| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 117/2025/0003/З |
| Дугаар | 221/МА2025/0409 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0409
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Р нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 117/2025/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/11 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэлт хийгээгүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт: Шүүхийн шийдвэрийн 7- дахь хуудасны 6.2-т шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт хундаам цутгасан /5*6/ цөөн тооны тоосго асгасан, 11 ширхэг хавтан байсан нь тогтоогдсон хэдий ч энэ нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл биш юм гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүхээс үзлэг хийхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд газар эзэмших гэрээний зориулалт нь шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС-ын зориулалтаар эзэмшүүлсэн. Харин уг гэрээгээр ямар хэмжээтэй, хэдэн ширхэг ШТС-н барих барих тоо, ширхэг болон хэмжээ, загвар, цаашид хэрхэн ашиглах шинэчлэх, талбайн тохижилтын ажлыг хэрхэн яаж хийх талаар харилцан тохиролцоогүй, тодорхойгүй гэрээ байгуулсан. Иймээс газар эзэмших гэрээний агуулга тодорхойгүй, газар эзэмшигч ямар үүрэг хүлээх талаар тусгайлан зохицуулаагүй байхад уг асуудлаар нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
3.2. Нөгөө талаас Газар эзэмших гэрээний 5.4-т “газар эзэмших гэрээг талууд жил бүр дүгнэх” гэж зааснаар гэрээг дүгнүүлэх үүрэг зөвхөн газар эзэмшигчид хамаарах биш, гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг газрын албанд байсан. Захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх байсан.
3.3. Мөн манай компани барилгын ажил эхлүүлэхээр "Ган-Илч" ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу шатахуун түгээх станц бариулахаар ажил гүйцэтгэх гэрээг 200.000.000 төгрөгөөр тохиролцож ШТС-н ажлыг эхлүүлж нөөцийн сав байрлуулах суурь хундам буюу 5*6 хэмжээтэй хундам цутгуулсан. Мөн энэ талаараа тайлбар хийсэн, гэрээ болон эксиз. зургийг хэрэгт хавсаргасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй.
3.4. Мөн 2019 оноос 2022 он хүртэл дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдалтай байсан зэрэг нийтэд илэрхий хүндэтгэн үзэх шалтгаан байхад 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2024 онд ШТС бариулах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл манай байгууллага уг газрыг эзэмшихдээ заавал 2020, эсвэл 2021 онд ШТС барих ёстой гэсэн үүрэг хүлээгээгүй мөн энэ хооронд дэлхий нийтийн цар тахлын нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр газраа эзэмшиж үйл ажиллагаа явуулахад хангалттай хугацаа байсан гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.5. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгохдоо тухайн газарт хийгдсэн ажил болох газар тэгшилсэн байдал 5*6 хэмжээтэй хундам цутгасан, 11 ширхэг хавтанг зөөж тээвэрлэсэн гэх мэт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон газар дээр цутгасан хундамыг хэрхэх талаар шийдвэрлээгүй, манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, хууль ёсны эрх хөндөгдсөн байхад түүнд ач холбогдол өгөөгүй нэхэмжлэгч газарт оруулсан хөрөнгөөр хохирох үр дагавар үүссэнийг харгалзан үзээгүй учраас шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.
3.6. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар огт дүгнэлт хийгээгүй тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 24 нөхцөл байдлыг тогтоох, 26 оролцогчдийг сонсох, 27 дугаар зүйлд заасан "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчдын тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна." гэж заажээ. Гэтэл Дундговь аймгийн Засаг дарга, газрын албан нь энэхүү үүргээ биелүүлээгүй хууль зөрчиж сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.7. Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь ...дараах жагсаалтад дурдсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 заалтад дурдсанаар цахим хэлбэрээр мэдэгдэж байна газар эзэмшигч 2024 оны 12-р дугаар сарын 30-ны өдрийн дотор үндэслэл, түүний тайлбарыг ирүүлнэ үү гэх мэдээллийг 2024 оны 12-р сарын 20-ны өдөр өөрийн байгууллагын фэйсбүүк хаягтаа байршуулж сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг. Гэвч тус байгууллагын фейсбүүк хаягт Сайнцагаан суманд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж нэгдэх, дагах үүргийг хуулиар хүлээгээгүй учраас сонсох ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.
3.8. Мөн газар эзэмших гэрээнд хаяг, утасны дугаар мэйл хаяг зэрэг бүгд байсан энүүгээр мэдэгдэх боломжтой байхад тэгээгүй оролцогчдын тайлбарыг сонсоогүй, холбогдох баримтуудыг гаргуулаагүй гэнэт хууль зөрчиж шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.
Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2- д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Маргаан бүхий Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/11 дүгээр захирамжаар “...газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс “...улсын чанартай замтай хэт ойрхон үндэслэлээр манай компанийн үйл ажиллагааг зогсоосон, ...бид өөрсдийн хөрөнгөөр шатахуун түгээх станцаа барихаар 2024 оны 05 дугаар сард Ган-Илч ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус газрыг зориулалтын дагуу ашиглан, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн...” гэж, хариуцагчаас “...газар эзэмших эрхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй талаар хүсэлт ирүүлснийг үндэслэн 2015 оны А/522 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн боловч нэхэмжлэгч нь 2024 оныг дуустал тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.4. Анх нэхэмжлэгч “Б” ХХК-д Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны А/668 дугаар захирамжаар 2000 м.кв /0.2 га/ газрыг шатахуун түгээх үйлчилгээний зориулалтаар 23 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6”-д заасныг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2.5. Нэхэмжлэгчээс газрын эзэмших эрхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй талаар хүсэлт гаргасныг хянан үзээд, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/522 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй гэж үзэн А/299 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг сунгаж, “Б” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
3. Анхан шатны шүүхээс “...аймгийн үе үеийн Засаг дарга нараас Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “Б” ХХК-ийн шатахуун түгээх станцыг маргаан бүхий газарт /1-2 км-т/ нүүлгэх зардлыг шийдвэрлэж өгөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ...аймгийн Онцгой байдлын газраас 2012 оноос 2024 он хүртэлх хугацаанд тус шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүйгээр зөрчил дутагдлаа арилгах боломжит хугацааг байнга олгож, …газраа гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа нь захиргааны байгууллага, албан тушаалтны ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээс хамаараагүй байна. ...2019 оны гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 5 жилийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, түүнчлэн Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм ба дүрэм шинэчлэгдэн батлагдсан байхад Сайнцагаан сумын 7-р багт байршилтай “Б” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2008 оны ажлын зургийг ашиглана гэж байгаа нь үндэслэлгүй…” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаанаа “...2020, 2021, 2022 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нийтэд илэрхий баримт байгаа, ...тухайн газар дээрээ 5*6 хэмжээтэй хундаам цутгасан, ...манайх 2 газартай, шатахуун түгээх станц явуулж байгаа газар нь улсын чанартай авто замтай ойрхон баригдсан үндэслэлээр тус станцыг нүүлгэхийн тулд одоогийн маргаж буй газрыг хүссэн, ...нүүлгэх зардлыг Засаг дарга нарт удаа дараа амаар уламжилж байсан, ...барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан өргөдөл гомдол гаргах журмын дагуу хандсан талаар аливаа баримт байхгүй, дэлхий нийтийг хамарсан цар тахлын нийтэд илэрхий нөхцөл байдал арилснаас хойш маргаан бүхий актыг гарах хүртэл хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн, мөн уг газраа гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 жил дараалан газраа ашиглаагүй” гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн, хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн шатахуун түгээх станцын ажлын зураг нь 2008 онд батлагдсан, ...тус зургийн дагуу одоо үйл ажиллагаа явуулж буй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах шатахуун түгээх станцийг барьсан, одоо энэ ажлын зургыг шинээр барих шатахуун түгээх станцдаа ашиглах гэж буй болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан зэргээс үзэхэд Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм ба дүрэм шинэчлэгдэн батлагдсан байх атал 2008 оны ажлын зургийг ашиглан барилгын ажлаа эхлүүлэх гэж байсан” хэмээн тайлбарлаж буй нь холбогдох дүрэм, журамд нийцсэн гэж үзэхээргүй байх тул энэ талаарх “...2008 оны хуучин станцын зургийн дагуу ШТС барьж байгуулахаар барилгын компанитай тохиролцсон талаараа тайлбар хийсэн, гэрээ болон эксиз. зургийг хэрэгт хавсаргасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
6. Тодруулбал, Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм”-ын нэгдүгээр зүйлд “Энэхүү барилгын норм ба дүрмээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн шингэн түлшийг (цаашид шатахуун гэх) хүлээн авах, хадгалах, түгээх зориулалттай шатахуун түгээх станцын (ШТС) барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөнө”, дөрөвдүгээр зүйлд “...ШТС-ын зураг төсөлд шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх зориулалтаар үйлдвэрлэгдсэн "Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага" MNS 4628:2013 стандартын шаардлагыг хангасан, техник ашиглалтын баримт бичиг бүхий тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөнө, ...ШТС-ыг шинээр төлөвлөх, барих, ашиглаж байгаа ШТС-д өөрчлөлт хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа галын аюулгүйн норм, нормативын баримт бичгийг баримтлана, ...Аюулгүй байдлын үзүүлэлт нь энэхүү нормд заасан түвшингээс илүү, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологи, тоног төхөөрөмжийг цогцоор нь ашиглах тохиолдолд тухайн технологийн холбогдох норм, стандартыг баримтлахыг зөвшөөрнө...” гэж тус тус зохицуулсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...ШТС-н ажил эхлүүлэхэд газрыг цэвэрлэж тэгшилгээ хийлгэсэн, 2008 оны хуучин станцын зургийн дагуу ШТС барьж байгуулахаар барилгын компанитай тохиролцсон, ...газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан” хэмээх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.
7.1 Хариуцагч захиргааны байгууллагаас 2024 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын пэйж хаягаар цахим хэлбэрээр зохион байгуулсныг “бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэсэнд хамааруулж болохоор бөгөөд хэрэв ийнхүү мэдэгдсэнийг дээрх хуульд нийцсэн гэж үзэхээргүй бол маргаан бүхий энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй дээр дурдсан нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.
7.2. Учир нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох зорилго нь нэг талаар тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлэх, баримт гаргах болон учир шалтгаанаа тайлбарлах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох зорилготой бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд Даргалагчаас: Сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдэгдсэнээр ямар баримтуудыг өгөх боломжтой байсан бэ? гэх асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Хэрэгт авагдсан баримтуудыг өгөх боломжтой байсан” гэж хариулсан зэргээс үзэхэд “...сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул “...анхан шатны шүүх Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар огт дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлээр 2015 оны А/522 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн боловч 2024 оныг дуустал тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, 2017, 2019 онуудад газар эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй энэ тохиолдолд маргаан бүхий А/11 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН