Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Хохирогч Ч.Энэбиш,

Иргэний нэхэмжлэгч О.Сансар  

Шүүгдэгч Л.Содномжамц, түүний өмгөөлөгч И.Чимидбадам /ҮД: 0464/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овгийн Лхамцэрэнгийн Содномжамцад холбогдох эрүүгийн 201625022634 дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж 15 дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39-р гудамжны 200 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хатиган овгийн Лхамцэрэнгийн Содномжамц /РД:ИЦ71110614/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

            Л.Содномжамц нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ цахим сайтад “Арматурын төмөр зарна” гэсэн зарлал, мэдээлэл тавьж утасны дугаараа байршуулсанаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ний хангамжийн менежер О.Сансар холбогдон уулзахад тус компанид 20 тн ф12 размерын 12 метрийн урттай 1346 ширхэг арматур, ф8 маркийн 2 боодол, ф10 размерийн 1 боодол катангийн төмөр нийлүүлнэ гэж төөрөгдөлд оруулан захиалуулж төмрийн үнэ болох 21.945.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас “Эм Жэй Эм” компанийн дансанд шилжүүлүүлэн авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Содномжамц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би “Үүр тээл” ХХК-д хаягдал төмөр нийлүүлж арматурын төмөрийг арай хямд үнээр авдаг байсан. Тухайн үед “Үүр тээл” ХХК-д 12 метртэй арматур байхгүй 8 метртэй байсан учраас хохирогч талын стандартад тохироогүй. Тэгээд хохирогч талд арматур төмөр нийлүүлж чадаагүй. Би хохирогчоос арматурын мөнгийг дансаар шилжүүлж авсан. Хохирогчоос авсан мөнгөний 13.000.000 төгрөгийг хүнд хүүтэй зээлсэн, үлдсэн мөнгийг өрөндөө хүнд өгсөн…” гэв.

Шүүгдэгч Л.Содномжамц нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний бие 2016 оны хавраас эхлэн арматурын төмөр зарна гэж шуурхай зар сонинд өөрийнхөө 99378889 утасны дугаарыг тавьж байсан. 2016 оны зунаас хойш өдийг хүртэл 2-3 удаа арматурын төмөр зарж борлуулж байсан. Би Үүр-Тээл ХХК-тай гэрээ байгуулан арматурын төмөр үнээр нь худалдаж авч байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гурвалжингийн зах дээр байж байтал 99107554 дугаарын утаснаас Сансар гэх хүн залгаад “би зарын дагуу ярьж байна та арматурын төмөр зарах хүн мөн үү” гэж асуухаар нь би “тийм байна арматурын төмөр зарна” гэж хэлээд бид хоёр уулзаад төмөр зарахаар болж зүс таних Баатар /утасны дугаарыг нь мэдэхгүй, гэрийн хаягийг нь ч мэдэхгүй/-ын дансны дугаарыг нь өгсөн. Тэгээд энэ данс руу 21.945.000 төгрөгийг Сансараас шилжүүлэхэд би өөрөө 3-4 хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс авч мөнгөө би өөрөө үрсэн...” гэсэн мэдүүлэг /хх 28-32 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Энэбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие нь “Эм Жэй Эм” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай. Компанаа төлөөлж хохирогчоор оролцоно. 2016 оны 10 дугаар сард манай байгууллагын барьж буй барилга дзэр арматурын төмрийн хэрэгцээ гарсан. Тэгээд арматурын 12-ын хэмжээтэй, катанг төмөр 8 хэмжээтэй төмөр хэрэгтэй болоод менежер О.Сансарт хэлсэн. О.Сансар нь хангамжийн менежер ажилтай бөгөөд эрх үүргийнхээ дагуу хариуцан өөрөө нэг хүнтэй холбогдоод 21.945.000 төгрөгийг манай байгууллагаас авч явсан. Ингээд арматурын төмөр ирэх цаг хугацаа нь болчихоод байхад арматурын темөр ирээгүй. О.Сансар руу холбогдоход арматурын төмөр захиалсан хүн нь арматурын төмөр нийлүүлэхгүй байна гэсэн. Манай байгууллага барилгаа барихын тулд мөнгөний хэрэгцээ маш их хэрэгтэй байсан тул миний бие О.Сансараас компаниас авсан 21.945.000 төгрөгөө гаргаж өгөхииг шаардсан. О.Сансар зээл аваад манай байгууллагад 21.945.000 төгрөгийг төлж барагдуулсан. О.Сансар 21.945.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулсан нь үнэн болно. Иймд түүний хохиролд төлсөн төлбөрийг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр  /хх 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Энэбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод 12 метрийн арматур төмөр ховордсон байсан. Манайд төмөр нийлүүлдэг компани төмрөө нийлүүлж чадахгүй болоод би хангамжийн менежер О.Сансарт арматурын төмөр олоод өг гэж хэлсэн. Тэгээд манай менежер зараас шүүгдэгчийн утсыг олоод ярьсан. Мөн шүүгдэгчийн байгаа зах дээр очиж арматурын төмрийг үзсэн байсан. Тэгээд шүүгдэгчид 21.945.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Тэгтэл 3 хоног хүлээгээд төмрөө авч чадаагүй, шүүгдэгч рүү утсаар ярихад одоо ирнэ гээд хүлээлгээд байсан. Би хангамжийн менежер О.Сансараас асуухад нөгөө хүн гар утсаа авахгүй байна гэж хэлсэн. Манай талаас яаралтай төмөр хэрэг болоод өөр газраас төмөр худалдаж авсан. Би шүүгдэгч рүү залгаад мөнгөө авья гэж хэлтэл дараагийн төмрийг чинь нийлүүлье гэж надад хэлсэн. Шүүгдэгч дараагийн төмрийг нийлүүлж чадаагүй. Ийм учраас манай компанид маш их хохирол учирсан 3 хоногийн сул зогссон ажилчидын цалин, 4 машин нүүрс авсан зэрэг хохирол гарсан. Би О.Сансарт компанийг хохиролгүй болго гэж хэлэхэд Сансар компанид учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулсан. Би гомдолтой байна, иргэний нэхэмжлэгч О.Сансарт одоог болтол хохирол төлөөгүй байгаа…” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч О.Сансар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…10 дугаар сарын 07-ны өдөр дарга яаралтай арматурын төмөр хэрэг болоод байна гэж хэлсэн. Манай нийлүүлдэг компани арматурын төмөр дууссан олдохгүй байсан. Тэгээд зар харж байгаад Содномжамцын утсыг олсон. Тэгтэл шүүгдэгч би гурвалжингийн гүүрний зах дээр байна хүрээд ирээд уулз гэж хэлсэн. Би очиж уулзахад төмөр байна яаж авахын гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлбөрийн нэхэмжлэлийг араас явуулчих гэж би хэлсэн. Би ажил дээрээ ирэхэд миний араас майл хаягаар нэхэмжлэл явуулсан байсан. Шүүгдэгч надад танайх ямар банкаар төлбөрөө хийх гэж байна гэж хэлэхээр нь Хас банкаар шилжүүлнэ гэж хэлтэл шүүгдэгч баасан гараг байна 1 дэх өдөр хүртэл мөнгө ирэхгүй байна. Хаан банкны данс өгөхөөр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд төмөрөө хэзээ явуулах юм бэ гэж хэлтэл шүүгдэгч одоо ачуулж байна гэж хэлсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь 20 цагийн үед залгатал ачих кран эвдэрсэн байна өглөө эрт явуулая гэж хэлсэн. Шүүгдэгч маргаашнаас нь одоо явуулъя худлаа хэлсээр байгаад одоог хүрсэн. Би өөрийн байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлсөн. Төлөхдөө өөрийн найзын машиныг зээлд тавьсан мөн нэг найзаасаа мөнгө зээлж хохирлыг төлсөн. Шүүгдэгчээс би мөнгө аваагүй, өөрт учирсан хохирлыг гаргуулж авмаар байна…” гэв.

Гэрч Б.Баатарпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний бие нь “Ай Жэй Ти” ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани нь төмрийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Би Л.Содномжамц буюу "Соёо" гэж дууддаг ахыг танина. Энэ хүн бол арматурын төмөр наашаа цаашаа зөөж зарж голоос нь хэдэн төгрөг унагааж ажилладаг хүн байгаа юм. Энэ хүн 2016 оны 10 сард надад хандан арматурын төмөр худалдах гэсэн юм тэгтэл манай компани нь "Худалдаа хөгжлийн банкинд" данстай чамд хаан банкны данс байна уу гүйлгээ хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө компаний 5009391384 дугаарын дансыг өгсөн. Тэгтэл 5 минут ч хүрэхгүй хугацаанд 21.945.000 төгрөг миний данс руу ороод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Өргөө" кино театрын урд талд байрлах Хаан банкны салбараас яг энэ данснаас би 21.945.000 төгрөгийг аваад Л.Содножамцад өгсөн юм. Тэгтэл Содномжамц надад 700.000 төгрөгийг НӨТ болон аж ахуйн албан татварт тооцон надад өгсөн юм. Тэгээд Л.Содномжамц ах мөнгөө авчихаад ганцаараа яваад өгсөн гэсэн мэдүүлгээр /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...А4 хэмжээтэй орсон гарсан дуудлагын 2 хуудас цаасыг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /13-14 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Сансарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /18-19 дүгээр хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9-11 дүгээр хуудас/, Хаан банкны орлогын мэдүүлэгийн хуулбар /хх 7 дугаар хуудас/, төлбөр төлөлтийн хэлцэл /хх 20 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, ял шалгасан хуудас /хх 41 дүгээр хуудас/, дансны хуулга /хх 42-44, 46-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Содномжамц нь цахим сайтад “Арматурын төмөр зарна” гэсэн зарлал, мэдээлэл тавьж утасны дугаараа байршуулсанаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Эм Жэй Эм” ХХК-ний хангамжийн менежер О.Сансар холбогдон уулзахад “тус компанид 20 тн ф12 размерын 12 метрийн урттай 1346 ширхэг арматур, ф8 размерын 2 боодол, ф10 размерийн 1 боодол катангийн төмөр нийлүүлнэ” гэж итгэл үнэмшил  төрүүлэн төөрөгдөлд оруулан захиалуулж улмаар төмрийн үнэ болох 21.945.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас “Ай Жэй Ти” ХХ компаний 5009391384 дугаартай дансанд шилжүүлүүлэн авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч хохирогч “Эм Жэй Эм” ХХК-нд 21.945.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Содномжамцын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Энэбишийн мэдүүлэг, гэрч Б.Баатарпүрэвийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Сансарын мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар зэрэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Содномжамц нь өөрийн өмчлөлийн тодорхой хөрөнгөгүй атлаа  бусдын эд хөрөнгийг авахын тулд хохирогчид зайлшгүй шаардлагатай эд зүйл болох барилга барих зориулалт бүхий төмрийг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлнэ гэж үгээр бодит байдлыг гуйвуулан худал хэлж, итгэл төрүүлэн 21.945.000 төгрөгийг хууль бусаар өөрийн мэдэлд авч өөртөө захиран зарцуулсан гэмт үйлдэл нь нотлогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг тогтоож чадаагүй тул түүнд ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүх хуралдаанд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах идэвхитэй үйлдэл хийж аван тэрхүү хөрөнгийг өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж өгөөгүй, улмаар өөртөө захиран зарцуулсан талаар тодорхой мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг тогтоогдсон гэж үзсэн болно.   

Иймд шүүгдэгч Л.Содномжамцыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх шүүгдэгч Л.Содномжамцад ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

Шүүгдэгч Л.Содномжамцийн өмчлөлд хувьд ногдох тодорхой хөрөнгөгүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А4 хэмжээтэй орсон гарсан дуудлагын 2 хуудас цаасыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.Содномжамц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

 Шүүх хуралдаанд хохирогч Ч.Энэбишээс “...О.Сансар зээл аваад манай байгууллагад 21.945.000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно. Иймд манай компаний хохиролын мөнгийг иргэний нэхэмжлэгч О.Сансарт олгохоор шүүх шийдвэртээ тусгаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгч Л.Содномжамцаас хохирлын 21.945.000 /хорин нэгэн сая есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Сансарт олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Содномжамцыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Содномжамцыг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Содномжамцын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Содномжамц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А4 хэмжээтэй орсон гарсан дуудлагын 2 хуудас баримтыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Л.Содномжамц нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Содномжамцаас 21.945.000 /хорин нэгэн сая есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 4а байрны 8 тоотод оршин суух О.Сансарт /ТЗ81102173/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Содномжамцад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Содномжамцад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН