Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0522

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.Э

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1453071 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Д.Э, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нутгийнхаа сайхан морьт хөшөөг магтан таниулах хүсэлтэй тул 5 ширхэг оруулж ирснээс 3 ширхгийг тус бүрийг нь 15000 төгрөгөөр борлуулж 2 ширхгийг нь хураалгасан. Үүнээс өөр зөрчил гаргаагүй билээ. Оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээл гэдгийг нь огт мэдээгүй, мэдсээр байж санаатай борлуулаагүй. Уг бүтээлийг Оюуны өмчийн газраар хамгаалуулах гэж удаа дараа өгч байсан өргөдлийн дагуу Оюуны өмчийн газар, мөн уг бүтээлийн эзэмшигчид бэлэг дурсгал зардаг иргэдтэйгээ, мөн хил гаальтайгаа хамтран ажиллаж сурталчилгаа таниулга хийдэг байсан бол иймэрхүү зөрчлүүд гарахгүй, үнэт бүтээлүүд ч хамгаалагдах байсан болов уу.

Засгийн газраас хэрэгжүүлж буй хорио цээртэй холбоотой дэлгүүр ажиллахгүй олон сараар хаагдаж, бүх баяр ёслол, хил гааль, аялал жуулчлал зогссонтой холбоотой бэлэг дурсгалын лангуу ямар ч орлогогүй, түрээсийн өр бөөгнөрсөн, амьжиргаагаа залгуулж ядаж буй нялх 4 хүүхэдтэй надад энэхүү торгууль нь хүнд дарамт болж байна. Дахин ийм зөрчил гаргахгүй тул Ч.Э байцаагчийн гаргасан торгуулийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Оюуны өмчийг хамгаалах гээд байгаа л бол ойр хавьд зөндөө зарагдаж байгаа бэлэн дурсгал зардаг газруудаар энийг зарж болохгүй гэдэг сануулга өгч болохгүй юм уу. Урьд нь ийм бараа зарж байгаагүй. Мэдээгүй оруулж ирсэн. Сануулга өгсөн бол оруулж ирж зарахгүй байсан.” гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Ж т б” ХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн “Чингис хааны морьт хөшөө цогцолборын дүрс бүхий бэлэг дурсгалын зүйлийг манай компанийн зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна” гэх гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгасан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Эийн худалдаа эрхэлдэг “Цэцэг” төвийн бэлэг дурсгалын тасагт үзлэг хийхэд зөрчил бүхий Чингис хааны морьт хөшөө цогцолборын дүрс бүхий баримал 2 ширхэг илэрсэн бөгөөд иргэн Д.Э уг баримлыг Эрээн хотоос оруулж ирж худалдаалж байгаагаа хүлээн зөвшөөрсөн болно.

Зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.

... Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар сурталчилгаа явдаг ч бүтээл болгоноо сурталчилах боломжгүй. Бизнес эрхэлж байгаа хүмүүс хууль дүрмээ өөрөө судлах шаардлагатай.

Иймд Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1453071 дугаартай шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Д.Э нь тус шүүхэд хандан Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эт холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1453071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Гомдол гаргагч Д.Э нь хувиараа худалдаа эрхлэгч бөгөөд 2020 оны 09 дүгээр сард БНХАУ-ын Эрээн хотоос Чингисийн морьт хөшөө бүхий дүрстэй сувенир 5 ширхгийг авч ирэн 3 ширхгийг нь нэг бүрийн 15,000.00 төгрөгийн үнээр худалдан борлуулсан.

1.2. “Ж т б” ХХК-ийн зүгээс Оюуны өмчийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21/05 тоот албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтэд “Чингисийн морьт хөшөө бүхий цогцолборын бүтээл” нь тус компанийн өмчлөлд байдаг бөгөөд бүтээл туурвигч нь Монгол Улсын иргэн Д.Э, Х.Б нар гэдгийг дурдаад Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдэн 7265 дугаартай Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан гээд Чингисийн морьт хөшөө бүхий цогцолборын дүрс бүхий бэлэг, дурсгалын зүйлсийг зохиогчийн зөвшөөрөлгүй худалдаалах зөрчил гарах болсныг дурдаад шалгаж өгөхийг хүссэн.[1]

1.3. Дээрх хүсэлтийг үндэслэн Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э хяналт шалгалт хийн зөрчлийг илрүүлж, маргаж буй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1453071 тоот шийтгэлийн хуудсыг гаргаж, иргэн Д.Эийн өмчлөлд байсан 2 ширхэг Чингисийн морьт хөшөө бүхий дүрстэй сувенирийг хураан авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэн 500,000.00 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосон.[2]

1.4. Гомдол гаргагч нь тус шийтгэлийн хуудсыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан.[3]

1.5. Гомдол гаргагч Д.Э Чингисийн морьт хөшөө бүхий дүрстэй сувенирийг 5 ширхгийг оруулж ирэн 3 ширхгийг нь худалдан борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл гэдгийг нь огт мэдээгүй, мэдсээр байж санаатай борлуулаагүй хэмээн маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн захиргааны акт /шийтгэлийн хуудас/-ын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Маргаж буй 1453071 тоот шийтгэлийн хуудсын эрх зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг байна.

2.2. Хуулийн дээр дурдсан зохицуулалтад “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

2.3. Дээрхээс үзвэл гомдол гаргагч Д.Эийн хувьд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан эсэх, түүнийг шалган тогтоосон эсэхийг тодруулах нь зүйтэй байх бөгөөд зөрчил үйлдсэн гэх хугацаа нь 2020 оны 09 дүгээр сар, зөрчлийг илрүүлж шийтгэлийн хуудас гаргасан хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх тул энэ цаг хугацаанд 2006 оны Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг хэрэглэх учиртай байна.

2.4. 2006 оны Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг”, 3.1.2 дахь заалтад “эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг” гэж заасан байх бөгөөд Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдсэн Зохиогчийн эрхийн 7265 дугаартай гэрчилгээгээр[4] “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” бүтээлийн зохиогчид нь Монгол Улсын иргэн Д.Э, Х.Б нар болох нь тогтоогдож байгаагаас гадна тус бүтээлийн өмчлөгч нь “Ж*******” ХХК мөн байна.

2.5. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ”, мөн зүйлийн 12.2 дахь хэсэгт “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:” гээд 12.2.3 дахь заалтад “бүтээлийг нийтэд түгээх;” гэжээ.

2.6. Дээрхээс үзвэл аливаа бүтээлийн хувьд зохиогч болон зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан этгээд нь зохиогчийн онцгой эрх эдлэн хэрэгжүүлэх этгээд болох бөгөөд тэрхүү онцгой эрхийн агуулгад түүний зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь аливаа хэлбэрээр нийтэд худалдан борлуулах зэрэг байдлаар түгээх нь хориглогдсон болно.

2.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Д.Эийн үйлдэл /зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдан авч, ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулсан/ нь дээр дурдсан зохиогчийн эрхийг зөрчсөн зөрчилд хамаарахаар байх төдийгүй зохиогчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэдгийг мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Тодруулбал, энэхүү зөрчилд зөрчил үйлдэгчийн субъектив ухамсар санааг тухайлан шаарддаггүй болно. Мөн уг зөрчил нь 2006 оны Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд”-д тооцогдохооргүй байна гэж шүүх үзлээ.

2.8. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж заасан бөгөөд зөрчлийг 2020 оны 09 дүгээр сард үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гомдол гаргагчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон ба зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн өдөр нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байх[5] тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн заалтад хамаарахгүй байгааг дурдаж байна. Тодруулбал, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2006 оны Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 12.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийг тус тус баримтлан Д.Эийн гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1453071 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 35-38 дахь тал

[2] Хх 4 дэх тал

[3] Мөн тэнд

[4] Хх 16 дахь тал

[5] Хх 34 дэх тал