Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 171

 

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 22 дугаар байр, 01 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81112000, Баавшууд овогтой Адилбишийн Чулуундарийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 7-2 тоотод оршин суух, одоо Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо, 3 дугаар баг, 10-3 тоотод түр оршин суух, “Таван толгой” ХК-ийн уурхайд том машины жолооч ажилтай, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ87110578, Элжгэн овогтой Лхагвадоржийн Батболдод холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч А.Чулуундарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 2007 онд Л.Батболдтой танилцаж, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ч.Жангарыг төрүүлсэн. Намайг хүүхэд төрүүлэх үед өөр хүнтэй харилцаатай болсон байсан учраас харилцаа хобоогоо тасалсан. Одоо хүү маань 8 настай, 2 дугаар ангид сурдаг. Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг боловч тогтсон орлогогүй. 2018 оны 3 дугаар сард хүү маань байнга “Толгой өвдөж байна” гээд байсан учраас аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт болон Улаанбаатар хотод очиж оношилгоо шинжилгээ хийлгэхэд “Тархиндаа уйланхай, хамрын гамриттай” гэсэн онош гарсан. Ингээд тухайн үедээ Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирээд 9 дүгээр сард мөн эмчилгээ хийлгэсэн байгаа. “Цаашид ч эмчилгээ үргэлжилж хийгдэнэ” гэж эмч зөвлөсөн. Иймд Л.Батболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ... Миний бие Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байгаа бөгөөд шүүх хуралдаанд амжин очиж чадахааргүй боллоо. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагаас Улаанбаатар хотоос Улаангом чиглэлд автобусаар очих билеттэй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Чулуундарийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүү Ч.Жангарт хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн хүү Ч.Жангарыг ээжийх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Миний бие Өмнөговь аймаг Цогтцэций суманд ажиллаж байгаа тул Увс аймагт очих боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Чулуундарь нь хариуцагч Л.Батболдод холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд хэдийгээр А.Чулуундарь, Л.Батболд нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2007-2011 оны хооронд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Баавшууд овогтой Чулуундарийн Жангар /регистрийн дугаар УЦ11240451/ төрсөн болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь Ч.Жангарын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.  

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ч.Жангарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Батболдоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Чулуундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батболдоос 32.011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуундарьд олгох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар хоёул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4, 100.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тэднийг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахад саад болохгүйг дурдав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Ж-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оос 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ч-д олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА