| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00529/и |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 140
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг буюу 6.168.332 төгрөг, цалингийн зээл 2.400.000 төгрөг, “Цэргийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын дагуу олгогдсон урамшлаас 7.818.816 төгрөг, нийт 16.387.148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С /цахимаар/, хариуцагч М.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.Б-тай 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ авсан. Нөхөр бид хоёр 2007 оны 9 дүгээр сараас эхэлж хамт 4 жил их сургуульд Улаанбаатар хотод сурч төгссөн. Улмаар бид 2011 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж ирээд хадам эцэг эхийн хамт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл амьдарсан. Гэтэл миний нөхөр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ааш зан нь хувирч, сална гэж байнга хэлэх болсон. Мөн М.Б Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлээ цуцлуулах тухай өргөдөл өгсөн ба 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Бид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Нөхөр М.Б ажлаа Улаанбаатар хот руу шилжүүлж явсан. Бидний гэр бүл цуцлуулах болсон шалтгаан нь М.Б өөр хүнтэй, гэр бүлээс гадуур харилцаатай болсонтой холбоотой ба одоо тэрээр өөр хүнтэй Улаанбаатар хотод хамтран амьдарч байна. Миний бие 2 хүүхдээ бодож гэр бүлээ хамгаалж үлдэх талаар арга хэмжээ авсан ч амжилт олоогүй. М.Б одоо хүртэл охин Б.Л-д санаа тавьж, түүнийг асууж нэг ч удаа залгаж холбоо барьдаггүй. Бид 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү М.Т-ийг төрүүлсэн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Л төрсөн. Бид 2008 онд төрсөн хүү М.Т-ийг хадам эцэг Х.М үрчлүүлсэн. М.Т асрамжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Л өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна. Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 11.000.000 төгрөгийн цалингийн зээл авч Приус-20 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Намайг цалингийн зээл авсан өдөр нөхөр маань автобусаар Улаанбаатар хот явсан ба би 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М.Б-ны 5022405905 тоот данс руу 8.500.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сард худалдаж авсан Приус-20 маркийн машиныг нөхөр М.Б зангаа хувиргаж эхэлснээс хойш буюу 2018 оны 2 дугаар сард 7.000.000 төгрөгөөр Улаанбаатар хотод худалдсан ба надад нэг ч төгрөг өгөөгүй. Мөн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би цалингийн зээлээ цалингаасаа төлж байна. М.Б миний цалингийн зээлд нэг ч төгрөг төлж байгаагүй. Гэр бүл болсноос хойш бий болсон дундын эд хөрөгө болох машиныг М.Бауыржан дур мэдэн худалдан борлуулж түүнээс олсон ашгийг өөрөө захиран зарцуулсан. Мөн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад миний хуваарьт хөрөнгө орсон гэж үзнэ. Надад охиноо тэжээн тэтгэхэд эдийн засгийн баталгаа хэрэгтэй. М.Б-ны дүү М.Д нь 2018 оны 1 дүгээр сард гэр бүл болсон М.Б “Дүүгийн хурим хийхэд мөнгө хүрэхгүй байна, тэтгэмжээсээ төлнө, цалингийн зээл авч өгөөч” гэж хэлсний дараа 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Түүнчлэн хөдөө орон нутагт 5 жил ажилласны тэтгэмжийн мөнгөнөөс “Охиноо бодож 5.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн боловч тэтгэмжээ авсан мөртлөө “Авах мөнгөө шүүхээр нэхэмжилж ав” гэж байна. Надад М.Б хэлсэн үгэндээ хүрч миний цалингийн зээлийн тодорхой хувийг ч гэсэн төлж өгсөн бол би ямар нэгэн маргаан гаргахгүйгээр уг асуудлыг хурдан дуусгах бодолтой байсан” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагадаа: “... Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэгт байрлах 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг үнэлгээний байгууллага 1.997.500 төгрөгөөр үнэлсэн учир охин бид хоёрт ногдох 1.331.666 төгрөгийг, Тоёота Приус-20 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 7.255.000 төгрөг байгаа бөгөөд үүнээс охин бид хоёрт ногдох 4.836.66 төгрөгийг гаргуулмаар байна. Харин 2018 оны 1 дүгээр сард дүүгийнх нь хуриманд хэрэглүүлэхээр цалингийн зээл авч өгсөн 2.400.000 төгрөгийн 1.400.000 төгрөгийг хасч, үлдэх 1.000.000 төгрөгийн хүүг М.Бауыржанаас гаргуулна. Учир нь би түүний өмнөөс банкны хүү төлж, цалингаасаа суутгуулан одоо дахин 3 жил төлөлт хийх тул зээлсэн мөнгөнийхөө хүүг гаргуулж авна. ... М.Б Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хөдөө ажилласан ба хөдөө ажилласны тэтгэмжид 2018 оны 7 дугаар сарын үед 11.728.224 төгрөг авсан. Түүнийг хөдөө 5 жил ажиллахад миний бие түүнтэй хамт байж асарч, халамжилж, бүхий л зүйлээ зориулж, үр хүүхдээ өсгөж байсан. Тэрээр сар бүр охиныхоо цэцэрлэгийн төлбөр 80.000 төгрөг өгч байна гэж хэлсэн ч мөн адил амалсандаа хүрээгүй. Би 10 дугаар сард цалингийн зээлийн хугацаа хэтрэлтээс болж 10, 11 дүгээр сарын цалин аваагүй ажиллаж байна. Учир нь Хаан банкны зүгээс миний цалинг шууд зээлд татаж байгаа хэцүү байдалтай байна. Би цалингийн зээлд сард 355.500 төгрөг төлдөг. Иймд М.Б-ны тэтгэмжийн мөнгө болох 11.728.224 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцож, охин Б.Л болон надад ногдох хувь болох 7.818.816 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.С бид хоёр таарамжгүй харилцаатай байсан учир тус тусдаа амьдрах болсон. Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ миний дүүгийн хуриманд зарцуулсан гэх 2.400.000 төгрөгийг Ц.С өөрөө эвлэрүүлэн зуучлагчид хандаад М.Д-аас гаргуулахаар шийдвэр гаргуулсан байгаа. Үүнийг хасч тооцохгүй юм уу. 5022405905 гэсэн Хаан банк дахь данс бол миний данс мөн. Миний нэр дээрх газрын хувьд үнэлгээгээр арай өндөр үнэтэй гарсан байсан. Миний бодлоор 500.000 – 600.000 төгрөгийн л ханштай газар. Гэхдээ би үүний эсрэг нотлох баримт бүрдүүлээд яваагүй. Өөр надад гаргаж өгөөд байх баримт байхгүй, маргах шаардлагагүй учир хариу тайлбар өгөөгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч М.Бауыржанд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг буюу 6.168.332 төгрөг, цалингийн зээл 2.400.000 төгрөг, “Цэргийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын дагуу олгогдсон урамшилаас 7.818.816 төгрөг, нийт 16.387.148 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Иргэн М.Бауыржан, Ц.Саранцэцэг нар 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү Санырау овогтой Маликийн Төлеген /М.Бауыржаны эцэг, эхэд үрчлэгдсэн/, мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Санырау овогтой Бауыржаны Лена нар тус тус төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний болон эмчийн тодорхойлолт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 3 дугаар сараас хойш хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаар “Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид даалгасан боловч уг ажиллагаа талуудын хүсэлтийн дагуу амжилтгүй болж, Эвлэрүүлэн зуучлагчаас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот тэмдэглэл үйлдэн, хэргийг ирүүлжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч гэрлэлт цуцлуулахаа илэрхийлж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар М.Бауыржан, Ц.Саранцэцэг нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Гэрлэлт цуцлагдаж байгаа учир охин Б.Ленаг насны байдал, эх Ц.Саранцэцэгтэй хамт амьдардаг, ээждээ илүү ээнэгшин дассан байдал, эцэг М.Бауыржаны охинтойгоо харьцдаг харилцаа зэрэгт дүгнэлт хийж, түүнийг эх Ц.Саранцэцэгийн асрамжид үлдээж, эцэг М.Бауыржанаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Гэрлэгчдийн эд хөрөнгийн болон бусад маргааны тухайд:
2.1. Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар баг, “Цагаан эрэг”-т байршилтай, нэгж талбарын 031303972, улсын бүртгэлийн Г-0213003495, гэрчилгээний 000176184 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар[1]-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” 394 дүгээр захирамжаар[2] иргэн М.Бауыржанд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарч байна.
2.2. Хаан банк болон Ц.Саранцэцэг нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”[3], Ц.Саранцэцэгийн Хаан банк дахь 5180562932 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 50-51 дүгээр тал/ гэх баримтаар Ц.Саранцэцэг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас 11.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, 3 өдрийн дараа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхөр М.Бауыржаны данс руу 8.500.000 төгрөгийг шилжүүлж, Тоёота Приус-20 маркийн автомашин худалдан авсан нь тогтоогдож байна.
Хэрэгт тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй боловч хэргийн 180 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот тодорхойлолт, хэргийн 193 дугаар хуудаст авагдсан Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, талуудын тайлбараас үзэхэд “Аралын NHW200105877 дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин нь 54-24 БӨА улсын дугаараар, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд М.Бауыржаны нэр дээр бүртгэлтэй байсан” нь нотлогдож байна.
Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй буюу тэрээр өөрийн цалингийн зээл авч, нөхөр М.Бауыржанд 8.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авч өгсөн ба энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т заасан гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон хөрөнгө байна.
2.3. Хариуцагч М.Бауыржан 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласны мөнгөн урамшил нийт 13.031.361 төгрөг авсан нь хэргийн 145-148 дугаар хуудаст авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8/456 дугаар тодорхойлолт, холбогдох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/361 дүгээр тушаал, тэтгэмжийн бодолт, урамшил олгох албан хаагчдын нэрс гэх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд үүнийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т заасан гэрлэгчийн хамтын хөдөлмөр, үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлалд тооцож, уг хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд зохих хувийг олгох нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, дээрх орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэрлэгчдийн гэрэлснээс хойш бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4-т тус тус хамаарч байгаа, нэхэмжлэгч Ц.Саранцэцэгийн асрамжид охин Б.Лена үлдсэн, охины цаашидын асаргаа, сурлага хүмүүжилд илүү их эдийн засгийн баталгаа шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, мөн хэргийн 31-40 дүгээр хуудаст авагдсан “Мөнх эстимэйт” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г /хариуцагч уг үнэлгээний талаар маргаангүй, үүнийг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаагүй/ үндэслэн Ц.Саранцэцэгт хөрөнгийн үнэлгээний 60 хувиар, хариуцагч М.Бауыржанд хөрөнгийн үнэлгээний 40 хувиар тооцож олгох нь талуудын хэн алиных нь эрх, ашиг сонирхолд болон Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасантай нийцнэ гэж үзлээ.
Мөн М.Бауыржан 8.500.000 төгрөгөөр худалдан авсан тээврийн хэрэгслийг Ц.Саранцэцэгийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулж, худалдах-худалдан авах гэрээнээс олсон орлого, Цагдаагийн ерөнхий газраас олгогдсон мөнгөн урамшлаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг шилжүүлээгүй байгаа эс үйлдэхүй, үл хөдлөх хөрөнгийн хувьд зөвхөн М.Бауыржаны нэр дээр бүртгэлтэй байгаа учир Ц.Саранцэцэгийн цаашид зөвшөөрөл шаардагдахгүй захиран зарцуулах боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд Ц.Саранцэцэгт тухайн хөрөнгүүдийн үнийн дүнгийн, мөнгөн урамшлын зохих хувийг М.Бауыржанаас гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээгээр 1.997.500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүний 60 хувь буюу 1.198.500 төгрөгийг, хөдлөх эд хөрөнгө буюу Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 7.255.000 төгрөгөөр үнэлэсэн ба үүний 60 хувь буюу 4.353.000 төгрөгийг, мөнгөн урамшил 13.031.361 төгрөгийн 60 хувь буюу 7.818.816 төгрөгийг, нийт 13.370.316 төгрөгийг хариуцагч М.Бауыржанаас гаргуулж Ц.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 616.832 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
2.4. Нэхэмжлэгчээс “М.Бауыржаны дүү М.Досжан 2018 оны 1 дүгээр сард хурим хийж, гэр бүлтэй болсонтой холбогдуулан 2.400.000 төгрөгийн цалингийн зээл надаар нэмж авахуулсан боловч буцаан төлөөгүй” хэмээн 2.400.000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.400.000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, “1.000.000 төгрөгийн хүү төлсөн учир уг хүүгийн төлбөрийг гаргуулна” гэх шаардлага гаргасан.
Гэтэл Ц.Саранцэцэг болон М.Бауыржан нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд хэдийгээр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчсөн байх тул уг 1.000.000 төгрөгийн хүүг хариуцагчаас гаргуулж олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандан Ц.Саранцэцэг нь М.Досжанаас уг мөнгийг гаргуулж авахаар шийдвэр гаргуулсан” гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч М.Бауыржанаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.370.316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 616.832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч М.Бауыржанаас “зээлийн хүү 1.000.000 төгрөг гаргуулах тухай” Ц.Саранцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь “зээлийн гэрээний дагуу олгосон 1.400.000 төгрөг гаргуулах тухай” хэсгээс татгалзсаныг дурдав.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Саранцэцэгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг[4], хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох /2018 оны байдлаар баруун бүсэд амьжиргааны доод түвшин 178.000 төгрөг байсан бөгөөд Б.Лена 11 нас хүрээгүй тул 178.000:2=89.000, 89.000х12=1.068.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/ 30.182 төгрөг[5], гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах болон зээлийн төлбөр зэрэгт тус тус төлсөн 152.100 төгрөг[6], мөнгөн урамшлын ногдох хувьд төлсөн 140.100 төгрөг[7], нийт 392.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Харин хариуцагч М.Бауыржанаас 13.370.316 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 224.801 төгрөг, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох 70.200 төгрөг[8], хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох 30.182 төгрөг, нийт 325.183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Саранцэцэгт олгох нь зүйтэй.
Хэргийн 104-116 дугаар хуудаст авагдсан утасны мессежийн харилцан яриа, автомашины зураг, 139-144 дүгээр хуудаст авагдсан мотоциклийн лавлагаа, мэдээлэл, “Эссайн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 152 дугаар хуудаст авагдсан “Мобиком корпораци”-ийн лавлагаа, 159-161 дүгээр хуудаст авагдсан “Жи мобайл” ХХК-ийн лавлагаа, хавсралт зэрэг баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй учир тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар М.Б, Ц.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Л-г эх Ц.С-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ленаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч М.Б-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.370.316 /арван гурван сая гурван зуун далан мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 616.832 /зургаан зуун арван зургаан мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч М.Б-аас “зээлийн хүү 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай” Ц.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь “зээлийн гэрээний дагуу олгосон 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” хэсгээс татгалзсаныг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.582 /гурван зуун ерэн хоёр мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 325.183 /гурван зуун хорин таван мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-гт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 138 дугаар тал,
[2] Хэргийн 135 дугаар тал,
[3] Хэргийн 125-127 дугаар тал,
[4] Хэргийн 3 дугаар тал,
[5] Хэргийн 4 дүгээр тал болон шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн нэмж төлсөн тухай баримт,
[6] Хэргийн 28 дугаар тал,
[7] Хэргийн 150 дугаар тал
[8] Хэргийн 3 дугаар тал,