Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/367

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205031400259 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, ах, эгч, дүүгийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***

 

Шүүгдэгч Д.*** нь ***ы 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ данс андуурч шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэглээндээ зарцуулж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*** мэдүүлэхдээ:  “Би энэ мөнгийг надад өртэй хүн өгч байна гэж бодсон. Тухайн үед надад хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан. Өөр хүн андуурч мөнгө хийсэн гэдгийг мэдээгүй. 14 хоногийн дараа цагдаа залгаж хэлэхэд  энэ талаар би мэдсэн” гэв.

 

Хохирогч ***ы “... 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би урьд нь зүс мэдэх залуу болох Баярбаттай хамт Таван шарын замын урд талд таараад найзын машинд сууж юм ярьсан. Тэгээд удалгүй бид хоёр нийлээд 1 шил юм авч машинд нь тухайн авсан согтууруулах ундаагаа ууж эхлээд удалгүй дууссан.

Бид хоёр ярилцаж байгаад Таван шарын автобусны буудлын хажуу талд байдаг нэг уушийн газарт орохоор болоод тухайн газар хүний хоёр шил пиво уусан ба удалгүй тухайн газрын хаах цаг болж зөөгч нар нь тооцоогоо авч байсан бөгөөд манай ширээн дээр ирэхэд би тооцоо болох 300,000 төгрөг хийх гэж байгаад өөр данс руу 3,000,000 төгрөг буруу данс руу шилжүүлээд дараа нь тухайн газрынхаа тооцоог өгч гэртээ харьсан.

... 5065238794 гэсэн дугаарын Хаан банкны данс руу орсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29/7894 дугаартай албан бичиг. /хэргийн 27-31 дэх тал/

 

Хаан банкны 5065238794 тоот дансанд үзлэг хийсэн “... 1 хуудасны 13 дугаарт 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 04 цаг 10 минутад 005001109108 дугаарын данснаас 3,000,000 төгрөгийн зарлага 90130956 салбар дугаартай зарлага гарсан байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 32-33 дахь тал/

 

Д.***ын яллагдагчаар өгсөн “... 2022 оны 8 дугаар сард надад өөр хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний Хаан банкны 5065238794 тоот дансанд 3,000,000 төгрөг орж ирсэн байсан.

Миний данс мессэжинд холбогдоогүй бөгөөд интернэт банк байхгүй. Зөвхөн мобайл банк байдаг болохоор би тухайн үедээ ямар данснаас ирсэнийг анзаарч хараагүй. Тэгээд би уг мөнгийг өр ширэндээ өгөөд дуусгасан бөгөөд 2022 оны 9 дүгээр сард над руу цагдаагаас залгаад таны данс руу хүн андуурч мөнгө шилжүүлсэн байна гэсэн.

Тэгээд би тухайн үедээ яагаад холбогдож хэлээгүй юм бэ, би өөр хүнээс авлагатай байсан, тэрийгээ орж ирж байна гэж бодсон ш дээ гэтэл тухайн хүн нь бас анзаараагүй байсан байна гэж хэлсэн.

Тэгээд би нэгэнт 3,000,000 төгрөгийг нь үрээд дуусгачихсан учраас мөнгийг нь буцаагаад бага багаар боломжоороо төлж барагдуулна гэсэн байгаа. Одоогоор би Эрдэнэбулган гэх хүнд 1,400,000 төгрөг төлж барагдуулсан байгаа бөгөөд удахгүй 1,600,000 төгрөгийг нь төлж барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч *** нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уушийн газраар үйлчлүүлж, үйлчилгээний хөлс болох 300,000 төгрөгийг төлөх явцдаа данс андуурч шүүгдэгч Д.***ын эзэмшлийн Хаан банкны 5065238794 дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

Энэ үед шүүгдэгч Д.*** нь Хаан банкны ухаалаг мэдээ үйлчилгээ буюу дансны орлогын зарлагын мэдээллийг гар утсандаа авсан атлаа данс андуурагдан шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд өөрийн хэрэглээндээ захиран зарцуулж дуусгажээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.*** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***д 3,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хаан банкны депозит дансы дэлгэрэнгүй хуулгаар /хэргийн 28 дахь тал/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Д.*** нь хохирогч ***д нийт 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гарган өгсөн байх тул шүүгдэгч Д.***аас үлдэгдэл 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.***ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал                    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.***ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.***аас 1,400,000 төгрөг гаргуулж ***д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Д.*** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ