Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 773

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Ц,

Хариуцагч МБинд холбогдох,

МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх, МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/519 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МБны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байхад МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Төлбөр тооцоо бүртгэлийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрөөс намайг нягтлан бодогчоор томилсон.

Миний бие Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба газрын бүтэц өөрчлөгдөхөд миний албан тушаал өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг өөр ажилд шилжүүлэн томилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар намайг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас миний авч байсан цалин хөлс 58.84 хувиар буюу 1 272 600 төгрөгөөр буурсан.

Мөн миний бие 2-12 насны 3 хүүхэдтэй бөгөөд төрөх өдрөө хүртэл ажлаа хийж, төрсний дараа хүүхэд асрах чөлөө ч авалгүй ажилдаа бүх сэтгэлээ зориулан ажиллаж байсан. Замын түгжрэлээс шалтгаалан өглөө ажлаас хоцорч болзошгүй байсан тул МБны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т заасны дагуу нэгжийн захиралдаа учир байдлаа хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр өглөө 30 хүртэл минутаар хоцорч ажилдаа ирж, оройдоо болон цайны цагаар нөхөн ажиллаж байхаар болсон байсан. Гэтэл МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б519 дүгээр тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар хугацааг хамарсан цагийн бүртгэлээр арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалт, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Мөн МБны Ерөнхийлөгчийн 2016 оны А-80 дугаар тушаалаар баталсан МБны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 4.3.1-д заасан сахилгын шийтгэлтэй байгаа албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй байх талаарх зохицуулалтын дагуу надад ногдуулсан дээрх сахилгын шийтгэлтэй холбогдуулан хасагдсан урамшуулал болох 2 003 500 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч МБны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б-510 дугаар тушаал нь МБны Ерөнхийлөгчийн 2017 оны А-239 дүгээр тушаалд үндэслэж гарсан бөгөөд удирдлагын эдгээр шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, МБны хөдөлмөрийн дотоод журам, Э.Цтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нийцэж гарсан.

Э.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөр албан тушаалд шилжүүлэх болсон талаар тушаалыг тайлбарлаагүй, үзүүлээгүй, ямар тушаал гарсан талаар мэдэхгүй байгаа талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэлийг тус тус дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх хэрэг маргааныг тодорхойлсон ба 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;-ыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байна. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх гэдэг нь ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүхэлдээ буюу түр хугацаагаар өөрчлөгддөг бөгөөд энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж дуусгавар болдоггүй, өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, удирдлагын шийдвэрийн дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, ажилчдын ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар болон тухайн нэгжийн удирдлагын саналыг харгалзан, Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хуваарилан шилжүүлсэн арга хэмжээг дээр дурдсан 3 төрлийн харилцаатай адилтгах үндэслэлгүй юм.

Э.Ц нь Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байх хугацаандаа удирдлагын тушаал шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө сургалтын зардал гаргасан нь тогтоогдож түүнд МБны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б850 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд энэ хугацаа нь өнгөрөөгүй байсан. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий байсан. Тухайн үед удирдлагын зүгээс түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг.

Түүнчлэн ажлын цагаас тогтмол хоцордог, ажлын байраа эзгүй орхиж явдаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хойрго ханддаг буюу өөрт нь даалгасан ажлыг бусад ажилтнаар хийлгэх явдал гаргадаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, МБны Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/519 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Э.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болгосон.

МБны Ерөнхийлөгчийн МБны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай А-239 дугаар тушаал болон Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Б510 дугаар тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд батлагдаж уг шийдвэрт хамаарах газар, хэлтсийн бүх ажилтанд тушаалыг танилцуулсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг үндэслэсэн байгаа нь түүнийг тушаалтай танилцсаныг нотолж байна. Мөн Э.Ц нь Тамгын газарт хандан дээрх тушаалтай танилцах бүрэн боломжтой байсан.

МБны Ерөнхийлөгчийн 2014 оны А-6 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.1-д зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусдаг ба Э.Ц нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд ажлын нийт 164 өдрийн 103 өдөрт ажлаас хоцорч, ажлын цагаас 1917 минут буюу 31 цаг 57 минут хоцорсон дутагдал гаргасан байна. Энэ нь ажлын Хөдөлмөрийн хуульд заасан ердийн ажлын өдрийн ажиллах цагаар тооцоход ажлын 4 өдөртэй тэнцэхээр байна. МБны Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2.2-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цын нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, МБны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалуудын Э.Цт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Цыг МБны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар МБнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон урамшуулалд 5 708 593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар МБнаас улсын тэмдэгтийн хураамжид 176 487 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх ажил олгогч байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах эрхтэй хэдий ч дээрх өөрчлөн зохион байгуулалтын улмаас ажилтны орон тоо хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад түүнийг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзэж шийдвэр гаргасан. Ажилтныг өөр ажилд буруу шилжүүлэх гэдэг нь ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүхэлдээ буюу түр хугацаагаар өөрчлөгддөг бөгөөд энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж дуусгавар болдоггүй, өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлоогүй байсан ба шүүгч шүүх хуралдааны үеэр, оролцогчдоос тайлбар авах үйл ажиллагааны дундуур нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шийдвэрийг гаргасан. Шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргах боломжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгч олгоогүй. Мөн шүүх дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тооцооны баримтыг баримтыг баримталсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс бодох журам”-ын 9-д заасныг баримтлаагүй бөгөөд шүүх МБнаас цалингийн хүснэгтийг албан ёсоор гаргуулаагүй. Түүнчлэн шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цаг бүртгэлийн E-office, E-work программууд дээр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 04, 22, 28, 9 дүгээр сарын 04, 22-ны өдрийн бүртгэлд үзлэг хийсэн. Мөн нэхэмжлэгч нь түүнийг ажлын цагаас нийт 1917 цаг хоцорсон байна гэснийг эс зөвшөөрч нийт 1035 цаг хоцорсон бөгөөд зөрүү нь 800 гаруй цаг байна гэж маргасан байдаг. Эдгээр өдрүүдэд гарсан цаг бүртгэлийн зөрүү 800 гаруй цаг гарахгүй.

“МБны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-д заасны дагуу Э.Цын урамшууллыг олгоогүй. Учир нь ажилтны урамшууллыг олгохдоо ажилтны ажлын үр дүн, байгууллагын нэгж хэлтсийн ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байсан.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Цолмонбаяр нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас цалин буурсны зөрүүг нөхөн төлүүлэх, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Монгол банк эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын улмаас урамшуулалд олгогдох ёстой 2 003 500 төгрөг олгогдоогүй тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

            Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан Э.Цыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Тайлан бүртгэлийн газрын нягтлан бодогчоор томилсон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/510 дугаар тушаалыг нэхэмжлэгч хууль бус гэж маргахдаа ахлах хянан шалгагчийн ажлын байр хэвээр байгаа, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлснээс цалин хөлс 1 272 600 төгрөгөөр буурч, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлажээ.

            Хариуцагч дээрх Б/510 дугаар тушаалыг гаргахдаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол банкны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай” А-239 дүгээр тушаалыг үндэслэсэн ба уг тушаалын 2 дугаар хавсралтад Төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтэст ахлах хянан шалгагчийн орон тоо 1 байхаар заасан тул бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах хянан шалгагчийн ажлын байр хасагдсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

            Түүнчлэн ажилтантай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.2-т заасан гол нөхцөл буюу албан тушаал, ажлын байрыг өөрчилсөн гэрээ, харилцан тохиролцсоныг нотлох өөр бусад баримт хэрэгт авагдаагүй тул нягтлан бодогчийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгээр аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчлөхийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглосныг тус тус зөрчсөн байна.

Мөн нягтлан бодогчийн ажилд шилжүүлэн томилохдоо банкны дотоод журмын 2.5.3-т зааснаар ажилтны албан тушаалын зэрэглэлийг өөрчилсөн, удирдлагын дотооддоо гаргасан шийдвэр гэх боловч Э.Цын ур чадвар, туршлага, ажлын үр дүнд үндэслэсэн, мөн өөртэй нь зөвшилцсөн тухай баримтгүй байна. Иймд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд ажилтныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, буруу шилжүүлсний улмаас цалин буурсны зөрүүг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тооцооны баримтад үндэслэн 1 154 500 төгрөгийн дундаж цалин хөлстэй гэж үзэн 3 705 093 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, хууль буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/519 тушаалаар Э.Цт сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж дүгнэхдээ шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцүүлэн үнэлжээ. 

Нэхэмжлэгч Э.Ц нь 2 нас хүрээгүй хүүхэдтэй, хүүхдээ асрагчид хүргэхэд өглөөний ажлаас хоцрох нөхцөл бий болсныг тухайн үед нь шууд удирдлагадаа танилцуулж, цагийн зохицуулалт хийх замаар ажил үүргээ бүрэн биелүүлж байсан, энэ байдлыг дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий газар нь зөвшөөрч цалинг бүрэн олгож байсан нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч Э.Цыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэм буруутай гэж сахилгын шийтгэл нөхөн ногдуулах үндэслэлгүй ба цагийн бүртгэлийг тушаал гаргаснаас хойш гаргаж, хоцорсон цагийг нэгтгэн тооцсон нь тушаалын үндэслэл болох боломжгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

Харин нэхэмжлэгчийн урамшуулалд 2 003 500 төгрөг олгогдоогүй гэж нэмж нэхэмжилснийг хангасан шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Хэрэгт авагдсан Монгол банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 2.1-д урамшууллын үндэслэл болох ажлын 8 үзүүлэлтийг зааж, үзүүлэлт тус бүрээр оноо өгч дүгнэхээр, мөн журмын 1.2-т ажлын үр дүнг бодитой тооцох, нээлттэй байх зарчмыг баримтлан дүгнэж урамшуулал олгохоор заасан ба журмын эдгээр заалтын дагуу Э.Цын ажил дүгнэгдээгүй байхад урамшуулал олгогдох ёстой гэж үзэх боломжгүй, харин ажлын үр дүн бодитой дүгнэгдсэнийг сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэдгээр үгүйсгэсэн нөхцөлд нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдэх юм.

Иймд урамшуулал олгогдоогүй гэж 2 003 500 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг 5 708 593 төгрөгөөр хангасан шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “5 708 593 төгрөг” гэснийг “3 705 093 төгрөг” гэж, “401 934 төгрөг” гэснийг “2 405 434 төгрөг” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “176 487 төгрөг” гэснийг “144 487 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ