Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00214 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Б,

Хариуцагч ОӨУБЕГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 4 785 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОӨУБ газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.

Ажил албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Дээрх шийдвэр гарснаас хойш ажилд томилсон ОӨУБ газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/171 тоот тушаал гарсан өдөр хүртэл 8 сарын хугацааны цалин олговорт 4.785.968 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б ОӨУБ газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Тухайн үед байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тэтгэмж олгох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/346 дугаар тушаалын хавсралтын дагуу Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Бд тэтгэмж 3 286 554 төгрөгийг олгосон. Манай байгууллага Ш.Бд нийт 7 720 986 төгрөгийг олгосон бөгөөд шүүхийн шийдвэрээс хойш ажилд орох хүртэл ажлын 60 хоногийг нэг өдрийн цалин 26 170 төгрөгөөр тооцож нийт 1 612 500 төгрөгийг Ш.Бд өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ өмнө олгосон тэтгэмж болох 3 286 554 төгрөгөөс хасаж тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОӨУБ газраас 3 198 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 587 843 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/346 дугаар тушаалын хавсралтын 24 дүгээрт Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ш.Бд тэтгэмж 3 286 554 төгрөгийг олгохоор шийдвэрлэж уг мөнгийг олгосон. Манай байгууллага Ш.Бд нийт 7 720 986 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч Ш.Б шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орсон тул ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгож олгосон 3 286 554 төгрөгийг ажил олгогчид буцааж өгөх ёстой. Иймээс шүүхийн шийдвэрээс хойш ажилд орох хүртэл ажлын 60 хоног байна, түүний нэг өдрийн цалин нь 26 170 төгрөг гэж тооцоход нийт 1 612 500 төгрөгийг Ш.Бд өмнө олгосон тэтгэмж болох 3 286 554 төгрөгөөс хасаж тооцож олгохыг зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учир шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ш.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 785 968 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/346 дугаар тушаалаар олговол зохих нөхөн төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлан маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр Ш.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 434 432 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар биелүүлж ОӨУБ газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Ш.Бг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олговрыг авах эрх үүснэ. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 3 сар 29 хоногийн олговорт 3 198 125 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн цалин хөлсийг тодорхойлсон заалтыг шүүхийн шийдвэрт баримталсан нь оновчгүй байх тул олговор шаардах эрхийн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан асуудлаар маргаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Бд 3 286 554 төгрөгийн тэтгэлэг олгох тухай Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаал байгаа боловч уг тэтгэлгийг олгосон талаарх санхүүгийн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47 дугаар зүйлийн 47.1” гэснийг “69 дүгээр зүйлийн 69.1” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ