Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 75

 

 

 

                                                                                                                                                      

     

 

 

    2019         11           20                                           2019/ДШМ/75

 

 

 

С.Б, М.Л, Ц.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүгдэгч: С.Б,

            Шүүгдэгч: М.Л,       

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б, М.Л, Ц.Б нарт холбогдох, эрүүгийн 1940000820052 дугаартай, 2 хавтас, 318 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд Хэнтий аймгийн шүүхийн 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн “а”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 5 жилийн хорих ял, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, С.Б,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн   дугаар захирамжаар 1 жил, 1 сар, 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, М.Л,

  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц.Б нарт холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч С.Б, М.Л нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ... газраас хохирогч Ж.Э-ийн олон тооны малыг буюу 10 адууг хулгайлж, түүнд 8 750 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч С.Б, М.Л нарын хулгайлан авч ирсэн 10 тооны адуунаас 5 адууг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 1 200 000 төгрөг авч эзэмшиж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б, М.Л нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 5/09 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын Төрийн сангийн ... тоот дансанд байгаа 4400000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.С-т олгож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нараас тус бүр 75300 төгрөг гаргуулан хохирогч Ж.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1600000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5, 8, 9, 10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б-н насанд хүрээгүй хүү Э-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргад даалгаж,

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.    

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах хариуцлагын талаар учир дутагдалтай дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт: Эрүүгийн хариуцлага нь уг гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд хууль зүйн үндэслэлээр С.Б, М.Л нар нь эхнээсээ гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо биет байдлаар нь нөхөн төлсөн байдаг бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болж байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ж.Э-с замын зардал нэхэмжилсэн төлбөрийн баримтыг гаргаж шүүхээс нийт 150600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нарын ар талаас бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан учраас одоо ямар нэгэн төлөгдөх төлбөр хохирол байхгүй байгаа болно. 

Хоёрдугаарт: Шүүгдэгч С.Б, М.Л нар нь эрүүл мэндийн хувьд харьцангуй тааруу, нас ахиж байгаа учраас архаг хууч өвчин ихтэй. Тухайлбал шүүгдэгч С.Б-н хувьд толгой тархи нь таллаж нүдний ухархай, тархиараа байнгын хатгуулж өвддөгийн улмаас хорих байранд цагаар тогтмол эм ууж эмчлэгдэж байгаа ба шүүгдэгч М.Л-ийн хувьд уушигны сүрьеэ өвчтэй. Энэхүү өвчнөөрөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот руу явах байсан боловч боломжгүйн улмаас өнөөдрийг хүрсэн бөгөөд мөн нуруу муутай болох эрүүл мэндийн онцлог байдлуудыг нь анхаарч үзэхийг хүсэж байна.

Гуравдугаарт: Ар гэрийн байдлын хувьд шүүгдэгч С.Б нь 11 настай хүүгийнхээ хамт хоёулаа амьдардаг. Хэдийгээр анхан шатны шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх заалтыг гаргасан боловч уг хүүхэд маань багаасаа аав дээрээ өссөн болохоор аавыгаа гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байгаа. Бага насны хүүхдийн ирээдүйн амьдрал хувь заяаны асуудал нь давхар хөндөгдөж буйгийн гадна М.Л-ийн хувьд өвчний улмаас хэвтрийн байнгын хүний асрамжинд байдаг хүүхэдтэй болох хүнд байдалтай болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж С.Б, М.Л нарт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэрт минь хэвтэрийн хүн байдаг учраас миний үйлдсэн хэргийн ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ард үлдэх хүүхдэдээ харамсаж байна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу миний хэргийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Миний 11 настай хүү маань аав ирнэ гэж хүлээж байгаа...” гэв.

 

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “....Баянмөнх, М.Л, С.Б нарт холбогдох хэргийг шүүхэд яллах дүгнэлт үйлдэж  анхан шатны шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолтой холбогдуулж хэлэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх төлбөртэй байсан. Шүүгдэгч тус бүрийн хувьд 75 300 төгрөгний хохирол нөхөн төлөгдөөгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан буюу хорих ялын хэмжээг 2-8 жил байхаар заасан ийм гэмт хэрэгт хохирлоо нөхөн төлсөн байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг авч хэрэглэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргах үед энэ зүйл заалтыг ашиглах нөхцөл байдал үүсээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зүйл заалт маань заавал хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш. Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх төлбөртэй байсан учраас Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 2019/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичсэн асуудлуудад хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэдний хувийн болон амьдралын байдал зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Б, М.Л нар нь бүлэглэн 2019 оны 05-р сарын 03-ны өдөр хохирогч Ж.Э-ийн 10 тооны адууг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2-р баг, Хар өндөр гэх газарт бэлчээртээ байхад нь хулгайлан Хэнтий аймгийн Бор-өндөр суманд авчирч 5 тооны адууг нь бусдад 4.500.000 төгрөгөөр зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч С.Б, М.Л нарын хулгайлан авчирсан адуунаас 5 адууг худалдан борлуулахад оролцож гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан орлогоос 1.200.000 төгрөгийг нь авч өөрийн дансандаа байршуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ж.Э, гэрч Ж.О, Б.Б, Д.А нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нараас 4.400.000 төгрөгийг буцааж хурааж авсан тухай тэмдэглэл, хохирогчид 10 тооны адууг нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч нарын зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч С.Б, М.Л нар нь урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу М.Л зориуд өөр орон нутгаас буюу Дорноговь аймгийн Даланжаргалан суманд бэлчээртээ байсан хохирогч Ж.Э-ийн адуунаас 10 адуу хулгайлж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд авчирсныг С.Б нь махны ченжид 5 адууг нь 4.500.000 төгрөгөөр зарж борлуулсан, хулгайлагдсан 10 тооны адуу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт бичигдсэнээр “... олон тооны мал”-д тооцогдож байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн,

 

Шүүгдэгч Ц.Б нь хулгайн адуу гэдгийг мэдсээр байж махны ченж Ж.О-д адууны эзэн Б гэж өөрийгөө худал нэрээр танилцуулж 5 тооны адууг нь 4.500.000 төгрөгөөр зарах үйлдэлд оролцсон ба уг мөнгөнөөс 1.200.000 төгрөгийг нь өөрийн дансанд шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Шүүгдэгч С.Б нь бага насны буюу 11 настай хүү Б.Э-н хамт ам бүл хоёул амьдардаг болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 15-16/-аар нотлогдсон ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ганцаар үлдсэн бага насны хүүхэд Б.Э-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Ж.Э болон иргэний нэхэмжлэгч Г.С нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн төлж арилгасан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялуудыг хөнгөрүүлж болох нөхцлүүдэд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.Б, М.Л нарт анхан шатны шүүхээс тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг түүний хоёрны нэгээр багасгаж оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдсан гомдлыг хангаж, энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 , 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

 

 “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Л нарыг тус бүр 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Лийн 69 хоног, шүүгдэгч С.Бы 69 хоног цагдан хоригдсоныг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                  Х.БАЙГАЛМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС