Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/366

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305005900417 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт *** дүүрэг *** дугаар хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/1492 дугаартай тогтоолоор дууссан, ***.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *** дүүрэг *** дугаар хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** дүүрэг *** дугаар хороо *** гудамж ***  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Апекс худалдааны төвийн 302 тоотод байрлах *** дэлгүүрээс 2,550,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй гэв.

                                                       

Хохирогч П.***гийн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс худалдааны төвийн 3 давхрын 302 тоот *** нэртэй шубаны лангуун дээрээ байхад нэлээн хэдэн хүмүүс орж ирээд би хүмүүст даавуу зарах гээд торлоод байж байхад үл таних өндөр, нам хоёр эмэгтэй хүн орж ирсэн. Би тухайн үедээ бараагаа зараад тооцоо хийж байсан тул нээх анзаараагүй. Удалгүй нөгөө хоёр эмэгтэй 1-2 минутын дотор буцаад гараад явчихсан. Тухайн өдрийн орой лангуу хаах гээд бараагаа тоолтол 1 шуба дутчихсан. Тэгээд маргааш нь захиралдаа хэлээд утсаар нь камерыг шүүлгэхэд өмнөх өдөр орж ирсэн хоёр үл таних эмэгтэй орж ирээд уутанд хийгээд гараад явж байгаа нь бичигдсэн байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан.

Тэр хоёр эмэгтэй масктай саравчтай малгатай байсан тул танихгүй. Ямар ч байсан нэг нь жижигхэн туранхай, нөгөөх нь өндөрдүү эмэгтэй байсан. Харвал танихгүй.

... 2,650,000 төгрөгөөр манай дэлгүүрт худалдаалагддаг байсан. Гомдолтой байна. Би ажил хийж байхдаа уг шубыг алдаж одоо захиралдаа цалингаасаа сар бүр мөнгө суутгуулж өгч байгаа. Зүгээр ажил хийж байгаад хүнд өрөнд орчихсон хэцүү байна. Би маш их гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-723/5854 дугаартай дүгнэлт. /хэргийн 26-28 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс худалдааны төв нь цайвар саарал өнгийн үйлчилгээний төв байх ба дотогш орж 302 тоот лангуунд шилэн хаалгаар дотогш орвол бор хүрэн өнгийн мод мэт материалан ханатай дотор булган шубанууд байх ба гэрчээр булган шуба алдагдсан хэсгийг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 32-34 дэх тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... 2 талын хяналтын камерын бичлэгийг хуулбарласан DVD-г 4.7 gb DVD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 37 дахь тал/

 

Камерын бичлэгийг хуулбарласан дискинд үзлэг хийсэн “... Хяналтын камерын цагаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 18 минутад цайвар өнгийн захтай цагаан өнгийн масктай хар малгатай эмэгтэй, хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн масктай, хар өнгийн куртик өмссөн эмэгтэйн хамт лангуу руу орж ирэх үеийг харуулав.

Тухайн хоёр этгээд нь лангуун дээр өлгөөтэй байх шубыг аван торонд хийж байх үеийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 38-39 дэх тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би 13 цагийн үед Хандармаатай Өргөө кино театрын ард уулзсан. Бид хоёр уулзаад 1 шил архи аваад байрны гадаа хувааж уусан. Архиа хувааж ууж дуусгачхаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс их дэлгүүр дотор орсон.

Бид хоёр дэлгүүрт ороод 3 давхарт 302 тоот лангуунд булган шуба зардаг лангуу байсан бөгөөд тухайн 302 тоот лангууны худалдагч нь өөр хүнд үйлчлээд бид хоёрыг харах завгүй байсан болохоор би лангуунаас нь 1 ширхэг шинэ булган шуба аваад Хандармаагийн үүрч явсан хар даавуун цүнхэнд хийсэн.

Тэгээд Хандармаа бид хоёр булга шубатай цүнхээ аваад Апекс дэлгүүрээс гараад явсан. Бид хоёр Хандармаагийн гэрт очоод 1 шил архи дахин хувааж уучхаад би хулгайлж авсан булган шубыг аваад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран 13 гудамж 382 тоот гэртээ очсон.

Надад тухайн булган шуба гоё харагдаад өмсөж, эдэлж хэрэглэж үзмээр санагдаад байсан болохоор би тухайн булган шубыг авч Хандармаагийн цүнх рүү хийсэн. Тухайн булган шубыг авч гараад Хандармаагийн гэрт очоод би өмсөж үзээд надаа таарч байсан болохоор би аваад гэр лүүгээ явсан.

... Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо барагдуулж булган шубыг буцаан өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50-51 дэх тал/

“... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 115 дахь тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... Сонормаа лангуунаас нь 1 ширхэг шинэ булган шуба аваад миний үүрч явсан хар даавуун цүнхэнд хийчихсэн. Тэгээд би Сонормааг миний цүнхэнд булган шубыг хийсэн даруйд нь цүнхнийхээ амыг хаагаад булган шубатай цүнхээ аваад Сонормаа бид хоёр Апекс дэлгүүрээс гараад явсан. Бид хоёр гараад манай гэрт очоод 1 шил архи дахин хувааж уучхаад Сонормаа хулгайлж авсан булган шубыг аваад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран 13 гудамж 382 тоот гэр лүүгээ явсан.

... Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо барагдуулж булган шубыг буцаан өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дахь тал/

“... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 109 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Апекс худалдааны төвөөр үйлчлүүлэх явцдаа 302 тоотод байрлах *** дэлгүүрээр оржээ.

Энэ үед худалдагчаар ажиллаж байсан П.***гийн сонор сэрэмжээ алдсан байдлыг далимдуулан дэлгүүрийн лангууны өлгүүрээс шүүгдэгч *** нь булган шубыг авч шүүгдэгч ***гийн барьж явсан даавуун цүнхэнд хийжээ.

Ингээд ***, *** нар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Апекс худалдааны төвөөс гарч явжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч П.***д 2,650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-723/5854 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.***д 2,650,000 төгрөгийн үнэ бүхий булган шубыг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 43 дахь тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ***д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн хувийн байдал буюу олон хүүхэдтэй, амьжиргааны түвшингээс доогуурт багтдаг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ***, *** нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

***г Сонормааг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, ***г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, *** нарыг зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***, *** нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ***, *** нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ