Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/312

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2303001690143 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймаг Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймаг *** сум *** дугаар баг *** д оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард аюушийн өргөн чөлөө Гэмтэл согог судлалын хойд замд Toyota Prius маркийн *** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4-т заасан “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох ***ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал. /хэргийн 4-5 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-11 дэх тал/

Хохирогч ***ын “... Би 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хичээлээ тараад гэртээ харихаар Гэмтлийн эмнэлгийн хойд замын явган хүний гарцаар гарахаар явж байсан. Тухайн үед цаг ойролцоогоор 19 цаг 45 минут болж байсан санагдаж байна.

Тэгээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн. Би тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс болж газарт унасан. Тэр намайг мөргөсөн машин Toyota Prius маркийн машин байх шиг байсан. Тухайн явган хүний гарц нь гэрэл дохиогүй гарч байсан. Намайг мөргөсөн машины жолооч мөргөсөн тээврийн хэрэгслээрээ Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн ба тэр жолооч намайг эмнэлэг дээр орхичхоод явчихсан. Тэр жолооч гар утсаа цэнэглээдэхье гэж хэлээд 2 удаа гарч явсан ба 3 дахь удаагаа надад юм хэлэхгүй гараад явчихсан.

... Баруун хөл өвдөгний үе хэсгээрээ хугарсан. Баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл, нуруу зулгарч, баруун ташаа хэсгээр хавдартай, дээд уруул хагарсан. Зүүн өвдөгний үеэр хавдсан. Хамар хавдаж хөндүүрлэсэн гэсэн гэмтэлтэй байгаа.

Яг одоогийн байдлаар 383,500 төгрөгийн зардал гарсан байгаа. Баримтыг гаргаж өгнө. Тухайн жолоочоос мөнгө өгөөгүй.

Гомдолтой байна. Эрүүл мэнд цаг хугацаагаараа хохирч байна. Хичээлдээ болон нэмэлт сургалтадаа явж чадахгүй байна. Ажлын ярилцлагад оролцох байсан оролцож чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3477 дугаартай:

“...1. ***ын биед баруун шилбэний шаант ясны гадна булууны цөмөрсөн далд хугарал, хамрын нуруу, баруун тохой, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 28-29 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний №3336 дугаартай түүхийн хуулбар. /хэргийн 72-81 дэх тал/

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №39182046 дугаартай:

“...1.Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, хурдны хайрцагийн ажиллагаа, зогсоолын тоормос зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун гар талын урд, баруун гар талын хойд талын дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй 0 мм, баруун хойд талын дугуй зуны улирлын, баруун зүүн гар талын их гэрлийн суурь хагарсан, дуут дохио ажиллахгүй, урд копуд үзүүр ирмэг хэсгээрээ хонхойсон, урд салхины шил баруун талдаа хагарч бяцарсан, баруун урд арыг харах толь сууриараа хугарсан, өнгө үзэмж муу, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, зүүн хойд хаалганы бариул байхгүй, зүүн урд талын крыло хонхойсон, экологийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 36-42 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 388 дугаартай:

“...Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Toyota Prius маркийн *** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 3.1 “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальт наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 45-47 дахь тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “... Би тэр хүнийг хараагүй. Гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэр хүнийг машинаараа мөргөж тэр үед л урдаасаа хойшоо зам хөндлөн гарч байсныг харсан.

... Гадаа харанхуй болсон байсан ба зам гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэг ассан байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын нөхцөл байдал хэвийн байсан. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тэмдэг тэмдэглэлтэй байсан. Тухайн осол гарах үед би тэмдэг, тэмдэглэлийг хараагүй. Сүүлд нь харахад тэмдэг тэмдэглэлтэй явган хүний гарц байсан.

... Шинжээчийн дүгнэлтүүд магадлагаатай танилцсан хүлээн зөвшөөрч байна. Мөн би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард аюушийн өргөн чөлөө Гэмтэл согог судлалын хойд замд Toyota Prius маркийн *** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ыг мөргөж биед баруун шилбэний шаант ясны гадна булууны цөмөрсөн далд хугарал, хамрын нуруу, баруун тохой, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын цус хуралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь Toyota Prius маркийн *** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу явган зорчигч ***ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3477 дугаартай дүгнэлтээр

тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүхэд хохирогч ***аас “ ... жолооч *** нь хохирлын төлбөрт 5,000,000 төгрөг хүлээлгэн өглөө”. ... Одоо Хишгжаргал бид хоёрын хооронд төлбөр тооцоо гомдол, санал байхгүй болно”  гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ