Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2019/00121/и |
Дугаар | 172 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 172
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Х банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-нд холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Н, Б. нар эгч дүүс бөгөөд Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвд ЗГ201743310986 тоот зээлийн гэрээ байгуулан 14.390.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр тэгш 442.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Хамтран үүрэг гүйцэтгэхээр Б.О гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 821.925,40 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 546.035,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 139,33 төгрөг, нийт 1.368.100 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч Б.Н 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Б.О-ээс зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Б.О-ээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 16.504.860,82 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд заасан “Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай” хэсэг хэвээр байгаа. Харин “Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү” гэсэн хэсгээс татгалзаж байна. Хариуцагч Б.О-тэй банкны зүгээс удаа дараа уулзаж байсан. Тэрээр “Би энэ мөнгийг авч ашиглаагүй” гэдэг зүйл хэлдэг. Талийгаач нь тухайн үедээ нэг хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан тул дүүгээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгчээс уг төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Б.О-нд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү” гэсэн хэсгээс татгалзаж байгаагаа дурдсан бөгөөд үлдэх нэхэмжлэлийн шаардлага буюу “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай” хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Иргэн Б.Н, Б.О нар Хаан банктай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2017743310986 дугаартай “Зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГҮ201743310986 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулж, 14.390.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд иргэн Б.Нийн эзэмшлийн Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 15-04 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516010685 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч Б.Н нас барсан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Хаан банк хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Б.О-нг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар иргэн Б.Н-ийн эзэмшлийн Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 15-04 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516010685 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс 240.474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 /арван зургаан сая таван зуун дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар иргэн Б.Н-ийн эзэмшлийн Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 15-04 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516010685 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.474 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс 240.474 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА