Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 76

 

 

 

 

      

 

 

   2019          11             20                                            2019/ДШМ/76                 

 

 

 

Ц.Х, Л.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Х, Л.О анрт холбогдох, эрүүгийн 1919000000151 дугаартай, 1 хавтас, 189 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Х,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, Л.О нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ц.Х-тай 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Х, Л.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Л.О нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хаас 165000 төгрөг гаргуулан хохирогч Л.Од, шүүгдэгч Л.Огээс 45000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Х-д олгож,

 

           Хохирогч Ц.Х-н 2465000 төгрөгийн, хохирогч Л.О-н 1800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бугуйн цаг, сорочкин цамц, хар хөх өнгийн эрэгтэй хүний хослол зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөнгөн гинжийг Л.Од олгож,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Л.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

  

Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.Хыг гэм буруутайд тооцсон үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Т.А, Ж.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болсон. Өмгөөлөгчийн хувьд хохирогч Л.О-н биед гэмтэл учирсныг, эдгээр нотлох баримтууд нь Л.Од гэмтэл учирсан байдлыг нотлосон байхыг үгүйсгэхгүй. Харин уг гэмтлийг ямар байдалд учруулсан бэ гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд гарцаагүй байдалд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Ц.Х-н үйлдэл нь гарцаагүй байдалд хохирол учруулсан байдал тогтоогддог. Хохирогч Л.О нь тухайн үед согтуугаар машин барьсан, хөдлөхдөө хүний машин мөргөсөн, Ц.Х тухайн жолоочийг согтуу гэдгийг мэдсэн. Цагдаагийн газарт зохих дуудлагыг өгсөн, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан согтуу жолоочийг явуулахгүй байлгах талаар заавар өгсөн, тухайн орчин нь орон сууцны гадаа талбай, 18 цагийн үед, хүмүүсийн ялангуяа хүүхдийн хөдөлгөөн ихтэй нөхцөлд согтуу жолооч хөдлөхдөө бусдын машин мөргөж байгаа үйлдэл зэрэгт дүгнэлт хийж тухайн машиныг дахин хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах зорилгоор түлхүүрийг нь булааж авсан. Энэ байдлаас болж үл ойлголцол үүсч Л.Од гэмтэл учруулсан нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “...тулгарсан аюул...” гэдэг нь хөл хөдөлгөөн ихтэй үед машиндаа суугаад хөдлөхдөө бусдын машиныг мөргөж байгаа согтуу жолооч юм. Согтуу жолооч машин бариад хөдөлгөөнд оролцож байна гэдэг нь өөрөө бодит аюул юм. Согтуу жолооч машинтай хөдөлгөөнд оролцож байна гэдэг нь заавал хүн дайрах бодит нөхцөл, өөртөө аюул үүсгэх бодит нөхцөл үүсгэхийг шаардах боломжгүй. Согтуу жолооч машинтай хөдөлгөөнд оролцож байна гэдэг нь байрны гадаа тоглож байгаа хүүхдүүд, замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигч, согтуу жолоочийн бүхээгт сууж байгаа гэр бүлийн хүн, нялх хүүхдэд нь болон өөрийнх нь амь насанд бодитойгоор аюул заналхийлж байна гэж үзэж болно. Эдгээр аюулыг зайлуулах зорилгоор иргэний үүргээ биелүүлж согтуу жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор түлхүүрийг нь булааж авсан иргэн Эрүүгийн хуулийн шийтгэл хүлээж байгаа нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийг хянаж өгнө үү...” гэв.

 

 Шүүгдэгч Л.О-н өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч хэлэхдээ согтуу жолоочийн үйлдэл үргэлжилсэн бол өөр бусад хүн болон өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болох байсан гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрч, яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар авсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг иш татаж судлаад ярих шаардлагагүй гэж бодож байна.

 Гарцаагүй байдлын хууль ёсны байх шинж нь тулгарсан бодит аюулын эсрэг чиглэсэн байх ёстой, учирч болох байсан хор аюулын хэр хэмжээнээс хэтрээгүй байх ёстой, өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй байх ёстой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байж түүнийг зогсоосон байх ёстой гэх үндэслэлээр тогтоогддог. Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон хэргийн нөхцөл байдлын тухайд тулгарсан бодитой аюул бий болоогүй гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд буюу хэрэг маргаан эхлэх үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илрээгүй байсан. Л.О машинаасаа буусан буюу машиныг асаах ямар ч боломжгүй байсан.

Энэ тохиолдолд шүүгдэгч Ц.Х түлхүүрийг булааж авах, улмаар хэрүүл зодоон үүсгэхгүй байх, машины бүхээгт сууж байгаа Л.О-н эхнэрт машины түлхүүрийг өгч болох байсан. Эхнэртэй нь ярилцаад нөхрийг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх талаар ярих боломж байсан. Энэ боломжуудыг сонгохгүйгээр аюул бодитой тулгараагүй байхад асуудлыг шийдэхээр хүч хэрэглэсэн нь гарцаагүй байдал биш юм гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Х-н хувьд гарцаагүй байдлын нөхцөл байдлыг үгүйсгэж байна гэж үзлээ гэсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх чиглэлд бий болсон бодит аюулын талаарх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Харин шүүгдэгч Ц.Х-д энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор аюул учирч болзошгүй гэсэн урьдчилсан төсөөлөл, ухамсарт үйл ажиллагааны шалтгаант нөхцөл үүссэн гэж ойлгож байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа бөгөөд эдгээр үндэслэл бүхий нотлох баримтуудаар өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэж байна.

Мөн Л.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж өөрөөр хэлбэл хүч хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж хэргийн нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна...” гэв.

 

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.О, Ц.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Ц.Х-н өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан Гарцаагүй байдлын улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэх өмгөөллийг хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн хэргийг хянан хэлэлцдэг. Өмгөөлөгчийн зүгээс тухайн нөхцөл байдалд бодитой аюул учирсан гэж ярьж байгаа ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Тухайн хүн тээврийн хэрэгслээ ахин асаах оролдлого хийсэн үү гэвэл энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.Х-н зүгээс хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг хохирогч Л.О-н мэдүүлгээр Л.Ог эхлээд цохисон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ нь тухайн нөхцөл байдалд согтуу жолооч тухайн үйлдлийг эхлүүлснээр ямар нэг хүний амь насанд аюул учруулж болох байсан гэсэн асуудал ярьж байгаа ч энэ нь бодитой учрах байсан аюул мөн эсэх дээр дүгнэлт хийхгүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд зааснаар хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэдэг. Ц.Х-н зүгээс согтуу хүн машин жолоодож байгаа талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, тухайн хүн машиныг хөдөлгөх гэж байсан гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Л.О-н биед хөнгөн гэмтэл учруулснаар ямар аюулыг таслан зогсоосон бэ? Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 4.3 дахь хэсэгт заасан Гарцаагүй байдал нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар үйгүйсгэгдэж байна гэдэг нь үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, 60 айлын орон сууцны гадаа шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн Марк Икс маркийн 48-96 ДГА улсын дугаартай автомашин жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ машиныхаа ард байсан бусдын автомашиныг мөргөсөнд энэ үйлдлийг хажуугаас харсан шүүгдэгч Ц.Х нь цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэж, улмаар түүнийг цааш хөдөлгөөнд оролцуулахгүй гэх зорилгоор автомашины түлхүүрийг нь булаан авсны улмаас хоорондоо маргалдаж зодолдон харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Т.А, С.Н, Б.Б, Ч.Б, Ж.Э нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний 02/0393, 02/0392 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус давхар батлагдан тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

Шүүгдэгч нар нь хоорондоо маргалдан зодолдож шүүгдэгч Ц.Х-н үйлдлийн улмаас Л.О-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамар духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Л.О-н үйлдлийн улмаас  Ц.Х-н эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, дух, зүүн хацар, цээж, зүүн, баруун тохой, зүүн, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан, эдгээр  хөнгөн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0393, 02/0392 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцэж байх тул тэднийг бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр,  шүүгдэгч Ц.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийтгэсэн нь хүнд биш, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Х болон түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарын зүгээс Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд зааснаар гарцаагүй байдлын улмаас шүүгдэгч Ц.Х бусдад хөнгөн хохирол учруулсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэнийг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь үндэслэлтэй юм.

 

Хэрэг үүссэн нөхцөл байдлыг хянавал гэмт хэрэг гарсан үед хажуугаас харж байсан гэрч Т.Х-н “ ...Л.О эхнэр хүүхдийн хамтаар гэрээс гарч өөрийн ... тээврийн хэрэгслийг унаад ухрах үйлдэл хийж ... манай байрны ах Дамдинсүрэнгийн цагаан өнгийн суудлын автомашины хойд талын хаалгыг мөргөчөөд зүүн тал руу гарах гээд хөдөлсөн чинь нэг өндөр шар залуу гарч ирээд Л.О-г “чи хүний машин мөргөчихөөд зугтаалаа” гэж хэлээд автомашины түлхүүрийг нь цонхоор нь булаагаад авсан, ... тэгээд Л.О тэр өндөр шар залуу дээр очсон чинь тэр шар өндөр залуу Л.О-г цохиод унагааж байгаа харагдсан...” /хх-ийн 69-71/ гэсэн мэдүүлэг,

 

Л.О-н мөргөсөн автомашины эзэн У.Д-с гэрчээр өгсөн “ ... би автомашинаа харахад жолооч талын хойд хаалга хонхойж цаашаа орсон байсан,  ... тэгээд 20-30 минутын дараа мөргөсөн гэх манай хажуу байрны залуу надтай ирж уулзсан, мөн уучлалт гуйсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

Дуудлага хүлээн авсан цагдаагийн ажилтан Ч.Б гэрчээр өгсөн “ ... 07-р сарын 30-ны өдөр Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт 24 цагаар мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан, тухайн өдөр 18 цагийн орчимд Ц.Х гэх залуу цагдаагийн газрын тусгай дугаар руу залгаж “нэг согтуу жолооч автомашинаа унаад хүний автомашин шүргэсэн байна, яаралтай замын цагдаа явуулна уу” гэж хэлсэн, тэгээд би тэр иргэнд “наад хүнээ боломжтой бол дахиад машиныг нь унуулахгүй байлгаж байгаарай, бага насны хүүхэд мөргөчих вий” гэж хэлсэн...”  /хх-ийн 62-63/ гэсэн мэдүүлэг,

 

Хэргийг цонхоор харсан Э.Э гэрчээр өгсөн “ ... гэртээ байж байтал 18 цагийн үед гадаа хүмүүс хэрэлдэх дуу сонсогдсон. Тэгээд цонхоор хартал өндөр цагаан цамцтай залуу, хажуу байрны Одко гэх залууг заамдаад авсан, нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан, Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан байдалтай байсан,  ...Одкоо босож ирээд нөгөө залууг барьж аваад ноцолдоод доороо хийгээд зодолдож байтал цагдаагийн ажилтан яваад ирсэн. Цагдаа ирэхээс өмнө нэг охин цагдаа дуудсан шүү гэж хэлж байсан, ямар ч байсан хоёулаа нил цус болсон байсан, эхлэж цохисон залууг нэг охин аваад явсан, харин нөгөө Одког цагдаа аваад явсан...” /хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Х-тай цуг байсан С.Н гэрчээр өгсөн “ ... 07-р сарын 30-ны өдөр Ц.Х-н хамт ягаан 60 айлын гадна ажлаар хүнтэй уулзахаар хүлээж байсан. ... согтуу нь илт мэдэгдсэн, ... тухайн хүн өөрийн машинд суусан ба эхнэр хүүхэд мөн дүү нь бололтой 12 насны орчим эмэгтэй хүүхдийг суулгаад хөдөлсөн ба ардаа байсан машиныг мөргөсөн. Би тухайн үед “ өө яанаа” гэж байтал манай салбарын эрхлэгч Ц.Х нь машинаасаа бууж очоод тухайн согтуу жолоочийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан ба согтуу жолооч нь “ түлхүүрээ авъяа, чи яахаараа миний машины түлхүүрийг авдаг юм бэ” гэж уурласан ба эрхлэгч Ц.Х цагдаад дуудлага өгөхөд “ наадах машинаа хөдөлгөөнд битгий оролцуулаарай” гэж хэлсэн ба нөгөө хүн нь заамдаж хоолойг нь боож байснаа цохиод авсан тэгэхээр нь би цагдаа ирэхгүй болохоор нь цагдаагийн газар руу гүйж байсан чинь эрхлэгчийн утас руу цагдаагаас залгаад “та нар яг хаана байна” гэхээр нь байгаа газраа хэлээд буцаад очиход эрхлэгч Ц.Х-н 2 гарыг ар дээр нь хумиад барьчихсан байж байсан, төд удалгүй цагдаа нар ирээд салгаад аваад явсан...” /хх-ийн 3/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Ц.Х согтуу жолооч автомашин жолоодож бусдын автомашин мөргөсөн үйлдлийг харсны дараа цагдаагийн байгууллагад гар утсаараа мэдэгдсэн, дуудлага хүлээн авсан цагдаагийн ажилтан боломжтой бол согтуу жолоочийг саатуулж байхыг хүссэний дагуу цагдаагийн ажилтныг иртэл түүнийг явуулахгүй гэсэн санаа зорилгоор Л.О-н автомашины түлхүүрийг автомашинаас Ц.Х авснаас үүдэж тэдний хооронд маргаан үүсч улмаар харилцан зодолдсон болох нь тогтоогдсон байна.

 

            Бусдаар Л.О нь автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ арын автомашиныг мөргөчихөөд зугтаах үйлдэл хийсэн, тэрээр автомашинаа цааш жолоодоод явах орчинд хүний амь нас, эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд зайлшгүй аюул тулгарсан байсан, Ц.Х тэр аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл үүссэн гарцаагүй байдлын үед түүний түлхүүрийг булаан авч, цохиж зодон тулгарах аюулыг зайлуулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдал бий болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.

 

            Өөрөөр хэлбэл гэрч Н /хх-3, 60, 112/, Б /хх-55, 112/, Э /хх-68/, Х /хх-70/ нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Х нь түрүүлж шүүгдэгч Л.О-н биед халдсан болох нь тогтоогдсон тул бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг хүний эрүүл мэндэд хохирол учруулж зайлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

            Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас гаргасан шүүгдэгч Ц.Х нь гарцаагүй байдлын улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, тэрээр иргэний үүргээ шударгаар биелүүлсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Х.БАЙГАЛМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС