Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 135

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: С.Д-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: УАНС ИТХ-д холбогдох,

       Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14.504.224 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан боловч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0403 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 425 тоот тогтоолуудаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Иймд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал нийт 14 сар ажилгүй байсан, нэг сарын хөдөлмөрийн хөлсний дундаж нь 1.036.016 төгрөг, үүнийг 14 сараар үржүүлэхэд 14.504.224 төгрөг болж байна. Сүүлийн 3 сарын дундажыг тооцохдоо 2017 оны 12 дугаар сарын цалин ажилласан хоногтой тохируулан дутуу бодогдсон тул энэ сарыг оруулалгүй бүтэн ажилласан 9, 10, 11 сарын цалингаас тооцсон болно. Мөн энэ хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тул нөхөн төлүүлж, дэвтэрүүдэд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж байсан С.Д ажлаа хангалтгүй хийсэн гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд тухайн шийдвэр гаргасаас хойш одоог хүртэл цалингаа нэхэмжилж гомдол гаргасан байна. Энэ гомдлыг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга байх хугацаандаа шүүхээр хүчингүй болсон тухайн буруутай тогтоол, шийдвэрт гарын үсэг зурсан учраас хангалтгүй ажилласнаа хүлээн зөвшөөрсөн цалин нэхэх эрхгүй гэж үзэж байна. Мөн өөрийг нь чөлөөлсөн шийдвэрийг өөрөө баталгаажуулан гарын үсэг зурсан тул хариуцлагаа өөрөө үүрэх хэрэгтэй. Уг тогтоолд нийт төлөөлөгчдийн олонх буюу 65 хувь С.Д-ийн ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн. Гэтэл хангалтгүй ажиллаж хариуцлагагүй байдлаасаа болж ажлаас халагдсан, огт ажлаагүй хүнд Монголын төр цалин хангамж эдлүүлэх нь хуульд хэр зэрэг нийцдэг бол. Шүүхийн шийдвэрт С.Д-ийг хариуцлагатай, хариуцлагагүй ажилласан гэж огт дүгнээгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны явц буруу байсан гэж дүгнэж шийдвэрлэсэн учраас хангалтгүй ажилласан С.Д-д цалин нөхөж олгох боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь ганц хүний захирамжилсан шийдвэр биш, хамтын шийдвэр гэдгийг анхааран үзэх нь зүйтэй болов уу. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хоёр хүний орон тоотой, төсөв хүрэлцээгүй учир харгалзан үзэх. Мөн шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуулиар буруу шийдвэр гаргасан этгээд уг хохирлыг барагдуулахаар заалт байдаг. Гэтэл шийдвэрт өөрөө гарын үсэг зурчихаад төрөөс цалин хангамж нэхээд байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй байгааг тунгаан үзэж шийдэж өгөхийг уламжилж байна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14.504.224 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

     Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.С “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

       Хэрэгт авагдсан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0403 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаар тогтоолоос үзэхэд Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, С.Д-ийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

         Иймээс нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

      Харин нэхэмжлэгч нийт 14 сарын цалин 14.504.224 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд /Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдрийг хасаад/ нийт ажлын 11 хоног, мөн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд /Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2,  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг хасаад/ нийт ажлын 12 хоног байна.

      Мөн С.Д-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд тэрээр 2017 оны 9, 10, 11 дүгээр саруудад тогтмол 1.036.016 төгрөгөөр цалинжсан байх ба үүнээс нэг өдрийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5 дахь хэсэгт заасны дагуу тооцоход 1.036.016 төгрөгийг ажлын дундаж хоног 21,5-д хуваахад нэг өдрийн цалин 48.186 төгрөг байна.

        Өөрөөр хэлбэл, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд ажлын 11 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу 530.046 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 18-ны өдөр хүртэл хугацааны ажлын 12 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу 578.232 төгрөг, үлдэх 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны нөхөн олговорыг нэг сарын 1.036.016 төгрөгөөр тооцож, нийт 13.540.470 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй ба харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 963.754 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч С.Дашдэмбэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

       Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 13.540.470 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгох нь зүйтэй байна.

             Хэрэгт хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “ИТХ-ын 6 дугаар хуралдааны материал тараасан жагсаалт”, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Бонх, экологийн тэнцвэрт байдал, дэд бүтэц, ХХАА хорооноос сумын ИТХ-д оруулах санал дүгнэлт”, 2017 оны 12 дугаар сарын 15-18 өдрийн “Наранбулаг сумын ИТХ-ын 6 дугаар хуралдааны ирц”, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны тэмдэглэл”, мөн өдрийн “Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын хорооны тэмдэглэл”, “Тооллогын комиссын дүнгийн тухай” гэх гарчиг бүхий 2 хуудас баримт, Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/01, 6/02 дугаар тогтоолууд зэрэг баримтуудыг ирүүлсэн боловч тухайн баримтуудыг захиргааны хэргийн шүүх урьд хэлэлцэн, шийдвэрээ гаргасан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дээрх үйл баримтад дүгнэлт хийж, нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй болохыг дурдав.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 13.540.470 /арван гурван сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 963.754 /есөн зуун жаран  гурван мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар С.Д-ийн ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.  

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.472 /хоёр зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  225.625 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА