| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 118/2025/0003/З |
| Дугаар | 221/МА2025/0408 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0408
Ч.Д-ийннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ч.Тойвгоо, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээдийн Б.Баярцогт нар,
Нэхэмжлэгч: Ч.Д
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “А багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Алдархаан сумын А багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 118/2025/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Дгээс Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “А багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.
1.2. Гуравдагч этгээд Б.Цоос “Алдархаан сумын А багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” бие даасан шаардлага гаргасан.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 32.9, 57 дугаар зүйлийн 57.1 хэсэгт заасныг тус тус баримтлан “Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “А багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд А.Ц-ын “Алдархаан сумын А багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ч.Тдараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн А багийн иргэдийн нийтийн хурлыг хуульд зааснаар тогтмолжуулах зорилгоор хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр сумын засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 тоот захирамжийг гаргасан. Захирамж гаргах болсон бодит нөхцөл байдал нь Завхан аймгийн Алдархаан сумын багууд болон нэхэмжлэгчийн буюу баг болох Алдархаан сумын А баг нь багийн иргэдийн нийтийн хуралдаанаа 2022 оноос хойш 3 дахь жилдээ орж байхад огт хийгээгүй буюу хуулиар ард иргэдийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй боломжгүй болгосон байсан.
3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна... гэж дээрх хуулиар улирал тутамд хийх ёстой иргэдийн нийтийн хуралдааныг зохион байгуулж, сумын иргэдийг тогтмол мэдээллээр хангаагүй, тулгамдсан асуудлыг иргэд нийтийн хурлаар хэлэлцээгүй эс үйлдэхүйг найман улирал дараалан буюу 2 жил хийгээгүй байсан.
3.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл. Багийн чиг үүрэг, 23.1.1-аас 23.1.6-д заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 58 дугаар зүйлийн 58.1.2.багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ... гэж багийн Засаг даргын үүргийг тодорхойлж өгсөн... боловч тухайн багт 2 жилийн хугацаанд багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулаагүй, товлоогүй, хуралдааны даргыг сонгох хуралдаан хийгээгүй, зөвлөл байгуулах хуралдаанаа хийгээгүй, Зөвлөлийн бүрэлдэхүүнд хуулиар орж байгаа багийн Засаг дарга нь 2 жил буюу 8 удаагийн ээлжит багийн иргэдийн нийтийн хурлыг товлоогүй учраас багийн иргэдийн нийтийн хурал нь хуулиар хүлээсэн Багийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй явж ирсэн байсан.
3.4. Энэ нь багийн Засаг даргын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрүүд 2 жил гараагүй буюу Ч.Д томилогдсон цагаасаа хойш багийн иргэдийн нийтийн хурлаа товлон зарлалгүй, хурлын шийдвэрүүдгүй 2 жил багийн засаг даргын ажлыг гүйцэтгэж, 3 дахь жилрүүгээ орж байсан. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөдөө хяналт тавьж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бие даасан шийдвэрүүд гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бололцоог олголгүй иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч, зөвлөлгүйгээр явж багийн иргэдийг ээлжит хуралдаануудыг огт зохион байгуулаагүй байсан.
3.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна ... гэж тухайлан заасан байсан тул дээрх нөхцөл байдлыг уг хуульд нийцүүлэн А багийн иргэдийн нийтийн хурлыг хуульд зааснаар тогтмолжуулах зорилгоор хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 тоот “А багийн иргэд нийтийн хурлын тов зарлах тухай” захирамжийг гаргасан.
3.6. Учир нь багийн засаг даргын нэхэмжлэлд дурдсан шиг зөвлөл товлон зарлах ёстой гэх боловч бодит байдал дээр А багт хуралдааны дарга гэж 2022 оноос сонгогдоогүй, хурлын зөвлөл гэж сонгогдоогүйгээр барахгүй 2022 оноос хойш нэг ч удаа багийн иргэдийн нийтийн хурлаа товлон зарлаагүй, багийн засаг даргын бичдэгээр хурлыг товлон зарлах зөвлөл нь байхгүй, хуралдааны дарга нь байхгүй байсан тул зөвхөн А багийн иргэдийн нийтийн хурлын товыг зарлаж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг гаргасан юм.
3.7. Тухайн хуралдаанд сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд халдаж хурлыг даргалах, шийдвэрт нь нөлөөлөх эрхгүй учраас багийн иргэдийн нийтийн хурлаар багийн иргэд өөрсдөө хуралдааны даргаа сонгож, зөвлөлөө байгуулж, багийн засаг даргын сонгууль явуулж, сумын засаг даргад уламжилсан байсан. Сумын засаг даргын зүгээс Ч.Дг багийн иргэдийн нийтийн хурлыг тогтоол шийдвэрийг үндэслэж чөлөөлөөгүй учир нь Ч.Д дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байгаа тул шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл тухайн багийн иргэдийн нийтийн хурлын багийн засаг дарга томилуулахаар уламжилсан тогтоолыг үндэслэж шийдвэр гаргахгүй, тус шийдвэрийг үндэслэж Ч.Дг чөлөөлөөгүй, мөн үндэслэлээр Б.Цыг томилоогүй.
Гэтэл багийн Засаг дарга нь сонгуульт ажлаа буюу үүрэгт ажлаа багийн засаг даргын бүрэн эрхээ гүйцэтгэхгүй, төрийн ажлыг явуулахгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, улсын хэмжээний судалгааг зохион байгуулахгүй, ажилдаа ирэхгүй, олон өдөр, ажил таслах гэх мэт төрийн ажлыг олон хоног гацааж байсан.
3.8. ...Хариуцагч талаас бүх баримтаа гаргаж өгсөн. Харин 2022 оноос хойш А багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдаагүйг гэрчүүд болон багийнх нь бүх иргэд мэдэж байгаа, гаргаж өгөх баримт нэхэмжлэгчид байхгүй. Угаасаа 2022, 2023, 2024 оны багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл Сумын иргэдийн төлөөлөгчдийн архивд байхгүй юмыг хариуцагч засаг дарга гаргаж өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.6-т ...Хариуцагчаас бодит байдал дээр А багт Иргэдийн хурлын дарга, хурлын зөвлөл гэж 2022 онд огт сонгогдоогүй, 2022 оноос хойш нэг ч удаа багийн иргэдийн нийтийн хуралдаанаа товлон зарлаагүй тул Хурлын товыг зарласан гэж тайлбарлаж байх боловч ...04 дүгээр тогтоолыг хуралдаан даргалагч Н.Мөнхсүх баталгаажуулсан болох нь тогтоогдож байх ба ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь тухайн хүн тухайн багийн хурлын даргын албыг хашиж байвал төрөөс тодорхой урамшуулалт цалин хөлс авч хуралдааныг улирал болгон хуралдуулж, багийн иргэдэд мэдээлэл өгч ажилласан байх ёстой. Гэтэл тухайн багийн хүмүүс нь манайд хуралдааны даргалагч, зөвлөл байгуулагдаагүй гэсэн тайлбар өгдөг. Зөвлөл хуралдааны даргагүй дахиад хэдэн жил болохыг ч үгүйсгэхгүй нөхцөл байдлаар цаашид явж болохгүй учраас хурлыг нь хуульд заасны дагуу зарлаж өгсөн. Тухайн хурлаар хэлэлцэх асуудалд буюу нутгийн өөрөө удирдах зарчимд халдсан зүйл байхгүй багийн иргэдийн нийтийн хурлуудыг хэвийн үйл ажиллагаатай болгох гэж хуралдуулсан болно” гэж,
3.10. Хариуцагчийн өмгөөлөгч Б.А-ээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Шүүх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6.4-т ... дээрх заалтаас үзэхэд зөвхөн багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлд иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүргийг ямар нэгэн шалгуургүйгээр хүлээлгэсэн ба зөвлөл нь багийн иргэдийн төлөөллөөс гадна багийн Засаг дарга болон хуралдааны дарга ...нараас бүрдэхээр байна. ... гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Зөвлөл болон хуралдааны дарга нь сонгогдсон тохиолдолд 32.9-т заасан үүрэг зөвлөл болон хуралдааны даргад үүснэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Цын өмгөөлөгч Б.Баярцогт дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.7, 32.9, 57.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д заасан Иргэдийн нийтийн хурлын зөвлөлд ямар байгаа талаар тогтоол шийдвэр Завхан аймгийн Алдархаан сумын архивт байхгүй, анхан шатны шүүхийн тус сумын Засаг даргын тамгын газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон тул Засаг дарга 32.7-д заасны дагуу иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах захирамж гаргасан нь үндэслэлтэй гэж үзнэ.
4.2. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57.1 дэх заалтыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь Монгол Улсад 2020 онд Улсын их хурал болон орон нутгийн сонгууль явагдсан бөгөөд энэ үед тухайн багийн иргэдийн нийтийн хурал болж тухайн багийн удирдлагыг сонгох хуультай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 захирамжаар багийн засаг даргын ажилд томилогдож байгаа нь багийн даргын нөхөн томилсон гэж үзнэ. Энэ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57.2 дахь заалтад хамаарна гэж үзэж байна.
Энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2025/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч Ч.Дгээс Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “А багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гуравдагч этгээд Б.Ц нь Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан Алдархаан сумын А багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах бие даасан шаардлага гаргасан байна.
3. Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “А багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг тус тус үндэслэн “иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ...хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сээрийн үзүүр гэх газар 12 цагаас зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлыг Зөвлөл товлохоор хуульд заасан байхад энэхүү эрхэд халдаж А багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зохион байгуулж улмаар тус хуралдаанаас Б.Цыг багийн Засаг даргад уламжилсан нь миний эрх ашгийг зөрчсөн гэж,
Хариуцагчаас “...хуульд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна... гэж тухайлан заасан тул А багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарласан, тус багийн иргэдийн Нийтийн Хурал Зөвлөлгүй байсан гэж,
Гуравдагч этгээдээс “...А багийн Засаг даргад нэр дэвшиж 100 хувийн санал авч сонгогдсон тул намайг А багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг үндэслэн багийн Засаг даргаар шууд томилох үүрэгтэй байтал эс үйлдэхүй гаргаж түр томилсон нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
6. Маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч нь Алдархаан сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар Алдархаан сумын А багийн Засаг даргаар томилсон. Алдархаан сумын Засаг даргаас 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарлах тухай А/17 дугаар захирамжаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулахаар товлон зарласны дагуу хуралдсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 02 дугаар тогтоолоор Б.Цыг А багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилж, үүний дагуу сумын Засаг даргаас гуравдагч этгээд Б.Цыг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар А багийн Засаг даргын ажилд түр томилсон үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна”, 57.2-т “Энэ хуулийн 57.1-д заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй” гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:” 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” бол гэж зааснаас гадна мөн зүйлийн 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” 65.3.1-д “сануулах”, 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах” гэж тус тус заажээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй.... нөхөн сонгууль явагдаагүй” гэж, хариуцагчаас “...бусад багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, Ч.Д-ийн бүрэн эрхийн хугацаа ч мөн адил дууссан, өмнөх Засаг дарга нь 10 гаруй жил ажиллаж байгаад дараа нь Ч.Д томилогдсон” гэж зөрүүтэй байдлаар тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг тус багийн Засаг даргаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар томилогдохдоо “...нөхөн томилогдсон” эсхүл ээлжит сонгуулийн үр дүнд томилогдсон эсэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулах шаардлагатай.
9. Учир нь багийн Засаг даргыг сумын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй буюу өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дараагийн Засаг даргыг томилох хүртэл үргэлжлэх хуулийн зохицуулалттай байх бөгөөд багийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх огцруулах, Засаг дарга огцрох асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлээр зохицуулсан ба үүнээс өөрөөр Засаг даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зохицуулалт хуульд байхгүй байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шүүхээс маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна
10. Анхан шатны шүүхээс дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулалгүйгээр “...түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр дуусгавар болохоор байна” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус заасан.
12. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн болохыг анхаарч үзэлгүйгээр, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан “2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагыг “...нэхэмжлэлийн үндсэн шаардлагад бус А багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулж гаргасан бие даасан шаардлага байх тул нэмэгдүүлсэн шаардлага гэх ойлголтод хамаарахгүй...” гэж дүгнэж , энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тодорхой заасан байх атал шүүхээс дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
14. Тодруулбал, нэг нэхэмжлэлд хэд, хэдэн шаардлагыг гаргаж болох бөгөөд тэдгээр нь бие даасан байдлаар зэрэгцэж юм уу үндсэн болон дагалдах шаардлагын аль нэгээр байж болох бөгөөд эрх зүйн болон бодит байдлын хувьд өөр хоорондоо уялдаа холбоотой боловч тус тусдаа захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд тэдгээрийг тухайн шүүхээс бүхэлд нь шийдвэрлэх боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэх зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
15. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой.
16. Хэдийгээр хэргийн оролцогчдоос дээрх процесстой маргаагүй боловч, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээн тодорхойлон маргаж буй эрх сэргэх ёстой бөгөөд маргаан бүхий акт болох “...А/17 дугаар захирамж”-ийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул “...нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад засаг даргыг сонгох хурлыг зохион байгуулсан” хэмээн тодорхойлон маргаж буй уг албан тушаалд гуравдагч этгээд Б.Цыг түр томилсон шийдвэр хүчин төгөлдөр байх тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой эсэхийг тодруулан дүгнэх, шаардлагатай.
17. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хүсэл зорилгыг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч хамтран хариуцагч татах шаардлагатай эсэх, бодит нөхцөл байдлыг тодруулах зэрэг дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тогтоож, нэмэлт нотлох баримт цуглуулах нь зүйтэй гэж үзэв.
18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН