| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00144/и |
| Дугаар | 169 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 169
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 8-7 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА63071218, Боролдой овогтой Нямжавын Батжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.934.979 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 652.847 төгрөг, нийт 6.587.826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батжаргал, хариуцагч Б.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууран ажиллах байнгын ажлын байраар хангаагүй буруутай, зохих албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоосон учир 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.934.979 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11 хувиар тооцвол 652.847 төгрөг, бүгд 6.587.826 төгрөгийг Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс миний ажиллаж байсан албан тушаалын цалинг тус Тамгын газрын даргын 2018 оны А/37 тоот тушаалаар нэмж, үндсэн цалинг 615.279 төгрөгөөр, мөн зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нийт 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-3-5 дахь сүлжээний буюу 664.502 төгрөгөөр үндсэн цалингаа тус тус тооцсон болно” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Н.Батжаргалын тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байна. Н.Батжаргалыг Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны албан тушаалд томилох орон тоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсан. Энэ тухай өөрөө сайн мэдэж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу би ажлын байр санал болгосон боловч өөрөө татгалзсан. Ажил хийхгүйгээр сул цалин авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарахаас өмнөх буюу 2018 оны 9 дүгээр сард олговол зохих 399.919 төгрөг, 10 дугаар сард 615.279 төгрөг, 11 дүгээр сард 615.279 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 234.292 төгрөг, нийт 1.864.769 төгрөг төлөх л боломжтой” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батжаргал нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Тамгын газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.934.979 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 652.847 төгрөг, нийт 6.587.826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Тамгын газрын дарга Б.Батбуян “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.
Хэрэгт авагдсан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаар шийдвэрээс үзэхэд Н.Батжаргалыг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-3 шатлал бүхий албан тушаалын ажлын байраар хангахыг тус Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байх боловч зохигчдын тайлбарласнаар энэхүү шүүхийн шийдвэр өнөөг хүртэл хугацаанд биелэгдээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй буюу шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд ТЗ-3-ын 5 дахь шатлалаар цалинжихаар тус Тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/37 тоот тушаалын хавсралтад заасан байх бөгөөд шүүхийн шийдвэрт ч мөн Н.Батжаргалыг ТЗ-3 шатлал бүхий ажлын байраар хангахыг даалгасан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, ТЗ-3-ын 5 дахь шатлалыг 664.502 төгрөг байхаар тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, Н.Батжаргалыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 удаа цалингийн хэмжээ өөрчлөгдөн тогтоогдсон байх бөгөөд энэ хэрэгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу цалингийн хэмжээг тооцох боломжгүй, харин дээр дурдсан Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэн Н.Батжаргалд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны цалинг зөвхөн үндсэн цалингийн хэмжээгээр тооцож олгоно” хэмээн маргасан боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Н.Батжаргал нь үндсэн цалингаас гадна төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, зэрэг дэвийн нэмэгдэл 15 хувиар тус тус тооцуулан авч байсан байх тул тухайн нэмэгдлүүдийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж, нөхөн олговрыг олголоо.
Өөрөөр хэлбэл, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд ажлын 13 хоног байх ба үндсэн цалин 615.279 төгрөг дээр нэмэгдэл 246.111 төгрөг, бүгд 861.390 төгрөг авах байсны ажлын 13 хоногийн 559.903 төгрөгийн цалинг нөхөн олгох, 2018 оны 10, 11, 12 дугаар сард тус бүр 861.390 төгрөг, 2019 оны 1, 2, 3 дугаар сард тус бүр /664.502 төгрөг дээр 40 хувийн нэмэгдэл 265.800 төгрөг/ 930.302 төгрөг, нийт 5.934.979 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь “11 хувиар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 652.847 төгрөг гаргуулах тухай” шаардлага гаргасан байх боловч үүнийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үүнд: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Н.Батжаргалын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх бөгөөд 5.934.979 төгрөгөөс тухайн сарын цалин, хөдөлмөрийн хөлсөд ногдох хэмжээнээс тус бүр нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, хариуцагч бүрэн төлнө.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дахь нэхэмжлэгч Н.Батжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 5.934.979 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109.910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Батжаргалд олгох нь зүйтэй байна.
Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Д.Намсайд чөлөө олгох тухай” Б/37 тоот тушаал, “Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо” гэх 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн жагсаалт, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралтын хамт, тус Тамгын газрын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны “Ажлын цагийн баланс”, “Цалингийн товчоо” гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй тул тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА