Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/369

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205037440744 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлийн машин баригч мэргэжилтэй, *** ХК-ны *** оёдолчин ажилтай, ам бүл 4, үеэлүүдийн хамт Чингэлтэй дүүрэг *** дугаар хороо *** байр *** тоотод түр оршин суух, *** аймаг *** сум *** баг *** оршин суух бүртгэлтэй, ***.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Fire шөнийн цэнгээний газрын бүжгийн талбай дээр ***тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар ***ын толгойн тус газарт нь пивоны шилээр 1 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Шөнийн цэнгээний газарт найзуудтайгаа нийлээд согтууруулах ундаа уусан. Тэгээд энэ хүнтэй маргалдсан. Миний толгойн дээр цохиход шар айрагны шил хагарсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч ***ын “... Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Fire нэртэй шөнийн цэнгээний газарт найз залуу ***, түүний найз ***, *** нарын хамт ороод 0,75 литрийн хэмжээ бүхий Eden нэртэй нэг шил архи, ундаатай захиалаад уусан юмаа.

Авсан зүйлээ ууж дуусаад нэг шил 0,75 литрийн хэмжээ бүхий Eden нэртэй архи аваад мөн адил дөрвүүлээ хувааж уусан. Би босоод бүжгийн талбай руу гараад бүжиглэж байсан чинь үл таних эмэгтэй намайг түлхсэн. Би тэр эмэгтэйд хандаж яагаад намайг түлхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг үсдэж аваад миний хөл хэсэг рүү өшиглөсөн. Би орилоод үл таних эмэгтэйг үсдэж авах үед бүжгийн талбай дээр байсан хүмүүс салгасан. Салаад байж байсан чинь үл таних эмэгтэй хүрч ирээд шилээр миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад тэнд байх хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан.

... Хар үстэй, бор царайтай, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай 20-25 настай хүн байсан.

Миний толгойн баруун дээд хэсэгт оёдол тавьсан. Баруун чихний ард хавдсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Гэрч ***ын “... Тэгээд бүжиглэж байхад нь Хишгээ хөлөн дээр нь хальт санаандгүй гишгэсэн чинь тэр охин уурлаад Хишгээ тэр хоёр муудалцаад үсдэлцсэн. Тэгээд тэр хоёрыг хамгаалагч нь ирж салгасан. Тэгээд Хишгээ бид хоёр гадаа гарч буцаж орж ирээд бүжиглэх гаад талбай дээр очсон чинь манай найз шил аваад гүйж очоод нөгөө охины толгой руу нь шилээр цохисон Тэгсэн чинь нөгөө охин хамгаалагч руу очоод хэлсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Гэрч Л.***ын “... Намайг ширээндээ суугаад удаагүй байхад манай найз охиныг нэг охин бүжгийн талбай дээр байхад нь гэнэт гүйж очоод шилээр толгой руу нь шууд цохисон. Яг ямар шил байсанг нь мэдээгүй. Шар айрагны шил байсан байх. Тэгээд манай найз охины толгойноос цус гараад шөнийн цэнгээний газрын хамгаалагч нар тэр хоёрыг салгаад цагдаа түргэн дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-19 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15817 дугаартай:

“1. ***ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Fire шөнийн цэнгээний газраар шүүгдэгч *** нь найз ***ын хамт үйлчлүүлжээ.

Энэ үед шөнийн цэнгээний газраар мөн хохирогч *** нь найз залуу Л.*** болон түүний найз ***, *** нарын хамт үйлчлүүлж байжээ.

Ингээд хохирогч *** нь шөнийн цэнгээний газрын бүжгийн талбай дээр шүүгдэгч ***тэй хөлөн дээр гишгэлээ, түлхлээ гэсэн шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдсон ба шөнийн цэнгээний газрын хамгаалагч тэдгээрийг салгажээ.

Үүний дараа шүүгдэгч *** нь найз ***тай шөнийн цэнгээний газраас гараад буцаж орж ирээд бүжгийн талбай руу гарах үед шүүгдэгч *** нь хохирогч ***ын толгойн тус газар нь шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь ***ын эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15817 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч *** нь “... Хонгорзул миний бие Хишигдэлгэрт харилцсан тохирсноор гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг гаргаснаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ