| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох 2316000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, М овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн ... багийн нутаг дэвсгэр ... тоот хашааны урд зам дээр согтуурсан үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Ниссан террано маркийн **** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Б.Пыг мөргөж эрүүл мэндэд нь 2 уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, хэвлийн хөндий дахь цус алдалт, элэгний язрал, баруун гарын 2,3,4,5-р хуруунуудын шивнүүрийн тайрагдалт, зүүн талын умдаг, суудлын ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,
2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Б.Батсайханы Баарайн Б.Бын согтолтын зэргийг тогтоох зорилгоор 6820 маркийн драгер үлээлгэхэд 1.11 хувийн согтолтой гэх драгер үлээлгэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-24/,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн Жаргалан сумын Суурин дулаан аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын хяналтын камерын бичлэгээс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 03 минутаас 19 цаг 12 минутын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн Жаргалан сумын Суурин дулаан аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын хяналтын камерын бичлэгээс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 03 минутаас 19 цаг 12 минутын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36/,
Хохирогч Б.Пын өвчний түүхийн хуулбар авах тухай прокурорын зөвшөөрөл, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 46-102/,
Хохирогч Б.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н, иргэний нэхэмжлэгч Б.Э, гэрч Ж.Ж, Ч.М, П.А, Ө.А, З.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-161/,
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн зам тээврийн осолд гаргасан магадалгаа /хх-ийн 173-178/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “хохирогч Б.Пын эмчилгээний зардалд Б.Б нь 20,000,000 /хорин сая/ төгрөг өгсөн нь үнэн болно. Дахиж нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” /2хх-05/ гэсэн, мөн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжилсэн 2,044,000 төгрөгийг шүүгдэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн байх тул түүнийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий ди ви ди /DVD/-г хэрэгт хавсаргаж, **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, шүүгдэгч Б.Бын *** дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий **** ГАҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох, хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Бт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий ди ви ди /DVD/-г хэрэгт хавсаргаж, **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, шүүгдэгч Б.Бын *** дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий **** ГАҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА