Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/533

 

                                                                                                                     

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2208 00000 1080 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********** оны ****** дугаар сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ********* дүүргийн ******дугаар хороо, ******* гудамж ***** дугаар байрны ******* тоотод оршин суух, *************,************,***********

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Яллагдагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед ****** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******” цэцэрлэгийн орчимд насанд хүрээгүй буюу **** настай ********** “өөрийн төрсөн охин ****** зодлоо” гэсэн шалтгаанаар түүний үсдэж, хөл рүү нь өшиглөн, толгойн тус газарт нь гараараа болон бусад эд зүйлээр цохиж зодон биед нь “баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуя, шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5 хүүхэд байсан. Миний хүүхдийг гэртээ сууж байхад чатаар дуудаад камергүй, харанхуй газар зодсон. Хүүхэд бэртэж, хэд хоног халуурсан. Миний охин надад “энэ хүүхдүүд зодсон” гэж хэлсэн учраас тухайн газарт нь очиход 4 хүүхэд байсан. ******* эхэлж манай охины элэг рүү цохисон. Би “чи эмэгтэй хүүхэд байж яаж байгаа юм бэ” гээд асуухад тэр 4 хүүхэд согтуу байсан. *********н гэх охин намайг түлхсэн учраас би “яасан овоо шээс вэ” гэж хэлээд нэг удаа алгадсан. Ингээд харилцан зодоон болсон. ****** ганцаараа байгаагүй. Уяхан гэх охинтой хамт намайг зодсон. Үүнээс болж миний чихний аппарат эвдэрсэн. Нэг эрэгтэй хүүхэд миний охины хоолойг боосон байхаар нь би “бузар савраа тат” гэж хэлэхэд бүгд тараад алга болсон. Миний охиныг сургууль дээрээ дарамталж тамхи, мөнгө авдаг байсан. Би ч гэсэн гэмтсэн ...би сүүлд нь чихний аппарат эвдэрсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Би эрүүл мэндээрээ хохирч байна. Миний нэг чихний аппарат эвдэрсэн. Би тухайн хүүхдээр чихний аппаратаа төлүүлмээр байна. Сонсголын аппарат хамгийн багадаа 1,200,000 төгрөгийн үнэтэй болсон. Би тухайн чихний аппаратыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 830,000 төгрөгөөр авч байсан. Надад үнэхээр хэцүү байна...” гэв.

 Эрүүгийн 2208 00000 1080 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас насанд хүрээгүй хохирогч ******** тус дүүргийн цагдаагийн газарт гаргасан “...2022 оны 04 сарын 28-ны шөнө зүс танихгүй ээж, охин хоёрт зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6439 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), насанд хүрээгүй гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “***********,********* хоёр үсдэлцээд хоорондоо зууралдаж байтал” гэх өгүүлбэр (хавтаст хэргийн 12 дахь тал), шүүгдэгч *********”********** хүнд зодуулчихсан, куртик нь урагдчихсан, хоёр шуу нь зулгарсан орж ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), насанд хүрээгүй гэрч ********* “...тухайн үед саадны ширээн дээр архи харагдаж байсан...****** явуулахгүй байсан, ******* намайг газарт унагааж өшиглөн, миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), мөн “...тухайн хүүхдүүдээс зугтаачихсан, нэг эрэгтэй хүнд намайг энэ хүүхдүүдээс салгаад өгөөч гэж хэлээд автобусны буудалд хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн “...тухайн маргаанаас үүдэн миний сонсголын аппарат эвдэрсэн төлүүлж авмаар байна, миний аппаратыг ******** эвдсэн ба тухайн охид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн миний охины биед халдсаныг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), прокурорын эсэргүүцэл (хавтаст хэргийн 78-80 дахь тал), насанд хүрээгүй гэрч ********* “...миний ээжийн чихний аппарат эвдэрсэн, төлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал), шүүгдэгч ********** яллагдагчаар дахин өгсөн “...********* куртикнээс татаад ар нуруу хэсгээс өшиглөөд байсан, миний охины хоолойг багалзуурдаад шахсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 121-122 дахь тал) зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ******** чихний эвдэрсэн аппаратыг эд мөрийн баримтаар тооцуулах, шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгч хүсэлтийг шийдвэрлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ********* нь “би ч гэсэн гэмтсэн, чихний аппарат эвдэрсэн, төлүүлэх” байр суурь илэрхийлж, түүний өмгөөлөгч нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *********** нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед ************ дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэр “**********” цэцэрлэгийн орчимд **********,**********,********* нарыг явж байхад өөрийн төрсөн охин ********* зодлоо гэсэн шалтгаанаар насанд хүрээгүй буюу 17 настай ******** үсдэж, хөл рүү нь өшиглөн, толгойн тус газарт нь гараараа цохиж, алгадан биед нь “баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуя, шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 Энэ үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч ********** “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны оройн 20 цаг өнгөрч байхад...гэртээ...амраад байж байхад...******, ********* хамт гэрт орж ирээд бид нар жоохон юм ярьж сууж байгаад би ********, ********** хоёрыг гэр рүү нь дөхүүлж өгөх гээд манай гэрээс бид гурав гараад... ********** цэцэрлэгийн хажууд явж байхад нэг танихгүй охин ******** гараас татаад, хөөе чи нааш ир гээд дуудахад би гайхаад буцаагаад ********* өөр лүүгээ татаад, яах гэж байгаа юм бэ” гэхэд цаанаас нэг танихгүй махлаг дуу намхан эгч гүйж орж ирээд миний үснээс зулгаагаад, блокон хашаа мөргүүлээд газар унасан. Тэгээд намайг газар унахад нөгөө эгч нэг үзүүртэй юм гаргаж ирээд миний салтаа руу хатгах гэхээр нь би хөлөө хавчихад зүүн талын гуя руу 5-6 удаа хатгасан...Тэгээд намайг газар байж байхад нөгөө төмөр шиг жижиг юмаараа толгой руу бас 2-3 удаа цохисон. Тэгээд босоод миний нүүр лүү нэг удаа өшиглөөд цаашаа *********** ноцолдож байсан охин руу явахад би босож, ********** гараас нь бариад зугтаасан...Тэгээд маргааш нь миний бие өвдөөд нүд хөхөрсөн байхаар нь өглөө ирээд өргөдлөө гаргаж өгсөн...Би өмнө тоглоомын талбай дээр нэг удаа л ********* харж байсан сайн танихгүй, харьцаж байгаагүй...Би ********** хэрэлдэж маргалдаагүй, тэр эгч шууд хүрч ирээд намайг үснээс зулгаагаад газар унагаад зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

насанд хүрээгүй гэрч ********* “...Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байх найзууд болох ***********,********* хоёртой уулзсан. Тэгээд 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” цэцэрлэгийн урд бид 3 явж байтал миний зүс таних охин ********* намайг араас татахаар нь “яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл ********* намайг тухайн охиноос салгаад, түлхтэл араас нь нэг эгч “миний охиныг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд шууд ирээд ******* үсдэж дараад, алгадаж газарт унагасан. Тэгээд гартаа нэг хумсны хутга шиг зүйл барьчихсан байсан бөгөөд толгой руу нь 3 удаа цохисон. Тэгэхээр нь би айгаад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

насанд хүрээгүй гэрч ******** “...**********,******** бид гурав...явж байхад ******* гэдэг охин ирээд ****** гараас татахад ****** эгч хөөе яагаад байгаа юм бэ гээд буцаагаад ******** татахад цаанаас нь ******* ээж орилж гарч ирээд ****** үснээс зулгаагаад доошоо дараад зодоод эхэлсэн...****** эгчийг ****** гэдэг эмэгтэй нэг юмаар өвдөг гуя руу нь цохиод ****** зугтаагаад явчихсан. Энэ үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Нэг мэдэхэд миний гараас ****** эгч бариад бид хоёр зугтаагаад ********** дээр очсон...Би ********* огт танихгүй, тэр өдөр л харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал),

 гэрч ********* “...Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны оройн 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгээд үүдэнд угтах үйлчилгээнд сууж байхад гаднаас насанд хүрээгүй 3 охин орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ********* гэдэг охин нэлээн сандарсан байдалтай намайг...найз ****** таньдаг хүн ирээд зодчихлоо гэж хэлсэн...Тухайн хүүхдүүд насанд хүрээгүй байсан болохоор хүлээлгийн тахимд оруулаад, хаана ямар шарх гэмтэл байна гэж асуухад ******* миний толгой, хөл өвдөөд байна гэж хэлсэн ба хөл, толгой нь шалбарч цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6439 дугаартай шинжээчийн “...******** биед баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн “...маргах зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй. ...Хохирогч ******** биед учирсан гэмтлийг...миний бие алгадаж, цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

Насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* хохирогчийн толгой, нүүр, гуя, хөл хэсэг рүү нь цохих, алгадах, үснээс зулгаах идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь аюул занал бодитой оршиж, довтолгоон, халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах үед хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн үед “********* аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж дүгнэдэг бөгөөд түүний хувьд охин ********* хамгаалах зайлшгүй шаардлагатай бодит аюул занал учирсан, амь, биед аюултай довтолгоон үргэлжилсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хүмүүс хоорондын маргаан, зөрчил үүссэн байдлыг аргагүй хамгаалалт хэрэглэх зайлшгүй нөхцөл гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгчид торгох ял тохирохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, мөн насанд хүрээгүй хоёр хүүхдийг тэжээн тэтгэдэг учраас торгох ялыг төлөх боломжгүй. Ажил хийж байгаа дүүрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлт тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал) баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч ******* өмгөөлөгч “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж хууль хэрэглээний талаар санал, тайлбар гаргаж оролцсоныг шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан гэж үзэж эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал (анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага орлоготой, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх), улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн шатанд урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх, чихний эвдэрсэн аппаратыг эд мөрийн баримтаар тооцуулж, шинжлэн судлуулах, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах хүсэлт, гомдол гаргасан бөгөөд шүүх тухай бүрт нь үндэслэлээ дурдаж захирамж гарган шийдвэрлэснийг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. **********,************,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 7. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ