Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01564

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 670 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээ-ний үүрэгт 3,188,543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, хариуцагчийн төлөөлөгч Д.Өсөхжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Ж.Батмөнхийн гудамж 39/2 хаягт байрлах өөрийн эзэмшлийн Велокс оффиссыг түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голден бридж нью Монголиа ХХК-ийн Голден бридж англи хэлний сургалтын төвтэй 2019.02.01 өдөр 82.85 м.кв оффисын өрөөг түрээслүүлэх MKM-Rcon-2019-02 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Цагаан сарын үе таарсан тул 2019.02.11-ны өдрөөс 2019.03.01-ний өдрийг хүртэл дотоод засал өрөөний хуваалтыг хийж тохижуулах хугацааг ямар ч түрээсгүйгээр олгосон бөгөөд дахин нэмэлтээр 40.8 м.кв талбай бүхий оффис нэмж түрээслэхээр хүсэлт гаргасны дагуу 2019.03.01-ний өдөр гэрээний хавсралт №1-ээр нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээний түрээсийн тооцоонд дотоод засал хийхэд оруулсан зардлаас МКМ ХХК тодорхой хувийг хариуцахаар болсон тул хасалт хийж тооцсон. Үүнээс хойш буюу 2019 оны 5-р сараас эхлэн түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөхгүй байсан тул 2019.06.04-ны өдөр MKM-SOL-19/61 тоот албан бичгээр 2019.06.10-ны өдрийн дотор талбайг суллан гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээсийн төлбөрөө төлөхгүй асуудал үүсгээд байгаа учраас захиралтай нь харилцан тохиролцож гэрээний нэмэлт гэрээг дуусгавар болгон акт үйлдэж 40.8 м.кв талбайг буцаан авсан. Тухайн актаар 1,780,728 төгрөгийн жижиг өрөөний тооцооны үлдэгдэлтэй байсан. Ийнхүү 2019.06.11-ний өдрийн байдлаар нийт түрээсийн өглөг 5,633,587 төгрөг үүссэнээс 2019.06.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019.07.03-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2019.08.01-ний өдөр захиралд нь мэдэгдэж үйл ажиллагааг зогсоож түлхүүрийг хурааж авсан. Ингээд 2019.08.01-ний өдрөөс 2019.08.15-ны өдөр хүртэл нийт 15 хоног түрээсийн үлдэгдлээ төлөх хугацаа өгч хүлээсэн боловч асуудал шийдэгдэхгүй, энэ хугацааны түрээсийн алдагдалд орсон тул дахин 2019.08.15-ны өдрийн MKM-SOL-19/92 тоот албан мэдэгдэл өгч 2019.08.20-ны өдрийн дотор эд хогшлоо авч түрээсийн талбайг чөлөөлж өгөх барьцааны мөнгийг түрээсэнд суутгасны дараах үлдэгдэл 3,188,543.98 төгрөгийг барагдуулах тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд Голден бридж нью Монголиа ХХК-иас 3,188,543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Голден бридж нью Монголиа ХХК-иас 3,188,543 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК-иас 65,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 670 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Голден бридж нью Монголиа ХХК-аас төлсөн 65,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23 ний өдрийн 670 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь Иргэний хууль, бусад хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан, ИХШХШТХ-нд заасан хэргийн оролцогчдын эрх, үүргийг тайлбарлаагүй, хариуцагч нь өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авч мэтгэлцсэний үндсэн дээр өөрийн эрхээ бүрэн хамгаалуулж, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтаа гаргахаар нотлох баримтаа өмгөөлөгчдөө өгсөн байсан боловч харин өмгөөлөгч нь шүүх хурал болох өдөр бид гэрээ хийсэн тул хэргийн материал танилцаж гэрээгээ өгөх, сөрөг нэхэмжлэлээ шүүхэд гаргаж өгч чадаагүйн улмаас шийдвэр гаргасан. Энэ талаар эс зөвшөөрч, давж заалдах магадлал гаргасан боловч хуулийг хэт нэг талаас тайлбарлан шийдвэрлэлээ.

Шүүх нь Иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмаар хангаж, оролцогч, зохигчдын эрхийг бүрэн хангаж байж эцсийн шийдвэр гаргах нь хууль нийцнэ. Хариуцагч нь Түрээсийн гэрээний маргааны дагуу хариуцагч талын 4 сая төгрөгийн өмч хөрөнгөө /тавилга/ хүлээн аваагүй, талуудын түрээсийн байр хүлээлцсэн акт, түрээс төлсөн төлбөрийг хоорондын дансаар тооцсон баримтаар тулгах, мөн түрээслүүлэгчийн түрээслэгчийн үйл ажиллагааг гэнэт зогсоосноос үүдэлтэйгээр өөрөөр хэлбэл Голден Бридж сургалтын төвд сурч байсан оюутнуудыг хичээллүүлэх боломжгүй болсноос үүдэлтэй оюутнуудын төлбөрийг буцааснаар 20 сая төгрөгийг буцааж өгсөн зэрэг түрээсийн гэрээ цуцлах, гэрээний маргаантай холбоотой бүх үйл баримтыг хариуцагчаас гаргаж өгч маргах байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр би хуульч биш эрх зүйн мэдлэггүй, хууль процессын хэрэглээний шүүхийн үйл ажиллагааны нарийн асуудлыг мэдэхгүйн улмаас шүүхээс үнэлэх ёстой байсан гэж үзээд байгаа үйл баримтаа хүсэлт гаргаж шүүхийн журмаар ажиллагаа хийлгүүлэн хуулийн шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгөх, шүүх хуралд өмгөөлөгчийн хамт орж мэтгэлцэх, сөрөг нэхэмжлэл гаргах талаар нотолсон баримтаа өгөөгүй байхад хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь шударга бус байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 184/ШШ2020/00121 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 670 тоот магадлалыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,188,543 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2019.02.01-ний өдөр хариуцагчтай 82.85 м.кв оффисын өрөөг түрээслүүлэх МКМ-Rcon 2019-02 тоот түрээсийн гэрээ байгуулсан, 40.8 м.кв талбай нэмж түрээслэхээр 2019.03.01-ний өдөр №1 нэмэлт гэрээ байгуулж түрээсийн байранд оруулсан, дотоод заслын зардлыг түрээсийн төлбөрт тооцсон боловч 2019 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөрийг төлөөгүй, 2019 оны 06 дугаар сард нэмэлт гэрээг цуцалж, талбайгаа буцаан авсан, 2019 оны 06 дугаар сард түрээсийн өглөг 5,633,857 төгрөг үүссэнээс 06 сард 2,000,000 төгрөг, 07 сард 1,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй тул 2019.08.01-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 15 хоногийн хугацаа өгсөн боловч асуудал шийдэгдээгүй тул 2019.08.15-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгч, 2019.08.20-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж, төлбөр 3,188,543.98 төгрөг төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэх ирээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр зохигчийн хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан, ...хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлаагүй, ...өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, мэтгэлцэх боломж олгоогүй, ...энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй, хуулийг хэт нэг талаас нь тайлбарлаж хэрэглэсэн, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 100 дугаар зүйлийн 100.3.-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Шүүх 2019.09.14-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Өсөхжаргалд нэхэмжлэлийг гардуулж өгсөн, мөн өдөр Д.Өсөхжаргалд, 2019.11.25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаярт эрх, үүргийг тус тус танилцуулж, тайлбарласан талаарх баримт хэргийн 61, 62 дугаар талд авагдсан байна.

 

Хариуцагч нь хуулиар тогтоосон хугацаанд буюу 2019.09.28-ны өдрийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

2019.11.25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу тухайн өдрийн хуралдаан хойшлогдсон, 2019.12.04-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон, 2019.12.11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасныг хүлээн авсан нь тогтоогджээ.

 

Шүүх дараагийн шүүх хуралдааныг 2020.01.08-ны өдөр хийхээр товлож, талуудад энэ талаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Дээрх байдлаар шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж өгснөөс хойш 3 сар 24 хоногийн дараа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн, энэ хугацаанд хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй ба өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүх хангасан байх тул ...шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцож мэтгэлцэх, сөрөг нэхэмжлэл гаргах талаар нотолсон баримтаа өгөөгүй байхад хэт нар талыг баримтлан шийдвэр гаргасан... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 670 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяраас 2020.05.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД