрэг дэвтэй, ямар цалингийн шатлалаар цалинжих нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулж буй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, тухайн албан тушаалд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх талаар маргаан бүхий актад тодорхой тусгаагүй зэрэг нь тухайн акт хэрхэн, яаж хэрэгжих нь ойлгомжгүй, актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул …” гэсэн нөхцөл байдлыг шинэ актадаа тодорхой тусгаж, Гүйцэтгэх хуудаст бичигдсэн үүрэг болох маргаан бүхий акт болох Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хүчингүй болгох учиртай байсан эсэхэд Үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.

3.22. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа алдагдсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар Г.Б нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус Газраас 2025.03.14-ний өдөр 04/602 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх” албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танаа гээд “..... Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.31 ний өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаал хүчингүй болсон тооцохоор байна. Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, ыг холбогдох албан тушаалд томилж, төрийн албаны зөвлөлд 2025.03.01-ний дотор ирүүлнэ үү. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй удах тусам төрд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг анхаарна уу” гэж илгээж байсан. Энэ нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ТАЗ-ийн шийдвэр биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг нэг мөр ойлгож хэрэглэхгүй, ашиг сонирхлын зөрчлөөр тайлбарлаж байгаагаас харагдаж байна. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай Төрийн албаны зөвлөлийн 2025.03.14-ний өдөр 04/602 тоот "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх" албан бичгийг үндэслэж биелүүлэх талаар ЭМЯ-нд 2025.04.22-нд Г.Б очиж уулзахад “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг төлөх боломжтой, бусад зүйлсийг бичгээр саналаа өг” гэсний дагуу Г.Б нь ажилгүй байсан хугацааныхаа цалингийн 50%-ийг авах, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалд зохих бичилт хийлгэж, ажилдаа эгүүлэн томилуулах саналаа бичгээр өгсөн болно.

3.23. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий нь анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2025.02.20-ны өдөр 128/ШЗ2025/1310 дугаартай захирамж гаргахдаа, үндэслэлдээ “…. Үүний дараагаар 3 сарын хугацаа өнгөрсөн боловч хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргаагүй учир …” гэж дүгнэж байсныхаа эсрэгээр шийдвэр гаргасан нь шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна.

3.24. Иргэний хуулийн 3.7.Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэсэн заалт байх бөгөөд Эрүүл мэндийн яам нь Төрийн захиргаа удирдлагын газрын харьяа Хуулийн хэлтэстэй атал, Дээд шүүх 2024.03.15-ны өдрийн 0031 тоот тогтоолыг гаргаж, уншиж танилцуулахдаа “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлал хэвээр үлдээсэн” гэдгээ ЗХШХШТХ-ийн 108.2-д заагдсанаар Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно гэсний дагуу тайлбарлаж өгснийг мэдсээр байж Г.Быг илтэд хохироож ажил ч үгүй, цалин ч үгүй үлдээж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйл Хуулийн зорилт, 1.1-д заагдсан …хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах … болно. зарчмыг зөрчиж албан тушаалтны өмнө иргэн хүчгүйдсэн шударга бус явдал

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.13-ны өдрийн 128/ШШ2025/0349 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч Г.Боос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдууланЭрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.2. Анх нэхэмжлэгч Г.Боос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12.099.969,00 хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасныг,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргасныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж тус тус заажээ.

4. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалаар:

...хэдийгээр хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан үндэслэлээр “төрийн албанаас халах”-аар сонсох ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгчийн бичгээр гаргасан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах” хүсэлтийг хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй...,

... тусгай зөвшөөрлийг өмнө нь Эрүүл мэндийн яам хариуцдаг байсан ч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.13.15 дахь заалтаар тус чиг үүргийг Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулсан. Үүнтэй холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт дээрх чиглэлийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцаж ажиллах албан хаагчийн албан тушаалыг шинээр бий болгож, газрын бүтэц, орон тоонд томилох зайлшгүй шаардлага үүссэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн...,

...харин нэхэмжлэгч Г.Б нь ямар албан тушаалд, ямар зэрэг дэвтэй, ямар цалингийн шатлалаар цалинжих нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулж буй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тухайн албан тушаалд ямар чиг үүрэг гүйцэтгэх талаар маргаан бүхий тушаалд тодорхой тусгаагүй зэрэг нь тухайн акт хэрхэн, яаж хэрэгжих нь тодорхойгүй байна” гэх үндэслэлээр дээрх нөхцөл байдлуудыг тодруулан хуульд нийцсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж маргаан бүхий уг тушаалыг 3 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлэхээр холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн болох нь “Эрүүл мэндийн яамны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/1868 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/782 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/9523 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/138-Ө дугаар албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/967 дугаар албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/105 дугаар тушаал зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Энэ талаарх анхан шатны шүүхийн “...шилжүүлэн авч буй захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилсон шийдвэр гаргах хүртэл өмнө маргаж байсан тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн ба тус байгууллагаас нь дээрх тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон байхад шинэ акт гараагүй, өмнөх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаал хүчингүй болсон гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй” хэмээн дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.

6. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Г.Быг албан тушаалд томилох тухай Б/105 дугаар тушаалаар Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын Ахуйн, шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх, худалдах тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс томилж, үндсэн цалинг ТЗ-7 албан тушаалын ангилал зэрэглэлд хамааруулж 1,757,000 төгрөгөөр тогтоож” шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлуудыг тодруулан, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж, тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоол гарсан өдрөөс эхлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/105 дугаар Г.Быг албан тушаалд томилох тухай тушаалыг гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг зөрчөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүй нь хууль бус гэж буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН